Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 156

 

Д.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/03103 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х санд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Х сангийн захирлын Б/36 тоот тушаалаар ажлаас халагдсаныг хууль бус гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02192 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1849 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2019/00084 дүгээр тогтоолоор ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн олгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргасан.

Гэвч Хсан өнөөдрийг хүртэл 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр албадан гүйцэтгэх хуудас бичүүлж, шүүгийн захирамж гаргуулсан.

Иймд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны буюу 15 сар 19 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 21 561 759 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02192 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1849 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2019/00084 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг хэргийг хянан шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэрүүдийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлсэн. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн мэдэгдлийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин болон ажлын саналыг хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ахлах мэргэжилтний орон тоо нь сайдын тушаалаар байхгүй болсон. Нэхэмжлэгч нь манай байгууллагад тавьсан ажлын байрны саналтай танилцаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М Х сангийн зээл төслийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсаныг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Х сангаас 20 393 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 168 059 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч ХХААХҮЯ-ын харьяа Хсангаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 259 918 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хсангийн захирлын №Б/36 тоот тушаалаар халагдсаныг хууль бус гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүх ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргасан.

Хсангийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлсөн ба Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-96 тоот “Хсангийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” сайдын тушаалаар “Зээл төслийн ахлах мэргэжилтэн” гэсэн албан тушаал байхгүй болсон ба ижил төстэй албан тушаалуудыг 2019 оны 6 дугаар сар, 9 дүгээр сар, 10 дугаар саруудад санал болгосон ба үүнийгээ шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нь саналуудтай танилцаагүй байдаг.

Манай байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг төлж барагдуулсан, хуульд заасны дагуу ижил төстэй албан тушаалуудыг санал болгосон, нэхэмжлэгч нь Төрийн жинхэнэ албан хаагч биш бөгөөд төрийн албаны шалгалт өгөөгүй, Хсангийн бусад албан тушаал томилоход таарахгүй мэргэжилтэй зэргийг анхаарч үзээгүй, нэхэмжлэгчийн 2017, 2018 оны нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр дундаж цалингийн хэмжээг тогтоох байсан.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтуудад тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр нь шийдвэрлэсэн гэж үзэж байх тул шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Х санд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02192 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1849 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2019/00084 дүгээр тогтоолоор Д.Мыг 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэсэн үйл баримтыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажил болох Хсангийн зээл төслийн ахлах мэргэжлийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 6-14/

 

Хариуцагч Хсан нь дээрх шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн эрхийн зөрчил арилаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь нэхэмжлэгч Д.Маас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч байгууллагад шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой хүсэлт гаргасан, хариуцагч байгууллагын захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Б.Батцэцэг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/219 тоот “...таны мэргэжилд тохирох албан тушаал байхгүй тул одоогоор ажилд томилох боломжгүй байна. Иймд таны мэргэжилд тохирох албан тушаал гарсан тохиолдолд таньд мэдэгдэх болно” гэх хариу албан бичиг, мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ГХ2019/00709 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэн байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байгаа хугацаан дахь олговрыг шаардах эрхтэй.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02129 дугаар шийдвэрээр 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ний өдрийг хүртэлх олговорт 3 662 026 төгрөгийг Хсангаас гаргуулж Д.Мд олгохоор заасан байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох олговрын хугацааг 2018 оны 06 дугаар сарын 18-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл гэж тодорхойлж 20 393 700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иймд Хсангаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт 20 393 700 төгрөгийг гаргуулж Д.Мд олгож, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/03103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА