Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2019/03103

 

2019 оны 11 сарын 08 өдөр          Дугаар 101/ШШ2019/03103         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0дугаар хороолол, 000 тоот 000овгийн А.М/РД:0000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хорооЭнхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын 9 дүгээр байр, ХХААХҮЯ-ын харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.М, хариуцагчийн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Мнь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ЖДҮХСангийн захирлын Б/36 тоот тушаалаар ажлаас халагдсаныг хууль бус гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02192 тоот шийдвэр, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн №1849 тоот магадлал, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2019/00084 дугаартай тогтоолоор ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрүүд гаргасан. Гэвч ЖДҮХөгжүүлэх сан өнөөдрийг хүртэл 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр албадан гүйцэтгэх хуудас, захирамж гаргуулсан. Миний бие Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчин ажилд томилохгүй, цалин хөлс нөхөн олгохгүй байгаад гомдолтой байна. Иймд намайг ажилд буцаан томилох, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс анхан шатны шүүх хуралдаан хүртэлх өдрийн цалинг нөхөн олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Учралбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн А.Мын ХХААХҮЯамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох талаар дараах хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч А.М нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02192 тоот шийдвэр, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн нийслэлийн давж заалдах шатны шүүхийн №1849 тоот магадлал, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2019/00084 дугаартай тогтоолоор “...сангийн зээлийн ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.” Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 101/ГХ2019/00709 дугаартай гүйцэтгэх хуудсын 2.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч А.М ХХААХҮЯамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл төслийн ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож..” гэж шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.М 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагын хувьд 15 сар 19 хоногийн цалин болох 21,561,759.36 төгрөгийг гаргуулахаар тодруулсан. Намайг ажилд эгүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр миний 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх цалинг олгохоор шийдвэрлэсэн.Тус хугацаанаас эхлэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг хөлсийг тооцов. Цалин хөлс тооцохдоо 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02192 тоот дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан дүнгээр тооцсон.

Миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах гэж тодруулж байна.

Харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Учир нь тус асуудлыг өмнө шийдвэрлэсэн дахин шийдвэрлэх үндэслэлгүй.

Иймд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны  ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 21,561,759.36 төгрөгийг гаргуулж надад олгож ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад, дараах тайлбарыг гаргаж байна. 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 02129 шийдвэрээр А.М нь ажилд эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нөхөн бичилт хийлгэх шийдвэр гарсан. Уг шийдвэрийг гардаж аваад гомдол гаргаад, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Хяналтын шатны шүүхийн тогтоол хүртэл гарсан. Уг шүүхийн шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэхэмжлэгч хүсэлт гаргаад, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа эхэлсэн байдаг. Тус газраас манайд ирүүлсэн мэдэгдлийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин болон ажлын саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу хүргүүлсэн. Тус баримттай нэхэмжлэгч танилцаагүй. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид ийм ийм ажил байна гэж санал тавьсан. Нэхэмжлэгч би хохироод байна гэсэн. Нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ахлах мэргэжилтний орон тоо нь сайдын тушаалаар байхгүй болсон. Нэхэмжлэгч нь ажлын байрны саналтай танилцаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч ХХААХҮЯамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд холбогдуулан ажил эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, цалин хөлсний олговорт 21,561,759.36 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

  1. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь анх шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг анхан шатны шүүхийг шийдвэр гарах үе хүртэл гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, бусад шаардлагаа дэмжиж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно” гэдэг нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буй нэг хэлбэр юм.

Учир нь: нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзах эсэх нь нэхэмжлэгчийн эрх боловч уг эрхийн үр дагаврыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж зохицуулсан.

Иймд нэхэмжлэгч А.М-ын ХХААХҮЯ-ны харьяа Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн зээл төслийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсаныг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2. Цалин хөлсний олговорт 21,561,759.36 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд:

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 02129 дүгээр шийдвэрээр ХХААХҮЯ-ны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 тушаалыг хүчингүй болгож, А.М тус сангийн зээл төслийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, цалин хөлсний олговорт 3,666,026.51 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалган шийдвэрлэсэн байна./хх-ийн 6-9 дүгээр талууд/

Хариуцагч байгууллага анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар Нийслэлийн давж заалдах шатны 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1844 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2019/00084 дүгээр тогтоолоор хариуцагчийг гомдлыг хангахгүй орхин тус тус шийдвэрлэжээ./хх-ийн 10-14 дүгээр талууд/

Хариуцагч ХХААХҮЯ-ны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлээгүйн учир нэхэмжлэгчийн хүсэлтээр албан биелүүлэхээр гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./хх-ийн 35 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан бөгөөд ажил олгогч ХХААХҮЯамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй тохиолдолд ажилтны ажилгүй байсан бүх хугацааны олговрыг төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын сарын 18-ны өдрийн 02129 дүгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон өдрөөс хойших хугацааны хугацааны цалинг шаардах эрхтэй.

Энэ хугацаанд ажил олгогчийн буруугаас ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цалин хөлс аваагүй байх тул тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй болно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход А.Мын 2018 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 4,072,426 төгрөгийг 3 сард тооцоод /4,072,426 төгрөг: 3 сар/ дундаж цалин 1,357,475.33 төгрөг, сарын дундаж цалин 1,357,475.33 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоод /1,357,475.33 төгрөг: 21.5 хоног /нэг өдрийн дундаж цалин нь 63,138.39 төгрөг байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговор ажлын 323 хоногт тооцон 20,393,700 төгрөгийг хариуцагч ХХААХҮЯамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргаж нэхэмжлэгч А.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй байдаг тул шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж дэвтэрт тэмдэглэл хийхийг ажил олгогч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.М нь ХХААХҮЯ-ны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл төслийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсанг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ХХААХҮЯ-ны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 20,393,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,168,059.33 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч ХХААХҮЯ-ын харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 259,918 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Зохигчид шийдвэрийн нэгдэх заалтад гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж, бусад заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ