Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 127

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/02537 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Батбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Лхагва,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Дэлгэрцогт,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд н.Отгонбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 181/ШШ2017/00737 дугаар шийдвэрээр 182 047 359 төгрөгийг “Г” ХХК-аас гаргуулан “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу “Г” ХХК төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа эд хөрөнгө болох захирал Г.Цэрэнчимэгийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 198 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, тус бүр 18 м.кв талбай бүхий 5, 6 тоот 2 ширхэг авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс талууд эд хөрөнгийн үнэлгээг тохиролцож чадаагүй тул үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн үнэлгээг “Мөнх-Оргил трейд” ХХК-аар хийлгэсэн ба 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайланд дурдсанаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 198 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 346 300 000 төгрөг, 18 м.кв талбай бүхий 5, 6 тоот авто зогсоолыг 36 700 000 төгрөгөөр үнэлэгдсэн нь зах зээлийн бодит үнэлгээнээс хэт бага, барьцаа эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээ хийгдсэн, үнэлгээний тайланг төлбөр төлөгч “Г” ХХК болон барьцаа хөрөнгийн өмчлөгчдөд мэдэгдээгүй, өмчлөгчид ажлын 3 өдөрт мэдэгдлийг хүлээж аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд хуульд заасан журам зөрчиж гүйцэтгэж буй “Г” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 737 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1150 дугаар магадлалаар “Г” ХХК-аас 183 115 545 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “Г” ХХК-ийн захирал Г.Цэрэнчимэгт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2018 оны 02 дугаар сарын 12, мөн оны 03 дугаар сарын 26, мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Төлбөр төлөгч “Г” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020676 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай 198 м.кв талбайтай таван өрөө орон сууцыг, тус бүр 18 м.кв талбай бүхий 5, 6 тоот авто зогсоолыг битүүмжилж, хураан авч талуудаас үнийн саналыг авсан.

Төлбөр төлөгч “Г” ХХК-ийн захирал Г.Цэрэнчимэгт барьцаа хөрөнгийн үнийн саналаа тус газарт ирүүлэхийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4/526, мөн оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/698 тоот албан бичгээр түүний оршин суух хаягаар хүргүүлж, мөн 94469106 дугаарт зурвас хэлбэрээр тус тус мэдэгдсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй тул төлбөр авагчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5/8319 тоот хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.

Шинжээч 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай 198 м.кв талбайтай таван өрөө орон сууцыг 346 300 000 төгрөгөөр, тус бүр 18 м.кв талбай бүхий 5, 6 тоот авто зогсоолыг 36 700 000 төгрөгөөр үнэлсэн байна.

Төлбөр төлөгчид дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тайлангийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/1908 дугаартай албан бичгээр, мөн 94469106 дугаарт зурвас хэлбэрээр тус тус мэдэгдсэн.

Н газар эд хөрөнгөнд үнэлгээ тогтоогоогүй бөгөөд хуульд зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тодорхойлохдоо дан ганц өртгийн хандлагын арга учир дутагдалтай тул зах зээлийн харьцуулах аргаар үнэлж хөрөнгийн хэмжээ, байршил, зориулалт, ашиглалтын байдал зэргээс хамааран шинжээч үнэлгээ тогтоосон. Төлбөр төлөгч нь шийдвэр биелүүлэхгүй алга болсон тул 3 удаа эрэн сурвалжилж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г” ХХК нь 2013 онд “Х” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийн зээл авсан ба 6 жилийн хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлээд 2 жилийн хугацаанд барьцаа хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийгдсэн. Төлбөр төлөгч төлбөрийг төлж барагдуулаагүй учраас барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь албан ёсны хаяг руу мэдэгдлийг хүргүүлж, ажиллагаа явуулсан нь хуулийн шаардлагад нийцэж байна.

С.Отгонбаатар нь барьцаа хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01436 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Цэрэнчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шийдвэрт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хуулийн этгээд иргэн заавал биелүүлнэ гэсэн. “Г” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдаж өгсөн.

Зээлийн өр төлбөрийг шийдвэрлэсэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00737 тоот шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж байгаа ажиллагаа нь шүүгчийн захирамжид саад болох үндэслэлгүй.

Бид Г.Цэрэнчимэгт 198 мкв 5 өрөө орон сууц өмчлөх эрх олгогдсон гэрчилгээг үндэслэж барьцаалсан. Энэ хөрөнгөөс төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу үргэлжлээд явж байгаа гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Отгонбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Отгонбаатар нь шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамжны 76 дугаар байрны 5 тоот орон сууц болон 5, 6 тоот авто зогсоолын хамтран өмчлөгчөөр тогтоогдсон. Иймд Г.Цэрэнчимэгт ногдох хэсгээс л төлбөр гаргуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага хийх ёстой гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хөрөнгийг битүүмжилж, хураахдаа хөндлөнгийн 2 гэрч оролцуулах хуулийн заалтыг зөрчсөн. Г.Цэрэнчимэг ажиллагаанаас огт зайлсхийж байгаагүй, очиж уулзсан өдрийн маргааш л зугтаасан гээд эрэн сурвалжлуулах ажиллагаа хийсэн байдаг.

Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020676 дугаарт Г.Цэрэнчимэгийн өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 дугаар байрны 5 тоотод байрлах 198 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг зоорийн давхрын 5, 6 тоот зогсоолуудын хамт үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өдрийн 01/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сүхбаатар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Н газар нь гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлийг гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ битүүмжлэгдэж хураагдсан, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн саналаа өгч амжаагүй тухайгаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Цэрэнчимэг тайлбарлан, хуульд заасан ажиллагаа явуулахыг Н газар мэдэгдсэн нь 2018 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажсан байх тул хариуцагчийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлсэн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн гэж үзнэ, үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд Г.Цэрэнчимэгдангаар бүртгэлтэй, иргэний хуулийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан өмчлөгч гэх ойлголтод Г.Цэрэнчимэг хамаатай.” гэжээ.

Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Хан-уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 дугаар байр, 05 тоотод байрлах 198 мкв талбайтай 5 өрөө орон сууц, мөн байрны зоорын давхарт байрлах 18 мкв талбайтай 5,6 тоот авто зогсоол нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 181/ШШ2018/01436 тоот захирамжаар иргэн С.Отгонбаатар, О.Индра, О.Агимаа, Ц.Цэрэнчимэг нарын 4 иргэний гэр бүлийн дундын өмчлөл болохыг тогтоосон. Энэхүү шүүхийн шийдвэр нь өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Гэтэл Н газар “Г” ХХК-ийн компанийн захирал Ц.Цэрэнчимэг, мөн эрх ашиг нь хөндөгдөж буй хууль ёсны өмчлөгч С.Отгонбаатар, О.Индра, О.Агимаа надаас урьдчилж үнийн санал авалгүйгээр дээрх иргэдийн өмчлөлийн орон сууцанд үнэлгээ хийлгэсэн.

Н газар нь үнэлгээний “Мөнх-оргил трейд” ХХК-аар дээрх иргэдийн өмчлөлийн эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгосон ба тус үнэлгээний компани нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үнэлгээний тайланг гаргаж өгсөн байдаг. “Х” ХХК болон “Г” ХХК-ийн захирал Ц.Цэрэнчимэг, мөн эрх ашиг нь хөндөгдөж буй хууль ёсны өмчлөгч С.Отгонбаатар, О.Индра, О.Агимаа нарт дээрх үнэлгээний тайланг танилцуулж, санал хүсэлт авч, тэмдэглэл хөтлөөгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгч тал нь үнэлгээний талаар болон төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн үл хөдлөх эд хөрөнгө нь 2 дахь дуудлага худалдаанд орж байгаа талаар 2019 оны 04 дугаар сарын 24-ний өдөр мэдэж 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүссэн. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон өмчлөгч нарт эд хөрөнгийн үнэлгээг танилцуулаагүй, анхан шатны дуудлага худалдаанд оруулсан зэрэг илт хууль зөрчсөн гүйцэтгэх ажиллагааг явуулсан байтал анхан шатны шүүх нь дээрх тодорхой үйл баримтуудыг үнэлээгүй болно.

Иймд анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Гастрорсервис” ХХК хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00737 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1150 дугаар магадлалаар “Г” ХХК-аас 182 047 359 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1 068 186 төгрөгийн хамт гаргуулж “Х” ХХК-д олгож, “Г” ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.Цэрэнчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2206020676 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан 76-5 тоот, 198 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхрын 5, 6 тоотын тус бүр нь 18 м.кв зогсоол зэргийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Н газар нь Г.Цэрэнчимэгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206020676 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр Зайсан, Зайсангийн гудамж 76 дугаар байрны 5 тоот хаягт байрших 198 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, мөн хаягт байршилтай зоорийн 5, 6 тоот тус бүр 18 м.кв талбайтай зогсоолыг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр битүүмжилж, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17281177/04 тоот тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цэрэнчимэгт 2018 оны12 дугаар сарын 10-ны өдрийн 4/526 тоот, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/698 тоот албан бичгээр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн санал ирүүлэхийг тус тус мэдэгдсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Цэрэнчимэг үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн санал өгөөгүй, төлбөр авагчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлтийг үндэслэн нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 тоот тогтоолоороо үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилсон, шинжээч 5 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 346 300 000 төгрөгөөр, 5, 6 тоот 2 ширхэг зогсоолыг 36 700 000 төгрөгөөр үнэлжээ.

 

Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувиар тооцон орон сууцыг 242 410 000 төгрөгөөр, 5, 6 тоот 2 ширхэг зогсоолыг 25 690 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, уг үнэлгээг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/1908 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цэрэнчимэгт мөн өдрөө баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн, баталгаат шуудан эзэнгүй гэх үндэслэлээр буцаагдсан байна.

 

Н газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/31.4 тоот тогтоол, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/12.2 тоот тогтоолоор “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цэрэнчимэгийг 3 удаа эрэн сурвалжилж тус тус эрэн сурвалжилж байсан байх бөгөөд “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цэрэнчимэг нь оршин суугаа хаяг өөрчлөгдсөн, эсхүл түр эзгүй тохиолдолд энэ тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүйд хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн утсанд зурвас илгээх замаар 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр үнэлгээний тайлантай танилцахыг мэдэгдсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Цэрэнчимэг маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр очих боломжгүй гэж хариу зурвас илгээсэн байна.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдсэн өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийг тоолбол 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дууссан байх бөгөөд дээрх хугацааг төлбөр төлөгч хэтрүүлэн 3 сар 23 хоногийн дараа шүүхэд гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул гомдлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийн зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас гомдол гаргах хугацааг заасан бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гомдлын үндэслэлийг шүүх хянан шийдвэрлэхгүйгээс гадна Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01436 дугаар захирамжаар маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоогдсон С.Отгонбаатарыг төлөөлж гомдол гаргах эрх олгогдоогүй, мөн Г.Цэрэнчимэг нь иргэний хувиар гомдол гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШЗ2019/13318 дугаар шүүгчийн захирамжаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж, 44.4 дэх хэсэгт “ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана” гэж тус тус заажээ. Иймд нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээ тогтоосноос бусад ажиллагаанд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргах учиртай, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/02537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА