Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00893

 

                                            “Гастросервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

201оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/02537 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 127 дугаар магадлалтай,

“Гастросервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Отгонбаатар, “Худалдаа хөгжлийн банк” ХХК,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаярын гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00737 дугаар шийдвэрээр 182,047,359 төгрөгийг Гастросервис” ХХК-иас гаргуулан Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Гастросервис” ХХК төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа эд хөрөнгө болох захирал Г.Цэрэнчимэгийн өмчлөлийнХан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 198 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, тус бүр 18 м.кв талбай бүхий 5, 6 тоот 2 ширхэг авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс талууд эд хөрөнгийн үнэлгээг тохиролцож чадаагүй тул үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн үнэлгээг Мөнх-Оргил трейд” ХХК-иар хийлгэсэн ба 2019.01.02-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайланд дурдсанаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 198 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 346,300,000 төгрөг, 18 м.кв талбай бүхий 5, 6 тоот авто зогсоолыг 36,700,000 төгрөгөөр үнэлэгдсэн нь зах зээлийн бодит үнэлгээнээс хэт бага, барьцаа эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээ хийгдсэн, үнэлгээний тайланг төлбөр төлөгч Гастросервис” ХХК болон барьцаа хөрөнгийн өмчлөгчдөд мэдэгдээгүй, өмчлөгчид ажлын 3 өдөрт мэдэгдлийг хүлээж аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд хуульд заасан журам зөрчиж гүйцэтгэж буй Гастросервис” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 737 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1150 дугаар магадлалаар Гастросервис” ХХК-иас 183,115,545 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжтөлбөр төлөгч Гастросервис” ХХК-ийн захирал Г.Цэрэнчимэгт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2018.02.12, мөн оны 03.26, мөн оны 11.27-ны өдөр тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Төлбөр төлөгч Гастросервис” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020676 дугаарт бүртгэгдсэнХан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай 198 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг, тус бүр 18 м.кв талбай бүхий 5, 6 тоот авто зогсоолыг битүүмжилж, хураан авч талуудаас үнийн саналыг авсан.

Төлбөр төлөгч Гастросервис” ХХК-ийн захирал Г.Цэрэнчимэгт барьцаа хөрөнгийн үнийн саналаа тус газарт ирүүлэхийг 2018.12.10-ны өдрийн 4/526, мөн оны 12.13-ны өдрийн 4/698 тоот албан бичгээр түүний оршин суух хаягаар хүргүүлж, мөн 94469106 дугаарт зурвас хэлбэрээр тус тус мэдэгдсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй тул төлбөр авагчийн 2018.12.18-ны өдрийн 5/8319 тоот хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Шинжээч 2019.01.02-ны өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай 198 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 346,300,000 төгрөгөөр, тус бүр 18 м.кв талбай бүхий 5, 6 тоот авто зогсоолыг 36,700,000 төгрөгөөр үнэлсэн байна. Төлбөр төлөгчид дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тайлангийн хамт 2019.01.07-ны өдрийн 4/1908 дугаартай албан бичгээр, мөн 94469106 дугаарт зурвас хэлбэрээр тус тус мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эд хөрөнгөнд үнэлгээ тогтоогоогүй бөгөөд хуульд зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тодорхойлохдоо дан ганц өртгийн хандлагын арга учир дутагдалтай тул зах зээлийн харьцуулах аргаар үнэлж хөрөнгийн хэмжээ, байршил, зориулалт, ашиглалтын байдал зэргээс хамааран шинжээч үнэлгээ тогтоосон. Төлбөр төлөгч нь шийдвэр биелүүлэхгүй алга болсон тул 3 удаа эрэн сурвалжилж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”ГастросервисХХК нь 2013 онд Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийн зээл авсан ба 6 жилийн хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлээд 2 жилийн хугацаанд барьцаа хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийгдсэн. Төлбөр төлөгч төлбөрийг төлж барагдуулаагүй учраас барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь албан ёсны хаяг руу мэдэгдлийг хүргүүлж, ажиллагаа явуулсан нь хуулийн шаардлагад нийцэж байна. С.Отгонбаатар нь барьцаа хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасны дагуу 2018.06.22-ны өдрийн 181/ШШ2018/01436 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Цэрэнчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хуулийн этгээд иргэн заавал биелүүлнэ гэсэн. “ГастросервисХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдаж өгсөн. Зээлийн өр төлбөрийг шийдвэрлэсэн 2017.03.15-ны өдрийн 181/ШШ2017/00737 тоот шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж байгаа ажиллагаа нь шүүгчийн захирамжид саад болох үндэслэлгүй. Бид Г.Цэрэнчимэгт 198 м.кв 5 өрөө орон сууц өмчлөх эрх олгогдсон гэрчилгээг үндэслэж барьцаалсан. Энэ хөрөнгөөс төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу үргэлжлээд явж байгаа...” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Отгонбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Отгонбаатар нь шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамжны 76 дугаар байрны 5 тоот орон сууц болон 5, 6 тоот авто зогсоолын хамтран өмчлөгчөөр тогтоогдсон. Иймд Г.Цэрэнчимэгт ногдох хэсгээс л төлбөр гаргуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллагаа хийх ёстой гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хөрөнгийг битүүмжилж, хураахдаа хөндлөнгийн 2 гэрч оролцуулах хуулийн заалтыг зөрчсөн. Г.Цэрэнчимэг ажиллагаанаас огт зайлсхийж байгаагүй, очиж уулзсан өдрийн маргааш л зугтаасан гээд эрэн сурвалжлуулах ажиллагаа хийсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/02537 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020676 дугаарт Г.Цэрэнчимэгийн өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 дугаар байрны 5 тоотод байрлах 198 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг зоорийн давхрын 5, 6 тоот зогсоолуудын хамт үнэлсэн Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019.01.02-ны өдрийн өдрийн 01/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Гастросервис” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 127 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/02537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00737 дугаар шийдвэрээр 182,047,359 төгрөгийг “Гастросервис” ХХК-иас гаргуулан “Худалдаа хөгжлийн банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрт Нийслэпийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул “Гастросервис” ХХК-иас эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс тус шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагаар иргэний хэрэг үүссэн.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шийдвэрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлийг гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, татгалзах, эвлэрэх зэрэг нь зөвхөн нэхэмжлэгчид олгосон онцгой эрх байдаг бөгөөд энэхүү хуулиар олгогдсон эрхэд хязгаарлалт байхгүй байтал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...битүүмжлэгдэж хураагдсан, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн саналаа өгч амжаагүй тухайгаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Цэрэнчимэг тайлбарлаж, хуульд заасан ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн нь 2018.12.26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажсан байх тул хариуцагчийн шинжээч томилж үл хөдпөх эд хөрөнгүүдийг үнэлүүлсэн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн гэж үзнэ, үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд Г.Цэрэнчимэг дангаар бүртгэлтэй, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан өмчлөгч гэх ойлголтод Г.Цэрэнчимэг хамаатай.” гэжээ. Гэтэл төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 76 дугаар байр, 5 тоотод байрлах 198 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбайтай 5, 6 тоот авто зогсоол нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.06.22-ны өдрийн 181/ШШ2018/01436 тоот захирамжаар иргэн С.Отгонбаатар, О.Индра, О.Агимаа, Ц.Цэрэнчимэг нарын 4 иргэний гэр бүлийн дундын өмчлөл болохыг тогтоосон. Энэхүү шүүхийн шийдвэр нь өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.’’ гэснийг зөрчиж үүрэг гүйцэтгэгч “Гастросервис” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох тус компанийн захирал Ц.Цэрэнчимэг, мөн эрх ашиг нь хөндөгдөж буй хууль ёсны өмчлөгч С.Отгонбаатар, О.Индра, О.Агимаа нараас урьдчилж үнийн санал авалгүйгээр дээрх иргэдийн өмчлөлийн орон сууцанд үнэлгээ хийлгэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээний талаарх 2019.01.07-ны өдрийн 4/1908 тоот мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу өмчлөгч нь хаягтаа байгаагүй, эзгүй байсны улмаас хүлээн аваагүй болох нь нотлогдсон боловч хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан ажиллагааг явуулах боломж ийнхүү шийдвэр гүйцэтгэгчид бүрдээгүй байдалд хариуцагчийг буруутгах үндэслэл шүүхэд тогтоогдсонгүй.” гэжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-иар дээрх иргэдийн өмчлөлийн эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгосон ба тус үнэлгээний компани нь 2019.01.04-нд үнэлгээний тайланг гарган өгч хүлээлцсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасан байтал төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК болон төлбөр төлөгч “Гастросервис” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох тус компанийн захирал Ц.Цэрэнчимэг, мөн эрх ашиг нь хөндөгдөж буй хууль ёсны өмчлөгч С.Отгонбаатар, О.Индра, О.Агимаа нарт дээрх үнэлгээний тайланг танилцуулж, санал хүсэлт авч, тэмдэглэл хөтлөөгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчсөн буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...шүүхийн хэлэлцүүлгийн явцад шийдвэр гүйцэтгэгчээс 2019.01.07-ны өдөр эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт гарсан талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчид мэдэгдсэн болох нь тогтоогдсон, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгч нь 2019.03 дугаар сард үнэлгээний талаар мэдсэн болох нь мөн тогтоогдсон тул шүүх 2019.04.30-ны өдрийн гомдлоор шинжээчийн дүгнэлтийн тогтоосон үнэлгээг үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.” гэжээ.  

Нэхэмжлэгч тал нь үнэлгээний талаар болон төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн үл хөдлөх эд хөрөнгө нь 2 дахь дуудлага худалдаанд орж байгаа талаар 2019.04.24-нд анх мэдэж, 2019.04.30-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүссэн. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон өмчлөгч нарт эд хөрөнгийн үнэлгээг танилцуулаагүй, анхан шатны дуудлага худалдаанд оруулсан зэрэг илт хууль зөрчсөн гүйцэтгэх ажиллагааг явуулсан байтал анхан шатны шүүх нь дээрх тодорхой үйл баримтуудыг үнэлээгүй болно. Давж заалдах шүүхээс дээрх илт хууль бус гүйцэтгэх ажиллгааг үндэслэлгүй зөвтгөн шийдвэрлсэн анхан шатны шүүхийн шийдврийг хэвээр үлдээснийг мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн үндэслэлтэй тайлбар өгөөгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй”; 168.1.3-т “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн”, 168.1.7-т “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлүүд бүрдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

“Гастросервис” ХХК Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан          үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00737 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1150 дугаар магадлалаар “Гастросервис” ХХК-аас 182,047,359 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1,068,186 төгрөгийн хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, “Гастросервис” ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.Цэрэнчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2206020676 дугаарт бүртгэлтэйХан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан 76-5 тоот, 198 м.кв 5 өрөө орон сууц, 5, 6 тоот тус бүр нь 18 м.кв бүхий зогсоолуудыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Г.Цэрэнчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2206020676 дугаарт бүртгэлтэйХан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан 76-5 тоот, 198 м.кв 5 өрөө орон сууц, 5, 6 тоот тус бүр нь 18 м.кв бүхий зогсоолуудыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Хариуцагч Г.Цэрэнчимэгт 2018.12.10-ны өдрийн 4/526 тоот, 2019.12.13-ны өдрийн 4/698 тоот албан бичгээр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн саналаа ирүүлэх хугацааг тогтоосон ч тэрээр уг хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк 2018.12.18-ны өдөр зах зээлийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр хийлгэх хүсэлтийг гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018.12.18-ны өдрийн 2 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2019.01.02ы өдрийн үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууц, 2 ширхэг зогсоолыг тус бүрд үнэлж, нийт 383,000,000 төгрөгөөр тогтоосон талаарх шүүхийн дүгнэлт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны хийц, төвийн шугам сүлжээний холболт, ашиглалтад орсон огноо, гадна тохижилт, байршилтай ойролцоо, одоогоор unegui.mn зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй юм.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг явуулахдаа үнийн санал аваагүй, хөрөнгийн өмчлөгчид мэдэгдээгүй, мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заажээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2018.12.26-ны өдрийн тэмдэглэлд “...үнийн саналаа бичээд туслахдаа өгсөн чинь танайд хүргүүлээгүй байна. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс барьцаа хөрөнгийг хураахдаа үнийн саналаа ирүүлэхийг сануулсан үнэхээр амжсангүй. Танай байгууллага хуульд заасан ажиллагаагаа хийнэ бизээ гэснээр барьцаа хөрөнгийн хаягаар очиж үнэлгээчнийг ажиллах боломжоор хангасан болно...” гэж тусгагдсан бөгөөд түүнд Г.Цэрэнчимэг гарын үсгээ зурсан байна.  

Хариуцагч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувиар тооцон орон сууцыг 242,410,000 төгрөгөөр, 5, 6 тоот 2 ширхэг зогсоолыг 25,690,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, уг үнэлгээний 2019.01.07-ны өдрийн 4/1908 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч “Гастросервис” ХХК-ийн захирал Г.Цэрэнчимэгт тухайн өдрөө баталгаат шуудангаар хүргүүлсэн хэдий ч баталгаат шуудан эзэнгүй гэх үндэслэлээр буцаагдсан байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2018.01.29-ний өдрийн 1/31.4, 2018.03.19, 2018.11.07-ны өдрийн 11/12.2 тоот тогтоолуудаар “Гастросервис” ХХК-ийн захирал Г.Цэрэнчимэгийг гурван удаа эрэн сурвалжилж байжээ.

Г.Цэрэнчимэг өөрийн оршин суугаа хаяг өөрчлөгдсөн, эсхүл түр эзгүй тохиолдолд энэ тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүйд хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй бөгөөд хоёр шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Шийдвэр гүйцэтгэгч 94469106 дугаарын утсанд зурвас илгээх замаар 2019.01.07-ны өдөр үнэлгээний тайлантай танилцахыг мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019.01.08-ны өдөр очих боломжгүй гэж хариу зурвас илгээсэн байна.

Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцах эрхтэйгээ 2019.01.07-ны өдөр мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 сар 23 хоногийн дараа буюу 2019.04.30 өдөр шүүхэд шүүхэд хандсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргасан гэж үзэхгүй.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01436 дугаар захирамжаар маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоогдсон С.Отгонбаатар болон бусад этгээдийг төлөөлж гомдол гаргах эрх Г.Цэрэнчимэгт олгогдоогүй, түүнийг иргэний хувиар гомдол гаргаагүй гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл алга байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШЗ2019/13318 дугаар шүүгчийн захирамжаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, мөн зүйлийн  44.4-т заасныг зөв тайлбарлан, дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаярын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/02537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 127 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УНДРАХ  

                              ШҮҮГЧИД                             Г.БАНЗРАГЧ

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

      Х.СОНИНБАЯР 

                                                                             Д.ЦОЛМОН