Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 221

 

Д.Эагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/02350 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Эагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У номын сан УТҮГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 10 782 600 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, нийгми йн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Эа миний бие тус байгууллагад 2010 онд архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилд ороод 2016 оны 10 сараас Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчээр томилогдон ажилласан.

Ажиллаж байх хугацаандаа сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан ба 3 шатны шүүхийн шийдвэрээр уг ажлаас халсан тушаал шийдвэрийг хүчингүйд тооцсон. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нэг жил 6 хоногийн дараа 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажилд эгүүлэн томилсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалин олговорт 10 782 600 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Эагаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн шийдвэрийн дагуу Д.Эаг 2019 оны 7 дугаар сарын 30-нд ажилд нь эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээг 2019 оны 8 дугаар сарын 02-нд байгуулсан. Ажилгүй байсан хугацаа нь хариуцагч талын буруутай үйлдлээс шалтгаалаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч У номын сангаас 9 748 930 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эад олгон, зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих газарт нь шилжүүлэн дэвтэрт бичилт хийхийг хариуцагч У номын санд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 033 070 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 187 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, ямар хуулийн заалтыг тайлбарлан хэрэглэж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж байгаа талаар тодорхой дурдаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Эа нь хариуцагч “У номын сан” УТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01603 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2039 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0220 дугаартай тогтоолоор Д.Эаг “У номын сан” УТҮГ-ын харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, “У номын сан” УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны олговорт 2 391 624 төгрөг гаргуулж Д.Эад олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх шийдвэрээр Г.Энхтуяад олгох олговрыг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцож олгосон байна.

 

“У номын сан” УТҮГ-ын дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлж 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/34 тоот тушаалаар Г.Энхтуяаг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн ажилд томилсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх буюу 1 жил 6 хоногийн хугацаанд хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн эрхийн зөрчил арилаагүй байсан гэж дүгнэнэ.

 

Иймд Г.Энхтуяа нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

“У номын сан” УТҮГ-аас 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны олговор         9 748 930 төгрөгийг гаргуулж Г.Энхтуяад олгож, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/02350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 475 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА