Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 119/ШШ2024/0002

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х” ХХК /захирал Д.Э/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б, Б.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Д

Хариуцагч: ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Ж.Э

Хариуцагч Ж.Э-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Х нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: ТХШУБ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №НА-20230000... дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагч Ч.Ц, хариуцагч Ж.Э-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Ж.Э нарт холбогдуулан “ТХШУБ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №НА-20230000...дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах-аар маргасан.

2. ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Ж.Э нар нь “Х” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-20230000... тоот нөхөн ногдуулалтын актаар 108,457,145.18 төгрөгийн төлбөр /нөхөн татвар, торгууль, алданги/ ногдуулж, захиргааны акт буюу нөхөн ногдуулалтын акт гаргасан.

3. Нэхэмжлэгч нь дээрх захиргааны актыг эс зөвшөөрч Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасныг тус зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн. Шүүх тус нэхэмжлэлээр хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  

 4. Нэхэмжлэгч “Х” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

ОА-ийн ТХ-ийн ХШТ-ийн ТУБ Ч.Ц, Ж.Э нарын “Х” ХХК-д холбогдуулан гаргасан  2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №НА-20230000...дугаар нөхөн ногдуулалтын акт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 688,091,449.02 төгрөгийн зөрчил илэрсэн тул 68,809,144.9 төгрөгийн нөхөн татвар, 20,642,743.47 төгрөгийн торгууль, 19,005,256.81 төгрөгийн алданги, нийт 108,457,145.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь хууль бус байна.

№НА-20230000...дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг гаргахдаа сонсох ажиллагааг явуулаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ”, 27.3 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.4 дэх хэсэгт “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.6 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж тус тус заасан.

Захиргааны ерөнхий хуульд татварын улсын байцаагч Ч.Ц, Ж.Э нарыг №НА-20230000...дугаар “Нөхөн ногдуулалтын акт” гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй “Х” ХХК-д акт гаргах гэж байгаа тухайгаа мэдэгдэх, “Х” ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагааг явуулж, явц, сонсох ажиллагааны үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, мэдээлэл бэлтгэж баримтжуулах ёстой болохыг нь хуульчлан заасан байна.

Гэтэл татварын улсын байцаагч Ч.Ц, Ж.Э нар №НА-20230000... дугаар “Нөхөн ногдуулалтын акт” гаргахдаа “Х” ХХК-д энэ талаар огт мэдэгдээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй.” гэжээ.

            5. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн НА2023000002 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Дээрх дугаар бүхий нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татварын “Д” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3588866643 падааны дугаартай 16,988,482.00 төгрөгийн, “А” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4050749367 падааны дугаартай 11,574,545.45 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 4052980259 падааны дугаартай 13,113,636.36 төгрөгийн, 4052980276 падааны дугаартай 20,431,818.18 төгрөгийн, 2019 онд “Г” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4062089765 падааны дугаартай 10,859,090.91 төгрөгийн, “Т” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4065929215 падааны дугаартай 5,950,000.00 төгрөгийн, 4065929225 падааны дугаартай 9,029,090.90 төгрөгийн, 4065929241 падааны дугаартай 12,293,636.36 төгрөгийн, “Ү” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4072563433 падааны дугаартай 68,045,545.45 төгрөгийн, 4072563732 падааны дугаартай 73,204,636.36 төгрөгийн, “Т” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4089441862 падааны дугаартай 230,745,455.00 төгрөгийн, 4089441863 падааны дугаартай 174,818,182.00 төгрөгийн бараа материалыг тус тус худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа үйлчилгээнд оруулан тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх дүнг бууруулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын 2020 онд 12,727,272 төгрөг, 2021 онд 28,310,057 төгрөгийн худалдан авалтын үйлчилгээнд зориулан дотоодын мал аж ахуй газар тариалан эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдийн худалдан авалтад оруулан тайлагнаж төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг тус тус зөрчиж шалгалтаар 688,091,449.02 төгрөгийг зөрчил илэрсэн тул 68,809,944.09 төгрөгийн нөхөн татвар, 20,642,743.47 төгрөгийн торгууль, 19,005,256.81 төгрөгийн алданги нийт 108,457,145.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь хууль бус гэж үзэж байна. Бид нар акт тавихад нь гадаадад байж байгаад 01 сарын 05-ны өдөр ирсэн. Утсаар гүйцэтгэх захиралтай Эрдэнэчулуун гэдэг хүн 2 удаа ярьсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар дүнгээрээ байдаг учраас торгуультайгаа тэрбум төгрөг гараад явчихсан. Тэгээд сандралд ороод очиж уулзаад Татварын маргаан таслах зөвлөлд хандаад явсан. Хууль журмын дагуу шалгалт хийсэн нь зөв тэр дээр гомдохгүй. Манайх хоолны үйлдвэрлэл талхны үйлдвэрлэл эрхэлж байсан. Ковид-19 цар тахлын үед манайх л талхны үйлдвэрлэл эрхэлж байсан. Гэнэт худал зүйл шивсэн байна гэж 5 жилийн дараа хэлэхээр бид нар мэдэхгүй. Анхан шатны баримтууд дээр сар бүр хүлээж аваад баталгаажуулж байгаа. Бид нар өөрсдөө хүү, торгуулиас үнэхээр айдаг. 2017 онд шалгалтаар ороод зүгээр явж байсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хуулиараа сарын эхний 8-ны дотор баталгаажуулдаг. Тэр хооронд тендерт ороход ямар ч өргүй гээд гарсан. Гэтэл тендер нээгээд баримт бичиг шалгахад өртэй гээд гарч ирсэн байсан. Анхан шатны баримтуудаа өг гэхэд цахим системээс аваад өгсөн. Энэ падаан хуурамч гэдгийг мэдсэн бол ийм зүйл хэзээ ч хийхгүй байсан. Яаж мэдэх юм бэ. Бид нар малын гаралтай зүйл дээр бол Татварын ерөнхий газраас сургалт явуулсан бол очоод сонсох байсан. Бидэнд төрийг хуурсан зүйл байхгүй. Манайх падаанаа шивнэ, нөгөө тал шивнэ дүн нь яг таарахаар нь татвараас баталгаажлаа гээд анхан шатны баримтууд нь ч тэр хуучных шиг гар бичмэл байхаа больсон. Цахимаар бүх зүйл явагдаж байгаа учраас хуурамч шивэлт хийж байгааг мэдэхгүй. Энэ компаниуд хуурамч шивдэг байлаа гэхэд төрийн томчууд харж байгаа. Тиймээс энэ байдал дээр шүүх харгалзаж үзээсэй. Ийм өндөр торгууль тавьчихаар бид нарт үнэхээр хэцүү байна. Ковид-19 цар тахлын үед яаж ажилчдаа цалин, хоол ундтай, орлоготой болгоё доо гэж ажиллаж ирсэн. Ийм акт тавихаар үнэхээр хүндрэлтэй байна. Илт хуурамч зүйл шивсэн мэт битгий ойлгоосой. Сар бүр тайлагнадаг. Нэг удаагийн үйлдлээр ийм зүйл хийсэн бол хулгай луйвар гэж үзэж болох байх. Гэтэл 5 жилийн асуудал яригдаж байна” гэв.

            6. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нар энэ актыг гардаж аваагүй байхад 2023 оны 01 сарын 10-ны өдөр систем дээр энэ дүнгээр өр үүссэн. Үүнээс болж 2023 оны бүх үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Шалгалтаар гарсан үр дүнг танилцуулаад асуудлаа шийдэж болох байсан. 2018 оноос хойш бүх падааныг 2022 он дуусах хүртэл Татварын алба өөрсдөө баталгаажуулаад тайланг хүлээн авсан мөртлөө буцаад үгүйсгээд орж ирж байгаад гайхаж байна. Би нар гараар падаан бичээд зохиогоогүй. Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй харилцаа холбоо үүсгээд худалдах худалдан авах үйл ажиллагаа явагдаад баримт нь үүсээд санхүүгийн алба, татварын алба шалгаад шат шатандаа батлагдсан тайлангуудыг буцаагаад дундаас нь үгүйсгэж байгаад гомдолтой байгаа тул нэхэмжлэл гаргасан” гэв.

            7. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Татварын алба гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага. Нөхөн ногдуулалтын акт 2023 оны 01 сарын 10-ны өдөр тавигдсан гэдэг. Хариуцагч талын акт болон энэ үйлдлийг харахаар ялгах салгах зүйл их байна. 2008 оны 05 сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хууль хэрэгжээд 2019 оны 03 сарын 22-ны өдөр уг хууль шинэчлэгдсэн. Тэгэхээр 2018 онд хамаарах 4, 5 үйлдлүүд 2008 оны хуулийн үйлчлэлд хамаарч байгаа. 10 гаран жилийн дараа нөгөө хууль өөрчлөгдчихөөр 2023 оны 01 сарын 10-ны өдөр энэ актыг яаж тавих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Татварын ерөнхий хуулийн 2019 оны 03 сарын 21-ний өдрийн энэ хууль хэрэгжсэнтэй холбоотой Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль уг өдөр хэрэгжсэн. Энэ 10 зүйл заалттай хуулийг үзэхээр энэ акт тавиад байгаа үйлдэл нь өмнөх хуулиар хөөн хэлэлцэх хугацаа 5 жил, дараагийн 2019 оны хуулиар 4 жил байгаа. 2019 оны хуулиар 01 сарын 10-ны өдрөө тавьчихаар 4 жил рүүгээ хальт орчихоод байдаг. Татварын акт яаж тавигдах юм бэ. 2019 оны 03 сарын 21-ний өдрийн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүмүүс ерөөсөө мэддэггүй. Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 10 зүйл заалтын 2 хэсэгт нь манай харилцаа хамаараад байгаа. 03 сарын 22-ны өдрийн баталсан Татварын ерөнхий хууль эрсдэлтэйд тооцсон аж ахуйн нэгжид хамаарахгүй. 3 дахь заалт нь 2008 оны хуулийг хэрэглэх юм шиг агуулгатай. Ийм хуулийн зүйл заалтууд байна. Төрийн үйл ажиллагаа захиргааны актыг гаргадаг. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа ерөөсөө хийдэггүй. Дээд талын даргад нь өгөхөөр шүүхээрээ яв гэдэг. 2023 оны 01 сарын 10-ны өдрийн татварын акт дээр үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Татварын акт төрөөс гарч байгаа албадлагын шинжтэй зүйл байтал энийгээ ялгаж салгаж тавихгүй байна. Дэлхийн ардчилсан тогтолцоотой улс орнуудын захиргааны хамгаалалтын системийн нэгт бусдын эрх ашиг хөндөгдвөл яах юм бэ гэдэг. Иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөж байвал хамгаалах систем нь Захиргааны хэргийн шүүх байна. Энийг хамгаалахгүй, хянахгүй байвал дарга нарын толгой данхааж ирнэ. 2023 оны 01 сарын 10-ны өдөр акт тавиад Д.Э руу утсаар ярьсан. Энэ хүмүүс хол гадаадад байсан. Татварын акт зөвхөн утсаар ярих биш гардуулах ёстой. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт гардуулан, тайлбар авна гэж заасан. Татварын акт, гэрээ, хэм хэмжээний актыг заавал оролцогч нарт мэдэгдэж, гардуулж, оролцоог нь хангах үүрэгтэй. Гэтэл утсаар яриад нэг тэмдэглэл үйлдээд шуудангаар явуулчихдаг. Тэгээд актаа тавьчихдаг. Энэ процесс бидэнд явагдаагүй. Татварын алба хууль дээдэлж, акт хуулийн дагуу байх ёстой. Аж ахуйн нэгж өргөдөл өгөхөд битгий хэл, иргэд өргөдөл өгөхөд тэдний оролцоог сонсож ханга гэж байгаа. Татварын байгууллага маш том байгууллага. Эрсдэлийн газраас томилоод энд өнөөдөр сууж байгаа хүмүүсийг байлцуулаад тайлбарыг нь аваад 5 хоногийн завсарлага авах зохицуулалт ч байгаа. Энэ байгууллага тэр зүйлийг сонсох ажиллагаагаар хийх үүрэгтэй байтал огт хийгээгүй. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд татварын акт ч бай, захиргааны байгууллага иргэдийн оролцоог хангана сонсоно. Татварын акт нь 2, 3 оны хууль дамжаад бантан болчихсон. Ковид-19 цар тахлыг ярилаа. 2020 оны 01 сарын 02-ны өдөр нэг шинэ хуулиар 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс 09 сарын 01-ний өдрийн хооронд татварын алданги, торгууль тооцохгүй гэсэн. Энэ зүйлийг уншиж харахгүй яасан юм бэ. Ганцхан дуудаад нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь эрх зүйн зөрчилтэй акт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэстэй. Актаа тавихын тулд дуудаж ирээд асуугаад танайхаас төлөөлөл гарч шалгаад ганцхан утсаар ярьж гардуулах биш, акт гаргахын өмнө сонсох боломжийг олгох ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт бусад ямар оролцоогоор шийдэх, сонгох бололцоог олгоно гэж заасан байгаа. Гэтэл ерөөсөө боломж олгохгүй ирүүлээд актаа тавьчихсан. Татварын акт тавьж байгаа этгээдүүд формаль хэлбэрийг хангах ёстой. Захиргааны байгууллага гэдэг бол том, иргэн аж ахуйн нэгж бол жижиг зүйл. Эрх нь хөндөгдөж байгаа этгээдийг оролцуулах нь битгий хэл, иргэн хүсэлтээ өгсөн байхад тэр оролцоог ханга гэсэн байгаа. Энэ шаардлагуудыг хангахгүй байна. Агуулга дотор байгаа материаллаг шинжийг хангаагүй. Агуулга бол танайх 2018 оны татварын шалгалтад ийм зүйл илэрлээ, ийм үйлдлүүд илэрлээ. 2008 оны хууль байна. 2019 оны хуулиар шийдэгдвэл алданги, торгууль нь ийм байна. Захиргааны урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдаад сонсох ажиллагаа явагдаад хоорондоо ярилцаад тавь гэж байгаа. Зөвлөх, соён гэгээрүүлэх тал руу ч гэсэн яв гэж байна. Баримтаа илгээхээр ок гээд л хүлээгээд авчихдаг. 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуудахаар нь очиход аль хэзээний толгойд нь татварын акт углачихсан зүйл болоод байна. Энийгээ л боль. Бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа бол оролцоог нь хангаад тайлбарыг нь аваад оролцуул гэж хуульд заасан байгаа. Гэтэл юу ч алга байна. Нэг ярьсан, нэг очиход нь актаа тавьчихсан. Актаа тавихаасаа өмнө суулгаж байгаад тайлбарлах ёстой. Олон жил даргын системээр явчихсан зүйл байгаад байна. Энд формаль шинжийг зөрчсөн байна, оролцоог нь хангаагүй байна. Хуулийн үндэслэлүүд алга. 2008 он, 2019 оны зааг ялгааг нь тавьж өгөх хэрэгтэй. Танайх 2018 онд шалгалтад орсон гээд байна. 2019 оны хуулиар эрсдэлтэй гэж тооцохгүй байсан юм бол “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа зүйл болно. 10 хүнтэй байсан бол одоо 3 хүнтэй болсон гэж байна. Одоо тэгээд татварын өртэй компани болчихсон байдаг. Тийм учраас энэ бол яах аргагүй эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

8. Хариуцагч ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Ж.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Ц, Ж.Э бид 2030268 тоот регистрийн дугаартай “Х” ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2023100123 тоот томилолтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийсэн.

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-20230000...тоот нөхөн ногдуулалтын актаар 688,091,449.02 төгрөгийн зөрчилд 68,809,144.90 төгрөгийн нөхөн татвар, 20,642,743.47 төгрөгийн торгууль, 19,005,256.81 төгрөгийн алданги нийт 108,457,145.18 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна" гэж зааснаар Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг баримтлан хяналт шалгалтыг гүйцэтгэсэн.

Хяналт шалгалтыг эхлэхэд “Х” ХХК-ийн удирдлага /Х.Б 9911........, Д.Э 8811......./ болон нягтлан бодогчийн утас холбогдохгүй байсан тул 70353..... ажлын дугаараар холбогдоход “захирлууд гадаад явсан УБ-аас маргааш ирнэ" гэсэн мэдээллийг өгсөн. Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй ............. цахим хаягт татварын хэсэгчилсэн шалгалтанд орох болсон талаар имэйл явуулсан. Компанийн гүйцэтгэх захирал Д.Э-тай хийсэн ярилцлагаар хяналт шалгалттай холбоотой, илэрч буй зөрчлийн талаар мэдээлэл тодруулга авч ярилцлага хийсэн бөгөөд тус ярилцлагад гарын үсэг зураагүй. Мөн хяналт шалгалтын явцад биечлэн 2 удаа ирсэн бөгөөд тус зөрчилтэй холбоотой тайлбарыг тухай бүрт авч байсан.

“Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 4.5.9-т “татварын алба, татварын улсын байцаагч эцэслэн баталгаажуулаагүй шийдвэрийг татвар төлөгчид урьдчилан танилцуулахгүй” гэдгийг баримтлан зөрчлийн талаар тодруулж тэмдэглэл хөтөлж байсан бөгөөд Д.Э нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байсан. 

Журмын 4.5.11-т “нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, илтгэх хуудсыг энэ журмын 4.5.10-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн татварын албанд бүртгэлтэй хаягаар шуудангаар илгээх” гэж заасныг баримтлан томилолтын сүүлийн өдөр нөхөн ногдуулалтын акт бичигдэж татвар төлөгч хүлээн зөвшөөрөхгүй тул очиж авахгүй гэдгээ утсаар илэрхийлсэн тул нөхөн ногдуулалтын актыг захирлын хаягаар шуудангаар хүргүүлсэн.

Иймд татварын улсын байцаагч нар хууль, журмын баримтлан татварын хяналт шалгалтыг гүйцэтгэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

            9. Хариуцагч ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хий бичилттэй падаан гэдэг нь тухайн үед үйлдэгдэхдээ зөрчилтэй гэдэг нь мэдэгддэггүй. Тухайн падааныг үйлдсэн борлуулалт хийсэн аж ахуйн нэгжийг Татварын ерөнхий газар шалгаад зөрчилтэй худалдан авалт гэдэг нь тогтоогдоод худалдан авалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд зөрчилтэй худалдан авалт байна тайлангаа засварлаарай гэх мэдээллийг өгдөг. Гэтэл засвар ороогүй байна. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой Татварын ерөнхий газраас томилолт үүсэж шалгалт хийсэн. Энэ нь иж бүрэн шалгалт биш. Зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр хийгдсэн. Өмнө нь мэдэгдсэн падааныг засварлаагүй учраас арга хэмжээ аваад нөхөн ногдуулалтын акт бичигдсэн. Өмнө нь мал аж ахуйтай холбоотой худалдаж авсан газрууд хасалтдаа оруулаад татварынхаа худалдан авалтад оруулаад явж байсан. 2018 онд гарсан хууль журмаар хоолны үйлдвэрлэл эрхэлдэг газрууд эдийн засгийн ангиллаараа хамрагдахгүй болсон мэдээлэл Сангийн яамнаас Татварын газарт ирсэн. Татварын ерөнхий газраас харьяа дүүрэг, аймгуудад газруудынх нь мэдээллийг ирүүлсэн. Үүний дагуу харьяа дүүрэг, аймгууд руу мэдээлэл явуулсан. Танайх хоолны үйлдвэрлэл эрхэлдэг. Гэхдээ Сангийн яамнаас гаргасан журмын дагуу эдийн засгийн ангилалд багтахгүй тул тайлангаа засварлана уу гэсэн мэдээлэл өгсөн байхад засвар хийгээгүйн улмаас нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн ногдуулалтын актад зөрчил болон гарч ирээд уг акт үйлдэгдсэн. 2020 оноос Татварын шинэ хууль хэрэгжээд эхэлсэн. Түүнээс өмнө шийтгэлийн хуудас гээд Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж байсан. 2020 оноос өмнөх зөрчил дээр алдангийг 2 янзаар бодож үзээд 2020 оноос өмнөхийг  нөхөн татвар 20 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтаар, 2020 оноос хойших бол Сангийн сайдаас гаргасан тушаалын дагуу алдангийн хэмжээг хэтрүүлсэн хоног тутамд нөхөн татварын дүнгээс тооцон үржүүлэн гаргадаг. 2020 оноос өмнөх зөрчлийг Зөрчлийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт нөхөн татварын акт, алдангийг 2 янзаар бодоод 20 хувийг хоногоор бодож гаргасан байдлаас аль багаар тусаж байгааг авна гэсэн заалтыг баримтлаад авсан. 2020 оноос хойш зөрчилд алдангийн хэмжээ 20 хувь байгаа. Эрсдэлийн оноог Татварын ерөнхий газрын эрсдэл, удирдлагын газраас тооцдог. Томилолтыг хяналт шалгалт, арга зүйн газраас үүсгэдэг. Шалгалт хийх хоногийн тоо, ямар байцаагч шалгах вэ гэдгийг үүсгэж өгдөг. Эрсдэлийн оноог цээжээр санахгүй байна. Гэхдээ бүрэн шалгалт байсан бол эрсдэлийн оноог тооцно. Нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн шалгалт байгаа. Энэ гарсан зөрчлүүдийг өмнө нь татвар төлөгчид бүгдийг нь мэдэгдсэн учраас хяналт шалгалтыг заасан хугацаанд хийсэн. Татварын ерөнхий газраас томилолт үүсээд НӨАТ-ын хэсэгчилсэн шалгалт хийхээр болсон. Үүний дагуу тус компанийн захирал Д.Э-тай утсаар холбогдох гэтэл холбогдож чадаагүй. Байгууллагын жижүүр дээр очиж асуухад удирдлагууд гадаад явсан талаар хэлсэн. Ирсэн өдөр нь утсаар холбогдсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн шалгалтад орохоор томилолт үүссэн байна ирж уулзаад материал авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Нэг удаа ирж уулзсан. Ярилцлага хийхдээ биечлэн хийгээд тэмдэглэл үйлдсэн. Утсаар өмнө нь ярьсан. Бүртгэлтэй и-мэйл хаяг руу нь мэдээлэл өгсөн. Боломжит арга замуудаар нь мэдэгдэл өгсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн мал, аж ахуйн мөрөнд байгаа худалдан авалтыг тайлбарлаач гэхээр манай тайланд худалдан авалтууд орж ирдэг тайландаа тусгасан гэсэн. Эхлээд мэдээгүй байхдаа тусгасан байж болно дараа нь энэ ангиллыг засварлаач гэж мэдээлэл өгсөөр байхад засварлаагүй байсан учраас Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн тайланд шалгалт хийхээр болсон. Хий бичилттэй падаанд ч гэсэн мэдэгдэл явуулсан. Танай компанийн худалдан авалтын баримтууд борлуулалтын хий бичилттэй болон тайлагналын зөрчилтэй аж ахуйн нэгжийн баримтаас нь үүссэн Татварын ерөнхий газрын шалгалтаар тогтоогдсон. ТТ-03 дугаар хавсралтад тусган тайлангийн худалдан авалтын буцаалт, хөнгөлөлтийн дүн мөрөнд тайлагнан зөрчлөө арилгана уу. Тайландаа залруулга хийгээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхаарна уу гээд эрсдэлийн удирдлагын газар, холбогдох утсаа бичсэн мэдээлэл очсон байхад ерөөсөө засвар хийгдээгүй учраас томилолт үүсэн хэсэгчилсэн шалгалт хийсэн. Дансны хуулгыг авч шалгаад хавсаргасан. Дансны хуулга дээр чинь энэ компаниуд руу шилжсэн мөнгөний баримт байгаа эсэхийг шалгасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт цахим учраас тэрийг шаардах шаардлагагүй шууд бичигдээд ороод ирж байгаа. Гол нь Татварын ерөнхий газраас цаад газар нь зөрчилтэй байна гэдгийг нотолсон учраас зас гэсэн. Засаагүй учраас нөхөн ногдуулалтын акт тавигдаж байгаа” гэв.

            10. Хариуцагч ОА-ийн ТХ-ийн ТУБЖ.Э-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч нарын “Х” ХХК-д томилолтоор хийсэн хяналт шалгалтаар 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд нэмэгдсэн өртгийн албан татварыг хамарсан хэсэгчилсэн буюу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлантай холбогдуулан хяналт шалгалт хийсэн. Нэхэмжлэгч тал падаануудыг он сар дугаараар хэллээ. Дээр дурдсан компаниудын падаанууд худалдан авалт гэж хий бичилтийг өөрийнхөө компанид шивэлт хийгээд үүнийгээ тайлагнасан. Гэтэл анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн борлуулалт худалдан авалт аль аль талдаа нотлогдож байх ёстой байдаг. Гэтэл энэ нь гэрээгээр нотлогдсон зүйлгүй, дансны хуулга, санхүүгийн анхан шатны баримт зэрэг бүхий л талаар хяналт шалгалтыг хийж байгаа. Гэтэл нотлогдоогүй. Хий тоо бичилтүүд хоёр талд бичигдээд үүнийгээ тайлагнасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын алба хүлээж авчихаад одоо болохоор буцаагаад байна гэж байна. Энэ нь өөрөө тухайн үедээ бодит худалдан авалтыг тайлагнасан байх ёстой гэдэг хуулийг зөрчсөн гэдгийг дараа нь хяналт шалгалтаар илрүүлээд акт тавигдсан. Мал аж, ахуй газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг мэтээр 2020, 2021 онуудад татвараа бууруулж тайлагнасан. Тухайн үед “Х” ХХК Сангийн сайдын баталсан жагсаалтын төрлүүдэд хамаарахгүй байсан учраас тайлангаа засварлаач гэж удаа дараа мэдэгдээд байхад засварлах ёстой тайлант хугацаанд засварлаагүйгээс болсон. Өөрсдийнхөө ангиллыг буруу тодорхойлсон. Манайд танилцуулаагүй, гардан аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэж байна. Тайлбартаа маш тодорхой дурдсан байгаа. Томилолт үүсгэсний дагуу Д.Э захирал болон хувьцаа эзэмшигч Б-той холбогдох гэтэл гадаад улс руу явсан, ирэхээр нь холбогдож хэлнэ гэсэн. Утсаар холбогдож бүртгэлтэй и-мэйл хаягт мэдээлэл хүргүүлээд, тэмдэглэгээ хийгээд ирээд холбогдох материалаа өгөөд хяналт шалгалт явагдсан. Удаа дараа ярилцлага хийж тайлбар авч тэмдэглэл үйлдсэн. Илэрсэн зөрчлүүд дээр акт тавигдаж байгааг мэдээгүй, гардаж аваагүй байхад нэхэмжлэл үүсгэсэн гэж байна. Анх томилолт үүсгэснээс эхлээд ямар утгатай хяналт шалгалт явагдаж байгаа ямар агуулгын хүрээнд хэдий хугацаанд хамаарсан гэдэг нь томилолт болон хяналт шалгалтад татан авч байгаа материалуудтай холбоотой байхад сонсоогүй гэдгийг илэрхийлэх боломжгүй гэж үзэж байна. Ийм байдал байхад ийм тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Татварын байцаагч нар утсаар ярьсан тэмдэглэл, явуулсан и-мэйл хаяг, хүргүүлсэн ярилцлагын тэмдэглэлээ хөтөлж явдаг. Сонсох ажиллагаа явуулаагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Ж.Э нарт холбогдуулан ТХШУБ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №НА-20230000...дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас “№НА-20230000...дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, “Х” ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагааг явуулж, явц, сонсох ажиллагааны үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, мэдээлэл бэлтгэж баримтжуулаагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ,

хариуцагчаас “Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна" гэж зааснаар Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг баримтлан хяналт шалгалтыг гүйцэтгэсэн. Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй ................ цахим хаягт татварын хэсэгчилсэн шалгалтанд орох болсон талаар имэйл явуулсан. Компанийн гүйцэтгэх захирал Д.Э-тай хийсэн ярилцлагаар хяналт шалгалттай холбоотой, илэрч буй зөрчлийн талаар мэдээлэл тодруулга авч ярилцлага хийсэн бөгөөд тус ярилцлагад гарын үсэг зураагүй. Мөн хяналт шалгалтын явцад биечлэн 2 удаа ирсэн бөгөөд тус зөрчилтэй холбоотой тайлбарыг тухай бүрт авч байсан” гэж хариуцагчийн татгалзлаа тус тус тайлбарлаж маргав.

2.2. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т “Татварын хяналт шалгалтыг эрсдэлд үндэслэх”, 35 дугаар зүйлийн 35.10-т “Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно” гэж тус тус зааснаар “Х” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдлийн үнэлгээг үндэслэн татварын хяналт шалгалтыг явуулжээ. Иймд Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэж заасныг зөрчөөгүй байна. /Хавтаст хэргийн 63 дахь тал/

2.3. Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж зааснаар хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд татварын хяналт шалгалтыг “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2023100123 дугаартай томилолтын үндсэн дээр хийсэн нь хариуцагч талын тайлбар, 27244 дугаартай ярилцлагын тэмдэглэл, 2023100123 дугаартай томилолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 40-42,56-60 дахь тал/

2.4. Татварын улсын байцаагч нар захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эрсдлийн үндсэн дээр эрх бүхий албан тушаалтны олгосон томилолтын дагуу эхлүүлсэн бөгөөд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар “Журам, маягт батлах тухай” тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг баримтлажээ.

2.5. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна", Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.13-т “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг тусгайлан зохицуулсан байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны нийтлэг журмыг хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй болно.

2.6. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.5-т “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж зааснаар татвар төлөгч “Х” ХХК-д татварын хяналт шалгалт хийх талаар урьдчилан мэдэгдэх ажиллагааг хуульд заасан 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй, ингэснээр мөн хуулийн 41.12.1-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах” гэж заасан татвар төлөгчийн эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацаагаар хангаагүй нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг зохих хэмжээнд хэрэгжүүлээгүй зөрчилд хамаарна.

2.7. Тодруулбал, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2023100123 дугаартай томилолтоор хяналт шалгалтын ажлыг 7 хоногийн дотор гүйцэтгэхээр томилолт баталсан байх бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хяналт шалгалт хийх талаар албаны 7035......... утаснаас лавлахад “удирдлагууд гадаад явсан, Улаанбаатараас маргааш ирнэ” гэсэн мэдээлэл авсан, мөн татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй ..................... цахим хаягт мэдээллийг хүргүүлсэн талаарх баримтуудаас дүгнэхэд хуульд заасан 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй байна. /Хавтаст хэргийн 44-45 дахь тал/

2.8. Энэ нь Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар “Журам, маягт батлах тухай” тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-д заасан хяналт шалгалтын ажлын бэлтгэл шатны ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

2.9. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.13-т “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ” гэж зааснаар Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар “Журам, маягт батлах тухай” тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 4.3.1-т “Хяналт шалгалт хийх талаар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн татвар төлөгчийн бүртгэлтэй утас болон цахим хаягт мэдээлэл хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу мэдэгдсэнд тооцно” гэж заажээ.

2.10. Татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид мэдэгдэх ажиллагааг 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй хэдий ч татварын нэгдсэн удирдлагын системд бүртгэлтэй ................ цахим хаягт мэдээлэл хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй, татвар төлөгч “Х” ХХК нь татвар төлөгчийн харилцах мэдээлэл, шаардлагатай ажилтан, албан хаагчийн харилцах хаягийг Татварын нэгдсэн удирдлагын системд буруу оруулсан, мэдээллийг шинэчлээгүй нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.5-д “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байгаа татвар төлөгчийн мэдээлэл тухайн татвар төлөгчид нээлттэй байх ба мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч хариуцна” гэж заасныг хэрэгжүүлээгүй.

2.11. Татварын улсын байцаагч нар татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй хаягаар татварын хяналт шалгалт хийх талаар мэдэгдэл хүргүүлсэн, тус компанийн удирдлага болох Д.Э-тай утсаар холбогдож татварын хяналт шалгалтын талаар мэдэгдсэн, татварын хяналт шалгалтын талаар ярилцлага хийсэн зэргээс дүгнэхэд татварын хяналт шалгалтын талаар “Х” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтнууд мэдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулсан гэж үзэхээр байна.

2.12. Тодруулбал, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар “Журам, маягт батлах тухай” тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-д заасан татварын хяналт шалгалтын гүйцэтгэх болон дуусгах шатны ажиллагаанд тус компани, түүний удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан байна.

2.13. Иймд “Х” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т “Татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж заасан үүргээ биелүүлэх, татварын зөрчилд холбогдох санхүүгийн баримт, зөрчлийг үгүйсгэх нотолгоог гаргаж өгөх, тайлбар нотолгоо гаргах, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал байсан бол хяналт шалгалын хугацааг сунгуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх зэргээр өөрийгөө сонсгох боломжтой байжээ.

2.14. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Д.Э нь нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо, ярилцлагын тэмдэглэл зэрэг татварын хяналт шалгалтын баримт бичигт гарын үсэг зурахаас татгалзсан нь тухайн компанийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцуулаагүй гэдгийг нотлох үндэслэл болохгүй бөгөөд “Х” ХХК-ийн удирдлагууд татварын албанд биечлэн очиж уулзсан, ярилцлага хийсэн, татварын хяналт шалгалтын ажиллагаанд оролцсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, дээр дурьдсан баримтуудаар нотлогддог.

2.15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн зорилт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохоор хуульчилсан.

2.16. Татварын улсын байцаагч нарын дээрх шийдвэр гаргах ажиллагааны журам буюу татвар төлөгчид татварын хяналт шалгалтын талаар 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх, хяналт шалгалтад бэлтгэх боломжит хугацаагаар хангаагүй зөрчил нь дангаар захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэхээр байна.

2.17. Тодруулбал, уг захиргааны актыг гаргахдаа захиргааны актад тавигдах формаль эрх зүйн шаардлага буюу захиргааны байгууллагаас захиргааны актыг батлан гаргахад зайлшгүй баримтлах ёстой хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн ч тухайн захиргааны актад тавигдах материаллаг эрх зүйн шаардлага болох захиргааны акт нь агуулгын хувьд хуульд үндэслэх зарчимд нийцсэн байх буюу эрх зүйн үндэслэлтэй байх, тодорхой байх, хүчин төгөлдөр эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх зэрэг шаардлагыг хангасан, “Х” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги тооцсон захиргааны акт нь эрх зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

2.18. Татварын хяналт шалгалт хийх томилолтод хяналт шалгалтыг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлүүлэхээр заасан байх бөгөөд хяналт шалгалтад хамрагдах хугацааг “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал” гэж заасан. Нөхөн ногдуулалтын актаар 2018, 2019, 2020 оны зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги тооцсон нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах,... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх...” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна. Тодруулбал, мөн хуулийн 15.3-т “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно: ...” гэж зааснаар  жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн 4 жилийн хугацааг тоолохоор байна.

2.19. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг ...нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, ...болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна”, 79.4.3-т “Татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж тус тус зааснаар татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж, нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар, торгууль, алданги тооцжээ.  

2.20. Татварын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-20230000...дугаартай нөхөн ногдуулалтын актаар 1. ““Х” ХХК нь “Д” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3588866643 падааны дугаартай 16,988,482.00 төгрөгийн, “А” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4050749367 падааны дугаартай 11,574,545.45 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 4052980259 падааны дугаартай 13,113,636.36 төгрөгийн, 4052980276 падааны дугаартай 20,431,818.18 төгрөгийн, 2019 онд “Г” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4062089765 падааны дугаартай 10,859,090.91 төгрөгийн, “Т” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4065929215 падааны дугаартай 5,950,000.00 төгрөгийн, 4065929225 падааны дугаартай 9,029,090.90 төгрөгийн, 4065929241 падааны дугаартай 12,293,636.36 төгрөгийн, “Ү” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4072563433 падааны дугаартай 68,045,545.45 төгрөгийн, 4072563732 падааны дугаартай 73,204,636.36 төгрөгийн, “Т” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4089441862 падааны дугаартай 230,745,455.00 төгрөгийн, 4089441863 падааны дугаартай 174,818,182.00 төгрөгийн бараа, материалыг тус тус худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд оруулан тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх дүнг бууруулсан;

2. Нэмэгдсэн өртгийн албан татвараар 2020 онд 12,727,272.72 төгрөгийн, 2021 онд 28,310,057.30 төгрөгийн худалдан авалтыг үйлчилгээнд зориулан дотоодын мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдээс авч худалдан авалтад оруулан тайлагнаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан” гэх нийт 688,091,449.02 төгрөгийн зөрчилд 68,809,144.9 төгрөгийн нөхөн татвар, 20,642,743.47 төгрөгийн торгууль, 19,005,256.81 төгрөгийн алданги, нийт 108,457,145.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. /Хавтаст хэргийн 6-13 дахь тал/

2.21. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно: 14.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн; 14.1.2.худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн; 14.1.3.албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэхээр өргөдөл гаргасан өдрөөс албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулсан болон бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж заажээ.

2.22. “Х” ХХК нь хуулийн дээрх заалтыг үндэслэн нэр бүхий компаниуд болох “Д” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3588866643 падааны дугаартай 16,988,482.00 төгрөгийн, “А” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4050749367 падааны дугаартай 11,574,545.45 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 4052980259 падааны дугаартай 13,113,636.36 төгрөгийн, 4052980276 падааны дугаартай 20,431,818.18 төгрөгийн, 2019 онд “Г” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4062089765 падааны дугаартай 10,859,090.91 төгрөгийн, “Т” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4065929215 падааны дугаартай 5,950,000.00 төгрөгийн, 4065929225 падааны дугаартай 9,029,090.90 төгрөгийн, 4065929241 падааны дугаартай 12,293,636.36 төгрөгийн, “Ү” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4072563433 падааны дугаартай 68,045,545.45 төгрөгийн, 4072563732 падааны дугаартай 73,204,636.36 төгрөгийн, “Т” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4089441862 падааны дугаартай 230,745,455.00 төгрөгийн, 4089441863 падааны дугаартай 174,818,182.00 төгрөгийн бараа, материалыг тус тус худалдан авсан гэж нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч харьяаллах татварын албанд тайлан гаргасан. /Хавтаст хэргийн 65-148 дахь тал/

2.23. Тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй гэж үзэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэх татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байх бөгөөд Татварын ерөнхий газрын мэдээллээр уг нэр бүхий компаниудын холбогдох дугаар бүхий падаануудыг хий бичилттэй болохыг тогтоожээ. Мөн “Х” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн дээрх нэр бүхий компаниудын хооронд илгээсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, түүнд хамаарах нотлох баримтууд гэж ирүүлсэн баримтуудаас хянан үзэхэд тухайн падаануудад хамаарах аж ахуйн нэгжтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан гэх нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд байхгүй, бодитоор бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан гэдэг нь нотлогдохгүй байна.

2.24. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”  гэж заасан хуулийн зорилтоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаандаа энэ хуулийг нэгэн адил дагаж мөрдөнө. Иймд “Х” ХХК нь хуулийн этгээдийн хувьд энэ хуулийн хүрээнд санхүүгийн тайлан, түүнд холбогдох анхан шатны баримтыг бүрдүүлэх, түүнд үндэслэн нягтлан бодох бүртгэлээ хөтлөх нь зүйн хэрэг юм.

2.25. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “Анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” гэж зааснаар худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь анхан шатны баримтаар давхар нотлогдож байх шаардлагатай.

2.26. Тийм учраас тухайн санхүүгийн жилүүдэд холбогдох баримтыг тухай бүрд нь бүрдүүлж, аж ахуйн нэгжийн орлого, зарлагын гүйлгээг нотлох санхүүгийн анхан шатны баримтыг тухайн хуулийн этгээдийн санхүүгийн тайлан, түүнд холбогдох баримт материалд архивлан хадгалах үүргийг татвар төлөгч өөрөө биелүүлэх, хяналт шалгалтын үед нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг гаргаж ирүүлэх үүрэгтэй.

2.27. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ”, 14.4-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх үндсэн баримт нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байхаас гадна нягтлан бодох бүртгэлийн бусад баримтаар давхар нотлогдсон байх тул баримтаар нотлогдоогүй худалдан авалтад нөхөн татвар ногдуулж, торгууль, алданги тооцсон нь хууль зөрчөөгүй.

2.28. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:...14.1.4.мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, хонь, тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг уг хувиар” гэж зааснаар 2020 онд 12,727,272.72 төгрөгийн, 2021 онд 28,310,057.30 төгрөгийн худалдан авалтыг үйлчилгээнд зориулан дотоодын мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдээс авч худалдан авалтад оруулан тайлагнаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь хууль бус байна.

2.29. “Х” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн үйл ажиллагааны төрлөөс дүгнэхэд тухайн компани нь анхдагч түүхий эдийг худалдан авагч боловсруулах дотоодын үйлдвэрлэгч болох нь тогтоогдохгүй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж татварын хасалт хийсэн болох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй тул тухайн хуулийн зохицуулалтын хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн нь үндэслэлгүй. /Хавтаст хэргийн 5, 23-26, 206-207 дахь тал/

2.30. Тодруулбал, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар “Журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.5-д “...хуулийн 14.1.4-т заасан албан татварын хасалтыг анхан шатны баримт /гарал үүслийн гэрчилгээ, эрхлэх үйл ажиллагааг нотлох баримт/-ыг тус тус үндэслэн тогтооно” гэж зааснаар “Х” ХХК-ийн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар уг хасалтад хамаарахгүй аж ахуйн нэгж болох нь нотлогдож байна.

2.31. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1.4-т заасан анхдагч түүхий эдийг импортоор оруулсан буюу худалдан авч дамжуулан борлуулсан бол төлбөл зохих албан татвараас хасалт хийхгүй.” гэж заасан тул анхдагч түүхий эдийг худалдан авч дамжуулан борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хамаарахгүй.

            2.32. “Х” ХХК-ийн 2018, 2019 оны зөрчилд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хууль, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Зөрчлийн тухай хууль /2017-05-11 өдрийн хуулийн холбогдох заалт 2019-03-22 хүчингүй болсон/-ийн холбогдох зүйл, заалтуудыг;

2020 оны зөрчилд Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй хуулийг сонгон хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй.

2.33. “Х” ХХК-ийн 2018, 2019 онд холбогдох зөрчилд Зөрчлийн тухай хууль /2017-05-11 өдрийн хуулийн холбогдох заалт 2019-03-22 хүчингүй болсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т “Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан,  эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн”, мөн зүйлийн 4-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд ...ногдуулсан татварын төлөөгүй бол татварын нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий хууль /2008-05-20/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаандаа төлөөгүй татварт аданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус зааснаар нөхөн татвар, торгууль, алданги ногдуулахаар;

2020 оны зөрчилд Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно: 73.1.1.татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар”, 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно: 84.1.2.нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэж зааснаар нөхөн татвар, торгууль, алданги тооцсон нь үндэслэлтэй, хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэв. /Хавтаст хэргийн 6-13, 48-49 дэх тал/

2.34. “Х” ХХК нь санхүүгийн анхан шатны баримтгүйгээр төлбөл зохих татвараа бууруулсан, мөн нэмэгдсэн өртгийн албан татвар хасч тооцох үндэслэлгүй анхдагч түүхий эдтэй холбоотой хуулийн зохицуулалтаар хасалт хийж төсөвт төлөх албан татвараа бууруулсан зөрчил дээрх үндэслэлүүдээр тогтоогдсон тул татварыг нөхөн төлүүлэх нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “Татвар зайлшгүй байх” зарчимд нийцнэ.

2.35. Мөн шийтгэл, хариуцлагын арга хэмжээний зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход орших бөгөөд хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.  

2.36. Иймд нэгэнт тогтоогдсон зөрчилд татварыг нөхөн төлүүлэх, торгууль алданги тооцох нь “хууль ёсны”, “гарцаагүй” шаардлага тул дээрх үндэслэлээр татварын улсын байцаагчийн актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.5, 29 дүгээр зүлийн 29.1.1, 32 дугаар зүйлийн 32.2.2, 35 дугаар зүйлийн 35.10, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 41.5, 41.12, 41.13,  42 дугаар зүйлийн 42.1, 73 дугаар зүйлийн 73.1.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, 84 дүгээр зүйлийн 84.1, Татварын ерөнхий хууль /2008-05-20 өдрийн хуулийн 2015-12-04 өдрийн өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хууль /2017-05-11 өдрийн хуулийн холбогдох заалт 2019-03-22 хүчингүй болсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, мөн зүйлийн 4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4, 14.2, 14.3, 14.4, 14.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Ж.Э нарт холбогдуулан гаргасан “ТХШУБ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №НА-20230000...дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.УУГАНЦЭЦЭГ