Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0134

 

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0134

Улаанбаатар хот

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д;

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: ОРА ТХТУБ Ч.Ц, Ж.Э нар

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №НА-2023000****дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 119/ШШ2024/0002 дугаар шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д,

Хариуцагч Ж.Э,

Хариуцагч Ж.Э-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 119/2023/0022/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь ОРА ТХТУБ Ч.Ц, Ж.Э нарт холбогдуулан “Татварын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №НА-2023000****дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0002 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.5, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 32 дугаар зүйлийн 32.2.2, 35 дугаар зүйлийн 35.10, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 41.5, 41.12, 41.13, 42 дугаар зүйлийн 42.1, 73 дугаар зүйлийн 73.1.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, 84 дүгээр зүйлийн 84.1, Татварын ерөнхий хууль /2008-05-20 өдрийн хуулийн 2015-12-04 өдрийн өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хууль /2017-05-11 өдрийн хуулийн холбогдох заалт 2019-03-22 хүчингүй болсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, мөн зүйлийн 4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4, 14.2, 14.3, 14.4, 14.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ОРА ТХТУБ Ч.Ц, Ж.Э нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д-аас давж заалдах гомдолдоо:

3.1. “Х” ХХК-д холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ОРА ТХУБ Ч.Ц, Ж.Э нар нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэх 688,000,000 сая төгрөгийн зөрчилд 68.000,000 нөхөн татвар, 20,642,743 алданги, 19.000,000 алданги нийт 108.457,000, төгрөгийн нөхөн ногдуулалтын тавьсан захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэгч маргаан шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн. Нэхэмжлэгч үндэслэлээ: Бидэнд энэ актын талаар мэдэгдээгүй, бид гадаадад явсан, сонсох ажиллагаанд оролцоогүй, тайлбар мэдүүлэг өгөх боломж олгоогүй, НӨАТ буруулсан зүйл байхгүй гэж маргасан. Шүүх, хэргийг хэлэлцэх явц болон шийдвэртээ, мэдэгдэх сонсгох тайлбар гаргах бололцоогоор хангаагүй байна гэдгийг Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.7-д: “Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.5-д “татварын хяналт шалгалт хийх талаар тавар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж зааснаар “Х” ХХК-д хуульд зааснаар 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй. Ингэснээр мөн хуулийн 41.12.1-д “Эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлоо биечлэн, эсхүл төлөөллөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалттай биечлэн танилцах, байлцах, нотолгоо үндэслэлээ гаргах” гэж заасан татвар төлөгчийн эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацаагаар хангаагүй нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг зохих хэмжээнд хэрэгжүүлээгүй зөрчилд хамаарна.

3.1.1. Тодруулбал, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр томилолтоор хяналт шалгалтыг 7 хоногт багтаан хийхээр төлөвлөн тухайн өдрөө татвар төлөгч рүү утсаар emaileer татвар төлөгч рүү холбогдоход гадаадад байна гэсэн мэдээллийг байцаагч нар авсан нь 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй байна. 8х/х44-45/тал.

Мөн шийдвэрийн 2.8-д “Энэ нь Татварын Ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар “Журам маягт батлах тухай” тогтоолын 1 хавсралтаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-д заасан хяналт шалгалтын ажлын бэлтгэл шатны ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзсэн байгаа нь: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ”, 27.3 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.4 дэх хэсэгт “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.6 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж тус тус заасныг зөрчиж акт тавьсан гэдгийг шүүх хэлэлцүүлэг болон шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан атлаа: Үндэслэх хэсгийн 2.13-д хяналт шалгалтын хугацааг сунгуулах боломжтой байжээ” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болон хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

3.1.2. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд татварын улсын байцаагч Ч.Ц, Ж.Э нарыг №НА-2023000****дугаар “Нөхөн ногдуулалтын акт” гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй “Х” ХХК-д акт гаргах гэж байгаа тухайгаа мэдэгдэх, “Х” ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагааг явуулж, явц, сонсох ажиллагааны үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, мэдээлэл бэлтгэж баримтжуулах ёстой болохыг нь хуульчлан заасан байна. Гэтэл татварын улсын байцаагч Ч.Ц, Ж.Э нарыг №НА-2023000****дугаар “Нөхөн ногдуулалтын акт” гаргахдаа “Х” ХХК-д энэ талаар огт мэдэгдээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй болно. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн мэдэгдэх сонсгох, оролцоог нь хангах бүхий л зарчим процессыг зөрчсөн шийдвэр байсныг шүүх дүгнэж, хэлэлцсэн атлаа зөвхөн Татварын Ерөнхий газраас шалга гэсэн чиглэл ирсэн гэсэн хариуцагчийн тайлбарт үндэслэн шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно. Гэтэл шүүх акт тавих хариуцагчийн үйлдлийг зөрчилтэй гэдгийг дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж гомдож байна. Захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа бүхий л түвшний эрх зүйн хэм хэмжээний актыг, өөрөөр хэлбэл Үндсэн хууль, УИХ-аас баталсан бусад хууль, захиргааны хэм хэмжээний актыг мөрдөх үүрэгтэй байдаг тул тэдгээрт харшилсан захиргааны акт гаргавал хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэж буй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянаж өгнө үү.

3.2. Шүүх 2020 оны 02 дугаар сарын 01-ээс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчилсэн Татварын алданги хүү торгууль тооцохгүй байх тухай “Улсын Их Хурлаас батлан гаргасан хуулийг харгалзан үзээгүй гэж үзэж гомдож буй. Учир нь: Тухайн хуульд Цар тахлын улмаас үүссэн нөхцөлийг харгалзан аж ахуй нэгжүүдээс Татварын алданги хүү торгуулийг тооцохгүй байх зохицуулалттай. Манай актад холбогдох тохиолдол цаг хугацааны хувьд үүнд хамааралтай болно. Үндэслэл нь актыг 2018, 2019, 2020 оны аж ахуйн үйл ажиллагаатай холбогдуулан тавьсан байдаг болно. Нэхэмжлэгчийн хувьд эдийн засаг хүнд байгаа хэдий алданги торгуулиа хасаж тооцуулах өөрөөр хэлбэл актын мөнгөний 50 хувийг хүлээн зөвшөөрөх байр суурийг үргэлж илэрхийлж ирсэн байдгийг мөн харгалзан үзээгүй болно...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.            Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

2.            Нэхэмжлэгч “Х” ХХК нь ОРА ТХТУБ Ч.Ц, Ж.Э нарт холбогдуулан “Татварын хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-2023000****дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.            ОРА ТХТУБ нар нь “Х” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаар нийт 688 091.449,02 төгрөгийн зөрчил илрүүлж, 68,809,144.9 төгрөгийн нөхөн татвар, 20,642,743.47 төгрөгийн торгууль, 19,005,256.81 төгрөгийн алданги, нийт 108,457,145.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь хууль бус болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

 

4.            Дээрх маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч “Х” ХХК-аас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасны дагуу ОРА ТХ-ийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцээд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5.            Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох татварын улсын байцаагчийн утасны тэмдэглэлүүд, Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй “[email protected]” цахим хаягт явуулсан е-мэйл зэрэг баримтуудаар “Х” ХХК-д хяналт шалгалтын талаар болон зөрчлийн талаар мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “...татварын улсын байцаагч нараас акт гаргахдаа огт мэдэгдээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй” гэх гомдол үндэслэлгүй байна. /1-р хх-ийн 40-45 тал/,

 

6.            Нэхэмжлэгч “Х” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвараар;

6.1. -2018 онд “ДБ” ХХК-аас 16,988,482.00 төгрөгийн, “А” ХХК-аас 3 удаа нийт 45,119,999.99 төгрөгийн /11,574,545.45 төг+13,113,636.36 төг+20,431,818.18/

-2019 онд “ГД” ХХК-ийн 10,859,090.91 төгрөгийн, “Т” ХХК-аас 3 удаа нийт 27,272,727.26 төгрөгийн /5,950,000.00 төг+9,029,090.90 төг+12,293,636.36 төг/

“ҮТБ” ХХК-аас 2 удаа нийт 141,250,181.81 төгрөгийн /68,045,545.45 төг+73,204,636.36 төг/

-2020 онд “ТЭУ” ХХК-ийн 2 удаа нийт 405 563 637 төгрөг/230,745,455.00 төг+174,818,182.00 төг/-ийн бараа материалыг тус тус худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа үйлчилгээнд оруулан тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх дүнг бууруулсан зөрчил,

-нэмэгдсэн өртгийн албан татварын 2020 онд 12,727,272 төгрөг, 2021 онд 28,310,057 төгрөгийн худалдан авалтын үйлчилгээнд зориулан дотоодын мал аж ахуй газар тариалан эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдийн худалдан авалтад оруулан тайлагнаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.

 

6.2. Дээрх зөрчлүүдэд нь татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын актаар 68,809,144.09 төгрөгийн нөхөн татвар, 20,642,743.47 төгрөгийн торгууль, 19,005,256.81 төгрөгийн алданги нийт 108,457,145.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоож, төлбөр хариуцуулсан нь үндэслэлтэй байна.

 

7. Актад дурдсан эхний зөрчлийн хувьд: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ”, 14.4-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасантай нийцсэн, санхүүгийн баримтаар нотлогдоогүй гэж үзэж худалдан авалтад нөхөн татвар ногдуулж, торгууль, алданги тооцсон нь үндэслэлтэй.

 

8. Тодруулбал, татвар төлөгч “Х” ХХК нь нэр бүхий хуулийн этгээдүүдээс худалдан авалт хийсэн нь нотлох баримтуудаар нотлогдоогүй, бараа материалуудыг худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа үйлчилгээнд оруулан тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх дүнг бууруулсан байна.

 

9. Актад дурдсан 2 дахь зөрчлийн хувьд: Нэмэгдсэн өртгийн албан татварын 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:”, 14.1.4-т “мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, хонь, тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг уг хувиар” гэж заасантай нийцжээ.

 

10. Тодруулбал, хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үүсгэн байгуулагчийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01 шийдвэрээр батлагдсан “Х” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр тус компани нь 1.гадаад, дотоод худалдаа, /үндсэн үйл ажиллагааны чиглэл/ 2. Барилгын үйлдвэрлэл, 3. Цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээ, 4. Барьцаалан зээлүүлэх үйлчилгээ эрхлэх гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагааны төрөл тусгагдсан байх бөгөөд анхдагч түүхий эдийг худалдан авагч боловсруулах дотоодын үйлдвэрлэгч болох нь тогтоогдохгүй байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй, хамааралтай үйлдвэрлэл эрхэлдэг хуулийн этгээд биш байхад нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийжээ.

 

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Шүүх 2020.02.01-ээс 2020.09.02-ныг хүртэл хугацаанд үйлчилсэн Татварын алданги хүү торгууль тооцохгүй Улсын Их хурлаас батлан гаргасан хуулийг харгалзан үзээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Улсын Их хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж хуульчилжээ.

 

12. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл, албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан, төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хариуцлага тооцох буюу алданги, торгууль ногдуулахаас албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр тусгагдсан байх бөгөөд харин татвараа үнэн зөв тайлагнаагүй зөрчил гаргасан татвар төлөгчид дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй болно.

 

13. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

14. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 119/ШШ2024/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ  

            ШҮҮГЧ                                                                  Т.ЭНХМАА