Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 274

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                Л.Атарцэцэг,

Шүүгчид:                             Г.Банзрагч, 

                                            Д.Мөнхтуяа,

                                            Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                    Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн Ж.Б-өд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 123/ШШ2018/0003 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0198 дугаар магадлал, 

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ж.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Да нар.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Төв  аймаг  дахь  Захиргааны  хэргийн  анхан  шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 123/ШШ2018/0003 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн иргэн Ж.Б-өд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0198 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 123/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Шүүхийн шийдвэрийн хянах хэсэгт дүгнэсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Зуунмод сумын Засаг дарга Ж.Ц нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаар захирамжаараа /иргэн Б нартай холбоотой/ Зуунмод сумын 2015, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй дахин төлөвлөлт хийгдээгүй газар дээр Биеийн тамир, спортын хорооны эзэмшлийн газар дээр Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчин “2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн” гэсэн үндэслэлээр нэр бүхий 9 иргэнд газар эзэмшүүлсэн гэх боловч уг захирамж байхгүй бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаар захирамж нь “Ширээт тормоон тайж” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмшүүлэх тухай агуулгатай захирамж одоо сумын архивт байгаа нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Дээрх 2016 оны 02 дугаар 02-ны өдрийн А/15 тоот захирамжийн хавсралтаар 9 иргэнд газар олгосныг 10 иргэнд болгон өөрчилж, 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/32 тоот захирамж болгон хууль бусаар өөрчилсөн.

4. Мөн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан Зуунмод сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Стадионы урд дахин төлөвлөлт” хийх гэж тусгасан боловч дахин төлөвлөлтийн зураглал хийгдээгүй, иргэдэд эзэмшүүлэхээр заагаагүй газарт 2015 онд хашаа барьж, байшингийн суурийг нь цутган, иргэдтэй гэрээ байгуулан төлбөр тооцож авсны дараа 2016 онд “2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн” хэмээн уг газар дээрээ газар олголт хийж, дараа нь 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн тусгаж оруулан иргэдэд эзэмшүүлсэн. Энэ нь Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг илт зөрчсөн, хууль зөрчсөн үйлдлийнхээ дараа уг үйлдлээ зөвтгөсөн шинжтэй үйлдэл.

5. Зуунмод сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Нацагдорж 5-р багт 0, 1, 2-р гудамжинд “дахин төлөвлөлт” хийхээр тусган оруулсан байна. “Дахин төлөвлөлт”-өөр Нацагдорж 5-р багт баригдсан байгаа 1, 2-р гудамжинд өөрчлөлт оруулан төлөвлөлт, зураглал хийх байтал Зуунмод сумын Засаг дарга Ж.Ц нь “дахин төлөвлөлт” нэрийдлээр Биеийн тамир, спортын хорооны эзэмшлийн газарт давхцуулан огт өөр газарт 0 гудамжийг шинээр үүсгэн иргэдэд газар эзэмшүүлсэн нь хууль бус үйлдэл юм.

6. Төв аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар Биеийн тамир, спортын газрын эзэмшлийн 123952 м.кв газраас 12319 м.кв газрыг “Унагалдайн андууд” цэцэрлэгийн авто зам барихтай холбогдож газраа чөлөөлөх айл өрхөд хашаа байшин барих газар нөхөн олгох жишиг гудамж байгуулах зорилгоор ахуйн зориулалтаар олгосон байна. Дараа нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар Биеийн тамир, спорт хорооны эзэмшлийн 123952  м.кв  газрын  байршилд  тодотгол хийж,  баруун  зүүн  талд  нэмж,  кадастрын зураглалд өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргахдаа газар эзэмшигч Биеийн тамир, спорт хороотой зөвшилцөөгүй нь Газрын тухай хуулийн 43.2 дахь заалтыг зөрчсөн бөгөөд Стадионы баруун талд засмал зам, зүүн талд инженерийн шугам сүлжээ, мөн засмал зам тулж байгаагаас бодит байдал дээр А/244 дүгээр захирамж нь хэрэгжих боломжгүй, Биеийн тамир, спортын газрын эзэмшлийн газрын хэмжээг 123952 м.кв-аар баруун, зүүн тийш өргөсгөх боломжгүй.

7. Иймд Биеийн тамир, спортын газрын эзэмшлийн газрын байршлыг өөрчлөн шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг хянан үзээд аймгийн Засаг даргын 2017 оны А/110 дугаар захирамжаар хүчингүй болгон зөвтгөж, хуучнаар нь шийдвэрлэсэн болно.

8. Маргаан бүхий газрын урд талын эгнээнд Зуунмод сумын Засаг дарга Ж.Ц нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/144 дүгээр захирамжаар иргэн Н.С-д 500 м.кв газрыг, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/210 дугаар захирамжаар С.О, В.С, А.Л нарт тус бүр 500 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн. Учир нь, гудамж төслийн хүрээнд “Унагалдайн андууд” цэцэрлэгийн авто зам барихтай холбогдон газар чөлөөлөлтөд орсон айл өрхүүд болно.

9. Дээрх үндэслэл шалтгааны улмаас Зуунмод сумын Засаг дарга Ж.Ц-ийн хууль зөрчсөн үйлдлүүдийг шалган тогтоосны үндсэн дээр хууль зөрчиж гаргасан 2016 оны а/36 дугаар захирамжийг дээд шатны Засаг даргын хувьд эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны А/110 дугаар захирамж гарган хүчингүй болгон шийдвэрлэсэн. Төв аймгийн Засаг даргын 2017 оны а/110 дугаар захирамж /иргэн Ж.Б-тэй холбоотой хэсэг/ хууль эрх зүйн үндэслэлтэй байхад шүүхээс нотлох баримтыг буруу, дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

10. Иймд иргэн Ж.Б-ийн нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 123/ШШ2018/0003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0198 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...дахин төлөвлөлтийн зураглал хийгээгүй, иргэдэд эзэмшүүлэхээр заагаагүй газарт 2015 онд хашаа барьж, байшингийн суурийг цутган, иргэдтэй гэрээ байгуулан, төлбөр тооцоо авсны дараа 2016 онд газар олголт хийж, мөн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн тусгасан, ...Зуунмод сумын Засаг дарга “дахин төлөвлөлт нэрийдлээр Биеийн тамир спортын хорооны эзэмшлийн газартай давхцуулан иргэдэд огт өөр газарт гудамж үүсгэн газар эзэмшүүлсэн нь хууль бус” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

13. Нэхэмжлэгч Ж.Б нь Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

14. Маргаан бүхий аймгийн Засаг даргын 2017 оны А/110 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг үндэслэн “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр иргэн Ж.Б нарын 10 иргэнд газар эзэмшүүлсэн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

15. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор сумын 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх бөгөөд тус төлөвлөгөөнд сумын Нацагдорж /5-р/ багийн 0,1,2 гудамжинд “гудамж төсөл”-ийн зориулалтаар иргэдэд газар эзэмшүүлэхээр дахин төлөвлөсний дагуу сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар “Жишиг хотхон” байгуулах төслийг дэмжиж, төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, төслийн хүрээнд хашаа, барилгын суурь барьж, 25х20м харьцаатай хашааг 3.500.000 төгрөгөөр, 9.8х10м харьцаатай барилгын суурийг 3.500.000 төгрөгөөр иргэдэд зарж борлуулахаар тогтоожээ. 

16. Мөн Төв аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар ...2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд УАА-н хэсгийн дахин төлөвлөлттэй холбогдуулж ...жишиг гудамж байгуулах зорилгоор ахуйн зориулалтаар иргэдэд 12319 м.кв газар олгохоор тусгасны дагуу ...Биеийн тамир спортын хорооны газрыг 111633 м.кв болгон өөрчлөн эзэмшүүлсэн байх ба үүнийг үндэслэн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор сумын 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөнд маргаан бүхий газар буюу Нацагдорж /5-р/ баг, Стадионы урд хэсэг нь дахин төлөвлөлтөөр тусгагдаж, улмаар сумын Засаг дарга нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар нэр бүхий 10 иргэнд газар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. 

17. Иймд Зуунмод сумын Засаг даргын А/32 дугаар захирамж Газрын тухай хуулийн 21.4.3-д заасан “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан “энэ хуулийн 29.1, ...-т заасан ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэсэнтэй нийцсэн талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

18. Нэхэмжлэгч Ж.Б дээрх, “Жишиг хотхон” байгуулах төсөлд хамрагдан, хамтран ажиллах гэрээ байгуулж, хашаа, барилгын суурийг, үнийг төлж худалдан авч, сумын Засаг даргын 2016 оны А/32 дугаар захирамжаар 5-р баг, А-0-2 тоотын 500 м.кв газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй болсон нь тогтоогджээ.

19. Мөн хариуцагч Төв аймгийн Засаг дарга нь маргаан бүхий газрын урд талын эгнээнд байрлалтай газарт өөр бусад иргэдэд газар эзэмшүүлсэн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны А/144,  А/210 дугаар захирамжууд хүчинтэй байхад, Ж.Б нарын 10 иргэнд газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын А/32 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй байна.

20. Түүнчлэн хариуцагч, гуравдагч этгээд нарын “...хариуцагч нь Биеийн тамир спортын хорооны эзэмшил газартай давхцуулан иргэдэд хууль бусаар газар олгосон” гэж маргасан нь үндэслэлгүй талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

21. Учир нь, Биеийн тамир спортын хороонд анх Төв аймгийн Засаг даргын 2008 оны 311 дүгээр захирамжаар стадионы зориулалтаар 123952 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд дээр дурдсанаар, Төв аймгийн Засаг даргын 2016 оны А/69 дүгээр захирамжаар тус хорооны эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, иргэдэд 12319 м.кв газрыг, тус хороонд 111633 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, гэвч Засаг дарга 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/244 дүгээр захирамж гарган, 2008 оны 311, 2016 оны А/69 дүгээр захирамжуудийг хүчингүй болгож, ...Зуунмод сумын 2015, 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд УАА-н хэсгийг дахин төлөвлөлт хийхээр тусгасныг хэрэгжүүлж ...жишиг гудамж байгуулах зорилгоор ахуйн зориулалтаар иргэдэд газар олгохоор төлөвлөсний дагуу гэж үндэслэн, Зуунмод сумын Нацагдорж /5-р/ багийн нутаг дэвсгэрт Цэнгэлдэх хүрээлэн /стадион/-гийн газрын байршилд тодотгол хийж, урд хэсгийг хасаж, баруун, зүүн талд нэмж кадастрын зураглалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл тухайн байгууллагын анх эзэмшсэн газрын хэмжээг багасгалгүйгээр, газрын байршилд тодотгол хийж 123952 м.кв хэмжээгээр газрыг эзэмшүүлсэн тул газар давхацсан гэж үзэх үндэслэлгүй юм. 

22. Шүүхүүд дээрх үндэслэлүүдийг дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн иргэн Ж.Б-өд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 123/ШШ2018/0003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0198 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                           Б.МӨНХТУЯА