Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 268

 

Х.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/02007 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Дын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЧД нэгдүгээр хэлтэс,

Хариуцагч: ЧПын газар,

Хариуцагч: Ц,

Хариуцагч УПын газар,

Хариуцагч: МБ алба,

Хариуцагч: МГийн газарт тус тус холбогдох,

 

Гэм хорын хохиролд 58 355 180 төгрөг гаргуулах, ЧД нэгдүгээр хэлтэс, Ц, МБ албанд уучлалт гуйхыг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Соронзонболд,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Эрдэнэбат,

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх,

Хариуцагч УПын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Саруул,

Хариуцагч ЧПын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Байгалмаа,

Хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Наранбаатар,

Хариуцагч МБ албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхжаргал,

Хариуцагч МГийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Д нь 2013 онд “Н” ХХК-д холбогдуулан ажлын байр түрээслэх гэрээтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнийг шүүхэд хуурамч нотлох баримт гаргасан гэх үндэслэлгүй гомдлыг “Н” ХХК-аас гаргаж, Х.Дд холбогдуулж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж ЧПын газрын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өдрийн 748 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш 4 сарын дараа Х.Д нь Бразил улсад 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд зохион байгуулагдах Дэлхийн залуу үеийн чуулга уулзалтад оролцох болж Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар, Бээжин-Дубай-Рио Де Жанеро-Дубай-Бээжин чиглэлийн тийзийг 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдөр “Аэрмаркет” ХХК-аас худалдан авсан.

Гэвч Х.Д нь онгоцны буудал дээр очиж хил нэвтрэх гэсэн боловч түүнийг хилээр гаргахыг хориглосон гэж саатуулсан.

Цагдаагийн байгууллагаас 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр МБ газрын үнэлгээ хяналт шалгалтын хэлтэст Х.Дыг хилээр нэвтрэх хориг тавих албан бичиг хүргүүлснээр Улсын МБ газар 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 10/5-3681 тоот албан бичгээр хилийн хориг тавьсан бөгөөд энэ тухай Х.Дд мэдэгдээгүй. Гэтэл цагдаагийн байгууллага энэ үүргээ биелүүлж ажиллаагүйгээс болж энэ гэм хорын асуудал үүссэн гэж үзэж байна.

Х.Дд холбогдох эрүүгийн хэрэг 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн байхад уг хилийн хоригийг цуцлаагүй нь түүний эрхийг ноцтой зөрчсөн.

Х.Дд холбогдуулж тавьсан хилийн хориг нь удаан хугацаанд цуцлагдаагүйгээс дэлхийн томоохон байгууллагын нэр хүндтэй гишүүд, бизнесмен, олон хүмүүсийн дунд түүнийг саатуулж гавлаж, эвгүй байдалд оруулсан. Үүнээс болж түүний нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд болон бизнесийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, тэрээр сэтгэл санаагаар унаж, түүнд сэтгэл санааны гэм хор учирсан.

Цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллага Х.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ таслан сэргийлэх арга хэмжээг цуцалсан байсан бол тэрээр онгоцны буудал дээр олон хүмүүсийн дунд эвгүй байдалд орж гавлуулж, түүнд сэтгэл санааны хохирол үүсэхгүй байсан.

Хуулийн байгууллагын мөрдөгч, прокурорын буруутай, хариуцлагагүй ажиллагаанаас болж иргэн хүн хохирсон ба уг асуудал дээр ердийн 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Х.Д нь энэ хугацаанд өөрт учирсан гэм хорын хохирол болох онгоцны тийзийн мөнгө болон зочид буудлын мөнгөө буцааж авах талаар байнга шаардаж “Аэрмаркет” ХХК болон уг зочид буудлын захиалга, төлбөрийг хариуцсан хүнд удаа дараа хүсэлт, гомдлоо гаргаж байсан. Х.Д 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр худалдан авсан тийзээ буцаах хүсэлт гаргаж Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн тийзийг буцаалт хийж Бээжин-Дубай-Рио Де Жанеро-Дубай-Бээжин чиглэлийн тийз нь хатуу нөхцөлтэй учир төлбөр 4 086 300 төгрөгийг буцаах боломжгүй гэсэн хариулт авсан бөгөөд мөн “Бенидорм палас” зочид буудалд өрөө захиалсан зардал 1 617 ам.доллар буюу монгол мөнгөөр 4 268 880 төгрөг, нийт 8 355 180 төгрөгийн бодит хохирол түүнд учирсан.

Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасны гэм хор, сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөгийг

сэтгэл санааны хохирлын 25 000 000 төгрөгийг эд хөрөнгийн хохирол 8 355 180 төгрөгийн хамт Засгийн газраас, сэтгэл санааны хохиролд Ц, Улсын МБ алба, ЧД нэгдүгээр хэлтэс, ЧПын газар, УПын газар тус бүрээс 5 000 000 төгрөг гаргуулж, хариуцагч Ц, Улсын МБ алба, ЧД нэгдүгээр хэлтэс нарыг иргэн Х.Даас уучлал гуйлгахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЧД нэгдүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Дд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэргийг прокурорт шилжүүлсэн, 2013 оны 07 сарын 15-ны өдөр прокурорын 748 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. ЧПын газраас хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Х.Дд авсан хилийн хоригийг цуцлах ёстой байсан, учир нь хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хавтаст хэргийг архивт шилжүүлдэг.

Өөрөөр хэлбэл, ЧД хэлтсийн ажиллагаа хэргийг прокурорт шилжүүлснээр дуусдаг, хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар манайх мэдээлэх боломжгүй, буруу байхгүй.

Нэхэмжлэгч гэх Х.Д нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаадлагатай холбоотой ямар ч баримт хавсаргаж ирүүлээгүй, өөрөөр хэлбэл үндэслэлээ дэмжээгүй гэж харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЧПын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн МБ тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар Х.Дд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан эрүүгийн хэргийг тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа хянаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингэж шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр авсан батлан даалтад өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэг шалгагдаж байх явцад тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр МБ газрын үнэлгээ хяналт шалгалтын хэлтэст Х.Дыг хилээр нэвтрэх хориг тавихыг уламжлуулах тухай 14ө/3-1446 тоот албан бичгийг хүргүүлснээр Улсын МБ газрын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10/5-3681 тоотоор хилийн хориг тавигдсан байна.

Хилийн хориг тавих болон цуцлахтай холбоотой асуудлын тухайд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд прокурорын байгууллагаас ямар нэгэн шийдвэр, эрх зүйн акт гардаггүй, энэ талаар зохицуулсан журам байгаагүй бөгөөд уг асуудал 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын дарга, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, УПын дэргэдэх МБ албаны дарга нарын хамтарсан тушаалаар Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрэхэд саатуулж шийдвэрлэх журам-аар 2015 оныг хүртэл зохицуулж ирсэн.

Уг журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагад хамтран дагаж мөрдөхөөр зохицуулсан бөгөөд эрх бүхий байгууллагад прокурорын байгууллага орохгүй байна.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичгийг үндэслэн Улсын МБ газраас хилийн хориг тавих тоотыг Хил хамгаалах ерөнхий газар хүргүүлсэн бөгөөд тухайн сэжигтэн яллагдагчид холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллага нь тухайн журамд зааснаар холбогдох газарт хүргүүлж ажиллах үүргээ биелүүлж ажиллах ёстой.

2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Ц, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаал болон Монгол УПын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Журам батлах тухай тушаалаар Прокурор хилийн хориг тавих, цуцлах журам-ыг баталснаар прокурор уг асуудалд хэрхэн оролцох талаар тусгайлан зааж зохицуулж эхэлсэн.

Хилийн хориг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ биш бөгөөд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Х.Дд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хяналтын прокурор хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцалж шийдвэрлэсэн.

Иймд Х.Дын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ЧПын газрыг хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Х.Дд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бөгөөд ЧПын газрын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэж заасан бөгөөд үүнээс үзэхэд Х.Дын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас алдар нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны ямар хохирол учирсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд нэхэмжилж буй 50 000 000 төгрөгийг ямар баримтад үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна.

Цагдаагийн байгууллагаас Х.Дын холбогдсон хэргийн талаар ямар нэг мэдээ мэдээлэл тарааж, мэдээлээгүй. Цагдаагийн байгууллага болон манай алба хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас Х.Дын нэр төр, ажил хэргийн нэр хүнд унасан талаар шүүхийн болон прокурорын байгууллагын шийдвэр байхгүй. Иймд нэхэмжлэгч Х.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч УПын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Дд холбогдуулан 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эрүүгийн хэргийг ЧПын газрын хяналтын прокурор 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан бөгөөд мөн тогтоолоор 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Х.Дд авсан батлан даалтад өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд хилийн хориг тавих асуудал хамаардаггүй байсан. Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2/8093 дугаартай албан бичигт Улсын МБ газрын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10/5-3681 тоот албан бичгийг үндэслэн Х.Дыг хилээр үл нэвтрүүлэн, саатуулах иргэдийн жагсаалтанд бүртгэсэн бөгөөд хил дээр саатуулж эрх бүхий байгууллагад нотломжоор хүлээлгэн өгснөөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр саатуулах иргэдийн нэрсийн жагсаалтаас хассан.

Ийнхүү эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээдэд холбогдуулан хилийн хориг тавих, цуцлах асуудлыг Цагдаагийн байгууллага нь бие даан шийдвэрлэж байсан бөгөөд тус шийдвэрийн хянах, цуцлах эрх хэмжээ прокурорт байгаагүй. Мөн нэхэмжилж буй 5 000 000 төгрөгийн хохирлоо нотолсон баримтгүй.

Иймд иргэн Х.Дын нэхэмжлэлийг УПын газар хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч МБ албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэлд дурдсан баримт дахь огноо зэргээр Дашжаргал нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хилээр гарах үедээ саатуулагдсан болох нь тогтоогдсон ба уг асуудлаас хойш 5 жил 7 сарын хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд Х.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МГийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Дын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй гэм хор учруулснаас үүссэн гэх хохирол нь 6 жилийн өмнө болсон үйл явдал байх бөгөөд уг асуудлаас хойш 2019 оны 03 сард нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхээр байна.

Иймд Х.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Дын ЧД нэгдүгээр хэлтэс, ЧПын газар, Ц, УПын газар, МБ алба, МГийн газар нарт холбогдуулан гаргасан эд хөрөнгийн хохиролд 8 355 180 төгрөг, нэр төр ажил хэргийн нэр хүндийг унагаасны гэм хор, сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг, нийт 58 355 180 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Ц, Улсын МБ газар, ЧД нэгдүгээр хэлтэс нарыг иргэн Х.Даас уучлал гуйлгахыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 556 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай Эрүүгийн байцаан шийтгэх болоц Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 45 дугаар тогтоолын 20 дахь хэсэгт “Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлын талаар иргэн нь ИХШХШТХ-ийн 15 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу, мен хуулийн 62 дугаар зүйлд заасан бурдүүлбэрийг хангасан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 386.3, 396.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд гаргана.” гэж заасан

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3-д “Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол, яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана.” гэж заасан ба энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жил гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг буруу, хуулийг буруу тайлбарлан дүгнэж алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь хууль зөрчиж прокурор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр Х.Дд таслан сэргийлэх арга хэмжээ авч хилийн хориг тавьсан бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэг нь прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон байхад уг хилийн хоригоо цуцлуулах тухай прокурорт болон Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдээгүй, мөн Үндсэн хуульд заасан иргэний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Нэгэнт эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон бол таслан сэргийлэх арга хэмжээ мөн дуусгавар болсон байх ёстой байсан.

Тухайн үед Хилийн хориг тавих болон цуцлахтай холбоотой асуудлыг 2009 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Авилгатай тэмцэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, УПын дэргэдэх МБ албаны дарга нарын хамтарсан тушаалаар “Зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрэхэд саатуулж шийдвэрлэх журам”-аар зохицуулж ирсэн.

Уг журмын 2.1, 2.4, 3.5, 3.6-д эрх бүхий байгууллага нь зорчигчийг саатуулах жагсаалтаас хасах тухай асуудлыг Хил хамгаалах Ерөнхий газарт албан бичгээр мэдэгдэж байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Х.Дд надад хилийн хориг тавих тухай албан бичгийг үндэслэн Улсын МБ газраас хилийн хориг тавих тоотыг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлсэн бөгөөд тухайн сэжигтэн, яллагдагчид холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн, хилийн хоригийг тавих, цуцлах талаарх мэдээ, мэдээллийг тус Цагдаагийн байгууллага нь тухайн журамд зааснаар холбогдох газарт хүргүүлж цуцлуулах ёстой байсан. Гэтэл Цагдаагийн байгууллага энэ үүргээ биелүүлж ажиллаагүйгээс болж энэ гэм хорын асуудал үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 355 180 төгрөгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.Д нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, ЧПын газар, Ц, УПын газар, МБ алба, МГийн газарт тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 58 355 180 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу болжээ.

 

Учир нь Х.Дд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол гарснаас хойш тэрээр Эрүүгийн байцаан шийтгэх тухай /2002 он/ хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан хохирлоо шаардахдаа мөн хуулийн 396 дугаар зүйлийн 396.3 дахь хэсэгт зааснаар тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Х.Дд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, түүнд Монгол Улсын хилээр нэвтрэх хориг тавихыг Хил хамгаалах ерөнхий газарт уламжлах тухай 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14ө/3-1446 тоот албан бичгийг МБ газрын үнэлгээ хяналт шалгалтын хэлтэст хүргүүлсэн.

 

Х.Дыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Буянт ухаа нисэх онгоцны буудлаар хил нэвтрэх үед саатуулсан нь мөн өдрийн 162 тоот “Хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн иргэнийг хүлээлгэн өгсөн тухай” нотломжоор тогтоогдсон.

 

Уг нотломжид “Хил хамгаалах ерөнхий газар нь Улсын МБ газрын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10/5-3681 тоот албан бичгийн дагуу Х.Дыг улсын хил нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн” гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

ЧПын газрын прокурорын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 748 тоот тогтоолоор Х.Дд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүнд 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр авсан бусдын хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон боловч түүний хилээр нэвтрэх эрхэд тавигдсан хоригийг цуцлаагүй байна.

 

Цагдаагийн байгууллага нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргасан эрх бүхий этгээд эрх хэмжээнийхээ хүрээнд уг арга хэмжээг цуцлах байсан гэж, прокурорын байгууллага нь хилээр нэвтрэх хориг тавих ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээнд хамаарахгүй тул цагдаагийн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд авсан арга хэмжээгээ цуцлах байсан гэж тус тус тайлбарлажээ.

 

Авилгатай тэмцэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, УПын дэргэдэх МБ албаны дарга нарын хамтарсан 2009 оны 11 дүгээр сарын   02-ны өдрийн 133/499/535/07/44 дугаартай тушаалаар баталсан “Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрэхэд саатуулж шийдвэрлэх журам”-ын 1.2-т Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг улсын хилээр үл нэвтрүүлж арга хэмжээ авахдаа журмын 2.1, 2.1.1-д заасан эрх бүхий байгууллага нь Улсын хил дээр саатуулах үндэслэл бүхий сэжигтэн, яллагдагчаар татагдаж таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдийн талаарх мэдээ, мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газарт албан бичгээр хүргүүлэхээр заасан байна.

 

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд Х.Дд авсан хилээр нэвтрэхийг хориглох арга хэмжээг эрх бүхий байгууллага нь дээрх журмын 3.5-д зааснаар иргэнийг саатуулах жагсаалтаас хасах тухай мэдээллийг хил хамгаалах ерөнхий газарт албан бичгээр хүргүүлэх байжээ. Цагдаагийн байгууллага нь журмын 3.4-т улсын хилээр үл нэвтрүүлэх зорчигчийн талаарх мэдээ, мэдээллийг сар бүрийн эхний 5 хоногт багтаан Хилийн шалган нэвтрүүлэх хэлтэстэй хамтран тодотгож, бичгээр тэмдэглэл үйлдэнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй байна. Уг ажиллагааг хийсэн бол Х.Дын хилээр нэвтрэх эрх 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр сэргээгдэх боломжтой байжээ.

 

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэнэ гэж, 6.3 дахь хэсэгт цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж нь хариуцсан чиг үүргийн хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаагаа цагдаагийн төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана гэж тус тус зааснаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үйл ажиллагаа болон дээрх журмын хэрэгжилтэд Ц хяналт тавих үүрэгтэй байна.

 

Түүнээс гадна мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар төсвийг захиран зарцуулах эрх хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас Х.Дын эд хөрөнгөд учруулсан гэх хорын хохирлыг арилгуулах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн журмын 3 дахь хэсэгт зааснаар энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг УПын дэргэдэх МБ албад хамаарч байна.

 

Хэргийн 14 дүгээр талд авагдсан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14ө/3-1446 тоот албан бичигт Нийслэлийн прокурорын газар эрүүгийн хэргийн салбар архивын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байгаагаас дүгнэвэл Х.Дд холбогдох эрүүгийн хэргийн материалд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 14ө/3-1446 тоот албан бичиг баримтаар авагдсан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 он/ -ийн таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд зорчигчийг улсын хилээр нэвтрэхэд саатуулах арга хэмжээ хамаарахгүй боловч мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавина...” гэж, мөн Прокурорын тухай хуулийн /2002 он/ 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-д “УП прокурорын байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, удирдах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

ЧПын газар нь Х.Дд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүнд хил нэвтрэх хориг тавигдсан эсэх, уг хориг цуцлагдсан эсэхэд хяналт тавих байсан бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүйгээс Х.Д хил дээр үндэслэлгүйгээр саатуулагдсан байна

 

УП нь Прокурорын тухай хуульд зааснаар ЧПын үйл ажиллагаа болон прокурорын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй, уг үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Ц болон УПын газраас Х.Дд учирсан эд хөрөнгийн хохирлыг арилгах үүрэгтэй гэж дүгнэв.

 

Х.Д нь Бээжин-Дубай-Рио Де Жанеро-Дубай-Бээжин чиглэлийн тийзийг 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдөр “Аэрмаркет” ХХК-аас худалдан авсан, тийзийг буцаалт хийлгэж чадаагүй болох нь тогтоогдсон тул уг тийзийн төлбөрт төлсөн 4 086 300 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцох бөгөөд хариуцагч Ц болон хариуцагч УПын газраас тус бүр 2 043 150 төгрөгөөр тооцон гаргуулж Х.Дд олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Харин Бенидорм палас зочид буудалд өрөө захиалсан зардал гэх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна. Учир нь уг баримтаар захиалагчийг Х.Д, Д.Оюунтуяа гэж тодорхойлсноос гадна уг мөнгөн төлбөр хийгдсэн гэдэг нь тогтоогдохгүй байх тул 1 617 ам.доллар буюу 4 268 880 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх МБ алба болон МГийн газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Х.Д нь эдийн бус хохирол, гаргуулах болон зарим хариуцагчид холбогдох уучлалт гуйлгахыг даалгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэсэн талаар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэж энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/02007 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн ерөнхий газраас 2 043 150 төгрөг, УПын газраас 2 043 150 төгрөгийг тус тус гаргуулж Х.Дд олгож, ЧД нэгдүгээр хэлтэс, ЧПын газар, МБ алба, МГийн газарт тус тус холбогдох эдийн болон эдийн бус гэм хорын хохирол гаргуулах, уйчлалт гуйхыг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтыг “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, Цагдаагийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 47 640 төгрөгийг, УПын газраас улсын тэмдэгтийн хураамжид 47 640 төгрөгийг тус тус гаргуулж Х.Дд олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.МӨНХЗУЛ

                                                       

                              ШҮҮГЧИД                                        Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА