Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2019/02007

 

                                             

 

 

 

 

 

 

 

                                     2019         11          15

            182/ШШ2019/02007

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч И.Амартөгс, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Д

Хариуцагч: ЧДЦНХ,

ЧДПГ, ЦЕГ, УЕПГ, МБА, МУЗГ,

 

эд хөрөнгийн хохирол 8.355.180 төгрөг, нэр төр ажил хэргийн нэр хүндийг унагаасны гэм хор, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг, нийт 58.355.180 төгрөгийг гаргуулах, хариуцагч ЦЕГ, Улсын МБА, ЧДЦНХ нарыг иргэн Х.Даас уучлал гуйлгахыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд, Г.Бат-Отгон, хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, хариуцагч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунгэрэл, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, хариуцагч Улсын ерөнхий прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруул, хариуцагч МБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхжаргал, хариуцагч Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

                                

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х.Д нь 2013 онд “Мандухай” ХХК-д холбогдуулан ажлын байр түрээслэх гэрээтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнийг шүүхэд хуурамч нотлох баримт гаргасан хэмээн үндэслэлгүй гомдлыг “Мандухай” ХХК-аас гаргаж, Х.Дд холбогдуулж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 201301050688 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өдрийн 748 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш 4 сарын дараа Х.Д нь Бразил улсад 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулагдах Дэлхийн залуу үеийн чуулга уулзалтад оролцох болж тус чуулга уулзалтанд оролцохоор Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн тийз болон Бээжин-Дубай-Рио Де Жанеро-Дубай-Бээжин чиглэлийн тийзийг 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдөр “Аэрмаркет” ХХК-аас худалдан авсан байдаг. Х.Д нь гадаад явахаар онгоцны буудал дээр очиж хил нэвтрэх гэсэн боловч түүнийг хилээр гаргахыг хориглосон гэж саатуулсан бөгөөд тэрээр төлөвлөсөн арга хэмжээндээ явж чадаагүй болно. Учрыг тодруулан асууж үзэхэд дээрх хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэрэгтэй холбогдуулж хилийн хориг тавьсан нь цуцлагдаагүй байсан.

Иргэн Х.Д 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр худалдан авсан тийзээ буцаах хүсэлт гаргаж Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн тийзийг буцаалт хийн Бээжин-Дубай-Рио Де Жанеро-Дубай-Бээжин чиглэлийн тийзийг буцаалт хийх гэсэн боловч боломжгүй болсон. Уг тийз нь хатуу нөхцөлтэй тийз учир төлбөр болох 4.086.300 төгрөгийг буцааж гаргуулах боломжгүй гэсэн хариулт авсан бөгөөд мөн “Бенидорм палас” зочид буудалд өрөө захиалсан зардал болох 1.617 ам.доллар буюу монгол мөнгөөр 4.268.880 төгрөг, нийт 8.355.180 төгрөгийн бодит хохирол түүнд учирсан. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14ө/3-1441 дугаартай албан бичгээр иргэн Х.Дд холбогдуулж Монгол улсын хилээр нэвтрэх хориг тавихыг Хил Хамгаалах Ерөнхий газарт хандаж гаргаж байсан байдаг. Гэтэл иргэн Х.Дд холбогдуулж гаргасан 201301050688 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 748 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн байхад уг хилийн хоригийг дээрхи шийдвэрийн дагуу цуцлаагүй нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иргэн Х.Д ингэж хохирч байгаа талаар удаа дараа хөөцөлдөж, уулзсан боловч үр дүнд хүрэхгүй, тухайн цагдаагийн албан хаагч нь өөр газарт шилжин ажиллаж, эцэстээ хариуцах, мэдэх хүнгүй болж, эцэстээ Х.Д нь хохирч байгаа тул шүүхэд хандсан болно.

Х.Д нь Дэлхийн хэмжээний JCI байгууллагын Монгол дахь салбар байгууллагын гишүүн бөгөөд тус байгууллага нь дэлхийн хэмжээний 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 200.000 гаруй идэвхтэй гишүүд, 1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн залуу удирдагчид, бизнесмэн ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон байгууллага юм. Х.Дд холбогдуулж тавьсан хилийн хориг нь удаан хугацаанд цуцлагдаагүй, дэлхийн томоохон байгууллагын нэр хүндтэй гишүүд, бизнесмэн, олон хүмүүсийн дунд түүнийг саатуулж гавлаж, эвгүй байдалд оруулсан. Үүнээс болж түүний нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд болон бизнесийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, тэрээр сэтгэл санаагаар унаж, сэтгэл санааны гэм хор учирсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасан. Хэрэв Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллага нь тухайн үед Х.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээгээ мөн цуцалсан байсан бол тэрээр онгоцны буудал дээр олон хүмүүсийн дунд эвгүй байдалд орж гавлуулж, түүнд сэтгэл санааны хохирол үүсэхгүй байх байсан. Иймд дээрх хуульд зааснаар нэр төр, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иргэн Х.Дын хэрэг шалгагдаж байх явцад тус цагдаагийн хэлтсээс 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Мөрдөн байцаах газрын үнэлгээ хяналт шалгалтын хэлтэст иргэн Х.Дыг Монгол улсын хилээх нэвтрэх хориг тавихыг уламжлуулах тухай 14ө/3-1446 дугаартай албан бичиг хүргүүлснээр Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10/5-3681 тоотоор хилийн хориг тавигдсан байдаг бөгөөд энэ тухай иргэн Х.Дд мэдэгдээгүй юм.

Тухайн үед хилийн хориг тавих болон цуцлахтай хобоотой асуудлыг 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Авилгатай тэмцэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх МБАны дарга нарын хамтарсан 133/499/535/07/44 дугаартай тушаалаар “Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрэхэд саатуулж шийдвэрлэх журам”-аар зохицуулж ирсэн байна. Уг журмын 2.1 дүгээр зүйл 2.1.1 дэх хэсэгт “эрх бүхий байгууллага нь сэжигтэн яллагдагчаар татагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг улсын хил дээр саатуулах тохиолдолд Хил хамгаалах ерөнхий газарт албан бичиг хүргүүлэх бөгөөд мөн журмын 2.4, 3.5, 3.6 дугаар зүйлүүдэд эрх бүхий байгууллага нь зорчигчийг саатуулах жагсаалтаас хасах тухай асуудлыг Хил хамгаалах ерөнхий газарт албан бичгээр мэдэгдэж байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Х.Дд хилийн хориг тавих тухай албан бичгийг үндэслэн Улсын мөрдөн байцаах газраас хилийн хориг тавих тоотыг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсэн бөгөөд тухайн сэжигтэн, яллагдагчид холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн, хилийн хоригийг тавих, цуцлах талаарх мэдээ, мэдээллийг тус цагдаагийн байгууллага нь тухайн журамд зааснаар холбогдох газар хүргүүлж цуцлуулах ёстой байсан. Гэтэл цагдаагийн байгууллага энэ үүргээ биелүүлж ажиллаагүйгээс болж энэ гэм хорын асуудал үүссэн гэж үзэж байна.

Хуулийн байгууллагын мөрдөгч, прокурорын буруутай, хариуцлагагүй ажиллагаанаас болж иргэн хүн хохирсон ба уг асуудал дээр ердийн 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж үзэж байна.

Иргэн Х.Д нь энэ хугацаанд өөрт учирсан гэм хорын хохирол болох онгоцны тийзний мөнгө болон зочид буудлын мөнгөө буцааж авах талаар байнга шаардаж “Аэрмаркет” болон уг зочид буудлын захиалга, төлбөрийг хариуцсан хүнд удаа дараа хүсэлт, гомдлоо гаргаж байсан бөгөөд “Аэрмаркет” ХХК-аас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А1231/01 тоотоор, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0102/01тоотоор Х.Дын мөнгийг буцааж өгөх боломжгүй талаар албан ёсоор мэдэгдсэн. Уг татгалзсан хариуг аваад нэгэнт тус байгууллага онгоцны тийзний мөнгийг буцааж өгөхгүй болохыг мэдэж, уг гэм хорын асуудал нь анхнаасаа Цагдаагийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тул холбогдох байгууллагуудад холбогдуулж 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Иргэн Х.Дд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэргийг прокурорт шилжүүлж, 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр прокурорын 748 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

ЭХХШтХ-ийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно”, 2.21-т “мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих”, 2.23-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгч хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьчилан сэргийлэх арга хэмжээ авах” гэж заасан бөгөөд прокурор нь тухайн үед хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Х.Дд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, хилийн хоригийг цуцалсан эсэхэд хяналт тавьж хүчингүй болгох ёстой байсан. Өөрөөр хэлбэл прокурорын байгууллага нь мөрдөн шалгах үйл ажиллагаанд хяналт тавих хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй бөгөөд үүний улмаас Х.Д хохирсон. Иймд прокурорын байгууллагыг иргэний хариуцлагад татах үндэслэлтэй юм. Цагдаагийн албаны тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4-т “хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр зөрчсөн бол цагдаагийн байгууллага уучлал гуйх бөгөөд зөрчигдсөн эрхийн сэргээж, учирсан хохирлыг төр хариуцан арилгана. Хохирол барагдуулахад гаргасан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Эд хөрөнгийн хохиролд 8.355.180 төгрөг, нэр төр ажил хэргийн нэр хүндийг унагаасны гэм хор, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг, нийт 58.355.180 төгрөгийг нэхэмжилж байгаа ба сэтгэл санааны хохирлын 25.000.000 төгрөгийг эд хөрөнгийн хохирол 8.355.180 төгрөгийн хамт Засгийн газраас, сэтгэл санааны хохиролд ЦЕГ, Улсын МБА, ЧДЦНХ, ЧДПГ, УЕПГ тус бүрээс 5.000.000 төгрөг гаргуулж, хариуцагч ЦЕГ, Улсын МБА, ЧДЦНХ нарыг иргэн Х.Даас уучлал гуйлгахыг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Дд холбогдох эрүүгийн 201301050688 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэргийг прокурорт шилжүүлсэн, 2013 оны 07 сарын 15-ны өдөр прокурорын 748 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Х.Дд авсан хилийн хоригийг цуцлах ёстой байсан, учир нь хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хавтаст хэргийг архивт шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн ажиллагаа хэргийг прокурорт шилжүүлснээр дуусдаг, хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар манайх мэдээлэх боломжгүй, буруу байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг нь нэхэмжлэгчид байдаг. Нэхэмжлэгч гэх Х.Д нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаадлагатайгаа холбоотой ямар ч баримт хавсаргаж ирүүлээгүй, өөрөөр хэлбэл үндэслэлээ дэмжээгүй гэж харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ЧДПГ шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар Х.Дд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан эрүүгийн 201301050688 дугаартай хэргийг тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа хянаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр авсан батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хэрэг шалгагдаж байх явцад тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Мөрдөн байцаах газрын үнэлгээ хяналт шалгалтын хэлтэст иргэн Х.Дыг Монгол улсын хилээр нэвтрэх хориг тавихыг уламжлуулах тухай 14ө/3-1446 дугаартай албан бичгийг хүргүүлснээр Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10/5-3681 тоотоор хилийн хориг тавигдсан байна.

Хилийн хориг тавих болон цуцлахтай холбоотой асуудлын тухайд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд прокурорын байгууллагаас ямар нэгэн шийдвэр, эрх зүйн акт гардаггүй, энэ талаар зохицуулсан журам байгаагүй бөгөөд уг асуудлын талаар 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын дарга, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх МБАны дарга нарын хамтарсан 133/499/535/07/44 дугаартай тушаалаар “Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрэхэд саатуулж шийдвэрлэх журам”-аар 2015 оныг хүртэл зохицуулж ирсэн. Уг журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагад хамтран дагаж мөрдөхөөр зохицуулсан бөгөөд эрх бүхий байгууллагад прокурорын байгууллага орохгүй байна. Журмын 2.1 дүгээр зүйл болон 2.1.1 дэх хэсэгт эрх бүхий байгууллага нь сэжигтэн яллагдагчаар татагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болон эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг улсын хил дээр саатуулах тохиолдолд Хил хамгаалах Ерөнхий газарт албан бичиг хүргүүлэх бөгөөд журмын 2.4, 3.5, 3.6 дугаар зүйлүүдэд эрх бүхий байгууллага нь зорчигчийг саатуулах жагсаалтаас хасах тухай асуудлыг Хил хамгаалах ерөнхий газарт албан бичгээр мэдэгдэж байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан бичгийг үндэслэн Улсын мөрдөн байцаах газраас хилийн хориг тавих тоотыг Хил хамгаалах Ерөнхий газар хүргүүлсэн бөгөөд тухайн сэжигтэн яллагдагчид холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн талаарх мэдээ, мэдээллийг Цагдаагийн байгууллага нь тухайн журамд зааснаар холбогдох газарт хүргүүлж ажиллах үүргээ биелүүлж ажиллах ёстой.

2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга нарын хамтарсан А/41, А/60, А/51, А/227 тушаал болон Монгол улсын ерөнхий прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Журам батлах тухай” тушаалаар “Прокурор хилийн хориг тавих, цуцлах журам”-ыг баталснаар прокурор уг асуудалд хэрхэн оролцох талаар тусгайлан зааж зохицуулж эхэлсэн байдаг.

Хилийн хориг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ биш бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.2 дахь хэсэгт прокурор хэргийг хэрэгсэхгүй болгохдоо таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Х.Дд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хяналтын прокурор хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцалж шийдвэрлэсэн байна.

Иймд иргэн Х.Дын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газрыг хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ЦЕГ шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Х.Дд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Х.Дын нэхэмжлэлээс үзэхэд тэрээр 2013 оны 11 дүгээр сард Монгол улсын хилээр гадагш гарах боломжгүй талаараа мэдэж, эд хөрөнгийн хохирол хүлээсэн талаар дурджээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэж заасан бөгөөд үүнээс үзэхэд Х.Дын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас алдар нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны ямар хохирол учирсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд нэхэмжилж буй 50.000.000 төгрөгийг ямар баримтад үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна. Түүнчлэн иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ. Иймд Х.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Х.Даас уучлал гуйлгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 21.3 дахь хэсэгт “Бодит байдлыг бүрэн гүйцэт мэдээлээгүйгээс бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж тус тус зохицуулжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээ тараасан бол няцаах үүрэг хүлээхээр тодорхой заасан. Цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч Х.Дын холбогдсэн хэргийн талаар ямар нэг мэдээ мэдээлэл тарааж, мэдээлээгүй болно. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Цагдаагийн байгууллага, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж иргэн, албан тушаалтан үзвэл дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж болон прокурор, шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан. Цагдаагийн байгууллагад манай алба хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас Х.Дын нэр төр, ажил хэргийн нэр хүнд унасан талаар шүүхийн болон прокурорын байгууллагын шийдвэр байхгүй. Иймд нэхэмжлэгч Х.Дын уучлал гуйлгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч УЕПГ шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Дд холбогдуулан 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан 201301050688 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа хянаад 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан бөгөөд мөн тогтоолоор 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Х.Дд авсан батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд “хилийн хориг тавих” асуудал хамаардаггүй байсан. Тухайн үед хилийн хориг тавих асуудлыг зохицуулж байсан 2009 оны 11 дүгээр сарын 02-ны Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх МБАны дарга нарын хамтарсан 133/499/535/07/44 дугаартай тушаалаар баталсан “Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрэхэд саатуулж шийдвэрлэх журам”-ын 1.2 дугаар зүйлд “Хил хамгаалах байгууллага нь … эрх бүхий байгууллагаас ирүүлсэн мэдээ, мэдээллийн дагуу Монгол улсын иргэн, харьяалалгүй хүнийг улсын хилээр үл нэвтрүүлэх арга хэмжээ авна” гэж 2.1 дүгээр зүйлд “Эрх бүхий байгууллага нь улсын хил дээр саатуулах дараах үндэслэл бүхий зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээ, мэдээллийг шаардлагатай тохиолдолд Хил хамгаалах ерөнхий газарт албан бичгээр хүргүүлнэ” гэж 3.5-д “Эрх бүхий байгууллага саатуулах жагсаалтаас хасах тухай мэдээллийг тухай бүр Хил хамгаалах ерөнхий газарт албан бичгээр хүргүүлнэ” гэж тус тус заасан байна.

Хэрэгт хавсаргасан Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2/8093 дугаартай албан бичигт “…Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10/5-3681 тоот албан бичгийг үндэслэн иргэн Х.Дыг хилээр үл нэвтрүүлэн, саатуулах иргэдийн жагсаалтанд бүртгэсэн” бөгөөд тус журмын 3.6.4-д заасны дагуу хил дээр саатуулж эрх бүхий байгууллагад нотломжоор хүлээлгэн өгснөөр буюу “… 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр саатуулах иргэдийн нэрсийн жагсаалтаас хассан” гэжээ. Ийнхүү эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээдэд холбогдуулан хилийн хориг тавих, цуцлах асуудлыг Цагдаагийн байгууллага нь бие даан шийдвэрлэж байсан бөгөөд тус шийдвэрийн хянах, цуцлах эрх хэмжээ прокурорт байгаагүй болно. Мөн нэхэмжилж буй 5.000.000 төгрөгийн хохирол гэгчээ нотолсон зүйл алга. Иймд иргэн Х.Дын нэхэмжлэлийг УЕПГ хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

 Хариуцагч МБА шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэлд дурдсан баримт дахь огноо зэргээр Д нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хилээр гарах үедээ саатуулагдсан болох нь тогтоогдсон ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэж заасан, уг асуудлаас хойш 5 жил 7 сарын хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд Х.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Хариуцагч Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Дын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй гэм хор учруулсаас үүссэн гэх хохирол нь 6 жилийн өмнө болсон үйл явдал байх бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-оор үндэслэж байна. Хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэж заасан, уг асуудлаас хойш 2019 оны 03 сард нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үзэж байна. Иймд Х.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, “Аэрмаркет” ХХК-ийн тийзийн төлбөр олгогдохгүй талаарх тодорхойлолт, билетийн хуулбар, Бенидорм палас зочид буудлын өрөө захиалсан захиалгын хуудас, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, хэргийг прокурорт шилжүүлэх тогтоол, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Х.Дыг хилээр нэвтрэх хориг тавихыг Хил хамгаалах ерөнхий газарт уламжлуулах тухай Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн иргэнийг хүлээлгэн өгсөн тухай нотломж, хилийн хоригийг цуцлуулах талаар гаргасан Х.Дын хүсэлт, Хил хамгаалах ерөнхий газраас Х.Дын саатуулах иргэдийн нэрсийн жагсаалтаас хассан талаарх албан бичиг, 2009 оны “Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрэхэд саатуулж шийдвэрлэх журам”, гэрч Л.Огторгуйгийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагаа явуулдгаа нотлохоор ирүүлсэн компаний тайлан, татварын улсын байцаагчийн акт зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Х.Д нь цагдаа, прокурорын байгууллагын албан тушаалтны үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж эд хөрөнгийн хохиролд 8.355.180 төгрөг, нэр төр ажил хэргийн нэр хүндийг унагаасны гэм хор, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг, нийт 58.355.180 төгрөгийг нэхэмжилж байгаа ба сэтгэл санааны хохирлын 25.000.000 төгрөгийг эд хөрөнгийн хохирол 8.355.180 төгрөгийн хамт Засгийн газраас, сэтгэл санааны хохиролд ЦЕГ, Улсын МБА, ЧДЦНХ, ЧДПГ, УЕПГ тус бүрээс 5.000.000 төгрөг гаргуулж, хариуцагч ЦЕГ, Улсын МБА, ЧДЦНХ нарыг иргэн Х.Даас уучлал гуйлгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ түүнд холбогдуулж шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо улсын хил нэвтрэхэд тавьсан байсан хоригийг цуцлаагүйгээс болж Бразил улсад 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулагдах Дэлхийн залуу үеийн чуулга уулзалтад оролцож чадалгүй нийсэх буудал дээр саатуулагдсан, урьдчилж захиалсан байсан Бээжин-Дубай-Рио Де Жанеро-Дубай-Бээжин чиглэлийн тийзний төлбөр 4.086.300 төгрөг, мөн “Бенидорм палас” зочид буудалд өрөө захиалсан зардал 1.617 ам.доллар буюу 4.268.880 төгрөг, нийт 8.355.180 төгрөгийг буцаан авч чадалгүй бодит хохирол учирсан, ийнхүү түүнийг хилээр гаргалгүй саатуулж авч үлдсэн нь дэлхийн томоохон байгууллагын нэр хүндтэй гишүүд, бизнесмэн, олон хүмүүсийн дунд нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд болон бизнесийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, тэрээр сэтгэл санаагаар унаж гэм хор учирсан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нар хууль, журмыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэл байхгүй, нэхэмжлэгч хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн,  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй, түүнд нэр төр ажил хэргийн нэр хүндийг унагаасны гэм хор, сэтгэл санааны хохирол учирсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж Х.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Х.Дд холбогдуулж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 201301050688 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж прокурорын хяналтанд шилжүүлсэн боловч Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 748 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ба эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болсноос хойш 4 сарын дараа Х.Д нь Бразил улсад 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулагдах Дэлхийн залуу үеийн чуулга уулзалтад оролцохоор Буянт ухаа нисэх онгоцны буудлаар хил нэвтрэх үед түүнийг хилээр гарахыг хориглосон гэж саатуулж, тэрээр төлөвлөсөн арга хэмжээндээ явж чадаагүй байна. Х.Д нь Дэлхийн хэмжээний JCI байгууллагын Монгол дахь салбар байгууллагын гишүүн бөгөөд тус байгууллага нь залуу удирдагчид, бизнесмэн ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага байх бөгөөд уг байгууллагаас дээрх арга хэмжээг зохион байгуулж, явахаар төлөвлөсөн Монголын бусад 11 гишүүн энэ арга хэмжээнд оролцсон байна.

Нэхэмжлэгч тус чуулга уулзалтанд оролцохоор Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн тийз болон Бээжин-Дубай-Рио Де Жанеро-Дубай-Бээжин чиглэлийн тийзийг 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдөр “Аэрмаркет” ХХК-аас худалдан авсан, чуулга уулзалт болох газрын “Бенидорм палас” зочид буудалд өрөө захиалсан зардал 1.617 ам.доллар буюу 4.268.880 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэн Х.Д 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Аэрмаркет” ХХК-д худалдан авсан тийзээ буцаах хүсэлт гаргаж Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн тийзийг буцаалт хийн авч, хатуу нөхцөлтэй байсан тул Бээжин-Дубай-Рио Де Жанеро-Дубай-Бээжин чиглэлийн тийзийг буцаалт хийж чадаагүй, мөн Рио Де Жанеро хотын “Бенидорм палас” зочид буудалд өрөө захиалсан зардлаа авч чадаагүй байдлууд тогтоогдож байна.

 

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14ө/3-1446 дугаартай албан бичгээр уламжилж Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10/5-3681 дугаар албан бичгээр Хил Хамгаалах Ерөнхий газарт хандаж иргэн Х.Дд Монгол улсын хилээр нэвтрэх хориг тавьсан байжээ. Нэхэмжлэгчийг холбогдуулсан эрүүгийн хэрэг прокурорын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 748 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болсон байхад түүнд тавьсан хил нэвтрэх хоригийг цуцлаагүй нь буруу байна.

 

Тухайн үед хилийн хориг тавих болон цуцлахтай холбоотой асуудлыг 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Авилгатай тэмцэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх МБАны дарга нарын хамтарсан 133/499/535/07/44 дугаартай тушаалаар “Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрэхэд саатуулж шийдвэрлэх журам”-аар зохицуулж ирсэн байна. Эрх бүхий байгууллага нь сэжигтэн яллагдагчаар татагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг улсын хил дээр саатуулах болон саатуулах жагсаалтаас хасах тухай асуудлыг Хил хамгаалах ерөнхий газарт албан бичиг хүргүүлж зохицуулж байхаар журмын 2.1.1, 2.4, 3.5, 3.6 дугаар зүйлүүдэд заажээ. Эрх бүхий байгууллага нь журам баталсан байгууллагууд байна.

Прокурорын байгууллага үүнд бас хамаатай байна. Журам батлахад оролцсон МБА нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх алба байсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан Прокурорын бүрэн эрх гэсний 1-т “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно”, 2.21-т “мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих”, 2.23-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгч хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьчилан сэргийлэх арга хэмжээ авах” гэж заасан байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ бусад нөхцөл байдлыг (холбогдогчид хилийн хориг тавигдсан байж болох) тодруулах байсан гэж үзнэ.

 

Дээрх байгууллагуудын үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч эд хөрөнгөөр хохирсон байж болох ч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, түүнийг сэргээх ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаан алга байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ Иргэний хуулийн 498.2-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зарчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэсэн заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4-т “хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр зөрчсөн бол цагдаагийн байгууллага уучлал гуйх бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг төр хариуцан арилгана” гэсэн заалтуудаар үндэслэж байх бөгөөд эд хөрөнгийн хохиролд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан “таван жил”-ийн хөөн хэлэлцэх хугацаа мөрдөгдөнө.

 

            Нэхэмжлэгчийн нэр төр гутаагдсан, сэтгэл санааны хохирол учирсан гэх шаардлагын тухайд, нэр төр нь яаж гутаагдсан, үүнээс ямар гэм хор учирсан /байгууллагын гишүүнчлэлээс хассан уу, дахин арга хэмжээнд оролцуулаагүй юу, бизнесийн орлого буурсан уу гэх мэт/ нь тодорхойгүй, сэтгэл санааны хохирол хэрхэн яаж учирсан, түүний хэмжээг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байх тул мөн нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

  1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.1-ийг баримтлан Х.Дын ЧДЦНХ, ЧДПГ, ЦЕГ, УЕПГ, МБА, МУЗГ нарт холбогдуулан гаргасан эд хөрөнгийн хохиролд 8.355.180 төгрөг, нэр төр ажил хэргийн нэр хүндийг унагаасны гэм хор, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг, нийт 58.355.180 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч ЦЕГ, Улсын мөрдөн байцаах газар, ЧДЦНХ нарыг иргэн Х.Даас уучлал гуйлгахыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1,

56-р зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 556.640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                               

 

 

   

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД

                                        

                                          ШҮҮГЧИД                                   И.АМАРТӨГС

 

                                                                                              Т.ЭНХТУЯА