Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00047

 

Н.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02071 дүгээр шийдвэртэй

Н.Мгийн нэхэмжлэлтэй хариуцагч ЕБС сургуульд холбогдох 2019 оны 6-р сарын 28-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгох, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэргийг 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тогоодулам шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа:

Н.М 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1 дүгээр сургуульд сургалтын менежерээр ажиллаж байсан. Тус сургуульд 9 жил ажиллахдаа нэгээхэн ч удаа ажлын хариуцлага алдаж, сургалтын үйл ажиллагаанд цалгардал үүсгэж байсангүй. Гэтэл 2018 оны 12 дугаар сард Д.Цогзолмаа нь сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ирсэн. Тэрээр анх ирсэн үеэсээ л эхлэн өмнөх захиралтай холбоотой асуудлаар сургуулийг нийтээр нь хардаж, олон арван багш, ажилчид хардлага сэрдлэг, дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Б/49 тоот тушаалаар "хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн энэ зөрчлийг сахилгын зөрчилтэй байх хугацаандаа гаргасан” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн тушаал хууль зүйн үндэслэлдээ Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйл, 20.1.1, 20.1.2, 20.2.7 дахь хэсгийг тус тус мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл 38.1.2, 40 дүгээр зүйл 40.1.4, 131 дүгээр зүйл 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйл 4.1.3, 5 дугаар зүйл 5.1.1, 5.2.1, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйл 9.2.1, 9.3.1, 9.3.2 дахь хэсгийн тус тус үндэслэл болгосон байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гол зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.4-т заасныг үндэслэл болгосон. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан байх бөгөөд үүний 15 дугаар зүйл 15.4 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т давтан гэж сахилгын зөрчлийг хоёр ба түүнээс дээш удаа гаргасан, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай”гэж тайлбарласан байна. Энэ нь сургалтын менежер Н.Мг давтан зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тус тусд нь тогтоох шаардлагатай болохыг хууль сануулсан байна. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/49 тоот тушаал нь чухам яг ямар зөрчилд хариуцлага хүлээлгэж байгаа нь тодорхойгүй, удаа дараа ямар үүрэг даалгаврыг, Хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Энэ талаар ямар нэгэн шалгалт, дүгнэлт байхгүй байхад зөвхөн өөрийн дураар зөрчил гаргасан гэж бичиж Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаалд Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйл 4.1.3, 5 дугаар зүйл 5.1.1, 5.2.1 тус тус баримталсан, уг зохицуулалт менежерийн үйл ажиллагаанд шууд хамааралгүй, үүнийг зөрчөөгүй. Иймд ЕБС сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаагийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Цогзолмаа, өмгөөлөгч Н.Баасанжав нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар Н.М нь суурь боловсролын стандарт, сургалтын, төлөвлөгөө, цөм хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, тайлагнах, сурагчдын сурлагын амжилт, боловсролын стандартын биелэлтэд зохих журмын дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг мэдээлж тайлагнах үүрэгтэй. Гэтэл 2018 оноос хэрэгжиж эхэлсэн үнэлгээний шинэчилсэн журмыг багш нарт сурталчлан таниулах, зөвлөн тусалж мөрдүүлэх үүргээ, БДБТХ-ийн 22.1.4, Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын хавсралтын 4.1.2 Багш сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөхөд хяналт үнэлгээ тогтмол хийх үүргээ, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, ахиц, үр дүнг тооцож, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр ажил зохион байгуулж, үр дүнд хүрсэн байх чиг үүргээ, багш нарын ажлын үр дүн, бүтээмжийг сургалтын менежерийн зүгээс хийснээ нотлох зүйл дүн мэдээ, судалгаа, түүнд хийсэн хяналт шинжилгээнд үндэслэж дүгнэдэггүй. Түүний мөрөөр хийх болон хийсэн ажлын төлөвлөгөө байхгүй, өмнөх жилийнхтэй болон намрын гарааны үр дүнтэй хийсэн харьцуулалт, түүний дагуу хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө, багш нарт мэргэжил арга зүйн талаар өгөх, зөвлөн туслах үйл ажиллагааг огт хийгээгүй бөгөөд удаа дараа буюу 2019 оны 1 сарын 17, 21, 23, 2 дугаар сарын 11, 18, 21, 28, 3 дугаар сарын 2,11,12,18,29, 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хийхийг шаардсан боловч огт биелүүлээгүй. 2018-2019 оны хичээлийн жилийн эцсийн тайланг нэр төдий хийсэн ба сургалтын төлөвлөгөө, цөм хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, тайлагнах, сурагчдын сурлагын амжилт, улсын шалгалт болон анги дэвших шалгалт, хөндлөнгийн шалгалтын дүн мэдээ, хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтэд ахисан буурсан шалтгаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж тайлагнах, түүний дагуу багш нарт зөвлөн тусалсан талаар огт тусгаагүй. Д.Цогзолмаа 2018 оны 12 дугаар сарын 25-нд захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хүлээн авсны дараа Авилгатай тэмцэх газраас Н.Мд албан тушаал бууруулах шийтгэл оногдуулах албан бичиг хүлээн авсан ч 2019 оны 02 дугаар сарын 01-ний Б/01 тушаалаар цалинг 30 хувиар 3 cap бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Гэтэл Н.М нь сахилгын зөрчилтэй байх хугацаанд дахин дээрх байдлаар зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн ЕБС сургуульд холбогдох, 2019 оны 6-р сарын 28-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгох, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Н.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.М болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Менежер Н.Мг давтан зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тус тусад нь тогтоох шаардлагатай болохыг хууль сануулсан байна. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн Б/49 тоот тушаал нь чухам яг ямар зөрчилд хариуцлага хүлээлгэж байгаа нь тодорхойгүй, удаа дараа ямар үүрэг даалгаврыг, хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Энэ талаар ямар нэгэн дүгнэлт байхгүй зөвхөн өөрийн дураар зөрчил гаргасан гэж бичиж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Авилгатай тэмцэх газраас сургуулийн удирдлагуудын 2016, 2017, 2018 онуудын хөрөнгө орлогын мэдүүлэгт шалгалт хийсэн ба Н.М 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөхдөө нүд хооронд сольж бөглөсөн гэсэн үндэслэлээр цалинг буруулах сахилгын шийтгэлд хүлээлгэх санал ирүүлсэн байдаг ба Н.Мд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар цалинг З сарын хугацаанд 30 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Эрх зүйн онолын үүднээс аливаа зөрчил дутагдалд давхардуулан хариуцлага ногдуулахгүй байх, нэг үйл баримтад нэг л удаа хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай. Энэ нь тогтоогдоод хариуцлага хүлээлгэсэн зөрчилд дахин давтан гэж хариуцлага хүлээлгэхгүй, зөвхөн тогтоогдоод хариуцлага хүлээлгээгүй зөрчилд тухайн зөрчлийг давтсан гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Түүнчлэн, Н.М менежер заавар зөвлөгөө хангалтгүй өгсөн бол олон багш нарын журналаас дурдсан алдаа гарах ёстой байсан. Олон дотор шинээр хэрэгжиж эхэлж байгаа журнал хөтлөлтийн журмаас болж анхааралгүй суусан, мартаж санасан нэг хоёр тохиолдол байхыг хэн ч үгүйсгэхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс багш нараас асууж сураглахад хоёрхон журналд алдаа байсан гэсэн, захирал өөрийг олж ир гэсэн ч бүгдийг нь үзсэн ч өөр журналдаа алдаа гаргасан багш байгаагүй гэдэг. Шүүх хариуцагчийн өгсөн гуравхан журналд байгаа мөр багана дутуу бөглөсөн, сольж бөглөсөн зүйлээр нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх нь шударга ёсонд нийцэхгүй. Хариуцагчийн зүгээс захирлын дэргэдэх удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба тухайн тэмдэглэлийг шүүхийн зүгээс нотлох баримтаар үнэлэх ямар ч боломжгүй байсан. Учир нь тэмдэглэлийг хэн бичсэн нь тодорхойгүй, оролцсон этгээдүүдээс нэг нь ч энэ өдөр ийм хурал болсныг нотолж гэрчийн мэдүүлэг өгөөгүй. Тухайн тэмдэглэл дотор Н.М зөрчил гаргасан гэх тодорхой юм ч байгаагүй, зай завсарт нь хэдэн үг нэмж бичсэн зүйл ч байсан. Мөн шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр 3 хүн гэрчийн мэдүүлэг өгсөн ба гэрчүүд хариуцагчтай хувийн сонирхолтой байсан. Гэрчийн мэдүүлгээс ч энэ нь тодорхой харагддаг. Түүнчлэн шүүхийн шийдвэрт талуудаас гаргаж өгсөн баримт гэх эхний хоёр хэсэгт огт нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй, хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудыг зүгээр “COPY” хийх замаар хоёр талаас гаргаж өгсөн мэт хуулж бичсэн байгаа нь илэрхий алдаа болжээ. Мөн нэхэмжлэгч 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэгдүгээр сургуульд сургалтын менежерээр ажиллаж байгаа нь нийгмийн даатгалын дэвтэр талуудын тайлбарт тодорхой харагдах атал 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс сургалтын менежерээр ажилласан мэт бичсэн байгаа нь хэл найруулгын хувьд илэрхий алдаатай болсон байна. Илт алдаатай бичсэн тушаалыг шүүх алдаатай болохыг хүлээн зөвшөөрсөн ч өөрөө бас нэгэн захиргаа болж менежерийг ажлаас нь халах өөр арга хайж тэр гэх зөрчилгүй бөөрөнхий дүгнэлт хийж тушаалыг хэвээр үлдээсэнд гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх заалтыг зөрчсөн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч ЕБС сургуульд холбогдуулан 2019 оны 6-р сарын 28-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгох, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Ажил олгогч байгууллага 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар Н.Мг ажлаас чөлөөлөхдөө ажлын байрны чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэл зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний зохих зүйл, заалтуудыг баримтласан байна. /хх.19, 61/

 Хэрэгт Нийслэлийн ЕБС сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Мд 3 сарын үндсэн цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байсан баримт авагдсан ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй сахилгын шийтгэлтэй гэж үзнэ. /хх.62/

 Хэрэгт хариуцагч талаас Багшийн журнал, Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудын эх хувь болон хуулбарыг ирүүлсэн байх бөгөөд уг баримтуудаас үзэхэд захирлын зөвлөлийн хурал дээр дотоод хяналтын ажилтан Д.Гомбосүрэн, захирал Д.Цогзолмаа, Г.Галнаран нарын хэлсэн үг байх боловч дээрх баримтуудаар Н.М нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл эргэлзээгүй, бүрэн дүүрэн тогтоогдоогүй байна. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа багшийн журнал, гамшгаас хамгаалах үүрэгт ажлыг зохион байгуулаагүй гэх боловч энэ нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэл болоогүй байх тул тайлбарт дурдсан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй. 

Иймд нэхэмжлэгч Н.Мг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчил давтан гаргасан гэж ажлаас чөлөөлсөн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/49 дүгээр тушаал хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Нийслэлийн, ЕБС сургуулийн сургалтын менежер албан тушаалд эгүүлэн тогтоож ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалттай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин Нийслэлийн ЕБС сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 5/49 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын үндэслэл байх тул тухайн тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй болно.

 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Мгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл 6 сар 9 хоног ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт /136 хоногт /2019.06.28-2020.01.06-ны өдрийг хүртэл/ 3 232 962 / 1 077 654 /1 сар/ : 21.5 хоног=50 123 /1 өдөр/ х 136 хоног/  6 816 788 төгрөгөөр тооцож олгох нь зүйтэй байна

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.