Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лидагийн Одбаатар |
Хэргийн индекс | 159/2023/0048/З |
Дугаар | 159/ШШ2024/0006 |
Огноо | 2024-01-17 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 159/ШШ2024/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2023/0048/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаар захирамж, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргасан байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргаас “... хүчингүй болгуулах тухай үүрэг даалгаврыг өгч, шийдвэрлэсэн болохыг мэдэгдье.” гэх хариуг хүргүүлжээ.
Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга Сэлэнгэ аймгийн аймгийн Засаг даргаас хүргүүлсэн албан бичигт заасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй учир нэхэмжлэгч ******* 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандсан байх бөгөөд шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие ******* нь багийн Засаг даргаар 3 удаа дарааллан сонгогдон 2013 оноос 2023 оны 5 дугаар сарын 22-ныг хүртэл ямар ч алдаа дутагдалгүй сайн ажиллаж байсан. Сумын Засаг дарга ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар цалингийн 20 хувиар торгох сахилгын шийтгэлээр арга хэмжээ авсан. Мөн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар ажпаас халж, сахилгын шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгохыг дээд шатны Засаг дарга болох Н.Лхагвадоржид 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өргөдөл гаргасан.
Тус өргөдлийн хариуг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02/527 тоот албан бичиг, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/1035 тоот албан бичгүүдээр үндэслэлгүй гэж үзэн захирамжуудыг хүчингүй болгох үүрэг даалгавар өгч шийдвэрлэснийг 2023 оны 6 дугаар сарын 21, 28-ны өдрүүдэд хүлээн авсан болно. Сумын Засаг дарга ******* нь дээд шатны Засаг даргын албан тоотын хуулийн хэрэгжилтийг хангахгүй, хариу өгөх хугацаа өнгөрсөн, хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлэхгүй надад ямар нэгэн хариу өгөхгүй байгаа тул дээрх шаардлагыг тавьж захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа болно.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... ******* нь багийн Засаг даргын албан үүргээ хангалтгүй биелүүлж, дээд шатны Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, улмаар сумын Засаг даргатай хамтран ажиллах боломжгүй гэдэг асуудлыг удаа дараа амаар гаргаж байсныг дурдъя. Сумын Засаг даргын зүгээс цаг үеийн ажлын талаар төрийн захиргааны болон багийн дарга нартай албан ёсны хурал хийхдээ цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар тодорхойш үүргүүдийг өгч байсан бөгөөд, багийн Засаг дарга нар албан тушаалын бүрэн эрхээ хангалтгүй гүйцэтгэж байсныг удаа дараа сануулж байсан нь хуралдааны албан ёсны тэмдэглэлд хөтлөгдсөн байдаг. Дээр нь Засаг даргын үүргийг түр хариуцаж байсан Засаг даргын орлогч ******* Засаг даргаас өгсөн үүргийг хангалтгүй биелүүлсэн төрийн захиргааны албан хаагчид болон багийн Засаг дарга нарт хурлын тэмдэглэлээр сануулж цаашид зөрчлийг давтвал захирамжаар сахилгын шийтгэл оногдуулахыг сануулан тэмдэглэлд хөтлөгдсөн байгаа.
*******т “Үүрэг даалгаврын хяналтын карт”-аар хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч дээд шатны Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхээс татгалзаад зогсохгүй сумын Засаг даргаас 2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулахаас татгалзсан учир сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 11-нд 01/132 тоот албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэлийг хүргүүлсэн болно. Сумын Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн дээр 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр *******ийн албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа сонсох ажлыг зохион байгуулж уг сонсох ажиллагаан дээр оролцогчиийг хангалтгүй ажиллаж байгаа талаар дүгнэлт гарснаар Засаг дарга Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заагдсан бүрэн эрхийн хүрээнд Жаргалант 1 дүгээр багийн Засаг дарга овогтой огцруулах тухай 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 тоот захирамжийг гаргасан болно.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би захирамж тус бүрт нь үндэслэлээ тайлбарлая. Нэхэмжлэгч болон хариуцагч талаас захирамж тус бүрт тайлбараа гаргасан. 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж байдаг. Тухайн захирамжийн гарчиг нь сахилгын шийтгэл ногдуулах тухай гэж байдаг ч сүүлийн үед архив, бичиг хэрэг хөтлөх журамд хэнд холбогдуулан шийтгэл ногдуулж байгаа бэ гэдэг нэршлээр бичихийг Монгол улсын Засгийн газраас баталсан журамд тодорхой заасан байдаг. Гэтэл захирамжид сахилгын шийтгэл ногдуулах тухай гэсэн гарчиг байна гэж үзэж байна. Мөн тус захирамж нь хууль зүйн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2,2.3 дахь заалтыг үндэслэн гэж хэд хэдэн заалтыг баримталсан мэт харагдаж байгаа. Гэтэл сумын Засаг дарга доод шатны Засаг даргад шийтгэл ногдуулах хуулийн үндэслэл нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсэгт заасан зохих заалтыг хэрэглээгүй байна. Сахилгын шийтгэл ногдуулахдаа өөрийн санаачилгаар эсхүл хурлын саналаар авч болно. Улс төрийн албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах ёстой гэтэл сонсох үйл ажиллагаа явагдаагүй, тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Гэтэл хугацаа заагаагүй байж зөрчил гэж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж дүгнэх гэхээр тийм цаг хугацааны үйл баримт байхгүй. 2022, 2023 онд болсон үйл явдал уу? гэх дүгнэлт хийх гэхэд ямар нэг нь он, сар, өдөр байхгүй учир Хөдөлмөрийн тухай хуульд заасан зөрчил илрүүлээд 1 сар болсон уу? 1 сар өнгөрсөн байсан үйл явдалд сахилгын шийтгэл ноогдуулсан гэх үндэслэл ярих нөхцөл байдал байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт сахилгын шийтгэлийг давхардуулж оногдуулахгүй гэж заасан. Гэтэл *******т үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулчихаад дахин ажлаас чөлөөлөхдөө үүрэг даалгавар биелүүлээгүй гэж давхар нэг үндэслэлээр арга хэмжээ авч байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шат дараалласан арга хэмжээ авсан тухай яригдаж байгаа боловч ямар шат дараалласан арга хэмжээ авсан нь тодорхой байна. Иймд тус захирамжийг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна.
Нийт ажилгүй байсан хугацааны цалин нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* нь 906.604 төгрөгийн цалин авдаг байсан нь санхүүгийн баримтаар тодорхойлогдож байна. 2023 оны 5 дугаар сарын 22-ноос нэг сар 9 хоногийн цалин 1.277.488 төгрөг гаргахаар байна. Нэг хоногт авах цалин нь 41.273 төгрөгийн цалин авдаг байсан нотлогдож байна. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 7 сарын хугацаанд ******* нь ажилгүй байна. Ажилгүй байсан хугацаанд цалин нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1.625.000 төгрөг болж нэмэгдсэн байдаг. Нийт ажилгүй байсан хугацааны цалин 11.375.000 төгрөг болж байна. Цалин гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ойлголтыг үзнэ. Иймд нэмэгдсэн цалин 11.375.000 төгрөг дээр өмнөх 1.277.488 төгрөг дээр нь 1 сарын цалингийн суутгал хийсэн 181.304 төгрөгийг нэмээд нийт 13.740.400 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, мөн энэ шүүхийн шийдвэрийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдааны маргааны асуудал нь нэгдүгээрm албан тушаалын байдлыг авч үзэх ёстой. Бүх шатны Засаг дарга нар Төрийн албаны тухай хуулиар улс төрийн албан тушаалтанд хамаардаг албан тушаалтан юм. Төрийн албаны тухай хууль, төрийн албаны зарчимтай холбогдолтой талаас нь нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Онолын хувьд спойл зарчим, мерит зарчим гэдэг 2 зарчим байдаг. Мерит зарчим нь ямар үед хэрэгждэг бэ гэхээр мэргэжлийн талын албанаас бүрддэг тогтолцоо бүхий төрийн захиргааны албан хаагчид хамаардаг. Харин спойл зарчим нь улс төрийн шинжтэй, багаар хамтардаг, иргэдийн өмнөөс сонгодог учир нийтийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж ажилладаг албан тушаалтан хамаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгэнт Засаг даргын зүгээс дээд, доод албан тушаалтантай ажил үүрэг болон бусад байдлаар зөрчилдөж байгаа нөхцөлд хуульд заасан улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ бол Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал юм. Зөрчил гаргасан гэх асуудлыг ярихаас илүүтэй хэргийн хувьд багийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт багийн Засаг даргын бүрэн эрхэд харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах гэх заалт байдаг. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 1.12 дахь хэсэгт сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах гэх заалт нь хамтран ажиллах гэрээг заавал байгуулах ёстой гэх агуулга юм. Бүх шатны Засаг дарга дээд шатны Засаг даргатай гэрээ байгуулдаг. Сумын Засаг дарга аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, аймгийн Засаг дарга, Ерөнхий сайдтай хамтран ажиллах гэрээ байгуулах гэх мэт үе шаттай тус гэрээг байгуулдаг. Тус гэрээг байгуулаагүй тохиолдолд дараа дараагийн ажил, багийн Засаг даргын ажлыг дүгнэх гэх мэт хяналт тогтолцоо алдагдаад явагдах боломжгүй нөхцөл байдал байна. Хамтарч ажиллах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүй байхад яаж цаашдаа нийтийн ашиг сонирхлын төлөө хамтарч ажиллах юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө сумын Засаг даргатай очиж байгуулах ёстой. Гэтэл сумын Засаг даргатай хамтран байгуулах гэрээг байгуулаагүй. Сахилгын шийтгэл ноогдуулсан захирамж 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарсан. Сахилгын зөрчлөөр сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээг байгуулаагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ноогдуулсан байхад дахин сарын хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр заавал тухайн хүн гэрээ байгуулах гээд байгаа нөхцөлд дараагийн үе шатын хүлээгээд 3 сарын хугацаатай сахилгын шийтгэл дууссаны дараа гэх үндэслэлгүй. Сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээг байгуулаагүй байхад бусад ажил нь хийгдэхгүй болж байгаа юм. Хамтран ажиллах гэрээ нь Засаг даргын хувьд хамгийн хэрэгтэй төрийн чиг үүргээ хэрэгжүүлэх үндсэн гэрээ юм. Бусад төрийн албан хаагчидтай адилтгах юм бол үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээтэй нэгэн адил гэрээ юм. Уг үндсэн гэрээг хийхгүйгээр дараагийн ажил хийх боломжгүй гэх асуудал яригдаж байгаа юм. Энэ асуудал дээр өөрөө тухайн үед байгаагүй, мэдэгдээгүй, өвчтэй байсан гэх биш дараа нь байгуулах эрх нь байсан. Сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халагдахаас өмнө хамтран ажиллах гэрээг байгуулах бүрэн боломжтой байсан. Одоо хүртэл нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээг байгуулаагүй байгаа сумын Засаг дарга ажлаас чөлөөлөгдсөн ч дараагийн түр орлон гүйцэтгэх Засаг дарга ажлын гүйцэтгээд явж байсан тэр хугацаанд гэрээг байгуулах боломжтой байсан ч байгуулаагүй. Хамгийн гол бичиг баримт болох хамтран ажиллах гэрээг байгуулаагүй асуудал байгаа юм.
Хэргийн нөхцөл байдлаас харахад үүрэг даалгавар өгөөгүй асуудалд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч талыг нотлох баримт гаргаж өгөөгүй гэх тайлбар нь нөгөөтэйгүүр хэргийн оролцогч нь нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй боловч Захиргааны хэргийн шүүх нотлох, цуглуулах ажиллагааг явуулах үүрэгтэй байдаг. Гэхдээ энэ хэрэгт авагдсан захирамжтай холбоотой нотлох ажиллагаа хангалттай хийгдээгүй байна. Жишээ нь энэ захирамжид согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг үндэслэл байхад энэ асуудлыг шалгаагүй. Шүүх хуралдаанд гэрчээр сумын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс энэ асуудлаар тодруулахад цуг оролцсон агрономичийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр ажлаас халсан байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдох юм бол заавал сонсох ажиллагаа хийх шаардлагагүй. Сонсох ажиллагаа заавал хийнэ гэсэн зүйл байхгүй. Нийтийн ашиг сонирхолд сөргөөр байвал хийхгүй байх тохиолдол байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг тогтоогоод баримтжуулсан байхад түүнд үзлэг хийж энэ асуудлын талаар нотлох ажиллагааг хийгээгүй байна. Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх асуудалд мөн нотлох ажиллагаа хийж нотолсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал тайлбар гаргаж байгаа ч хийсэн ажлаа бусдад тайлагнасан тайлан, баримт бичиг, зураг гэх мэт ажиллагаа хийдэг болохоос илтгэх хуудас гэх хэзээ гаргасан нь тодорхойгүй юм гаргаж өгч байгаа нь ажил үүргээ хэрэгжүүлсэн, ажил хийсэн гэдгээ өөр нотолсон зүйл байхгүй байна. Харин эсрэгээрээ хурлын тэмдэглэлээс үзвэл удаа дараа энэ ажлаа хийхгүй байна. Нохой устгах ажил нь хэний эрх үүрэг бэ гэдэг нь тодорхойгүй.
Шүүхэд гаргаж байгаа нэг нохойны асуудал нь 78 нохой устгасан гэх асуудлаас илүүтэй хүн рүү дайрч ноцтой гэмтэл учруулсан. Түүнийг багийн Засаг даргад мэдэгдэхэд багийн Засаг дарга айхгүй явж байвал болно гэх зүйлийг хэлсэн нь багийн Засаг дарга өөрөө хуульд байхгүй шаардлагыг багийн иргэнд тавьсан байгаа юм. Багийн Засаг дарга 78 нохой устгасан шигээ тушаал, захирамж гаргах боломжтой байсан бол тухайн үед энэ нохойг устгах захирамжийг гаргаад Цагдаагийн байгууллагаар устгуулах боломжтой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр асуусан цагдаагийн албан хаагч болох гэрчийн мэдүүлгийг харахад багийн Засаг даргатай хамтарч ажиллах албан тоот ирээгүй, зүгээр нохой хүн хазсан гэх мэдээллийн дагуу очиж ажилласан гэж байгаа юм. Түүнээс багийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаагүй зүйл байна. Хэргийн материалаас харахад багийн Засаг дарга бүрэн эрхэд заасан нэг ч ажил хийсэн тушаал, захирамж, баримт байхгүй байгаа юм. Эсхүл байгаа асуудлыг гаргаж өгөөгүй гэдгийн мэдэхгүй байна. Хавтаст хэргийн хувьд энэ асуудал байхгүй. Эсрэгээрээ хурлын тэмдэглэлд *******ийг ажлаа хийхгүй байна гэх үүрэг даалгаврыг удаа дараа өгсөн байдаг. Эсхүл хурлыг орхин гарч эсэргүүцэл илэрхийлсэн нөхцөл байдалтай байхад сумын Засаг даргын нийтийн ашиг сонирхлын ажил нь явагдахгүй нөхцөл байдал үүссэн байна. Сумын Засаг дарга хамтран ажиллах гэрээ байгуулахгүй байгаа үйлдэлд улс төрийн хариуцлагыг тооцоод захиргааны арга хэмжээ авч ажлаас чөлөөлсөн асуудал нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Багийн Засаг дарга өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх тал дээр ажилаагүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зүйл хэрэгт түүнийг нотолсон зүйл байхгүй. *******т байгаа бичлэг, мөн бусад хүмүүс харсан гэх баримт байгаа талаар баримт байхгүй. Мөн Сахилгын шийтгэл ногдуулсан захирамжид сонсох ажиллагаа хийсэн гэж байгаа нотлох ажиллагаа бүрэн хийгдээгүй учир өнөөдрийн хэргийн нөхцөл байдал нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаартай “ийн Жаргалант 1 дүгээр багийн Засаг даргаас огцруулах тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Жаргалант 1 дүгээр багийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулжээ.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ
1/ Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга *******ын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаар цалингийн 20%-иар торгох сахилгын шийтгэлийн захирамж, мөн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар ажлаас халсан захирамжийг хүчингүй болгуулах,
2/ Ажилд эгүүлэн томилуулах,
3/ Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлээд нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Маргаан бүхий Б/16 дугаартай захирамжийн талаар
Нэхэмжлэгч *******ийг Сэлэнгэ аймгийн ******* сумын Жаргалант 1 дүгээр багийн Засаг даргаас огцруулахдаа
-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй,
-Сахилгын шийтгэлийг шат дарааллан хариуцлага тооцогдсон,
-Албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр Жаргалант 1 дүгээр багийн багийн Засаг даргаас огцруулжээ.
Дээрх огцруулах шийдвэрийг гаргахаас 26 хоногийн өмнө буюу ******* сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар нэхэмжлэгч *******ийг “удирдлагаас өгсөн багийн нутаг дэвсгэрт нохой устгал хийгээгүй, хог цэвэрлэгээний ажил зохион байгуулаагүй, сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулах өдөр ирээгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” тул 3 сарын хугацаагаар үндсэн цалингийн 20 хувиар суутган тооцож сахилгын шийтгэлийг ногдуулжээ.
Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны Б/16 дугаартай захирамжаар Жаргалант 1 дүгээр багийн Засаг дарга *******ийг огцруулсан үндэслэл тус бүрээр нь авч үзвэл:
1.Нэхэмжлэгч *******ийг огцруулахдаа баримталсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 буюу “дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана ...” гэж зааснаар сумын Засаг дарга багийн Засаг даргыг өөрийн санаачилгаар огцруулах бүрэн эрхтэй байна.
Хариуцагч нэхэмжлэгчийг огцруулах эхний үндэслэлдээ удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа билүүлээгүй буюу дээрх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэх заалтыг үндэслэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргаас Жаргалант 1 дүгээр багийн Засаг дарга *******т “үүрэг даалгаврын хяналтын карт[1]”-аар 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 3 хоногийн хугацаатай нохой устгах үүрэг даалгавар, мөн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 6 хоногийн хугацаатай тариалангийн талбай чөлөөлөх үүрэг даалгавр, мөн хог цэвэрлэгээний ажил зохион байгуулах үүргийг өгсөн боловч нэхэмжлэгч *******ийн зүгээс удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг огт биелүүлээгүй, сумын Засаг даргатай хамтран ажиллах талаар гэрээ байгуулаагүй зэрэг нь Засаг даргын Тамгын газрын ажилчдын хурлын тэмдэглэлүүд[2], нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул хариуцагчаас дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******т сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Харин Б/12 дугаартай захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” гэх тухайн үндэслэлээр дахин хариуцлагыг давхардуулан нэхэмжлэгч *******ийг Жаргалант 1 дүгээр багын Засаг даргаас огцруулсан нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч ******* нь гаргасан зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн байтал дахин тухайн зөрчлөөр багийн Засаг даргаас огцруулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн гэж дүгнэхээр байна.
2. Хариуцагч нь сахилгын шийтгэлийг шат дарааллан хариуцлага тооцогдсон гэх үндэслэлийг огцруулах үндэслэлдээ дурдсан бөгөөд хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч *******т Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар 3 сарын хугацаагаар үндсэн цалингийн 20 хувиар суутган тооцож сахилгын шийтгэлийг нэг удаа ногдуулсан баримт авагджээ.
Энэ нь нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлийг шат дарааллан хариуцлага тооцогдсон гэж үзэх боломжгүй бөгөөд багийн Засаг даргыг огцруулах үндэслэлд огт хамаарахгүй юм.
Тухайлбал Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дүгээр зүйлийн 65.4-т “энэхүү хуулийн 65.3-т заасны дагуу ногдуулсан хариуцлагыг шат дараалан хэрэглэнэ”, 65.3-т “Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.” гэж заасан.
Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга нь Жаргалант 1 дүгээр багийн Засаг даргад дээрх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар хариуцлага тооцохоор болсон тохиолдолд 65 дугаар зүйлийн 65.3.1-т зааснаар сануулах, дахин зөрчил гаргасан тохиолдолд 65.3.2-т зааснаар үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар шийтгэх шийтгэлийн аль нэгийг ногдуулах бөгөөд үүнийг шат дараалан хэрэглэхээр хуульд зохицуулсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаар тус тусдаа зөрчлүүдэд шат дарааллан арга хэмжээ авагдсан тохиолдолд шат дарааллан сахилгын арга хэмжээ авагдсан гэж тооцож болохоор, мөн шат дарааллан сахилгын арга хэмжээ авагдсан тохиолдолд Засаг даргыг огцруулна гэх үндэслэл хуулиар зохицуулагдаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******ийн гаргасан гэх зөрчилд сумын Засаг дарга сахилгын шийтгэл ногдуулчихсан бөгөөд түүнээс хойш нэхэмжлэгч дахин зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл шат дарааллан тооцогдсон гэх хуульд байхгүй үндэслэлээр огцруулсан нь үндэслэлгүй бас ойлгомжгүй байна.
3. Хариуцагч огцруулах үндэслэлдээ “албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн” гэх үндэслэлийг дурдсан бөгөөд хариуцагчийн зүгээс хэзээ, хаана, хэр зэргийн согтолттой албан үүргээ гүйцэтгэж байсан талаар тухайн үед нь хяналт шалгалт хийгээгүй, тодорхой нотлох баримт байхгүй зөвхөн иргэдийн ам дамжсан яриаг үндэслэсэн гэж дүгнэхээр байна.
Зүй нь нэхэмжлэгч албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын туслалцаатай согтолтын зэргийг тогтоох, хамт согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсээс тайлбар авах, ажлын цагаар хэрэглэсэн эсэхийг тогтоох гэх мэт шаардлагатай шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй, баримтжуулаагүй байна.
Иймд нэхэмжлэгч *******ийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх огцруулах үндэслэл нь тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дугаар зүйлийн 64.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаартай “ийн Жаргалант 1 дүгээр багийн Засаг даргаас огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 11.818.891 төгрөгийг гаргуулан *******т олгож, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид *******т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР