Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.М-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/02137 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г-т холбогдох,

 

Нөхөн төлбөрт 44 573 616 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.М-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.О нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Д.Т- нь Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байгаад 2017 оны 02 сарын 01-ний өдөр ажил дээрээ гэнэт бие нь муудаж, түргэнээр эмнэлэгт хүргэгдэж 2017 оны 02 сарын 05-ны өдөр нас барсан. Миний нөхөр улсад 24 жил ажилласнаас гаалийн байгууллагад тасралтгүй 21 жил үр бүтээлтэй ажилласан. Миний нөхрийн нас барсан талаар 2017 оны 02 сарын 21-ний өдрийн байгууллагын эрх бүхий комиссын дүгнэлт гарч, хөдөлмөрийн улсын байцаагчийн баталгаажуулснаар үйлдвэрлэлийн осол болохыг тогтоож акт гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг ба түүнээс дээш удаа гэж нөхөн төлбөр олгохоор заасан ба одоогоор тус байгууллагаас энэ талаар шийдвэрлээгүй, уг нөхөн төлбөрийг олгоогүй юм. Миний бие түшиг тулгуур болсон хань ижлээ алдаад, сэтгэл санааны гүн хямралтай, 2 охины хамт хөлсний байранд амьдарч байгаа бөгөөд дунд сургуулийн багшийнхаа цалингаар 2 хүүхдээ тэжээн, амьдрах байрныхаа түрээсийн төлбөр, хүүхдүүдийн сургуулийн төлбөр болон амьдрал ахуйнхаа бусад наад захын хэрэгцээт мөнгийг олох гэж хүнд бэрхшээлтэй амьдарч байна. Иймд дээр дурдсан зүйлсийг анхааран үзэж, талийгаач нөхрийн маань 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 44 573 616 төгрөг /нэг сарын цалин 1 238 156 төгрөг/-ийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж эхнэр надад олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний мөр зэрэгцэн хамт ажиллаж байсан нэг байцаагч маань албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа эрүүл мэнд нь муудсаны улмаас эмнэлэгт хүргэгдэж таалал төгссөн харамсалтай явдал тохиолдсон. Гаалийн байгууллагын төсөв, санхүү хүндрэлтэй байгаа хэдий ч байгаа нөөц боломжийнхоо хэрээр Төгсбаяр агсны гэр бүлд 2017 оны 5 сард 11 150 000 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас олгосон. Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийг олгоход зориулагдсан төсвийн зардал батлагдаагүй, гаалийн байгууллагын төсвийн бусад зардлаас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг олгохоор хуваарьт өөрчлөлт оруулах оруулах боломжгүй хэмээн Сангийн яамнаас мэдэгдсэн тул Гаалийн ерөнхий газраас А.М-ийн 2019 оны 8 сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хүрээнд үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр олгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна. Талийгаач Д.Т- нь төрийн тусгай албан хаагч байсны хувьд албан журмаар нийгмийн даатгалд даатгуулагч учир Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрхтэй байна. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын сангаас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 24 040 224 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 20 533 392 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 278 151 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх нэхэмжлэлд дурдсан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан төрийн албан хаагчийн 36 сарын цалинг бодохдоо "... Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь заалтад зааснаар нөхөн төлбөрийг цалин хөлсөөс бус цалингаас тооцох тухай заасан байх тул нөхөн төлбөрийг Д.Т- агсны албан тушаалын цалингаас тооцох үндэслэлтэй," гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлбөрийг 97.1.1-д “... сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний” гэж заасан атал 97.1.2-т “... цалинтай тэнцэх" гэж ялгавартайгаар зохицуулсан гэж ойлгож болохгүй бөгөөд анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзнэ. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 3-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 24 дүгээрт “Хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан “цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр”, 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан “цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр”-ийг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан цалин хөлснөөс тооцно” гэж тайлбарласан байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч Г-т холбогдуулан нөхөн төлбөрт нийт 44 573 616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.М-ийн нөхөр Д.Т- нь хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан болох нь зохигчдын тайлбар, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, нас барсны бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-8-р тал/

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор ... дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж, 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж зохицуулжээ.

 

            Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ... нөхөн төлбөрийг талийгаач Д.Т- агсны албан тушаалын цалингаас тооцох үндэстэй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэл заасан байна.

 

                        Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь заалтад “ ... сарын цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөрийг ...” олгохоор заасан бөгөөд анхан шатны шүүх нөхөн төлбөрийг Д.Т- агсны албан тушаалын цалингаас тооцож олгосныг буруутгах боломжгүй болно.  

 

            Шүүх төрийн тусгай албан хаагчийн цалингийн сүлжээг тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолыг үндэслэн сарын цалинг 667 784 төгрөгөөр тооцож, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 24 040 224 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.           

 

            Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/02137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 617 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

                        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                         ШҮҮГЧИД                                                М.НАРАНЦЭЦЭГ                                                                                        

                                                                                                            Г.ДАВААДОРЖ