Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 02137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.М/РД /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г газарт холбогдох

 

Нөхөн төлбөрт 44 573 616 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний нөхөр Доржсамбуу овогтой Төгсбаяр нь Ггазрын харъяа Буянт-Ухаа дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ гэнэт бие нь муудаж, түргэнээр эмнэлэгт хүргэгдэж 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нас барсан.

Миний нөхөр улсад 24 жил ажилласнаас Гаалийн байгууллагад тасралтгүй 21 жил үр бүтээлтэй ажилласан.

Миний нөхрийн нас барсан талаар 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байгууллагын эрх бүхий комиссын дүгнэлт гарч, хөлдөлмөрийн улсын байцаагчийн баталгаажуулснаар үйлдвэрлэлийн осол болохыг тогтоож акт гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг ба түүнээс дээш удаа” гэж нөхөн төлбөр олгохоор заасан ба одоогоор тус байгууллагаас энэ талаар шийдвэрлээгүй, уг нөхөн төлбөрийг олгоогүй юм.

Миний бие түшиг тулгуур болсон хань ижлээ алдаад, сэтгэл санааны гүн хямралтай, 2 охины хамт хөлсний байранд амьдарч байгаа бөгөөд дунд сургуулийн багшийнхаа цалингаар 2 хүүхдээ тэжээн, амьдрах байрныхаа түрээсийн төлбөр, хүүхдүүдийн сургуулийн төлбөр болон амьдрал ахуйнхаа бусад наад захын хэрэгцээт мөнгийг олох гэж хүнд бэрхшээлтэй амьдарч байна.

Иймд дээрх дурдсан зүйлсийг анхааран үзэж, талийгаач нөхрийн маань 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 44 573 616 төгрөг/нэг сарын цалин 1 238 156 төгрөг/-ийг Ггазраас гаргуулж эхнэр надад олгуулах шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч А.Мийн өмгөөлөгч М.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн хариу тайлбараас зарим нэгтэй санал нэгтэй байна. Хариу тайлбартай дурдсан нэхэмжлэлийн үнийн дүнгээр Сангийн Яаманд хандсан гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1, 97.1.2-т цалинтай тэнцэх нөхөн төлбөр олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т зааснаар нөхөн төлбөрийг байгууллагын буцалтгүй тусламжтай хольж яриад байна. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлд буцалтгүй тусламж олгоно гэсэн. Үндсэн цалин гэж энэ заалтад дурдсан. Бид одоогоор энэ төлбөрийг нэхэмжлээгүй бид харин үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн.” гэв.

 

Хариуцагч ГГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.М “Миний нөхөр Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Даваасамбуу овогтой Төгсбаяр нь 2017.02.01-ний өдөр ажил дээрээ бие нь муудаж, түргэнээс эмнэлэгт хүргэгдэн очоод, эмнэлэгт 2017.02.05-ны өдөр нас барсан учир үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр олгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Ггазарт холбогдуулан гаргажээ. Уг нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна.

Бидний мөр зэрэгцэн хамт ажиллаж байсан нэг байцаагч маань албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа эрүүл мэнд нь муудсаны улмаас эмнэлэгт хүргэгдэж байгаад таалал төгссөн харамсалтай явдал тохиолдсон. Гаалийн байгууллагын төсөв, санхүү хүндрэлтэй байгаа хэдий ч байгаа нөөц боломжийнхоо хэрээр Төгсбаяр агсаны гэр бүлд 2017 оны 05 дугаар сард 11 150 000 төгрөгийг Ггазраас олгосон.

Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийг олгоход зориулагдсан төсвийн зардал батлагдаагүй, гаалийн байгууллагын төсвийн бусад зардлаас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг олгохоор хуваарьт өөрчлөлт оруулах оруулах боломжгүй хэмээн Сангийн яамнаас мэдэгдсэн тул Ггазраас А.Мийн 2019.08.16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хүрээнд “Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр олгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна.

Талийгаач Д.Төгсбаяр нь төрийн тусгай албан хаагч байсны хувьд албан журмаар нийгмийн даатгалд даатгуулагч учир Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дүгээрт заасны дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэмж, тэтгэмж авах эрхтэй байна.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын сангаас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

         

          Нэхэмжлэгч А.М хариуцагч ГГазарт холбогдуулан нөхөн төлбөрт 44 573 616/дөчин дөрвөн сая таван зуун далан гурван мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч ГГазар нь нэхэмжилж байгаа дүн үндэслэлгүй гэж маргасан.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Д.Төгсбаяр агсантай 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь № 0204127б-68 Гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Д.Төгсбаяр агсан нь хариуцагчийн Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан байх ба 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № 01-1/4356 албан бичгийн хуулбар, № 0000187753 нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Д.Төгсбаяр агсан нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан болох нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ... нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн ... ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно:”, 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол ... өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа.” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нөхөн төлбөрийг цалин хөлсөөс тооцох ёстой гэж маргаж байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон ... төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна:”, 13.1.6-д “зэвсэгт хүчин ... гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн;” гэж заасан.

 

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.6 дахь заалтад зааснаар Д.Төгсбаяр агсан нь төрийн тусгай албан тушаал хашиж байсан болох нь тогтоогдож байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн ... энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, 57 дугаар зүйлийн 57.2-т “Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:”, 57.2.З-т “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн ... хуульд заасан бусад нэмэгдлээс;” гэж заасан.

 

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.2.3 дахь заалтад зааснаар төрийн тусгай албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон бусад нэмэгдлээс нэмэгдлээс бүрдэнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь заалтад зааснаар нөхөн төлбөрийг цалин хөлсөөс бус цалингаас тооцох тухай заасан байх тул нөхөн төлбөрийг Д.Төгсбаяр агсны албан тушаалын цалингаас тооцох үндэслэлтэй.

 

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишиг тогтоох тухай тогтоолын 3 дугаар Хасвралтад зааснаар гаалийн улсын байцаагчийн албан тушаалын цалин 667 784/зургаан зуун жаран долоон мянга долоон зуун наян дөрөв/ төгрөг болох нь тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас нөхөн төлбөрт 24 040 224/36x667784=24040224/ /хорин дөрвөн сая дөчин мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 20 533 392/44573616-24040224=20533392/ /хорин сая таван зуун гучин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч ГГазраас нийт 24 040 224/хорин дөрвөн сая дөчин мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мт олгож, үлдсэн 20 533 392/хорин сая таван зуун гучин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч ГГазраас нийт 24 040 224/хорин дөрвөн сая дөчин мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мт олгож, үлдсэн 20 533 392/хорин сая таван зуун гучин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГГазраас улсын тэмдэгтийн хураамжид 278 151 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ