Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2017/0610/з |
Дугаар | 294 |
Огноо | 2018-06-27 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 294
Д.Д-гийн нэхэмжлэлтэй, БОАЖС, Байгаль орчин,ногоон хөгжил,
аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын
12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар байгуулагдсан
Ажлын хэсэгт тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “...Монгол улсын Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар А-235 тоот тушаалуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.Д-г “...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрын бүртгүүлж гэрчилгээжүүлэх үүрэг, бүхий ажлын хэсэг...”-гийн судалгаанд хамруулалгүй орхигдуулан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож газар ашиглуулах эрх бүхий иргэдийн судалгаанд хамруулахыг хариуцагчид даалгах”
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0132 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0272 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, Э.Анхбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0132 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан ...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрын бүртгүүлж гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг...-ийн судалгаанд хамруулалгүй орхигдуулан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглуулах эрх бүхий иргэдийн судалгаанд Д.Д-г хамруулахыг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0272 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, Э.Анхбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0272 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
4. Магадлалд "... маргаж буй газар нь Д.Энхболд болон “Уорлд трэвел” ХХК-ийн ашиглаж буй газартай хэсэгчлэн давхцалтай байх бөгөөд...” гэж дурджээ. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд газар ашиглах эрхтэй байсан “Уорлд трэвел” ХХК-ийн 9.3 га талбайг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар, “Уорлд стандарт” ХХК-ийн 12.45 га газар ашиглах эрхийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалаар тус тус цуцалж шийдвэрлэсэн.
5. Тиймээс иргэн Д.Д-гийн нэхэмжлэл гаргасан маргаан бүхий газар нь “Уорлд трэвел” ХХК-ийн ашиглаж байсан газартай давхцалгүй мөн иргэн Д.Энхболд нь Д.Д-гийн ач хүү тул давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “....гуравдагч этгээдээр татан оролцуулж, ...дүгнэлгүй орхигдуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэрэгт ач холбогдолгүй үйл баримт гэж үзэж байна.
6. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0272 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг ...шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэх гуравдагч этгээдийн тухай зохицуулалтыг буруу тайлбарлаж, “...эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй...” гэж шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.
8. Иймд хяналтын шатны шүүх магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
9. Нэхэмжлэгч нь “...Монгол улсын Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар А-235 тоот тушаалуудыг үндэслэн Д.Д-г “...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрын бүртгүүлж гэрчилгээжүүлэх үүрэг, бүхий ажлын хэсэг...”-гийн судалгаанд хамруулалгүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглуулах эрх бүхий иргэдийн судалгаанд хамруулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
10. Нэхэмжлэлийн дээрх шаардлагын улмаас иргэн Д.Энхболд болон “Уорлд трэвел” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзэхээргүй болно. Учир нь, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан, уг ажлын хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “...Нэг хашаанд амьдарч байгаа иргэдийн дундаас хамгийн олон жил тухайн газартаа ...амьдарч байсан нэг иргэнд хамаарна, ...Газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжийн газар дээр зөвшөөрөлгүй буусан айлуудад уг арга хэмжээ хамаарагдахгүй” гэж тус тус заажээ.
11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.Д-, түүний зээ хүү Д.Энхболд нар нь гэр бүлийн хамтаар 1973 оноос хойш маргаж буй байршилд амьдарч байгаа, оршин суух бүртгэлийн хувьд тус тусдаа боловч нэг хаягт бүртгэлтэй үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар маргаагүй болно.
12. Мөн тухайн байршилд иргэн Д.Энхболдод 700 м.кв газар ашиглах эрхийг баталгаажуулсан Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 419 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байна.
13. Тухайн шүүхийн шийдвэрээр Д.Энхболдын эзэмших газрын хэмжээг “Уорлд трэвел” ХХК-ийн эзэмшиж буй газартай давхцуулахгүйгээр 700 м.кв байхаар тогтоожээ.
14. Нэхэмжлэгч Д.Д-гийн зээ хүү Д.Энхболд нь өөрийн гэр бүлийн хамт амьдарч байсан газрыг ашиглах эрхтэй болсон нь “нэг хашаанд амьдарч байгаа иргэдийн дундаас хамгийн олон жил тухайн газартаа амьдарч байсан нэг иргэнд хамаарна” гэх ажлын хэсгийн шийдвэрт нийцэж байх тул Д.Д-г судалгаанд хамруулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
15. Дээрх байдлаар Д.Энхболд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаж буй байршилд газар ашиглах эрхтэй болсон, уг газар нь “Уорлд трэвел” ХХК-ийн ашиглаж буй газартай давхцалгүй, гэр бүлийн нэг гишүүний газар ашиглах эрхийг баталгаажуулснаар бусад гишүүн буюу нэхэмжлэгч Д.Д-д шинээр газар ашиглах эрхийг баталгаажуулах үүрэггүй тул “...судалгаанд хамруулалгүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхүй гэж, Д.Д-г судалгаанд хамруулахыг хариуцагчид даалгах” боломжгүй байна.
16. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль заасан журмын дагуу явуулсан, маргааны үйл баримтыг зөв дүгнэж, нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0272 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Б.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ