Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0091

 

 

 

 

 

 

 

 

     2024         01          25                                    128/ШШ2024/0091

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С б д” ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П овогтой М Ц/РД:/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Б.Г нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

1. Нэхэмжлэгч “С б д” ХХК-ийн захирал Г.Ө 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/896 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2023 оны  09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШЗ2023/7305 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

2. Нэхэмжлэгч “С б д” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Манай компани Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний А/1337 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамжинд байрлах, нэгж талбарын 146170**** дугаартай, 1021 м.кв газрыг “давхар зогсоол, тохижилт”-ын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар, эрхийн улсын бүртгэлийн Э-220300**** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосноор эзэмшиж ирсэн болно. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/896 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн манай компанийн эзэмшлийн дээр дурдсан 1021 м.кв бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

Манай компани нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- 220304**** дугаартай гэрчилгээгээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Денвер гудамж, *** тоот хаягт 158,6 м.кв бүхий 12 ширхэг тоосгон гараашийг, Ү- 220304**** дугаартай гэрчилгээгээр мөн хаягт 51,68 м.кв бүхий 4 ширхэг бетонон гараашийг өмчилдөг бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон болно.

Нийслэлийн Засаг дарга А/896 дугаар захирамжийг гаргахдаа захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, тухайн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх талаар зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга нь дээрх хуулийн зохицуулалтад дурдсан чиг үүргээ хэрэгжүүлсэн бол манай компанийн зүгээс газрыг “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаатай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх байсан. Мөн захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулалгүйгээр А/896 дугаар захирамжийг гаргасныг дурдаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/896 дугаар захирамжид заасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл байдал нь манай компанийн өмчид бүртгэлтэй 12 ширхэг тоосгон, 4 ширхэг бетонон гараашны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр үгүйсгэгдэж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүйгээр манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6. “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу “С б д” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/896 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус бөгөөд эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байх тул уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”, 40 дүгээр зүйлийн 40.3. “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан. Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/896 дугаар захирамжийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан бөгөөд тус захирамжийг гарсан талаар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “баталгаат шуудан”-гаар гардаж авснаар мэдсэн.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар 2023 оны 08 дугаар сарын 23-наас 10 хоног гэж үзвэл, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэн шүүхэд хандсан болно. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/896 дугаар захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хэрэгт авагдсан баримтаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал үүсээгүй учир захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан итгэлийг хамгаалах зарчмыг захиргааны байгууллага зөрчсөн. Нэхэмжлэгчээс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсныг хариуцагчаас анхаараагүй. Үүгээрээ нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн маргаан бүхий захиргааны акт хууль бус байна. Нийслэлийн Засаг дарга А/896 дугаар захирамжийг гаргахдаа захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, тухайн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх талаар зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга нь дээрх хуулийн зохицуулалтад дурдсан чиг үүргээ хэрэгжүүлсэн бол манай компанийн зүгээс газрыг “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаатай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх байсан. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тухайн газарт байрлах гараашнуудыг улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Энэхүү үйл баримтаар газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жил дараалан тухайн газрыг ашиглаагүй гэж үзсэн нь үгүйсгэгдэнэ.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулалгүйгээр А/896 дугаар захирамжийг гаргасан. Тухайн байгууллагаас 2023 оны 05 дугаар сарын 29, 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд тус тус мэдэгдэл хүргүүлсэн гэх хариуцагч байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд тухайн мэдэгдлүүд нь газрын гэрээ байгуулсан хаягаар бус өөр хаягаар хүргүүлсэн байдаг. Тиймээс мэдэгдлүүдийг эрх бүхий албан тушаалтан нь хүлээж аваагүй учир сонсох ажиллагаа хуульд заасны дагуу хийгдсэн гэж үзэхгүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл байдал нь манай компанийн өмчид бүртгэлтэй 12 ширхэг тоосгон, 4 ширхэг бетонон гараашны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр үгүйсгэгдэж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүйгээр манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нотлох баримтаар манай компанийн хэрэглээний зардалтай холбоотой баримтууд, гараашнуудыг бусдад түрээслүүлэн олсон орлогоороо хэрэглээний зардлуудаа төлж байсан. Иймд газрын зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй нөхцөл үгүйсгэгдэнэ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан нөхцөл байдал байхгүй, тус хуулийн 31 дүгээр зүйлд заасан гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг захиргааны байгууллага бүрэн дүүрэн явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6. “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу "С Б Д" ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/896 дугаар захирамж нь хууль бус бөгөөд эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байх тул уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: "..."С б д” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" А/1337 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1021 м.кв газрыг давхар зогсоол, тохижилт хийх зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар “С” ХХК-аас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан. "С б д" ХХК нь дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан журмын дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/2411, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01-08/3089 дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр сонсох ажиллагааны мэдэгдэл, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01-08/4217 дүгээр албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглах эрх 2019 оноос үүссэн байх бөгөөд газар эзэмших, ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй (барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м) байхыг ойлгоно гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч нь бодит нөхцөл байдал дээр гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу ашиглаагүй байна. Шүүхээс хийсэн үзлэгээр "С б д" ХХК нь дээрх эзэмшлийн газраа зориулалтын дагуу буюу давхар зогсоол тохижилтын зориулалтаар ашиглаагүй болох нь тогтоогдсон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/896 дугаар захирамж нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.  2019 оны А/1337 дугаар захирамжаар "С б д" ХХК нь газраа эзэмшихдээ давхар зогсоол, тохижилтын зориулалтаар авсан байдаг. Гэтэл 2019 оноос хойш энэ зориулалтын дагуу аж ахуйн үйл ажиллагааг эрхлээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй. Тус компани нь гэрээний үүргийг биелүүлэх гэрээгээ дүгнэх үүрэгтэй. Гэрээгээ дүгнүүлэхэд хаяг байршил өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүрд нь мэдэгдэх ёстой. Захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны мэдэгдэх хуудсыг хүргүүлэх ёстой.

Захиргааны байгууллагаас захирамж хүчингүй болгохтой холбоотой мэдэгдлүүдийг тухай бүрд нь албан ёсны хаягаар хүргүүлж байсан. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Үүнийг шийдвэр гаргахдаа анхаарч өгнө үү.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “С б д” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

2. Хэрэгт авагдсан, маргаан бүхий газрын нэгж талбарын хувийн хэрэгт буй үйл баримтыг түүвэрлэн үзвэл,

            2.1. Анх Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн "Газар эзэмших,ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" А/06 дугаар захирамжаар "С л" ХХК-д зочид буудлын зориулалтаар эзэмшүүлсэн байсан 2614 м.кв газрын хэмжээг 1021.0 м.кв болгон багасгаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжаар "С л" ХХК-д давхар зогсоол, тохижилтын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр №01119****/00*** дугаартай газар зээмшүүлэх гэрээ байгуулагдаж, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэгж талбарын 146140**** дугаараар, эрхийн улсын бүртгэлийн Э-220300**** дугаараар бүртгэгдсэн ба энэ захирамж гарснаар өмнөх 2015 оны А/06 дугаар захирамж хүчингүй болсонд тооцогдсон.  

2.2. Тодруулбал, энэхүү Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Газар, эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” А/101 дүгээр захирамжийн нэг дэх заалтаар Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу уг захирамжийн хавсралтад заасан 80 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт байршил, нэрийг өөрчилсний дотор хавсралт дахь жагсаалтын 47 дугаарт “...“С л” ХХК, РД:20******, Сүхбаатар дүүрэг 7-р хороо, зориулалт давхар зогсоол, тохижилт, хэмжээ 1021 м.кв, хугацаа 15 жил, эдэлбэрийн хэлбэр эзэмшүүлэх..." гэж бичигдсэн.

2.3. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/1337 дугаар захирамжийн нэг дэх заалтаар  Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  хурлаас гарсан дүгнэлтийн дагуу уг захирамжийн хавсралтад заасан 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба уг захирамжийн хавсралт дахь жагсаалтын 9 дүгээрт “С б д" ХХК /РД:59******/-ийн мэдээлэл орж, энэ захирамж гарснаар өмнөх 2019 оны А/101 дүгээр захирамж хүчингүй болсонд тооцогдсон.  

2.4. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжийг үндэслэн "С б д" ХХК-д Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо,  Денверийн гудамж хаягт байрлах, нэгж талбарын 146140***** дугаар бүхий 1021.0 м.кв газрыг “давхар зогсоол, тохижилт” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-220300**** дугаарт бүртгэж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн 0000****** дугаартай гэрчилгээ олгож, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №01119-****\0***** дугаартай гэрээг нэхэмжлэгч хуулийн этгээдтэй байгуулжээ. 

3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 5/10465 дугаар албан бичгээр "Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамжинд байрлах нэгж талбарын 146140****** дугаар бүхий газарт, "С б д" /59******/ ХХК-ийн өмчлөлд: Эрхийн улсын бүртгэлийн Ү-22030****** дугаартай Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол /1*****/, Денвер гудамж **** тоот хаягт байршилтай гарааш, эрхийн улсын бүртгэлийн Ү-22030**** дугаартай Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол /1*****/, Денвер гудамж *** тоот хаягт байршилтай гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тус тус бүртгэлтэй байна” гэх баримт шүүхэд нотлох баримтаар ирсэн ба,

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “С б д” ХХК /РД:59****/ нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол /*****/, денвер гудамж **** тоот хаягт байршилтай 158 м.кв талбайтай, Гаражийн зориулалттай /12 ширхэг тоосгон гараж/  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-22030***** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, мөн ****** тоот хаягт байршилтай 51.68 м.кв талбайтай, гараашны зориулалттай /4 бетонон гараж/  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-22030***** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон талаарх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээний хуулбар ирүүлжээ.

4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 9/817 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн талаар "..."С б д" ХХК нь бүртгэсэн огноо: 2015.07.24, хэлбэр: хязгаарлагдмал хариуцлагатай компани, төрөл: ашгийн төлөө, хувьцаа эзэмшигч, гишүүний тоо: 1, хуулийн этгээдийн хаяг: УБ, Хан-Уул дүүрэг, 4-р хороо Нүхтийн зам, 27/2-3..." гэх баримт ирүүлжээ.

5. Тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн  "Нотлох баримт гаргуулах тухай" 1/593 дугаартай албан бичгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлснээр, тус албанаас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02/05/277 дүгээр албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газруудын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны шийдвэрийг нотлох баримтаар ирүүлжээ.

6. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.

6.1. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Газар зэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/896 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт давхар зогсоол, тохижилтын зориулалтаар 1021 м.кв газар эзэмшигч “С б д” ХХК нь газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээr хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, тус захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжийн “С б д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ. /1-р хх-ийн 32/

6.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий А/896 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар “...Газрын тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу газрын төлбөрөө зохих ёсоор төлсөн, газар эзэмших тухай гэрээг байгуулж, үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийсэн байтал тухайн газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж байгаа нь хууль бус, маргаан бүхий захирамж нь бодит байдалд нийцэж гараагүй...” зэргээр болон Тодорхойлох хэсгийн 2-3-д заасан үндэслэлээр маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “...бодит нөхцөлд байдал дээр газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй, ...мэдэгдлийг хүргүүлсэн” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүхийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.

6.3. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий А/896 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг тус тус үндэслэн гарсан байна.

6.4. Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий захирамжийн агуулга болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Газрын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг үндэслээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй алдаа байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг хууль, зүйлийн 40.1.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”  гэж зааснаар газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж болон захиргааны байгууллагатай байгуулсан газар эзэмших талаарх гэрээний заалтыг зөрчсөн,  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байхад эдгээр заалтыг шалган тогтоож үндэслээгүй, газар дээр үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгийн эрхээр бүртгэгдсэн байгааг анхаараагүй, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон атлаа захирамждаа хуулийн зүйл заалтыг бичээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.“хуульд үндэслэх”, 4.2.8. “хууль ёсны итгэлийг хамгаалах” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим хангагдаагүй гэж үзнэ.

            6.5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, ...мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласны “зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн тухайд бүрэн тогтоогдохгүй, түүнчлэн шүүхээс явуулсан газрын үзлэгээр тогтоогдохгүй байна.

6.6. Энэ тохиолдолд маргаан бүхий газрын зориулалт уг газрын эзэмших эрхийг шилжүүлэх үед мөн байсан, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шилжүүлэн олгохдоо Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газруудын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны шийдвэрээр тусгайлан зааж зохицуулаагүй, өөрөөр хэлбэл "давхар зогсоол болон тохижилт"-ын зориулалтыг өөрчилсөн, эсхүл хангаагүй гэж үзэх нөхцөл байдал нотлогдохгүй байна.

6.7. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх” шаардлагыг маргаан бүхий захирамж нь хангаж гараагүйг тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, газар эзэмшигч /нэхэмжлэгч/-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон гэж захирамжийн агуулгаас харагдах боловч Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг үндэслээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3. “захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэснийг зөрчсөн, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон /Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл/-ыг үндэслэсэн нь хууль бус байна.

7. Сонсох ажиллагааны талаар.

7.1. Захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр хандсан, гэхдээ энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

7.2. Учир нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-08/2411 дүгээр албан бичгээр, мөн албаны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-08/3089 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдэх сонсох ажиллагаа явуулж, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт буй албан ёсны хаягаар хүргүүлсэн хариуцагчийг буруутгахгүй, харин хаягтаа байхгүй үндэслэлээр буцаж ирснийг, мэдэгдэх сонсох ажиллагааг газар эзэмших гэрээнд заасан хаягаар явуулаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

8. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй, газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ зөрчиж үйл ажиллагаа явуулсан /газрыг зориулалтын дагуу ашиглаагүй/ гэдгийг тогтоогоогүй, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2. “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх үзлээ.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “С б д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/896 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН