Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0198

 

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0198

Улаанбаатар хот

 

 

 “С*** б*** д***” ХХК нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, Б.Г***

Нэхэмжлэгч: “С*** б*** д***” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/896 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0091 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, Б.Г***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***

Хэргийн индекс: 128/2023/0768/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “С*** б*** д***” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/896 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0091 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “С*** б*** д***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/896 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан журмын дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч нэхэмжлэгчээс уг мэдэгдлийн дагуу хариу тайлбар ирүүлээгүй тул маргаан бүхий захирамж гарсан,

3.2 Маргаан бүхий газар нь “давхар зогсоол” тохижилтын зориулалттай байхад нэхэмжлэгч уг зориулалтын дагуу төсөв, хөрөнгө зарцуулаагүй, батлагдсан зураг төсөл байхгүй байгааг шүүх харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,

            Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.  Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүрэг 7-р хороо, Денверийн гудамжинд байрлах нэгж талбарын 1461700004 дугаартай, 1021 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжаар "С*** л***" ХХК-д “давхар зогсоол, тохижилт”-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “С*** л***” ХХК-иас нэхэмжлэгч “С*** б*** д***” ХХК-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамжинд байршилтай, 1021 м.кв, Давхар зогсоол, тохижилт зориулалттай газар”-ын эзэмших эрхийг шилжүүлэн, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан холбогдох хүсэлт гаргасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмших эрхийг “С*** б*** д***” ХХК-д “давхар зогсоол, тохижилт” зориулалтаар, 15 жилийн хугацаатай шилжүүлэн, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Газар эзэмших гэрээ байгуулж, 000013971 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

3.2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/2411, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01-08/3089 дугаар албан бичгээр тус тус нэхэмжлэгч “С*** б*** д***” ХХК-д хандан “... Газрын тухай хуулийн ... заасан үүргээ зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... тул ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг  мэдэгдэж ... заасан хугацаанд үндэслэл бүхий тайлбар, санал ирүүлээгүй тохиолдолд ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн  ч албан бичигт заасан хугацаанд нэхэмжлэгчээс тайлбар, саналыг ирүүлээгүй тул хариуцагч нийслэлийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/896 дугаар захирамжаар нэхэмжлэгч “С*** б*** д***” ХХК-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож, энэ тухай нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01-08/4217 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь тус тус тогтоогдсон.

4. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-д “газрыг үр ашигтай, зохистой ашиглах…төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” хэмээн заасан.

 5. Анхан шатны шүүх “...Газрын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг үндэслээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй алдаа байна... газар эзэмшигч нь Газрын тухай хууль тогтоомж болон захиргааны байгууллагатай байгуулсан газар эзэмших талаарх гэрээний заалтыг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байхад эдгээр заалтыг шалган тогтоож үндэслээгүй, газар дээр үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгийн эрхээр бүртгэгдсэн байгааг анхаараагүй, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон атлаа захирамждаа хуулийн зүйл заалтыг бичээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим хангагдаагүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Тодруулбал, нэхэмжлэгч “С*** б*** д***” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1337 дугаар захирамжаар маргаан бүхий Сүхбаатар дүүрэг 7-р хороо, Денверийн гудамжинд байрлах, нэгж талбарын 1461700004 дугаартай, 1021 м.кв талбайтай, “давхар зогсоол, тохижилт” зориулалттай газрын эзэмших эрхийг “С*** л***” ХХК-иас шилжүүлэн авч, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 01119-2019/04596 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тухайн газраа гэрээнд заасан “давхар зогсоол, тохижилт” зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбартаа “...газар эзэмших эрх үүсэхээс өмнө маргаан бүхий газарт байрлаж байсан 17 ширхэг тоосгон болон бетонон гараашийг гэрээний үндсэн дээр бусдад түрээслүүлэх, автомашины ил зогсоол байдлаар ашиглаж байгаа” хэмээн тайлбарлан маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч анх уг газрыг шилжүүлэн авч, гэрээ байгуулах үед маргаан бүхий газар нь ил зогсоол, гарааш байдлаар ашиглагдаж байсныг нэхэмжлэгч ил зогсоол, дан гараашны оронд давхар зогсоол барих зориулалтаар газрыг эзэмшсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Гэвч нэхэмжлэгч уг гэрээ байгуулагдсанаас хойш давхар зогсоол барихтай холбоотой ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад анхан шатны шүүх эдгээр баримтыг буруу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу, энэхүү үйл баримт нь маргаан бүхий газрыг гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй.

8. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийг “...газар эзэмших эрхийг дуусгавар болгосон атлаа захирамжид хуулийн зүйл, заалтыг бичээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8-д заасан тусгай зарчимд нийцээгүй ... Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй” хэмээн буруутгасан хэдий ч хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан нийслэлийн Засаг даргын 2023 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/896 дугаар захирамжид “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтыг” үндэслэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.2-т хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахтай холбоотойгоор нөхцөл байдлыг тогтоох үүргийн хүрээнд Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 01-08/2411 болон 01-08/3089 дугаар албан бичгийг нэхэмжлэгч “С*** б*** д***” ХХК-д хүргүүлснийг “буруутгахгүй” хэмээн дүгнэсэн үйл баримт тогтоогдож байна.

9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0091 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “С*** б*** д***” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/896 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

     ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

 

     ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА

 

 

     ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА