Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.П-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02396 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У.Б-, “Б-” ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзсантай холбогдуулж, учирсан хохиролд нийт 9 600 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

                       

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Гэрэл-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.                                  

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн хүч хөдөлмөрөө зориулж хийсэн, 8 ханатай, сийлбэртэй, бүрэн тавилгатай, дээвэр туургатай иж бүрэн монгол гэрийг Дүнжингарав худалдааны төвд худалдан борлуулахаар зогсож байхад У.Б- ирж, “та үнээ буулгаад өгчөөч манай компани цонх, хаалга, хөнгөн блок үйлдвэрлэдэг, таньд төлбөрөө бартер байдлаар төлье” гэсний дагуу бид 2017 оны 4 сарын 03-ны өдөр 25 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, арилжааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн байгуулсан, улмаар хариуцагч нь гэрийн мод, шал, дээвэр, туурга, тавилга эд хогшлын буюу гэрийг хэрэглэгдэхүүний хамт авч явсан. Гэтэл У.Б- нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлөхгүй байсаар 2019 оны 4 сард гэрийг буцааж өгсөн боловч зарим тавилга дутуу байсан. Ингээд 2019 оны 9 сард нэмж 3 500 000 төгрөгийн үнэ бүхий майга хөлтэй, бүрэн сийлбэртэй урт нь 1,8 метр, өргөн нь 1,2 метр цэвэр хуш модон том ширээ 1 ширхэг, нэг бүр нь 120 000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг, нийт 480 000 төгрөгийн үнэ бүхий сандал хүлээж авсан. Одоо хариуцагч нараас нэг бүр нь 1 000 000 төгрөгийн үнэ бүхий сэнтийтэй бүрэн сийлбэртэй хуш модон 2 ширхэг сандал буюу нийт 2 000 000 төгрөгийн үнэтэй сандлыг аваагүй, сандал нь эвдэрсэн байсан. Иймд үүнийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт зааснаар сэнтийтэй бүрэн сийлбэртэй хуш модон сандлыг буцаан авах боломжгүй байгаа тул мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байна. Мөн гэрийн бүрээс, туурга, дээвэр, брезент муудаж илжирсэн, гэрийн тооно хагарсан, хаалга халзарч муудсан байдалтайгаар хүлээлгэж өгсөн. Энэ нь олон жил гэрийг хэрэглэж ашигласнаас үүссэн эвдрэл гэмтэл юм. Иймээс дээрх эвдрэл гэмтлийг засахад засвар үйлчилгээний зардал зах зээлийн хамгийн доод ханшаар бодоход 1 000 000  төгрөг, мөн том ширээний хөл хугарсан, хээ нь холгосон зэргийг засварлахад 350 000 төгрөг, нийт 1 350 000 төгрөгийн зардал гарсан. Түүнчлэн гэрийг хүлээн авч Завхан аймагт хүргэхэд 250 000 төгрөгийн зардал гарсан тул уг зардлыг гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол гэж үзэж нэхэмжилж байна. Мөн У.Б-гийн энэхүү хэрэг маргаан үүсгэхдээ холбогдуулж, өмгөөлөгчийн зардалд 3 000 000 төгрөгийг өгсөн. Энэхүү өмгөөлөгчийн хөлсийг бэлэн мөнгөний баримт үйлдэж төлсөн байдаг. Талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзаж байгаа тул энэхүү гэрээг У.Б- нь 2017 оны 4 сарын 01-ний өдөр худалдан аваад 2017, 2018, 2019 онуудад ашиглаж ашиг орлого олсон байдаг. Бид дээрх нөхцөл байдлуудыг одоо бодит байдал дээр 1 сард түрээсэлж байгаа төлбөрөөр 1 жилийн зуны 3 сараар тооцож, 3 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас гэрээнээс татгалзсантай холбогдуулж өгсөн эд хөрөнгийг буцаан гаргуулах, мөн учирсан хохирол, гарсан зардалд нийт 9 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагч нар гэрээнээс татгалзсантай холбогдуулж, 9 600 000 төгрөгийг гаргуулах гэжээ. Гэвч талууд харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан юм. Гэрээнээс татгалзсан асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй бол нэхэмжлэгч худалдсан гэрээ буцааж авахгүй байсан. 9 600 000 төгрөгийн тухайд 2 ширхэг сандлыг тус бүр нь 1 000 000 төгрөг гээд нийт 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Гэвч уг сандлыг засварлах боломжтой, засварын хөлс нь 120 000 төгрөг байна. Тэгэхээр уг сандлыг хүлээн авахгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн уг сандлыг шинээр хийхэд нийт 800 000 төгрөг байхаар үнийн санал ирүүлсэн байна. Иймээс тус бүр нь 1 000 000 төгрөгийн үнэтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрийг хүлээн авч Завхан аймагт хүргэсэн зардал 250 000 төгрөгийн тухайд бид Улаанбаатар хотод гэрийг нь хүлээн авсан, хүлээн авсан газраа хүлээлгэн өгсөн. Гэрийн бүрээс, туурга, дээвэр берзент муудсан гэдэг нь үндэслэлгүй, үнэхээр муудсан бол нэхэмжлэгч хүлээж авахгүй байх боломжтой байсан. Мөн өөрөө одоо түрээслэн үйл ажиллагаа явуулдаг тул тухайн түрээсэлсэн хүмүүсийн үйл ажиллагаанаас үүдэн муудсан байх гэж үзэж байна. Том ширээний хөл хугараагүй хүлээн авсан байгаа, хугархай байсан бол сандалд гэмтэл үүссэн гээд хүлээн аваагүйтээ адилхан хүлээн авахгүй байсан. Иймээс 350 000 төгрөгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн биднээс өөрөө сайн дураараа сонгон авсан өмгөөлөгчийнхөө зардлыг нэхэмжилж байгаа нь мөн хууль бус гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэрэгт заавал төлүүлэх зардалд өмгөөлөгчийн зардал байхгүй тул бид үүнийг төлөх боломжгүй. Зуны 3 сарын хугацаанд 3 000 000 төгрөгийн орлого олдог учир түүнийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Ямар үндэслэлээр шаардаад байгаа нь туйлын ойлгомжгүй юм. Түүнчлэн манай байгууллагаас буюу “Б-” ХХК-иас авсан 1 368 000 төгрөгийн хөрөнгийг яагаад буцааж өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн хэнээс яг хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй бөгөөд уг хэрэгт иргэн У.Б- нь хариуцагч биш этгээд юм. Гэрээг иргэнээр бус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийсэн болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч У.Б- болон “Б-” ХХК-иас 6 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Батхүү нь “Буд-оюу” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 4 сарын 03-ны өдөр иргэн Д.П-тай гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгөөр бүрэн тавилгатай монгол гэрийг Дүнжингарав худалдааны төвд байхад нь худалдан авсан. Ингээд гэрээнд зааснаар 1 380 000 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн. Талууд гэрээнээс харилцан тохиролцож, татгалзан хүлээн авсан эд хөрөнгүүдээ буюу гэрийг хүлээлцсэн. Гэр хүлээлцэхэд ширээ, жижиг сандал 4, сэнтий 2 ширхэг дутуу байсныг хүлээлгэн өгөхөд 2 сэнтийг эвдрэлтэй гээд хүлээж аваагүй, бусдыг нь бүгдийг хүлээн авсан. Хүлээн авахдаа эвдрэл, гэмтэлтэй бол 2 сэнтийг хүлээн аваагүйтэй адилхан татгалзах боломжтой байсан. Хүлээн авсан эд хөрөнгүүд нь бүрэн бүтэн “Буд-оюу” ХХК-д хүлээлгэн өгсөн байдлаараа байсан. 6 600 000 төгрөгийн тухайд 2 ширхэг сандлыг тус бүр нь 1 000 000 төгрөг гээд нийт 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Гэвч уг сандлыг засварлах боломжтой, засварын хөлс нь 120 000 төгрөг байна. Тэгэхээр уг сандлыг хүлээн авахгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн уг сандлыг шинээр хийхэд нийт 800 000 төгрөг байхаар үнийн санал ирүүлсэн байна. Иймээс тус бүр нь 1 000 000 төгрөгийн үнэтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь сандлын үнэ тус бүр 1 000 000 төгрөг болохыг нотолсон, нотлохыг оролдсон нэг ч баримт гаргаж өгөөгүй. Гэрийг хүлээн авч Завхан аймагт хүргэсэн зардал 250 000 төгрөгийн тухайд бид Улаанбаатар хотод гэрийг нь хүлээн авсан, хүлээн авсан газраа хүлээлгэн өгсөн. Мөн 250 000 төгрөг төлсөн баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэрийн бүрээс, туурга, дээвэр, брезент муудсан 1 000 000 төгрөг гэдэг нь огт үндэслэлгүй. Бид гэрийн бүрээс брезент муудсан бол нэхэмжлэгч хүлээн авахгүй байсан. Мөн өөрөө одоо түрээслэн үйл ажиллагаа явуулдаг тул тухайн түрээсэлсэн хүмүүсийн үйл ажиллагаанаас үүдэн муудсан байх гэж үзэж байна. Мөн хаана нь ямар элэгдэл, хорогдол гараад хэрхэн муудсан нь тодорхойгүй, мөн түүний үнэлгээг ямар үндэслэлээр 1 000 000 төгрөгөөр тогтоосон нь тодорхойгүй байна. Том ширээний хөл хугараагүй өөрөө хүлээн авсан байгаа хугархай байсан бол сандалд гэмтэл үүссэн гээд хүлээн аваагүйтэй адилхан хүлээн авахгүй байсан. Иймээс 350 000 төгрөгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн уг төлбөрт хэнээс хэдэн төгрөг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй нэхэмжлэл бөгөөд Иргэн У.Б- нь 2017 онд хуулийн этгээдийг төлөөлж, гэрээнд гарын үсэг зурсан нь эд хөрөнгийн хариуцлага хүлээх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ огт нотлоогүй, түүнийг нотолсон нэг ч нотлох баримт байхгүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.П- нь хариуцагч “Б-” ХХК, У.Б- нарт холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулж, учирсан хохиролд нийт 9 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

 

            Нэхэмжлэгч Д.П- нь хариуцагч “Б-” ХХК-тай 2017 оны 4 сарын 03-ны өдөр арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.П- нь 25 000 000 төгрөгийн үнэ бүхий найман ханатай, сийлбэртэй, бүрэн тавилгатай гэрийг 2017 оны 4 сарын 03-ны өдөр хариуцагч “Б-” ХХК-д нийлүүлэх, хариуцагч “Б-” ХХК нь 1 м.кв цонхыг 95 000-480 000 төгрөгөөр, 1 ширхэг хаалгыг 150 000-900 000 төгрөгөөр, 1 м.кв хөнгөн блокыг 125 000 төгрөгт тооцож 2017 оны 10 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.П-т нийлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, арилжааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-р тал/

 

            Улмаар нэхэмжлэгч Д.П- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 8 ханатай, сийлбэртэй, бүрэн тавилгатай гэрийг хариуцагч талд хүлээлгэж өгсөн, хариуцагч “Б-” ХХК нь 25 000 000 төгрөгийн үнэ бүхий цонх, хаалга, хөнгөн блок нийлүүлэхээс 1 368 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж, бусад үүргээ биелүүлээгүйн улмаас талууд хэн аль нь гэрээнээс татгалзаж, хариуцагч “Б-” ХХК нь сэнтийтэй, бүрэн сийлбэртэй хуш модон 2 ширхэг сандлаас бусад эд хогшил болон гэрийг 2019 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч Д.П-т хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 6-р тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар арилжааны гэрээ байгуулагдсан талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ гэрээнээс татгалзсан тул гэрийн бүрээс, туурга, дээвэр муудсаныг засварлахад 1 000 000 төгрөг, том ширээ засварлахад 350 000 төгрөг, гэрийг Завхан аймагт хүргэхэд гарсан зардалд 250 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөг, сэнтийтэй, бүрэн сийлбэртэй хуш модон 2 ширхэг сандлын үнэд 2 000 000 төгрөг, 2017-2019 онуудад гэрийг ашиглаж олох байсан орлого 3 000 000 төгрөг, нийт 9 600 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж шаарджээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Д.П- нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдуулж учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. 

Тодруулбал, гэрийн бүрээс, туурга, дээвэр муудсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тэдгээрийг засварлах зардал нь 1 000 000 төгрөгийн зах зээлийн ханштай гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Түүнчлэн хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан баримтаар том ширээг засварлуулахад 350 000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Мөн гэрийг Завхан аймагт хүргэхэд гарсан зардалд 250 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардсан боловч талууд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хуваарилах талаар гэрээгээр тохиролцоогүй бөгөөд 8 ханатай гэрийг хүлээн авсан газраа буцаан хүлээлгэн өгсөн тул Завхан аймагт хүргэхэд гарсан гэх зардлыг хариуцахгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь 2017-2019 онуудад гэрийг ашиглаж олох байсан орлого гэх 3 000 000 төгрөг нэхэмжилсэн ба “Хосын гол” ХХК-д түрээслүүлдэг талаарх баримтыг шүүхэд гаргажээ. Хэргийн 15 дугаар талд авагдсан баримтаас дүгнэвэл 8 ханатай гэрийг сарын 1 000 000 төгрөг, эсхүл нэхэмжлэгчийн шаардсанаар жилийн 1 000 000 төгрөгөөр тооцож олох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй байна.

           

            Харин сэнтийтэй, бүрэн сийлбэртэй хуш модон 2 ширхэг сандлыг хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй талаар зохигчид тайлбарласан бөгөөд хоёр сандлын үнийг 2 000 000 төгрөгөөр тооцсон нэхэмжлэгчийн шаардлага баримтаар нотлогдоогүй боловч хариуцагч нь нэг ширхэг сандлын үнийг 800 000 төгрөг байхаар тайлбар, нотлох баримтыг гаргасан тул хариуцагчийн энэхүү тайлбарын хэмжээнд хоёр сандлын үнэ 1 600 000 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. /хх-ийн 30-32-р тал/

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч “Б-” ХХК болон У.Б- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч Д.П- нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар арилжааны гэрээг хариуцагч “Б-” ХХК-тай байгуулсан байх тул иргэн У.Б-гээс шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02396 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б-” ХХК-иас 1 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.П-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөг болон хариуцагч У.Б-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “... 120 550 төгрөг ...” гэснийг “40 550 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ                                    

                                                ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ                                                                                              

                                                                                                            Г.ДАВААДОРЖ