Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/02396

 

2019 оны 11 сарын 11 өдөр

    Дугаар 183/ШШ2019/02396

Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,       

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00 дүгээр байр, 0 тоот оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, И овогт Д.П /рд:0000000/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 000 а байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Ц овогт У.Б /рд:0000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн 0000 тоотод байрлах, Б  ХХК /рд:000000/-д тус тус холбогдох,

 

            Гэрээнээс татгалзсантай холбогдуулж учирсан хохирол 9 600 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Би өөрийн хүч хөдөлмөрөө зориулж хийсэн, найман ханатай, сийлбэртэй, бүрэн тавилгатай, дээвэр туургатай иж бүрэн монгол гэрийг Дүнжингарав худалдааны төвд худалдан борлуулахаар зогсож байхад У.Б ирж, “та үнээ буулгаад өгчөөч манай компани цонх, хаалга, хөнгөн блокны үйлдвэрлэдэг, таньд төлбөрөө бартер байдлаар төлье” гэсний дагуу бид 2017 ны 4 дүгээр сарын 03-ны өдөр 25 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, арилжааны гэрээг нотариатоор гэрчлүүлэн байгуулсан, улмаар хариуцагч нь гэрийн мод, шал, дээвэр, туурга, тавилга эд хогшлын буюу гэрийг хэрэглэгдэхүүний хамт авч явсан. Гэтэл У.Б нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлөхгүй байсаар 2019 оны 4 дүгээр сард гэрийг буцааж өгсөн боловч зарим тавилга дутуу байсан. Ингээд 2019 оны 9 дүгээр сард нэмж 3 500 000 төгрөгний үнэ бүхий майга хөлтэй, бүрэн сийлбэртэй урт нь 1,8 метр, өргөн нь 1,2 метр цэвэр хуш модон том ширээ 1 ширхэг, нэг бүр нь 120 000 төгрөгний үнэ бүхий 4 ширхэг, нийт 480 000 төгрөгний үнэ бүхий сандал хүлээж авсан. Одоо хариуцагч нараас нэг бүр нь 1 000 000 төгрөгний үнэ бүхий сэнтийтэй бүрэн сийлбэртэй хуш модон хоёр ширхэг сандал буюу нийт 2 000 000 төгрөгний үнэтэй сандлыг аваагүй, сандал нь эвдэрсэн байсан. Иймд үүнийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт зааснаар сэнтийтэй бүрэн сийлбэртэй хуш модон сандлыг буцаан авах боломжгүй байгаа тул мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байна. Мөн гэрийн бүрээс, туурга, дээвэр, берзент муудаж илжирсэн, гэрийн тооно хагарсан, хаалга халзарч муудсан байдалтайгаар хүлээлгэж өгсөн. Энэ нь олон жил гэрийг хэрэглэж ашигласнаас үүссэн эвдрэл гэмтэл юм. Иймээс дээрх эвдрэл гэмтлийг засахад засвар үйлчилгээний зардал зах зээлийн хамгийн доод ханшаар бодоход 1 000 000 сая төгрөг, мөн том ширээний хөл хугарсан, хээ нь холгосон зэргийг засварлахад 350 000 төгрөг, нийт 1 350 000 төгрөгийн зардал гарсан. Түүнчлэн гэрийг хүлээн авч Завхан аймагт хүргэхэд 250 000 төгрөгний зардал гарсан тул уг зардыг гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол гэж үзэж нэхэмжилж байна. Мөн У.Бгийн энэхүү хэрэг маргаан үүсгэхдээ холбогдуулж өмгөөлөгчийн зардалд 3 000 000 төгрөгийг өгсөн. Энэхүү өмгөөлөгчийн хөлсийг бэлэн мөнгөний баримт үйлдэж төлсөн байдаг. Талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзаж байгаа тул энэхүү гэрээг У.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр худалдан аваад 2017, 2018, 2019 онуудад ашиглаж ашиг орлого олсон байдаг. Бид дээрх нөхцөл байдлуудыг одоо бодит байдал дээр 1 сард түрээслэж байгаа төлбөрөөр 1 жилийн зуны гурван сараар тооцож 3 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас гэрээнээс татгалзсантай холбогдуулж өгсөн эд хөрөнгийг буцаан гаргуулах, мөн учирсан хохирол, гарсан зардалд нийт 9 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

   

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагч нар гэрээнээс татгалзсантай холбогдуулж 9 600 000 төгрөгийг гаргуулах гэжээ. Гэвч талууд харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан юм. Гэрээнээс татгалзсан асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй бол нэхэмжлэгч худалдсан гэрээ буцааж авахгүй байсан. 9 600 000 төгрөгийн тухайд хоёр ширхэг сандалыг тус бүр нь 1 000 000 төгрөг гээд нийт 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Гэвч уг сандлыг засварлах боломжтой, засварын хөлс нь 120 000 төгрөг байна. Тэгэхээр уг сандлыг хүлээн авахгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн уг сандлыг шинээр хийхэд нийт 800 000 төгрөг байхаар үнийн санал ирүүлсэн байна. Иймээс тус бүр нь 1 000 000 төгрөгийн үнэтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрийг хүлээн авч Завхан аймагт хүргэсэн зардал 250 000 төгрөгийн тухайд бид Улаанбаатар хотод гэрийг нь хүлээн авсан, хүлээн авсан газраа хүлээлгэн өгсөн. Гэрийн бүрээс, туурга, дээвэр брзент муудсан гэдэг нь үндэслэлгүй, үнэхээр муудсан бол нэхэмжлэгч хүлээж авахгүй байх боломжтой байсан. Мөн өөрөө одоо түрээслэн үйл ажиллагаа явуулдаг тул тухайн түрээслэсэн хүмүүсийн үйл ажиллагаанаас үүдэн муудсан байх гэж үзэж байна. Том ширээний хөл хугараагүй хүлээн авсан байгаа хугархай байсан бол сандалд гэмтэл үүссэн гээд хүлээн аваагүйтээ адилхан хүлээн авахгүй байсан. Иймээс 350 000 төгрөгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн биднээс өөрөө сайн дураараа сонгон авсан өмгөөлөгчийнхөө зардлыг нэхэмжилж байгаа нь мөн хууль бус гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэрэгт заавал төлүүлэх зардалд өмгөөлөгчийн зардал байхгүй тул бид үүнийг төлөх боломжгүй. Зуны гурван сарын хугацаанд 3 000 000 төгрөгийн орлого олдог учир түүнийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Ямар үндэслэлээр шаардаад байгаа нь туйлын ойлгомжгүй юм. Мөн түүнчлэн манай байгууллагаас буюу Б  ХХК-иас авсан 1 368 000 төгрөгийн хөрөнгийн яагаад буцааж өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн хэнээс яг хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй бөгөөд уг хэрэгт иргэн У.Б нь хариуцагч биш этгээд юм. Гэрээг иргэнээр бус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийсэн болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч У.Б болон Б  ХХК-д тус тус холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулж учирсан хохирол 9 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Арилжааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Д.П нь найман ханатай сийлбэртэй бүрэн тавилгатай гэрийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дотор нийлүүлэх, У.Б, Б  ХХК нар нь цонх, хаалга, хөнгөн блокыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор нийлүүлэхээр, найман ханатай сийлбэртэй бүрэн тавилгатай гэрийг 25 000 000 төгрөгөөр, цонхыг м.кв-ыг 95 000-480 000 төгрөгөөр, нэг ширхэг хаалгыг 150 000-900 000 төгрөгөөр, хөнгөн блокыг м.куб нь 125 000 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцсон байна.

   

Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.П гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 8 ханатай, сийлбэртэй, бүрэн тавилгатай гэрийг хүлээлгэж өгсөн, хариуцагч нар 25 000 000 төгрөгийн үнэ бүхий цонх, хаалга, хөнгөн блок нийлүүлэхээс 1 368 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж, бусад үүргээ биелүүлээгүй үйл баримтад талууд маргаагүй.

 

Ийнхүү хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг татгалзлыг хариуцагч У.Б хүлээн зөвшөөрч, 2019 оны 4 дүгээр сард гэрийг, 9 дүгээр сард том ширээ 1 ширхэг, 4 ширхэг сандалыг тус тус хүлээлгэж өгсөн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Сэнтийтэй, бүрэн сийлбэртэй хуш модон хоёр ширхэг сандал эвдэрсэн байсан учир аваагүй, сандалны үнэ 2 000 000 төгрөг, гэрийн бүрээс, туурга, дээвэр муудаж илжирсэн, гэрийн тооно хагарсан, хаалга халзарч муудсан, том ширээний хөл хугарсан, хээ нь холгосныг засварлахад гарах зардалд 1 350 000 төгрөг, гэрийг Завхан аймагт хүргэхэд гарсан зардал 250 000 төгрөг, 2017-2019 онуудад түрээслэсэн бол олох байсан ашиг 3 000 000 төгрөгийг тус тус гаргуулна” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т зааснаар шилжүүлсэн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан бол мөнгөөр, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорыг мөнгөөр тус тус нөхөн төлөх үүрэгтэй тул шүүх нэхэмжлэгчийн шаардсан сандалны үнэ 2 000 000 төгрөг, гэрийн бүрээс, туурга, дээвэр, тооно, хаалга, том ширээний хөл хугарсан, хээ нь холгосон зэргийг засварлахад гарах зардал 1 350 000 төгрөг, гэрийг Завхан аймагт хүргэхэд гарсан зардал 250 000 төгрөг, түрээслэж олох байсан ашиг 3 000 000 төгрөг нийт 6 600 000 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж, харин нэхэмжлэгч нь эрх зүйн туслалцааг өөрөө хүсч авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардалд шаардсан 3 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Шүүх мөн өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирт хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, тэрээр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч У.Б болон Б  ХХК-иас 6 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ