Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2017/0558

 

                                                 Ч.Я-гийн нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Я-гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын “Ч.Я-д газар эзэмшүүлэх тухай” 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дугаартай захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О давж заалдах гомдолдоо: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан “Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 06/4570 дугаартай албан бичгээр Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглан газрын тухай хуулийг зөрчиж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг Дөрвөлж толгойн зүүн хойд талд 4.472 м.кв талбай бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар иргэн Ч.Я-д 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дүгээр “Ч.Я-д газар эзэмшүүлэх тухай” захирамжаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2016 ны 12 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай хариу ирүүлсэн байна. Ж.Батсуурьт холбогдох эрүүгийн 201601000275 дугаартай хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд Ч.Я-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар Ч.Я-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлт нь хууль зүйн үндэслэлтэй байсаар байтал Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 131 дүгээр захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Ч.Я, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хэлтсийн дарга С.Энхболд нарын хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 000457967 дугаартай иргэнд газар эзэмшүүлэх гэрээнд заагдсан эрх үүргээ газар эзэмшигч Ч.Я нь огт хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй юм. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч энэхүү захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эдийн засаг санхүүгийн боломжгүйгээс дэлгүүр болон үйлчилгээний төв барьж чадахгүй болсон, 2016, 2017 оны газрын төлбөрөө төлж чадаагүй, мөн миний бие гадаад гарах ажилтай болсон” гэж тайлбарласан гэжээ. Гэтэл дээрх тайлбарт дурдагдсан асуудлаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байхад шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан заалтыг зөрчсөн, шүүхийг буруутгах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасны дагуу шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч Ч.Я “эдийн засаг санхүүгийн боломжгүйгээс газраа эзэмшиж, 2016, 2017 оны газрын төлбөрөө төлж чадаагүй, гадаадад гарах ажилтай болсон тул  “4472 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн  Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг “газар эзэмших” гэж ойлгох бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан.

Ч.Я нь Сүхбаатар аймгийн Засаг даргад 2017 оны 3 дугаар сарын 27, 4 дүгээр сарын 14-ний өдөр, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус тус “газар эзэмших гэрээг цуцалж өгнө үү” хэмээн хүсэлтээ гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т зааснаар эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргаснаар газар эзэмших эрх дуусгавар болно. Өөрөөр хэлбэл газар эзэмших гэрээний нэг тал болох Ч.Я нь гэрээ цуцлах хүсэлтээ гаргасан тул түүний газар эзэмших эрх дуусгавар болсон байжээ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Харин анхан шатны шүүх энэхүү маргаанд холбогдолгүй Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь зохицуулалтыг хэрэглэжээ. Түүнчлэн аймгийн Засаг даргын А/74 дүгээр захирамж хууль бус гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргаагүй байхад шүүх анх түүнд өөрийнх нь хүсэлтээр газар эзэмших эрх олгосон шийдвэр нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн болохыг тогтоолгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна. Гэвч Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд газар эзэмших эрх нэгэнт дуусгавар болсон байхад газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д заасныг баримтлан Ч.Я-гийн Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                              О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                              Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                              Ц.САЙХАНТУЯА