Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 275

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул

дүүргийн Засаг дарга нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                  Л.Атарцэцэг,

Шүүгчид:                               Г.Банзрагч, 

                                              Д.Мөнхтуяа,

                                              Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн Т.О-т холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ц.Б-ын газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0002 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0212 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Нэхэмжлэгч Ц.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0002 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.1, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Б-ын “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн Т.О-т холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ц.Б-ын газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0212 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0002 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар” гэсэн хэсгийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Миний бие Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 540 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон боловч 131 дүгээр захирамжтай холбоотой маргаан Захиргааны хэргийн шүүхэд үүсч бусдын орц гарцыг хаасан гэх үндэслэлээр 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 311 шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 131 дүгээр захирамжийг хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгч надаар Нийслэлийн газрын алба газрын төлбөрийг 2015 он хүртэл шаардаж төлүүлж байсан.

4. Нийслэлийн Газрын албаны зүгээс 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр анхны дуудлага худалдааны төлбөр болох 15,906,000 төгрөгийг төлүүлж Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А\246 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17 дугаар гудамжинд амины сууцны зориулалтаар 1610 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг олгохдоо 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжийг үндэслэсэн байсан бөгөөд төр, захиргааны байгууллагын алдаатай үндэслэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч миний хууль ёсны эрх ашиг хохирч байна.

5. Нийслэлийн Газрын албанаас Нийслэлийн Засаг даргын 2015 оны А\246 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ. зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар Хан-Уул дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт 1610 м.кв газар байршил өөрчлөгдсөнийг мэдээллийн санд 1863306020977 нэгж талбараар бүртгэж кадастрын зургийг олгож, кадастрын зургийг мэдээллийн санд хадгалсан. Гэтэл миний эзэмшиж байсан газарт Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны өмчлөлийн мэргэжилтэн А.Энхсайхан нар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэснийг санаатайгаар зөрчин Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А\170 дугаар захирамжийг гаргаж, О овогтой Э, Т овогтой О нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус 700 м.кв, Э овогтой М-т 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байдаг.

6. Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн нь Ц.Б- миний Хан-Уул дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт 1610 м.кв газрын кадастрын зургийн мэдээллийг санаатай устгасны дараа О.Э, Т.О, Э.М нарын газрын кадастрын зураглалыг мэдээллийн санд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 18639306007973, 18639306025988, 18639307053002 нэгж талбараар бүртгэж авсан байна. Учир нь, газар эзэмших захирамж гарсан тохиолдолд газар эзэмших гэрээг байгуулж, газрын албаны мэргэжилтэн нэгж талбарын бүртгэлийн дугаар олгож, мэдээллийн санд бүртгэгдэж хадгалдаг. Түүнчлэн Хан-Уул дүүрэг, 4 хороо, Арцат 17-03 тоот, 17-04 тоот гэх хаягийг бүртгэсэн байдаг бөгөөд одоо ч уг газарт ямар нэгэн хашаа, байшин огт баригдаагүй байгаа.

7. Иргэн О.Э, Т.О, Э.М нар 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэгж талбарын мэдээллээ хадгалуулсны дараа 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр газар өмчлөх өргөдлөө гаргангуут бараг л шууд буюу маргааш нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын “Газар өмчлөлийн шийдвэрийн төслийг бэлтгэх ажлын хэсэг” 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн баталж, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А\770 дугаар захирамжаар тус иргэдэд газрыг өмчлүүлсэн байна. Энэхүү нөхцөл байдлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс шалгаж 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр илтгэх хуудас гаргаж үнэлэлт дүгнэлт гаргаж, Нийслэлийн өмчийн харилцааны газрьн Кадастрын хэлтсээс О.Э, Т.О, Э.М нарт олгосон газрыг 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2\6418 албан тоотоор Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгох шаардлагыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанд мэдэгдсэн.

8. Гэтэл анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нөхцөл байдлыг үнэлээгүй, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэглээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгч миний бие, дээр дурдсан нөхцөл байдлыг Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан бөгөөд тус газраас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05\52 тоот “Хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах тухай” албан бичгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11 дэх хэсэгт заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгож байна” гэж дүгнэн Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн газрын албанд Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу хариу мэдэгдэхийг шаардсан боловч өнөөдрийн өдрийг хүртэл Торхой хариу өгөөгүй байна.

9. Миний бие 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бөөрний архаг дутагдал өвчний улмаас Солонгос Улсад шинжилгээ хийлгэхээр явсан бөгөөд Монгол Улсад 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ирсэн. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128\ШШ2018\0002 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221\МА2018\0212 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ: 

10. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.

11. Нэхэмжлэгч Ц.Б нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн Т.О-т холбогдох хэсгийг түүний эзэмшлийн газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжаар олгогдсон газраа бусдын хууль бус үйлдлээс болж ашиглах боломжгүй болсон учир талбайн хэмжээг нэмэгдүүлж, байршил өөрчлүүлэх хүсэлт гаргаж, ...1610 м.кв газрыг дуудлага худалдааны үнийг төлж, хуулийн дагуу эзэмших эрхтэй болсон. ...Гэтэл дүүргийн Засаг дарга хууль зөрчиж Т.О нарт  давхцуулан газар олгосон...” гэж маргажээ.

12. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 170 дугаар захирамжаар Т.О-т Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17-4 тоотын 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжаар эзэмшил газрыг өмчлүүлсэн байна.

13. Нэхэмжлэгчийн “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17-р гудамжинд амины орон сууцны зориулалтаар 1610 м.кв газар эзэмших эрх олгохдоо 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжийг үндэслэсэн байсан бөгөөд төр, захиргааны байгууллагын алдаатай үндэслэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч миний хууль ёсны эрх ашиг хохирч байна” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.    

14. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б-од анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 540 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлжээ.  

15. Гэвч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар магадлалаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 131 дүгээр захирамжийн Ц.Б-од холбогдох хэсгийг “бусдын орц гарцыг хаасан, газар эзэмших эрх олгогдоогүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл Ц.Б-од 540 м.кв газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн үйлчлэл дуусгавар болсон.

16. Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А/968 дугаар захирамжаар Ц.Б-од олгогдсон 540 м.кв газрын газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, улмаар нэхэмжлэгчийн гаргасан газрын байршил, хэмжээг өөрчилж, газар олгохыг хүссэн хүсэлтийг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1610 м.кв газрыг эзэмшүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус зөрчсөн байна.

17. Иймд “...Ц.Б-од газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй, Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин газар эзэмшүүлсэн...” гэж дүгнэн, нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдэл зөв байна.   

18. Нэхэмжлэгч Ц.Б нь Нийслэлийн Засаг дарга 2015 оны А/770 дугаар захирамжаар Т.О, О.Э, Э.М нарт газар давхцуулан өмчлүүлсэн гэж марган, маргаан бүхий захирамжийн дээрх иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаснаар, анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад гуравдагч этгээд Т.О нас барсан учир түүний өмгөөлөгч А.Мөнх-Өлзийгийн хүсэлтээр, маргаан бүхий захиргааны актын гуравдагч этгээд Т.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг тусгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх ба өвлөх эрх О.Э-д шилжсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж захиргааны хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. 

19. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг буруу Торхойлж бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0212 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АТАРЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧ                                                            Б.МӨНХТУЯА