Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 74

 

Ч.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 90 дүгээр магадлалтай, Ч.А-д холбогдох 1825005590369 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.О-ийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, эрэгтэй, 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ял, 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлсэн, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, Б овогт Ч-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.А-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-г хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор арилгах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зохих хугацаанд биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “6.7 дугаар зүйлийн 1.1” гэснийг “6.7 дугаар зүйлийн 1.2” гэж,

3 дахь заалтын “7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт” гэснийг “7.3 дугаар зүйлийн 4,5.д” гэж,

6 дахь заалтын “эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэснийг “эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.О гаргасан эсэргүүцэлдээ “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.А-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар журамлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2, 40.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг давхар барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх шүүгдэгч Ч.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ч.А нь эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй, түүний нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй нь нотлогдсон ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь хохирлын дүнтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө өөрт байгаа болон боломжит хугацаанд даруй нөхөн төлөхөө баримтаар нотолсон байхыг ойлгоно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1 буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Н гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлаж хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн байгаа. Гэхдээ хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хохирол төлөх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг давхар хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг давхар журамласан нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.О-ийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Ч.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Ч.А нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгөл” худалдааны төвийн 211 дүгээр лангуун дээрээс “iPhone 6s Plus” загварын гар утсыг хулгайлж, Л.Э-д 945,000 төгрөгийн хохирол учруулсан талаарх үйл баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн зөв тогтоожээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хамтад нь журамлан Ч.А-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой бөгөөд шүүгдэгч Ч.А нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдалд хоёр шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн Ч.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж шүүхээс дүгнэхдээ ямар баримтад үндэслэснээ шийтгэх тогтоол болон магадлалдаа огт тусгаагүй, өөрөөр хэлбэл, ирээдүйд хохирлыг төлөх ямар боломжит, үндэслэл бүхий нөхцөл байдалд тулгуурлан Ч.А нь ирээдүйд хохирлоо төлөх бололцоотой гэж үзсэн талаарх хууль зүйн дүгнэлт хийгдээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тусгагдвал зохих зүйлс, түүний үндэслэл, дүгнэлтийг огт хийгээгүй байх бөгөөд энэхүү зөрчлийг тогтоолгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг давхар журамлах болсон хууль зүйн үндэслэл, дүгнэлт шийтгэх тогтоол болон магадлалд тусгагдаагүй бөгөөд дээрх зүйл хэсгүүдийг хэрэглэх шаардлага, боломж тогтоогдсон гэж үзвэл хамтад нь, эсхүл аль нэгийг дангаар хэрэглэх үндэслэл, дүгнэлтийг хийвэл зохино.

Иймд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.О-ийн гаргасан эсэргүүцлийн “магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлийг баримтлан хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж хууль хэрэглээний алдааг засуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 90 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ч.А-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН