Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 0002

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Ж.Байгалмаа, С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй

 

Иргэдийн төлөөлөгч Н.Гантөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба  

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч М.Тамэд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Б.Долгорсүрэн

Шинжээч Ч.Буянзаяа

Гэрч М.Цогт-Эрдэнэ

Насанд хүрээгүй гэрч М.Тэмүүнхүслэн

Насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгч С.Сумъяабал

           Шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Чт  холбогдох эрүүгийн 1825005210344 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Боржигон овогт Г.Ч, Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймагт төрсөн 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, графикч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, эгч ах нарын хамт

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 30-08 тоотод М.Тамэдийн цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 5-9-р хуудас/

2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-р хуудас/

 

3. Хохирогч М.Тамэдийн ... “Наран баг 30-08 тоотод манай аав ээж хоёр амьдардаг юм. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр аав ээж хоёр хөдөө явчихсан байсан учраас гэрт нь очсон юм. Хашаанд нь манай эгч Батцэцэг гэрт хамт байдаг юм. Тэгээд Батцэцэг эгчийн гэрт ортол хүү Чинзориг нь найзтайгаа хамт байсан. Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад орой дэлгүүр хаахаас өмнө Чинзоригийг найзтай нь хамт дэлгүүр рүү архинд явуулаад 1 шил 0,75 граммийн Сархад аваад хувааж уусан. Би архи уугаад Чинзоригтой маргалдаад ахын хувьд дахиж архи дарс уухгүй шүү гэж хэлээд Чинзоригт өгсөн юм. Тэгтэл Чинзориг намайг цохиод авахаар нь би зөрүүлж цохиод хар иштэй хутгыг шургуулганаас аваад Чинзоригийг айлгах зорилгоор гартаа барьтал Чинзориг надаас хутга булаацалдаж байгаад миний цээжин тус газар 2 удаа хатгалчихсан. Тэгээд удалгүй түргэн ирээд аваад явсан. Чинзориг миний цээжин тус газар 3 удаа хар иштэй хутгаар хутгалсан. Тухайн үед миний цээжин тус газар 3 удаа хатгасан байсан учраас цус их алдсан. Одоо биеийн байдал зүгээр хэвийн байна, хагалгаанд орсон. Тухайн үед манай төрсөн дүү Цогт-Эрдэнэ, Чинзоригийн найз хамт байсан. Өөр хүн байгаагүй. Би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ агсандуу хүн юм. Чинзориг руу томорч хутга аваад барьтал Чинзориг өөрийгөө хамгаалах гэж хутга булааж аваад миний цээжин тус газар хатгасан. Би тухайн үед Чинзоригтой юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байгаа юм. Маргалдаж байгаад ийм асуудал болсон байх. Би тухайн үед 1 шил 0,75 граммийн архи бараг ганцаараа уусан байсан болохоор зарим юмаа сайхан мэдэхгүй байна. Болсон асуудлыг хагас дутуу санаж байна” гэсэн мэдүүлэг. /хх- ийн 12-17-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 553 дугаартай ... “Т.Тамэдийн биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушиг ба үнхэлцэг хальс зүрхний орой хэсгийг гэмтээсэн шарх, цээжний хөндий ба үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдалт, цус алдалтын дараах шок, хагалгааны дараах байдал, хоёр хацар, хүзүү баруун өвдөг, шилбэнд зулгаралт үүсчээ. Цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушиг ба үнхэлцэг хальс зүрхний орой хэсгийг гэмтээсэн шарх, цээжний хөндий ба үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдалт, цус алдалтын дараах шок, хагалгааны дараах байдал нь үзүүр иртэй зүйлийн үйлчлэлээр, хоёр хацар, хүзүү баруун өвдөг, шилбэнд зулгаралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна. Цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушиг ба үнхэлцэг хальс зүрхний орой хэсгийг гэмтээсэн шарх, цээжний хөндий ба үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдалт, цус алдалтын дараах шок, хагалгааны дараах байдал нь ГЗЗ-ын 3.1.11, З.З.4, 3.3.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хоёр хацар, хүзүү баруун өвдөг, шилбэнд зулгаралт нь ГЗЗ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 28-29-р хуудас/

 

5. Гэрч М.Цогт-Эрдэний .... “Намайг өнөөдөр орой гэртээ унтаж байтал гэрийн гадаа чимээ гараад байхаар нь сэрээд гадаа гарахад Тамэд, Чинзориг 2 маргалдаад зогсож байхаар нь би тэр хоёрыг салгаад гэртээ оруулахад цаг 01 цаг болж байсан. Тамэд Чинзориг 2 гэрт ороод дахиад маргалдаад байхаар би дахиад тэр хоёрыг салгаад Чинзоригоо чи одоо гэртээ орж амар гэхэд Чинзориг гэртээ орохгүй Тамэдтэй хэрүүл маргаан хийгээд байсан. Тамэд хоолны шкапнаас хар иштэй хутга авахаар нь би хутгыг булааж аваад буцааж хоолны шкапинд хийсэн. Би том өрөөнд орчихоод буцаад ирэхэд хэн нэгэн хүн чи дүрчихлээ ш дээ гэж байсан. Би гэрээс гүйж гараад Жаргалсайхан ахаар 103 дуудуулсан. Би тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Намайг гэртээ унтаж байхад тэр 2 маргалдаад байх шиг байсан. Чинзориг Тамэдын яг хаана нь яаж хутгалсаныг би хараагүй. Ямар ч байсан хар иштэй хутгаар хутгалсан байсан.Тухайн үед тэр хоёрын хажууд Тэмүүнхүслэн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 78-79-р хуудас/

 

6. Гэрч М.Тэмүүхүслэнгийн ... “2018 оны 07 дугаар сарын 30 өдрийн 22 цагийн үед би найз Чинзоригийн гэрт ороход Тамэд ах Цогоо ах хоёр зурагт үзээд сууж байсан юм. Тамэд ах Чинзоригт мөнгө өгөөд дэлгүүрлүү архинд явуулахад Чинзориг дэлгүүрээс нэг шил 0,75 граммын стандарт нэртэй архи авчраад Тамэд ах Чинзориг хоёр ихэнх архийг хувааж уугаад надад нэг хундага хийж өгөхөөр нь би нэг хундага татсан. Орой дэлгүүр хаахаас өмнө Тамэд ах дахиад нэг шил архи аваад ир гээд Чинзориг бид хоёрыг архинд явуулаад бид хоёр дэлгүүрээс нэг шил архи аваад Тамэд Чинзориг бид гурав тэр архийг хувааж уусан. Тухайн үед Цогоо ах гэртээ ороод унтчихсан байсан. Орой болсон байна би гэртээ харилаа гэхэд Тамэд ах Чинзориг хоёр намайг гаргаж өгөхөөр гарахад би жорлонд ороод бие засаж байтал Тамэд Чинзориг хоёр маргалдаад байх шиг байсан. Тухайн үед Тамэд ах муу пизда чи хэдэн жил бодож явсан юм, муу арчаагүй банди гөлөг гээд байсан. Бид гурав хамт Цогоо ахын гэрт ороход Тамэд ах Чинзоригийг чи муу новш олон жилийн өмнө болсон юм яриад гээд тэр хоёр хэрүүл хийгээд байсан. Чинзориг бас уурлаад та намайг жоохон байхад гэрээс хөөж гаргаж байсан гэхэд Тамэд ах хоолны шкап онгойлгоод нэг хутга гаргаад ирэхээр нь Цогоо ах бид хоёр Тамэд ахаас хутгыг нь булааж авсан. Чинзориг тэр хоёр маргалдаж байгаад Чинзориг хоёулаа гадаа гараад зодолчих уу гэхэд Тамэд би чамайг ална шүү гээд сандал дээр сууж байгаад босож ирээд Чинзоригийг алгадаад байсан. Би тэр хоёрыг гэрт үлдээчихээд гарч бие засаад буцаад байшинд ороход Цогоо том өрөөндөө хүнтэй утсаар ярьж байх шиг байсан. Гал тогооны өрөөнд Чинзориг хаанаас хутга авсан юм бүү мэд баруун гартаа хар иштэй хутга барьчихсан сандал дээр сууж байсан Тамед дээр очоод цээж хавьруу нь гурван удаа хутгалсан. Тухайн үед Тамэд ах Чинзоригийн барьж байсан хутгыг хаах оролдлого хийж байсан. Тамэд ах босож ирээд Чинзоригийн шанаа руу нэг удаа цохиход Чинзориг чи яасан овоо новш вэ намайг оноод цохичихлоо гэхэд Тамэд ах миний хажуугаар гараад байшингаас гараад гүйсэн. Би Чинзоригийг эхлээд Тамэд ахыг хутгалчихлаа гэж бодоогүй. Тамэд ахын сууж байсан сандал цус болсон байхаар нь би айгаад Тамэд ахын хойноос гарахад Чинзориг би хутгалчихсан юм уу гээд гартаа барьж байсан хутгаа газар шидсэн. Би тэр хар иштэй хутгыг газраас аваад хоолны шкапан дээр тавьсан.Чинзориг гэрээс гарчихаад буцаж орж ирээд Тамэд ахыг авчираарай болохоо байсан шүү гэхээр нь би байшингаас гарч гадаа гудамжинд гарахад Тамэд ах гудамжний үзүүрт явж байхаар нь би гүйж очиж тэвэрч авахад Тамэд ахын гэдэснээс цус гарч байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 89-90-р хуудас/

 

7. Гэрч Г.Жаргалсайхан ... “2018 оны 07 сарын 31-ний шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байтал байшингийн хаалга хүн нүдээд байхаар нь онгойлгож хартал Цогт-Эрдэнэ Жаргалсайхан ахаа Тамедыг Чинзориг хутгалчихлаа цус алдаад байна гэхээр нь хаана нь хутгалсан гэхэд мэдэхгүй ямар ч байсан 2-3 удаа хутгалчихлаа гэсэн. Би хувцасаа өмсөөд гэрээс гарахад Тамэд гудамжинд зогсож байсан хажууд нь Тэмүүхүслэн гэх Чинзоригийн найз Тамедыг тэврээд зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч мэдүүлэхдээ “2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ найз Тэмүүнхүслэнтэй 13 тоглоод байж байсан. Орой 10 цагийн үед Тамэд ах жоохон согтуу орж ирээд хамт тоглож сууж байснаа ах нь уумаар байна, миний хоёр дүү дэлгүүр гүйгээд 1 шил юм яваад ир гэсэн. Бид хоёр дэлгүүр гүйгээр 1 шил 0.75 литрийн архи авчраад намайг сөн түш гэхээр нь өөртөө болон Тэмүүнхүслэнд жоохон хийгээд ахуйг нь Тамэд ахад хийж Тэмүүнхүслэн бид хоёр уруулаа хүргээд л өгч байсан. Эхний 0.75 литрийн архи дууссаны дараа Тамэд ах нэлээн согтоод агаагийн хоёр дүү дэлгүүр хаахаас өмнө дахиад нэг юм аваад ир гэсэн. Бид хоёр дэлгүүр ороод Тамэд ахыг хэр их согтсон байсныг мэдэж байсан болохоор жижиг шилтэй архи аваад тэрнээсээ ер нь уугаагүй, Тамэд ахад 2 удаа л өгсөн. Тэгээд Тамэд ах согтчихсон жоохон агсрах шинжтэй болоод танай аав их сайн хүн, намайг ГОК-д ажилд оруулж өгсөн, би танай аавын хүчинд өдий зэрэгтээ амьдарч байна гэхээр нь би та аавд тэгж их баярладаг юм бол намайг жоохон байхад ээж бид хоёрыг агсам согтуу тавиад хөөж туугаад байдаг байсан юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр муудалцаад уухаа больчихоод гараад Тэмүүнхүслэнтэй гарч тамхилчихаад өвөөгийнх рүү орсон чинь Тамэд ах жоохон ууртай чи яагаад олон жилийн өмнө болсон зүйлийг одоо болтол мартаж чаддаггүй, арчаагүй банди вэ гээд намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон чинь Тамэд ах надад цохиулсан уурандаа хутга аваад би чамайг алчихна шүү, гэхдээ би хүүхэдтэй болохоор чамайг алж чадахгүй, хүүхдээ л бодож байна, тэрнээс биш би чамайг алчихмаар байна гээд хутга бариад байхаар нь Цогоо ах, Тэмүүнхүслэн хоёр хутгыг нь булааж аваад шүүгээ рүү далд хийсэн. Гэхдээ Тэмүүнхүслэн гараа зүсүүлчихсэн. Дахиад жоохон байж байгаад Тамэд ах уурлаад дахиж хутга авч над руу дайрахаар нь би баруун гараараа хаагаад баруун гараа зүсүүлчихээд цусаа арчаад байж байсан чинь Тамэд ах дахиад над руу хутгаараа чичихээр нь хутгыг нь булааж аваад, тэгээд нэг мэдсэн чинь Тамэд ах чи дүрчихлээ шүү дээ гээд орилохоор нь хүн хутгалснаа мэдсэн. Тэгээд байж байтал Тэмүүнхүслэн яасан бэ гэхээр нь Тамэд нь ах хажуугаар гараад явчихсан. Би хүн хутгалчих шиг боллоо, Тэмүүнхүслэн гараарай, Тамэд ах болохоо болилоо, Цогоо ах түргэн дуудаарай гээд хойноос нь гарсан. Түргэн ирэхгүй болохоор нь өөрсдөө машинаараа яваад эмнэлэгт очсон. Ийм зүйл болсон” гэв.

 

Хохирогч Б.Тамэд мэдүүлэхдээ “2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө болсон. Аавынд хонох гэж очсон юм. Өмнө нь хамт ажиллаж байсан залуу маань энэ зун усанд ороод өнгөрчихсөн юм. Тэр талаар сэтгэл гундуу явж байгаад аавынд очсон чинь дүү байхаар нь архинд явуулсан. Миний ууснаас болж, болчимгүй зангаас болж дүү маань хэрэгтэн болох гээд байж байна. Надад гомдол санал байхгүй гэв” гэв.

 

            Шүүх хуралдаанд оролцчон улсын яллагч Л.Оюунтуяа дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран багийн 30-8 тоотод Тамэдын цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Тамэдын мэдүүлэг, гэрч Цогт-Эрдэнэ, Тэмүүнхүслэн, Жаргалсайханы мэдүүлэг, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 553 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн насанд хүрээгүй гэрч Тэмүүнхүслэн, хохирогч Тамэдын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Иймд Г.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн санал дүгнэлтдээ “Гэм буруугийн талаарх шүүх хуралдаанд дараах дарааллаар дүгнэлтийг хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт гэмт хэрэг гарсан байдал, улсын яллагчийн дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогч Тамэдэд санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх заалтаар зүйлчлэгдэх хууль зүйн үндэслэл байгаа эсэх тал дээр өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг хэлье гэж үзэж байгаа. Би мөрдөн байцаалтын ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс буюу Чинзоригийн цагдан хорих асуудлыг үргэлжлүүлэх эсэх хуралдаанаас эхэлж оролцсон. Чинзориг энэ гэмт хэргийг үйлдэхэд 21 нас хүрээгүй байсан. Өмгөөлөгчийн хувьд хохирогч Тамэдэд хүнд гэмтэл учруулсан зүйл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Миний үйлчлүүлэгч ч гэсэн мөрдөн байцаалтын шатанд болон сая шүүх хуралдааны явцад хэлж байна. Гол нь энэ гэмт хэргийг үйлдэхэд шууд санаатай үйлдчихсэн юм уу, эсвэл залуу насныхаа хувьд, тухайн үед болж байгаа үйл явдлынхаа хувьд тухайн агшинд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидчихсан юм уу гэдэг зүйлийг би мөрдөн байцаалтын шатнаас эхлээд үнэхээр сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан зүйл байсан уу гэдгийг шалгуулах гэж маш их тэмцсэн. Хэрэг прокурорын шатанд ирчихсэн байхад ч гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Тамэдыг хутгалж хүнд гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдана. Харин үнэхээр тухайн агшинд үйл явдал ямархуу байдлаар өрнөсөн бэ гэдгийг үзүүлэх баримт хэрэг дотор байгаа баримтууд шүүх анхааралтай үзээсэй гэж хүсч байгаа. Насанд хүрээгүй гэрч энэ үйл явдлыг мэдсэн мэтээр мэдүүлэг өгдөг. Хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудсанд байгаа насанд хүрээгүй гэрч Тэмүүнхүслэнгийн мэдүүлгийг хэрэгт авсан байдлаар харахаар 07 дугаар сарын 31-ний өдөр цагдаагийн газарт 06 цаг 18 минутанд авсан гэдэг. Сая би энэ үйл явдлыг Тэмүүнхүслэнгээс асуухад намайг Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хүлээн авах дээр 02-04 цагийн үед авсан юм гэсэн зүйлийг хэлдэг. Тэгэхээр энэ үйл явцад гэрчийн мэдүүлгүүдийг харахаар Тэмүүнхүслэнгийн мэдүүлгийг цагдаагийн газарт 06 цаг 18 минутанд авсан гэж байгаа. Хэрэг үйл явдлыг хамгийн сайн мэднэ гэх Цогт-Эрдэнийн мэдүүлгийг 07 дугаар сарын 31-ний өдөр Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хүлээн авах тасагт 04 цаг 20 минутанд авсан байдаг. Дараа нь Чинзориг мэдүүлэг өгөхдөө хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудсанд байгаа, 07 дугаар сарын 31-ний өдөр Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хүлээн авах тасагт 05 цаг 51 минутанд авсан байдаг. Миний үйлчлүүлэгч юу гэж хэлсэн гэхээр түргэн дуудаад ирэхгүй байсан болохоор бид нар хүлээн авах дээр очсон, Тамэд ахыг хагалгаа хийнэ гээд аваад орсон, бүрэлдэхүүн хүрч ирээд Цогт-Эрдэнэ ах, Тэмүүнхүслэн нартай зөндөө удаан уулзсан, тэрний дараагаар надаас мэдүүлэг авсан гэдэг зүйлийг хэлдэг. Саяны баримтуудаас харахаар эхлээд Тэмүүнхүслэнгээс, дараа нь Цогт-Эрдэнээс, сүүлд Чинзоригоос мэдүүлэг авсан зүйл харагдаж байна. Тухайн үйл явдлыг бодитой мэдэх ёстой Тэмүүнхүслэн нь насанд хүрээгүй, дараа нь 2, 3 удаа мэдүүлэг авдаг, хамгийн сүүлд мэдүүлгийг газар дээр нь шалгахад зургийг үзүүлэлтүүд байгаа. Шүүх тэр дээр анхаараарай. Би гадаа бие засчихаад буцаад байшинд орж ирээд 2 метр хэртэй явж байж гал тогоо, том өрөөнд болж байгаа үйл явдлыг аль алиныг харах боломжтой, үүнийг тодруулах гэж зөндөө юм болсон. Ямар ч байсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан баримт дээр тэр нь харагдана. Орж ирэхэд үйл явдал ийм байсан гэж Тэмүүнхүслэн мэдүүлдэг. Өнөөдөр Цогт-Эрдэнийн хувьд өөрийнх нь өгсөн мэдүүлгүүдээр юу тодорхой байна вэ гэхээр Цогт-Эрдэнэ буруутай гээд байгаа үйл явдалд үнэхээр сэтгэл санаа нь цочрон давчидсан юм уу, санаатай юу гэдэг үйл явдлыг мэдэх ёстой. Цогт-Эрдэнэ том өрөөнд байж байсан, энэ хоёрыг хэн аль нь яагаад хутгалсныг мэдэхгүй гэдэг. Энэ үйл явдлыг тод хэлэх ёстой Тамэдыг үзэхэд тухайн үедээ хагалгаанд орсон, Тамэдийн мэдүүлэг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр анх өгсөн мэдүүлгээр харагддаг. Эдгээр баримтуудаас харахаар Чинзоригийн хувьд тухайн үед үнэхээр санаатай үйлдэл хийснийг нотолсон баримт хэрэгт хангалттай байхгүй. Хоёрдугаарт эдгээр баримтуудыг бүгдийг нь харьцуулаад үзэхэд ямар ч байсан Тамэд, Чинзориг хоёрыг хутгалсан гэдэг үйлдлийн хажууд ямар нэгэн байдлаар гэрч байхгүй зүйл харагддаг. Тэгэхээр болсон үйл явдал, гэрчийн мэдүүлэг, бусад баримтуудыг шүүх анхаарч үзээсэй. Чинзоригийн хувьд санаатайгаар хийчихсэн үйлдэл бол хэрэгт хангалттай нотлогдохгүй байгаа учраас энэ гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл байна, үүгээр сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчиджээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулжээ гэсэн Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай гэдгийг шүүх харгалзан анхаарч үзээсэй гэж хүсч байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат санал дүгнэлтдээ “Энэ хэрэг дээр шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлэг хийгдсэн. Урьдчилсан хэлэлцүүлгээс өмгөөлөгч нарын тавьсан мөрдөн шалгах ажиллагааны дутуу асуудлуудыг шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр нээлттэй үлдээсэн. Энэ дээр хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт энэ хэргийг үйлдэх үед Чинзоригт сэтгэл санааны хувьд ямар өөрчлөлтөнд орсон юм бэ, орох боломжтой байсан уу, үгүй юу гэдэг асуудлыг шинжээчийн дүгнэлт гаргаж шийдвэрлүүлэх, хоёрдугаарт түүний биед үзлэг хийсэн 565 дугаартай шинжээчийн дүгнэлт байгаа. Өнөөдөр шинжээчийг оролцуулаад шинжилгээ хийх журам, шинжээчийн тогтоох асуудлын хэмжээ хязгаар боломж, хуульд заасан эрхийнхээ хүрээнд холбогдох материалыг шаардаж дүгнэлт гаргах боломж байгаа юу гэсэн асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн асуудал байгаа. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэх шаардлагатай. Шаардлагатай гэж үзвэл энэ асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагааг хийсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзэж байна. Хоёрдугаарт улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар дүгнэлт гаргаж байна. Хэрвээ шүүх эцэслэн шийдвэрлэхээр бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай гэж үзэх үндэстэй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидах гэдэг ойлголт бол хууль зүйн ойлголт бөгөөд заавал сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулж байж шийдэх асуудал бол биш. Энийг шүүх хууль зүйн ойлголт учраас шийдвэрлэх, хэргийн нотлогдсон байдал дээр үндэслэж шийдвэрлэх бүрэн боломжтой. Ингэж шийдсэн практик ч бас цөөнгүй байдаг. Энэ зүйлчлэлийн хувьд дараах нөхцөлүүд нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэж үзэж байна. Нэгдүгээрт өөрт нь хүч хэрэглэсэн, энэ нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Хоёрдугаарт заналхийлсэн асуудал нь гэрчийн мэдүүлгээр чамайг ална, алчихмаар байна гэж хэлж довтолсон нөхцөл байдал байсан гэдэг нь тогтоогдсон. Гуравдугаарт хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас энэ үйлдлийг Чинзориг хийсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Мөрдөн байцаалтын явцад зарим нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдол багатай юм шиг гэмтээсэн эзэн нь тодорхой гэдэг байдлаар сүүлд хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг дутуу өнгөцхөн байдлаар шалгасан асуудал байгаа. Тухайлбал түүний биед учирсан гэмтлийг эсэргүүцсэн, биеэ хамгаалах нөхцөл байдал үүссэн гэмтлийг тогтоосон байдал гэхэд 07 дугаар сарын 31-ний өдөр гарсан гэмт хэрэг дээр 08 дугаар сарын 09-ний өдөр шинжээч томилоод 10-ны өдөр шинжээч үзсэн, 10 хоногийн дараа шинжээчээр дүгнэлт гаргуулсан байна. 08 дугаар сарын 01, 02-ны өдөр биед нь үзлэг хийх боломж байна шүү дээ. Ингэж хугацаа алдаж ач холбогдол багатай гэдэг байдлаар шалгасан. Хоёрдугаарт ингэж хугацаа алдсаны улмаас шинжээчийн дүгнэлт нь шинжээчийн дүгнэлтэнд байдаггүй хувилбараар дүгнэлт гаргасан. Юугаар үүссэн юм бэ гэхээр хатуу зүйлээр гэсэн. Хатуу зүйлээр гэдгийг хүн болгон л тогтоолгох шаардлагагүй тогтоочихно шүү дээ. Үүнийг нь асуухаар үзүүртэй, мохоо нь тодорхойгүй учраас би хатуу зүйлээр гэсэн гэж байна. Мохоо, үзүүртэй гэдгийг нь тухайн үед тогтоох боломжгүй байсан гэж хариулдаг. Энэ гэмтлийн асуудал нь хэдийгээр түүний биед гэмтлийн зэрэг тогтоохоор хөнгөн зэрэгт хамаарахгүй гэмтэл боловч ул мөр, гэмтлийн хэн учруулсан, хэн, хаана нь учруулсан гээд бусад нотлох баримтууд, нөхцөл байдалтай ач холбогдолтой зүйл. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар энэ үед үүсчээ гэж шийдвэрлэж болно. Шинжээчийн дүгнэлтийг заавал дагах үүрэггүй. Гагцхүү түүнийхээ үндэслэлийг бусад нотлох баримтууд дээрээсээ гаргаж уялдуулж үнэлэлт дүгнэлт өгч болно. Үүнийг ач холбогдолтой зүйлсийг дутуу хийгдсэн гэж үзэж байгаа. Мөн гэрч Тэмүүнхүслэнг салгах үед гарт нь гэмтэл учирсан. Өнөөдөр ч өөрөө хэлсэн. Энэ нөхцөл байдал өнөөдөр хэний үйлдлээс учраад байгаа юм бэ. Дараа нь энэ хэрэг дээр заавал эрүүгийн хэрэг үүсгэхгүй ч гэсэн Зөрчлийн тухай хуулиар гэмтэл учруулсан үйлдлийг шийдвэрлэх хуулийн зохицуулалт байна. Энэ хэрэгт хохирогчид зөрчлийн хэрэг үүсгэж Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийн дагуу шийдвэрлэсэн асуудал байхгүй байгаа. Энэ нь өнөөдөр хэргийн гарсан нөхцөл байдал, бусад байдлуудыг тогтооход ач холбогдолтой бөгөөд хохирогч тухайн өөртөө учирсан гэмтэлдээ л хохирогч болохоос биш, өөрийн гэм буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээлгэх асуудал хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмын хүрээнд шийдвэрлэх асуудал шүү дээ. Үүнийг орхигдуулсан байдал нь энэ талаар хэргийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөд зөвхөн шүүгдэгчийн үйлдэл дээр үндэслэж хэрэг шийдвэрлэх гэж байгаа нөхцөл байдал дээр хэргийг бүх талаас нь бодитой хянаж шийдвэрлэсний үндсэн дээр шийдвэрлэх гэсэн зарчмын үндсэн дээр учир дутагдалтай зүйлүүд байгаа юм. Хэрвээ шүүх эцэслэн шийдвэрлэхэд хүрвэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр ямар ч байсан гэмтлийн ул мөр байсан гэсэн дүгнэлт зэрэг нөхцөл байдлууд дээр үндэслэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна”гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 30-08 тоотод М.Тамэдтэй архи ууж, маргалдан цээжин тус газарт нь хутгалж амь насанд аюултай хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Г.Чийн үйлдэл, түүний улмаас учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ “Г.Ч нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсны улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж мэтгэлцэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Г.Чийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч М.Тамэд нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлж байгаа боловч гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Г.Чийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулсан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч М.Тамэд нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС

 

                                                  ШҮҮГЧИД                          С.ЦЭРЭНХАНД

                                                                                              Ж.БАЙГАЛМАА