Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 295

 

                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Ө.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03282 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.А-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 60 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Ө

Хариуцагч: С.А-, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Б- нь хариуцагч С.А-тай 10 жилийн нэг ангид хамт сурч байсан бөгөөд С.А- нь 2018 оны 6 сараас эхлэн Ө.Б- руу мөнгө зээлэх хүн байна уу гэж олон удаа утсаар ярьж асуусаар биечлэн уулзаж, 2018 оны 7 сарын 10-ны өдөр 40 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, барьцаагүй зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг С.А-гийн 5114211349 дугаартай данс руу шилжүүлж, гэрээний дагуу 6 сарын хүү 12 000 000 төгрөгийг дүү Х.Оюундэлгэрийн дансаар хүлээн авсан. Хариуцагч нь 2019 оны 01 сарын 10-ны өдөр сүүлийн сарын хүүг шилжүүлж, өгснөөс хойш утсаар ярихаар өнөө, маргаашгүй өгнө гэж байснаа сүүлдээ утсаа ч авахгүй, хаа байгаа нь мэдэгдэхгүй, үндсэн зээлээ ч төлөхгүй алга болсон учраас араас нь 3 сар гаран хөөцөлдөж байж олж уулзахад, ойрын хугацаанд төлж барагдуулна гэж хэлээд 2019 оны 4 сарын 11-ний өдөр, 4  сарын 29-ний өдрөөс 30-ны хооронд 6 000 000 төгрөг өгнө гэсэн бичгийг өөрийн гараар бичиж өгсөн боловч өгөөгүй. Иймд хариуцагч С.А-гаас үндсэн зээл 40 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 7 сарын 10-ны өдөр Ө.Б-гаас 40 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. Хүүнд 12 000 000 төгрөг төлсөн. Уг 40 000 000 төгрөгийг талийгаач дүү н.Зоригтбаатарт 12 000 000 төгрөг, өөрийн төрсөн хүү н.Ононд 8 000 000 төгрөг, өөрөө 20 000 000 төгрөгийг хувааж авсан. 60 000 000 төгрөг шаардсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Алдангийг төлөх боломжгүйг харгалзан үзэж, 40 000 000 төгрөгийг жилийн хугацаатай төлөхийг зөвшөөрнө үү. Сар бүрийн тодорхой өдөр 4 000 000 төгрөгөөр төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан, хариуцагч С.А-гаас 55 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-гаас улсын тэмдэгтийн хураамж 432 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би 2018 оны 7 сарын 10-ны өдөр ангийн найз Ө.Б-гаас 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, сарын 0,5 хувийн алдангитай авсан нь үнэн. Авсан мөнгөө хүү н.Ононд 8 000 000 төгрөг, дүү н.Зоригтбаатарт 12 000 000 төгрөг, өөрөө 20 000 000 төгрөг авсан. Би өөрийн төрсөн дүү н.Зоригтбаатартай хамтран наймаа эрхэлдэг байсан буюу 2017 оны 7 сарын 05-ны өдөр Хөвсгөл аймаг явж дүүтэйгээ наймаа хийгээд орой 23 цагийн үед 22-ын товчоогоор ирж яваад хажуугийн машины цаанаас согтуу эмэгтэй гүйж машины урдуур орж, амь насаа алдсан билээ. Уг явдлаас хойш миний дүү сэтгэл санааны гүн хямралд орж бие нь өвдсөөр байгаад 2018 оны 10 сарын 10-ны өдөр гэртээ цус харваж өнгөрсөн. Мөн оны 01 сарын 25-ны өдөр миний бага дүү н.Очгэрэл зуурдаар өнгөрч, миний наймаа арилжаа зогсонги байдалд орсон. Би өөрөө чихрийн шижин өвчний хүнд хэлбэрийн өвчтэй, дээр нь даралт ихсэж багасаад нэг хэсэг хөдөлмөрийн чадвараа алдахад тулсан билээ. Би гэрээнийхээ дагуу 6 сарын хугацаанд сарын хүү болох 2 000 000 төгрөгийг Х.Оюундэлгэрийн дансанд сар болгон хийж байсан. Гэрээ дууссанаас хойш 10 сар өнгөрч байгаа буюу сарын алданги нь 200 000 төгрөг болж байна. Иймээс би шүүхээс гарсан 55 000 000 төгрөгтэй зөвшилцөхгүй байна. Надад тохиолдсон энэ явдлуудыг харгалзан үзэж, нийт 42 000 000 төгрөг төлж барагдуулахыг зөвшөөрнө үү. Би уг мөнгийг тодорхой заасан хугацаанд бага багаар төлөх болно. Анх гэрээ хийхдээ сарын хүүн дээрээ бага багаар хасуулж болох уу гэхэд бид мөнгө хүүлдэг хүмүүс учир боломжгүй доод тал нь 10 000 000 төгрөгөөр л хасна гэж байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ө.Б- нь хариуцагч С.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны алдангийн зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

Зохигчид 2018 оны 7 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ө.Б- нь сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл 0,5 хувиар алданги тооцохоор 40 000 000 төгрөгийг хариуцагч С.А-д зээлдүүлэх, хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Ө.Б- нь 40 000 000 төгрөгийг 2018 оны 7 сарын 10-ны өдөр хариуцагч С.А-гийн дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Хариуцагч С.А- нь 2018 оны 8 сарын 11-ний өдрөөс 2019 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүд 12 000 000 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээл 40 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ө.Б- нь талуудын байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг алдангийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй юм. /хх-ийн 7-12-р тал/

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч С.А-гаас үндсэн зээл 40 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгаж, алдангид 15 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо 40 000 000 төгрөгийг хүүтэй зээлдэж авахдаа, хоног тутамд биш сарын 0,5 хувийн алдангитай авсан гэх боловч хариуцагчийн энэхүү гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Талуудын байгуулсан гэрээ, зохигчдын тайлбараас дүгнэвэл хугацаа хэтэрвэл алданги 0,5 хувиар алданги тооцно гэж тохиролцсоноос бус сарын 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ. Талуудын тохиролцоо буюу гэрээгээр хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон нь үгийн шууд утгын хувьд хуулийн дээрх заалттай нийцэж байгаа буюу хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Түүнчлэн, хариуцагч нь давж заалдах гомдолдоо ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан анзын хэмжээг багасгаж өгнө үү гэх боловч хариуцагчийн дээрх нөхцөл байдал нь талуудын байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах, багасгах үндэслэл болохгүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

                   

             Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                 

                                         ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

                                                                                                 

Г.ДАВААДОРЖ