Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2020/03282

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр

  Дугаар 101/ШШ2019/03282

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Ө.Б

Хариуцагч: С.А

60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дүгэржав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, хариуцагч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дүгэржав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Б нь хариуцагч С.Атай 10 жилийн нэг ангид хамт сурч байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сараас эхлэн Ө.Б руу мөнгө зээлэх хүн байна уу гэж олон удаа утсаар ярьж асуусаар биечлэн уулзаж, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугаатай, барьцаагүй зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг С.Агийн 5114211349 дугаартай данс руу шилжүүлж, гэрээний дагуу 6 сарын хүү 12,000,000 төгрөгийг дүү Х.Оюундэлгэрийн дансаар хүлээн авсан.

Хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сүүлийн сарын хүүг шилжүүлж өгснөөс хойш утсаар яриахаар өнөө, маргаашгүй өгнө гэж байснаа сүүлдээ утсаа ч авахгүй, хаа байгаа нь мэдэгдэхгүй, үндсэн зээлээ ч төлөхгүй алга болсон учраас араас нь 3 сар гаран хөөцөлдөж байж олж уулзахад, ойрын хугацаанд төлж барагдуулна гэж хэлээд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны хооронд 6,000,000 төгрөг өгнө гэсэн бичгийг өөрийн гараар бичиж өгсөн боловч өгөөгүй.

Иймд хариуцагч С.Агаас үндсэн зээл 40,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч С.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ө.Бгаас 40,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. Хүүнд 12,000,000 төгрөг төлсөн. Уг 40,000,000 төгрөгийг талийгаач дүү Зоригтбаатарт 12,000,000 төгрөг, өөрийн төрсөн хүү Ононд 8,000,000 төгрөг, өөрөө 20,000,000 төгрөгийг хувааж авсан.

60,000,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Алдангийг төлөх боломжгүйг харгалзан үзэж 40,000,000 төгрөгийг жилийн хугацаатай төлөхийг зөвшөөрнө үү. Сар бүрийн тодорхой өдөр 4,000,000 төгрөгөөр төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч С.Ад холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын алдангийг төлөхөөс татгалзаж, талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Зээлдүүлэгч Ө.Б нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, зээлдэгч С.Ад 40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор зээлдүүлжээ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг хүүнд төлсөн талаар талууд маргаагүй, харин алданги 20,000,000 төгрөгийг хариуцагч төлөхөөс татгалзсан.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ нь эх хувиараа авагдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх боловч хариуцагч нь уг гэрээг нэг хувь үйлдэж, хүү, алданги төлөх нөхцөлтэйгээр зээл авснаа шүүхэд тайлбарлаж байх тул хэрэгт авагдсан 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэх, нотолгооны ач холбогдлыг үгүйсгэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дагуу алданги гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан 0,5 хувиар алдангийг тооцсон, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш анзын хэмжээг 50 хувиас хэтэрсэн хэмжээнд хүргэсэн хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, үүний улмаас алдангийн хэмжээ хэт ихэссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан алданги 20,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг хасч, анзыг багасгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан, хариуцагч С.Агаас 55,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Агаас улсын тэмдэгтийн хураамж 432,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.УНДРАА