Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 256

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Г- нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/03317 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Г- нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ю.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн шийдвэрээр Х.Г-, С.Отгон нараас зээлийн гэрээний үүрэгт 62 976 437 төгрөг гаргуулан, Хаан банкинд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрх шийдвэрийг төлбөр авагч Хаан банкны хүсэлтийн дагуу албадан гүйцэтгэж байгаа. Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгийг “Виннэр вэй” ХХК 2019 оны 6 сарын 12-ны өдөр 193 059 000 төгрөгөөр үнэлсэн байсан ба энэ үнэлгээний 70 хувь 135 141 300 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2019 оны 9 сарын 05-ны өдөр 10 цагт дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг өгсөн. Х.Г- үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байхад шийдвэр гүйцэтгэгч анхны албадан дуудлага худалдаанд 135 141 000 төгрөгөөр, 2 дахь албадан дуудлага худалдаанд 96 529 500 төгрөгөөр оруулан, Г.Ганзориг гэх хүн 99 800 000 төгрөгөөр худалдан авах болсон. Х.Г- нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны зам, 406 дугаар байрны 59 тоотын 4 өрөө орон сууцыг 193 059 300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байсан. Уг байр 2011 онд ашиглалтанд орсон бөгөөд тухайн хотхоны орон сууцыг 1 м.кв талбайг нь 2 500 000-3 000 000 төгрөгөөр худалдан борлуулж байна. Гэтэл хөрөнгийн үнэлгээний “Виннэр вэй” ХХК орон сууцны 1 м.кв талбайг нь 1 120 650 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 80 дугаар шийдвэрээр Х.Г-, С.Отгон нараас 63 519 469 төгрөгийг гаргуулж, Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 406 дугаар байрны 59 тоот, 118.44 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураан авсан. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний “Виннэр вэй” ХХК-иар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Талуудад хөрөнгийн үнэлгээг 2019 оны 6 сарын 13-ны өдрийн 4/14438 дугаар албан бичгээр мэдэгдсэн бөгөөд үнэлгээнд гомдол гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийг худалдан борлуулах 30 хоногийн хугацаа олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул Х.Г- нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н-т холбогдох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны Зам, 406 дугаар байрны 59 тоот хаягт байрлах, 118.44 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027591 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг 193 059 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Х.Г- нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Гантулга нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуул ёсны явагдаагүй, ялангуяа үнэлгээг хийлгэхдээ үнэлгээ хийлгэх компанийг томилсон тогтоолыг танилцуулаагүй, үнэлгээний мэдэгдэл буюу дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг танилцуулсан гэх боловч анхны дуудлага худалдаанд үнэлгээний үнийн 70%-иар оруулдаг болохыг танилцуулж ойлгуулаагүй зэрэг нь төлбөр төлөгч нарын эрхийг зөрчиж байна. “Виннэр вэй” ХХК-нь орон сууцыг 193 059 000 төгрөгөөр буюу 1 м.кв-ыг нь 1 120 650 төгрөгөөр үнэлэхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Тус байр нь 2011 онд ашиглалтанд орсон гэх боловч үнэлгээний тэнцлүүр болон үнэлгээний харьцуулалт нь өнөөдрийн зах зээлд нийцэхгүй үнэлгээнд тулгуурлаж хийснийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анхан шатны шүүхээс зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэдгээ нотлоогүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үнэлгээг хийхэд юуг анхаарсан, ямар үзүүлэлтээр тус байрыг үнэлсэн нь ямар баримтаар зах зээлээс хэт доогуур үнэлээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                       

 

Нэхэмжлэгч Х.Г- нь хариуцагч Н-т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/00080 дугаар шийдвэрээр Х.Г-, С.Отгон нараас 62 976 437 төгрөгийг гаргуулж, “Хаан банк” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд барьцааны эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны Зам, 406 дугаар байрны 59 тоот хаягт байрлах, 118.44 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027591 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 42-44-р тал/

 

Нэхэмжлэгч Х.Г- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Хаан банк” ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 сарын 18-ны өдөр 101/ГХ2018/00678 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 41-р тал/

 

Нэхэмжлэгч Х.Г-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хариуцагч Н- нь 2019 оны 01 сарын 11, 2019 оны 4 сарын 23-ны өдөр тус тус хүргүүлж, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны Зам, 406 дугаар байрны 59 тоот хаягт байрлах, 118.44 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027591 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг 2019 оны 01 сарын 11-ний өдөр битүүмжилж, 2019 оны 5 сарын 17-ны өдөр хураасан байна. /хх-ийн 46-49, 51-52-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор нэхэмжлэгч Х.Г-ас үнийн санал авахад тэрээр 296 000 000 төгрөг гэж санал өгсөн ч төлбөр авагч “Хаан банк” ХХК нь шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 53 ,55-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь “Виннэр вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь орон сууцыг 193 059 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд үнэлгээг нэхэмжлэгч Х.Г-д 2019 оны 6 сарын 13-ны өдөр мэдэгдсэн байна. Улмаар нэхэмжлэгч Х.Г- өөрийн хөрөнгийг 1 сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасантай нийцсэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 56-78-р тал/

 

            Нэхэмжлэгч Х.Г- нь 1 сарын хугацаанд орон сууцыг бие даан худалдан борлуулж чадаагүй тул хариуцагч Н- нь шинжээчийн тогтоосон үнэ 193 059 000 төгрөгийн 70 хувь 135 141 300 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь 96 529 500 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2019 оны 9 сарын 25-ны өдрийн дуудлага худалдаагаар орон сууц 99 800 000 төгрөгөөр худалдан борлогджээ. /хх-ийн 81-88-р тал/

 

            Хариуцагч байгууллага нь шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Х.Г-д 2019 оны 6 сарын 13-ны өдөр мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байна. /хх-ийн 77-р тал/  

 

                        Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх боловч энэхүү тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлогдоогүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

           

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/03317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ                                             

                                         ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ