Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03156 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ж-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н-т холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1 037 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н- нь “Ж-” ХХК-ийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлттэй нөхцөлөөр худалдан авч, өөрийн ажиллуулдаг MGL нэртэй караокед худалдан борлуулж, ашиг олдог байсан. “Ж-” ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 1 037 000 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулах талаар албан шаардлагыг 2019 оны 8 сарын 06-ны өдөр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. MGL нэртэй караокег өмнө нь н.Батсүх гэдэг хүн түрээсэлж байгаад дамжуулан, Б.Н- түрээсэлсэн байсан. Манай байгууллагын худалдааны зөвлөхүүд итгэлцлийн хүрээнд бараа материалыг зээлээр өгч дараа нь тооцоо хийдэг. Б.Н- яг энэ байдлаар бараа материал зээлээр худалдан авч байгаад 2019 оны 5 сарын 10-ны өдөр худалдааны хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас өмнөх тооцоог хүлээн зөвшөөрөхгүй хэмээн хариу тайлбараар татгалзсан боловч энэ нь тооцооны баримтаар бараа авч байсан гэдэг нь нотлогдох болно. Иймд Б.Н-ээс бараа материалын зээлээр авсан 1 037 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Ж-” ХХК-тай 2019 оны 5 сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2019 оны 5 сарын 24-ний өдөр 151 200 төгрөгийн бараа захиалж, авсныг хүлээн зөвшөөрч байна. Гэрээ байгуулахаас өмнөх 2019 оны 5 сарын 01-ний өдөр захиалсан барааг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 5 сарын 01-ний өдрийн 803 400 төгрөг, 5 сарын 05-ны өдрийн 84 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь: манайх 2019 оны 5 сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Н-ээс 1 037 000 төгрөгийг гаргуулж, “Ж-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Н- миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийн 887 400 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. 2019 оны 5 сарын 01-ний өдрийн 803 400 төгрөг, 5 сарын 02-ны өдрийн 84 000 төгрөг, нийт 887 400 төгрөгийн барааг авсан гэх нотлох баримтыг буруу үнэлсэн. Бодит байдал дээр хариуцагч талын гаргаж өгсөн баримтад миний хүлээн авсан гэх гарын үсэг байдаггүй. Тухайн үед би хөдөө яваад ирсэн бөгөөд бараа материалд тооллого хийхэд нэмэгдэж ирсэн бараа байгаагүй. Миний хүлээж аваагүй барааг хүлээн авсанд тооцож, надаас 887 400 төгрөг гаргуулах болсонд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Ж-” ХХК нь хариуцагч Б.Н-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1 037 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

            Зохигчид 2019 оны 5 сарын 10-ны өдөр худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Ж-” ХХК нь стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хариуцагч Б.Н-т бэлнээр болон зээлээр нийлүүлэх, хариуцагч нь худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сардаа багтаан төлбөрийн нэхэмжлэхийн дагуу бүрэн барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, худалдааны хамтын ажиллагааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 26-р тал/

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч “Ж-” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1 037 000 төгрөгийг хариуцагч Б.Н-ээс шаардсан боловч хариуцагч нь 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 151 200 төгрөгийг зөвшөөрч, хавтаст хэргийн 35-36 дугаар талд авагдсан 84 000 төгрөгийн болон 803 400 төгрөгийн барааг хүлээн аваагүй, баримтад гарын үсэг зураагүй гэж уг мөнгийг төлөхөөс татгалзсан тул нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь худалдан авагчийн өмчлөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэн өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 35-36 дугаар талд авагдсан баримтаар нэхэмжлэгч “Ж-” ХХК-ийг хариуцагч Б.Н-т 2019 оны 5 сарын 01-ний өдөр 803 400 төгрөгийн, 5 сарын 02-ны өдөр 84 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэн өгсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагч Б.Н- нь нэхэмжлэлийн шаардлагаас 151 200 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэгдэл 885 800 төгрөгийг төлөхөөс татгалзсан нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ буюу 151 200 төгрөгийг хариуцагч Б.Н-ээс гаргуулж нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 885 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03156 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-ээс 151 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 885 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 186 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                 

                                                ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ                                                                                            

                                                                                                           Г.ДАВААДОРЖ