Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2019/03156

 

 

 

 

2019 оны 11 сарын 13 өдөр         Дугаар 101/ШШ2019/03156           Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Жем трейд ХХК-ийн байранд байрлах “Ж Т” ХХК/рд: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ШШГЕГ-ын 00 дугаар байр А-00 тоотод оршин суух хаягтай овогт Б.Н /рд: /-ийн нэхэмжлэлтэй

1,037,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Н нэхэмжлэгч “Ж Т” ХХК үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлттэй нөхцөлөөр худалдан авч өөрийн ажиллуулдаг MGL нэртэй караокегоор дамжуулан худалдан борлуулж ашиг олдог байсан. Жем трейд ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ төлбөр болох 1,037,000 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулах талаар албан шаардлагыг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. MGL нэртэй караокег урд нь н.Батсүх гэдэг хүн түрээсэлж байгаад дамжуулан Б.Н түрээсэлсэн байсан. Манай байгууллагын худалдааны зөвлөхүүд итгэлцлийн хүрээнд бараа материалыг зээлээр өгч дараа нь тооцоо хийдэг. Б.Н яг энэ байдлаар бараа материал зээлээр худалдан авч байгаад 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Худалдааны хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас өмнөх тооцоог хүлээн зөвшөөрөхгүй хэмээн хариу тайлбараар татгалзсан боловч энэ нь тооцооны баримтаар бараа авч байсан гэдэг нь нотлогдох болно. Иймд Б.Нээс бараа материалын зээлээр авсан 1,037,000 төгрөгийг гаргуулж өгөн үү гэв.

Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “Ж Т” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 151,200 төгрөгийн бараа захиалж авсныг хүлээн зөвшөөрч байна. Гэрээ байгуулахаас өмнөх 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр захиалсан барааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 803,400 төгрөг, 5 дугаар сарын 05-ны өдрийн 84,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь: манайх 2019 оны 5 дугаар сарын   10-ны өдөр гэрээ байгуулсан гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ж Т” ХХК нь хариуцагч Б.Н-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,037,000 төгрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч 151,200 төгрөгийн шаардлагыг зөвшөөрнө, 887,400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдыг шүүхэд өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Зохигчдын хооронд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулж хамтран ажиллаж байсан талаар маргахгүй байна.

          Хариуцагч Б.Н нь “Ж Т” ХХК-иас архи, ундаа, усны төрлийн бүтээгдэхүүнийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 803,400 төгрөгийн, 5 дугаар сарын 02-ны өдөр 84,000 төгрөгийн, 5 дугаар 24-ний өдөр 151,200 төгрөгийн нийт 1,038,600 төгрөгийг бүтээгдэхүүн хүлээн авсан нь №71, №81, №402 тоот зарлагын падаанаар нотлогдож байна./хх-ийн 34-36 дугаар талууд/

Хариуцагч Б.Н дээрх тооцооноос 887,400 төгрөгийн тооцоог хүлээн зөвшөөрөхгүй, 151,200 төгрөгийн барааг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлажээ. /хх-5-6, 22 дугаар талууд/

Хавтас хэрэгт авагдсан “Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний тайлан” /2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30/-гаас үзэхэд хариуцагч Б.Н нь “Ж Т” ХХК-иас зээлээр бүтээгдэхүүн худалдан авч, мөнгийг  төлж, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ гэж үзэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдагч худалдан авах гэрээгээр Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа нийлүүлэх, худалдан авагч нь  худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч нэхэмжлэгчид бүтээгдэхүүнийг үнийг төлөх үүрэгтэй.

Хариуцагч “Ж Т” ХХК–иас архи, ундаа, усны төрлийн бүтээгдэхүүнийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 803,400 төгрөг, 5 дугаар сарын 02-ны өдөр 84,000 төгрөгийн бүтээгдэхүүний үнийг төлөхөөс татгалзсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Б.Нэс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1,037,000 төгрөгийг гаргуулж “Ж Т” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Элжигэн овогт Б.Н/РД: /-ээс 1,037,000 төгрөгийг гаргуулж “Ж Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ГАНЧИМЭГ