Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0895

 

 

 

 

 

 

 

 

     2023          11           27                                  128/ШШ2023/0895

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн  2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Оргилмоунт” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “MV-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажилд гарсан зардлыг ам.доллароор шилжүүлэн тооцож байгаа буюу тухайн үеийн гэрээнд бичигдсэн дүн болох 46,836,653 төгрөгөөр тооцохоос татгалзаж байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусад тооцож, илүү төлсөн зөрүү 71,947,012 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сэргэлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунболд, гэрч Д.Маасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс анх 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Ашигт малтмалын газар болон “Оргилмоунт” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ХАЗ-2016/04/26 дугаартай “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах, хайгуулын ажилд гарсан зардлыг ам.доллароор тооцон авсан хариуцагчийн үйлдлийг хууль бусад тооцож, 46,836,653 төгрөгөөр тооцож, зөрүүг буцаан төлөх шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2023/6173 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.

3. Нэхэмжлэгч компаниас 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, тодруулж “МV-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажилд гарсан зардлыг 46,836,653 төгрөгөөр тооцож, илүү төлсөн зөрүү 71,947,012 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэж ирүүлсэн.

4. Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ирүүлэх тухай” 1/8604 дүгээр албан бичгийн дагуу “МV-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажилд гарсан зардлыг ам.доллароор шилжүүлэн тооцож байгаа буюу тухайн үеийн гэрээнд бичигдсэн дүн болох 46,836,653 төгрөгөөр тооцохоос татгалзаж байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусад тооцож, илүү төлсөн зөрүү 71,947,012 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэж эцсийн байдлаар тодруулан ирүүлжээ.

5. Нэхэмжлэгч компаниас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... “Оргилмоунт” ХХК нь хуучин нэрээр Ашигт малтмалын газар, одоогийн Ашигт малтмал, газрын тосны газартай 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ХАЗ-2016/04/26 дугаартай “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлүүлэх тухай гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын Мандал, Тэгшийн алтны шороон орд дээр байрлах МV-015651 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд улсын төсвөөс хийгдсэн хайгуулын ажилд зарцуулсан зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээр нөхөн төлүүлэх харилцааг зохицуулсан. Хариуцагч байгууллагын зүгээс 1979-1980 он, 1986-1988 онуудад улсын төсвөөс хайгуулын ажилд 58,980,53 төгрөг зарцуулсан, үүнийг Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан аргачлалаар 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тооцоолон бодож 46,836,623 төгрөгөөр тооцон гаргажээ.

Улмаар энэхүү төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оргилмоунт” ХХК хийх талаар гэрээ байгуулсан. Хэдийгээр талуудын эрх бүхий төлөөлөл гарын үсэг зурсан боловч бодит байдалд “энэхүү гэрээг байгуулснаар 2016 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулж болно” гэсэн шахалт, шаардлага байсан. Тухайн үед уулын ажлын төлөвлөгөө батлуулж чадахгүй хугацаа алдвал уурхай, үйлдвэрлэлийн ажил хийгдэх боломжгүй болох учир гэрээнд арга буюу гарын үсэг зурсан.

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль баталсан. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т: “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасан мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т: “үндэсний мөнгөн тэмдэгт” гэж төгрөгийг ойлгохыг мөн тодруулан тусгажээ. Эндээс харахад төрийн байгууллага ч тэр гэрээ байгуулах, үнэ тогтоох, илэрхийлэх, төлбөр тооцоо гүйцэтгүүлэхдээ зөвхөн “төгрөг” буюу үндэсний мөнгөн тэмдэгт ашиглахаар байгаа тул “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай гэрээ”-ний төлбөрийг ам.доллароор тогтоосон нь хууль зөрчсөн явдал болсон байна. Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлд бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй бол олсон хөрөнгө орлогыг хураах, торгох хариуцлага хүлээлгэхээр заасан.

Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журам” баталсан байдаг ба Ашигт малтмалын газар /тухайн үеийн нэрээр/ энэхүү журамд заасан аргачлалын дагуу улсын төсвөөс 46,836,653 төгрөг гарсныг тогтоосон. Харин дээрх журамд тооцон гаргасан төлбөрийг ам.долларт шилжүүлэх, ам.доллароор төлөх тухай огт заагаагүй. Эндээс харахад ХАЗ-2016/04/26 дугаартай “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай гэрээ”-ний төлбөрийг ам.доллароор тогтоосон хэсэг нь хууль зөрчсөн байна. Улмаар захиргааны байгууллага хайгуулын ажлын зардлыг ам.доллароор тооцон шаардан авсан нь хууль бус юм.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн харьяаллын тухайд, Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 1/1711 дугаар мэдэгдлийг “Оргилмоунт” ХХК-д ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлдээ “Оргилмоунт” ХХК-ийг улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай гэрээний дагуу төлбөр, алданги төлөхийг шаардсан бөгөөд түүний үр дагавар буюу мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.9-т зааснаар эзэмшдэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар дурджээ. Компанийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан “гэрээнд төлбөрийн хэмжээг илэрхийлэхдээ ам.доллар болон төгрөгөөр аль алинаар нь илэрхийлсэн байх боловч одоо ам.долларт тооцон төлөхийг шаардаж байгаа нь хууль бус тул гэрээнд заасан төгрөгийн хэмжээгээр төлбөрийг төлье” гэх хүсэлтийг гаргасан. Гэвч хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 05 дугаар сарын 10-ний өдөр “гэрээнд ам.доллароор төлөхөөр тусгасан тул ам.доллароор төл” гэж шаардсан. Ингээд тусгай зөвшөөрлөө цуцлуулахгүйн тулд арга буюу ам.долларыг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн албан ханшид тооцон 118,783,665 төгрөгийг Ашигт малтмал,газрын тосны газарт төлсөн.

“Оргилмоунт” ХХК нь хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр төлсөн төлбөрийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь захиргааны гэрээний маргаан тул иргэний хэргийн шүүхийн харьяаллын бус, захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх ёстой гэж дүгнээд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2023/08310 дугаар шүүгчийн захирамжаар  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Иймд “Оргилмоунт” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэлийн

шаардлага гаргасан. “Улсын төсвөөс гаргасан хайгуулын ажлын зардлыг нөхөн төлүүлэх тухай” гэрээний ам.доллароор төлбөр төлөхийг шаардаж байгаа шаардлага нь хууль бус бөгөөд “Оргилмоунт” ХХК-ийн зүгээс төгрөгөөр төлөхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг шүүхээр тогтоолгож, илүү төлсөн зөрүү мөнгө болох 71,947,012 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах” шаардлагыг бүхэлд  нь хангаж өгнө үү” гэв.

6.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар,

шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших Мандалын голын адаг нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын 4352Х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 205 дугаар шийдвэрээр “Монголын алт” /МАК/ ХХК-д олгосон байна. Монголын алт /МАК/ ХХК нь ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг хянан үзээд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр ашигт малтмал ашиглалтын MV-015651 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон. Ашигт малтмалын MV-015651 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр шийдвэрээр “Оргилмоунт” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын газар, “Оргилмоунт” ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар

сарын 06-ны өдрийн ХАЗ-2016/04/26 дугаар бүхий Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай гэрээг байгуулсан. Тус гэрээний 1-р зүйлд зааснаар 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Монголбанкны албан ёсны ханш /1 доллар 2049.39 төгрөг/  үндэслэн тооцоход 22,853, 95 ам.доллар болохыг хоёр тал хүлээн зөвшөөрч гэрээний 2.1-д “...эсвэл шууд америк доллароор төлнө” гэж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэхэмжлэгч тал ХАЗ-2016/04/26 дугаартай “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай гэрээ”-ний төлбөрийг ам.доллароор тогтоосон хэсэг нь хууль зөрчсөн гэж үзээд төрийн захиргааны байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 023/003 дугаартай албан бичгийг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11/2361 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. “Оргилмоунт” ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрийн сангийн 100900000722 дугаар дансанд 118,783,665 төгрөгийг тушаасан.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2. “Хуулиар хориглоогүй бол талууд

мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.“Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3-т “Нөхөн төлбөр хийсэн баримт бичигтэй танилцан төлбөрийн хэмжээ үнэн зөв эсэхийг магадлахдаа төлбөр хийсэн өдрийн америк доллар ба төгрөгийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшийг баримтална” гэж заасан. Нэгэнт талууд гэрээ ёсоор хүлээсэн үүргээ биелүүлж дээрх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн өдрийн ханшаар тооцож төлсөн нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй.

Гэрээний үнийн дүнтэй холбоотой маргаан нь  захиргааны шүүхийн хянан шийдвэрлэх харьяаллын бус хэрэг байх тул иргэний журмаар гомдол гаргах нь зүйтэй. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.“Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1. “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсон байгаагаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй баримтаар тогтоогдоогүй бөгөөд хуулийн дагуу гаргасан өргөдлийг төрийн захиргааны байгууллага шийдвэрлээгүй орхигдуулсан үйл баримт байхгүй.

Иймд нэхэмжлэгч холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3. “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэг талаас Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/ нөгөө талаас ашигт малтмалын MV-015651 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч улсын бүртгэлийн гэрчилгээний 9011521014 дүгээрт, регистрийн 5912245 дугаарт бүртгэлтэй “Оргилмоунт” ХХК-ийн нарын хооронд Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших Мандал, Тэгшийн алтны шороон орд дээр улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх гэрээ буюу 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай ХАЗ-2016/04/26 дугаар гэрээ ёсоор гидрогеологийн ажил, зураглалын ажлын зардлын нийт хэмжээг тооцохдоо Мандал, Тэгшийн алтны шороон орд дээр байрлах МV-045651 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 1979-1980, 1986-1988 онд улсын төсвөөс нийтдээ 58,980,53 төгрөгийн зардал гарсны ногдох хэмжээг үндэслэн Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан аргачлалын дагуу тооцоход 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 46,836,652.91 төгрөг, үүнийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Монголбанкны албан ёсны ханшийг /1 доллар=2049,39/ үндэслэн тооцоход 22,853,95 ам.доллар болж байгааг хоёр тал харилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулжээ.

3. Дээрх гэрээгээр гидрогеологийн ажил, геологийн зураглалын ажлын зардлуудыг улсын төсөвт эргүүлэн нөхөн төлөх нөхцөл, үе шат, төлбөрийн хэмжээ, хүлээх хариуцлагыг заахдаа тухайлбал, гэрээний 2 дугаар зүйлийн 1. “Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан зардлыг 1 жилийн хугацаанд төлөх бөгөөд төлбөр хийх өдрийн төгрөг, америк долларын ханшаар тооцож төгрөгөөр эсвэл шууд америк доллароор төлнө”, 3 дугаар зүйлийн 3. “Нөхөн төлбөр хийсэн баримт бичигтэй танилцан төлбөрийн хэмжээ үнэн зөв эсэхийг магадлахдаа төлбөр хийсэн өдрийн америк доллар ба төгрөгийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшийг баримтална” зэргээр зохицуулжээ.

4. Нэхэмжлэгч талаас “улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай гэрээний төлбөрийг ам.доллароор тогтоосон нь хууль зөрчсөн явдал болсон, уг зардлыг төгрөгөөр төлөхийг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус” хэмээн тайлбарлаж, Тодорхойлох хэсгийн 4-5-д заасан үндэслэлээр маргасан бол хариуцагчийн зүгээс “гэрээ ёсоор хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн өдрийн ханшаар тооцож төлсөн нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, гэрээний үнийн дүнтэй холбоотой маргаан нь захиргааны шүүхийн харьяаллын бус, төрийн захиргааны байгууллагад шийдвэрлээгүй орхигдуулсан үйл баримт байхгүй, нэхэмжлэгч холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй” зэргээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.“Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газраас олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг олборлолт явуулж эхэлсэн хугацаанаас эхлэн гэрээний үндсэн дээр улсын төсөвт буцааж нөхөн төлнө”, 60.5. “Нөхөн төлбөр хийх гэрээнд төлбөрийн нийт хэмжээ, хугацаа, жил бүр хийх төлбөрийн хэмжээг тус тус тусгана”, 60.6.“Жилд төлөх нөхөн төлбөрийн хэмжээг тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд тулгуурлан тогтооно” гэж заасны дагуу “Оргилмоунт” ХХК-ийн МV-015651 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд багтсан улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийн талаар 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тооцож хянахдаа: “нийт улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын нөхөн төлбөр 46,836,652.91 төгрөг /дөчин зургаан сая найман зуун гучин зургаан мянга зургаан зуун тавин хоёр төгрөг ерэн нэгэн мөнгө/ буюу 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Монголбанкны албан ёсны хаалтын ханшийг үндэслэн тооцоход 22,853.95 /хорин хоёр мянга найман зуун тавин гурван ам.доллар ерэн таван цент/ болж байна” гээд уг нөхөн төлбөрийн гэрээний хавсралт №1-д “2016 оны 3 дугаар улирал, төлбөл зохих 22,853.95” гэжээ.

            6. Үүнээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2. “дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно”, 52.2.5. “хуульд өөрөөр заасан бусад харилцаанд” гэж заасны дагуу захиргааны гэрээнд тооцогдохоор, харин Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.8. “Нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журмыг Засгийн газар батална”, Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журам”-ын 21-д: “Гэрээнд заасан үүргийн биелэлт болон бусад асуудлаар гарсан маргааныг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ” гэж зааснаар маргааны зүйлийн хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх шаардлагагүй байна.

7. Иймээс, хариуцагчийн “захиргааны шүүхийн харьяаллын бус, дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй” гэх тайлбарыг хүлээн авсангүй.

8. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 023/003 дугаар албан бичгээр “2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ХАЗ-2016/04/26 дугаартай “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай гэрээ”-ний нөхөн төлбөрийн хэмжээг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгөөр илэрхийлэн шинэчлэн байгуулах, эсвэл өөрчлөлт оруулах”-аар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад, хариуцагчаас “тухайн үед байгуулагдсан нөхөн төлбөрийн гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч тогтоосон төлбөрийг ам.доллароор төлөх үүрэгтэй байхаар, ...нөхөн төлбөрийг ам.доллароор төлж барагдуулахыг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон, ... гэрээний үүргээ биелүүлж ажиллах” талаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 11/2361 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн.

9. Ингэснээр улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардалд гарсан төлбөрийг нөхөн төлөх тухай гэрээний үүргээ биелүүлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрийг америк доллароор, эсхүл үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх үү гэдэг нь маргаан дагуулж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс ханшийн зөрүүний алдагдал нь хохирол үүсгэж буйг тайлбарласан.

10. Нэхэмжлэгч нь дээр дурдсан 22,853.95 ам. долларыг монгол төгрөгт шилжүүлснээр 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 118,783,665 /нэг зуун арван найман сая долоон зуун наян гурван мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийн төлбөрийг банкаар дамжуулан төрийн сангийн орлогод төвлөрүүлсэн. /хх-ийн 37/

11. Энэ төлбөрт, Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.7. “Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон алданги ногдуулна” гэж зааснаар гэрээний дүн болон өнгөрсөн хугацаан дахь алдангийг тооцсон гэж шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрчээс тайлбарлаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1711 дугаар мэдэгдэлд заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.9. “Нөхөн төлбөр төлөх гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагаас авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 60.1, 60.7-д заасан нөхөн төлбөр, алдангийг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах” гэснээр “Оргилмоунт” ХХК-ийн MV-015651 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно гэж үзсэн.

12. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2. “үндэсний мөнгөн тэмдэгт гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд төгрөгийг англи хэл дээр “Togrog”, товчлолыг “MNT” гэж бичнэ”, мөн хуулийн 4 дүгээр зүйл. “Үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээ”, 4.1. Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж,

            13. Иргэний хуулийн 217 дугаар зүйл. “Төлбөр гүйцэтгэх мөнгөн тэмдэгт”, 217.1. “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, 217.2. “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно”, 218 дугаар зүйл. “Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш” 218.1. “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” 218.2. “Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж тус тус зохицуулсан.

            14. Гэрээний үнийг ам.доллароор тооцож төлбөл зохих хугацаа /2016 оны 3 дугаар улирал/-аас хойш даруй долоон жилийн дараа төлүүлэхдээ Гэрээний 3 дугаар зүйлийн 3-д: “төлбөрийн хэмжээ үнэн зөв эсэхийг магадлахдаа төлбөр хийсэн өдрийн америк доллар ба төгрөгийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшийг баримтална” гэж зааснаар төлүүлсэн нь учир дутагдалтай гэж үзэв.

15. Учир нь дээрх хуулиудын агуулгаас үзэхэд, нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондын тухайн захиргааны гэрээ байгуулагдах үед Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тодруулбал, маргаан бүхий энэ тохиолдолд гэрээний төлбөр нь улсын төсөвт төлөхөөр байхад мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. “улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглох”-оор хатуу заасантай нийцээгүй гэж үзэхээр, түүнчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.“банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэж заасанд хамаарахгүй буюу мөн хуулийн 4.1-д заасан хатуу зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр, үүгээрээ Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2. “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэж заасны дагуу хуулийн хориглосон зохицуулалтад хамаарч байна.

16. Хариуцагч захиргааны байгууллага 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай” ХАЗ-2016/04/26 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.7.“Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон алданги ногдуулна”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. “Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу 22,853.95 долларын 50% нь 11,426.98 ба нийт дүн нь 34,280.93 доллар үүнийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Монголбанкны албан ханш /1$=3645₮/-аар тооцож 118,783,665.00 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлсэн гэдэг, энэ талаар гэрчийн тайлбарт дурдагддаг.

17. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.9. “Нөхөн төлбөр төлөх гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагаас авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 60.1, 60.7-д заасан нөхөн төлбөр, алдангийг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, ...” гэж заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлөө цуцлуулахгүйн тулд уг төлбөрийг төлсөн гэж тайлбарладаг.

18. Харин шүүх, нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 023/003 дугаар албан бичгээр хандсан “нөхөн төлбөрийн хэмжээг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгөөр илэрхийлэн шинэчлэн байгуулах, эсвэл өөрчлөлт оруулах” хүсэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. “...гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол гэрээнд өөрчлөлт оруулахаар шаардах эрх”-ээ хэрэгжүүлснийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус эс үйлдэхүй байна гэж үзэв.

 19. Иймд Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журам”-ын 17. “Хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцон тогтоож гэрээ байгуулах үйл ажиллагаа болон төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж хооронд байгуулсан гэрээний биелэлтэд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, улсын мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина”, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14. “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

20. Шүүх, хариуцагчийн МV-015651 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажилд гарсан зардлыг ам.доллароор шилжүүлэн тооцож байгаа буюу тухайн үеийн гэрээнд бичигдсэн дүн болох 46,836,653 төгрөгөөр тооцохоос татгалзаж байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзсэний үр дагаврыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7. “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасны дагуу шийдвэрлэж, хариуцагч захиргааны байгууллагад 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай” ХАЗ-2016/04/26 дугаар гэрээнд бичигдсэн /2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар/ дүн болох 46,836,652.91 /дөчин зургаан сая найман зуун гучин зургаан мянга зургаан зуун тавин хоёр төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийн төлбөрийг төлүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.7, Гэрээний 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тооцон төлүүлж, нэхэмжлэгчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн гүйлгээгээр шилжүүлсэн 118,783,665.00 төгрөгөөс илүү төлөгдсөнийг нь буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэв. Энэ нь захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан асуудал биш бөгөөд нөхөн төлбөрийн мөнгөн дүн дээр маргаантай гэж үзэж иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр заах боломжгүй, шүүхийн шийдвэр биелэгдэхүйц байх зарчмыг хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангуулж, шүүхээс дахин нотлох баримт цуглуулахад “баримтууд гарч ирэхгүй” гэх хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн “бүх зүйл амаар ярьж явдаг байсан” гэх тайлбар, гэрч Д.Маасүрэнгийн “коронавируст /ковид-19/ халдварт өвчнөөс шалтгаалан ажил хийхгүй байсан” гэх тайлбар зэрэг үйл баримтуудыг үнэлж шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

21. Нэхэмжлэгчийн “илүү төлсөн зөрүү 71,947,012 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь уг мөнгөн дүн бүхий төлбөр нь гэрээний төлбөрөөс илүү төлөгдсөн талаарх асуудал биш бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нөхөн төлбөрийн гэрээний биелэлтийн тооцооллыг ам.доллароор төлүүлсэнтэй холбоотой маргаан бөгөөд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. “...тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг ...гэрээний үндсэн дээр улсын төсөвт буцааж нөхөн төлөх”-дөө мөн хуулийн 60.7. “Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон алданги ногдуулах”-аар хуульчилсныг биелүүлэх үүрэгтэй байна.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.“нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэл гаргагчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 60 дугаар зүйлийн 60.1, 60.7, 60.8, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.3, 52 дугаар зүйлийн 52.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Оргилмоунт” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “ашигт малтмалын МV-015651 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажилд гарсан зардлыг ам.доллароор шилжүүлэн тооцож байгаа буюу 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ХАЗ-20160426 дугаар нөхөн төлбөрийн гэрээнд бичигдсэн дүн болох 46,836,653 төгрөгөөр тооцохоос татгалзсан” хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “илүү төлсөн 71.947,012.09 төгрөгийг буцаан төлөхийг хариуцагчид даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай” ХАЗ-2016/04/26 дугаар гэрээнд бичигдсэн гэрээний төлбөр 46,836,652.91 төгрөгөөс ногдох алдангийг Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.7, Гэрээний 2 дугаар зүйлийн 4-д зааснаар тооцон нөхөн төлүүлж, нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгээр төлсөн төлбөрийн дүнгээс илүү гарсан төлбөрийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд буцаан шилжүүлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             У.БАДАМСҮРЭН