Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 0516

 

                                                      Б.О-ын нэхэмжлэлтэй

                                                   захиргааны хэргийн тухай

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагч Д.Э нарыг оролцуулан хийж, Төв  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2017/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.О-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2017/0008 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 19 дүгээр зүйлийн 19.2, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-аас гаргасан “Баян сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, Б.О-ыг Төв аймгийн Баян сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 2017 оны 01 дүгээр сарын сүүлийн цалинд 192 165, 2, 3, 4 дүгээр сарын цалинд 2 352 993 төргөрийг тус тус гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О давж заалдах гомдолдоо: Миний бие Биндэръяа овогтой Отгонжаргал нь Төв аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2017/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2-т "Тухайн хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлэх, тухайн хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах" гэж хурлын даргын нийтлэг бүрэн эрхэд заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр, хариуцагчийн тайлбарт нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичиг Б.О намайг ИТХ-ыг хуралдуулаагүй, мөн хуралдуулаагүй байхад тогтоол гаргасан зэргээр буруутгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийн асуудлыг ИТХ-ын нарийн бичигт хамааруулж шийдвэртээ тусгасан байна. Мөн Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь улс төрийн зорилгоор хандаж дүгнэлт гаргасан. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтын хамрах хүрээ нь сумын ИТХ буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлыг бүхэлд нь хамруулж авч үзэх ёстой. Энэ байгууллагын ажлыг ИТХ-ын нарийн бичиг дангаараа төлөөлөхгүй. ИТХ-ын хуралдааны чөлөөт цагт, хурлын байнгын, тасралтгүй үйл ажиллагааг Хурлын Тэргүүлэгчид хангах ёстой./Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9-р зүйлийн 9.2/ Гэтэл 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ-ын 21 төлөөлөгчийн олонх нь буюу 12 төлөөлөгч нь МАН-аас, 1 төлөөлөгч МАХН-аас, 8 төлөөлөгч нь АН-аас тус тус сонгогдсон, харин ИТХ-ын дарга нь цөөнх буюу АН-аас сонгогдсон төлөөлөгч Н.Амгалан нь ИТХ-ын даргаар томилогдсон юм. Энэ байдлаас шалтгаалан сумын ИТХ нь даргаа үл ойшоон хурал зарласан ч хуралдаандаа ирдэггүй, хурлын ирц хүрдэггүй учраас хурал нь байнга хойшилдог байсан. Иймд сумын ИТХ буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажил нь иргэдээсээ сонгогдсон хурлын төлөөлөгчдийн үйл ажиллагаагаар хэмжигддэг. Энэ байгууллагын зохион байгуулалт үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байдаг./Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1/ ИТХ-ын дарга хуралдааныг товлон зарлаж хуралдуулдаг. Хурлаас гарсан тогтоол нь хамтын шийдвэр байдаг. Үүнд хурлын дарга гарын үсэг зурж ёсчилдог. Харин ИТХ-ын хурлын нарийн бичиг нь ИТХ-аас гарсан шийдвэрийг албан бичиг хэргийн стандартын дагуу боловсруулж хурлын даргаар гарын үсэг зуруулж эцэслэн албажуулах үүрэгтэй. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь ИТХ-ын даргын бүрэн эрхийн асуудлыг ИТХ-ын нарийн бичигт хамааруулж хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Тухайн үед гэрчийн мэдүүлэг авахдаа ИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Амгалангаас мэдүүлэг огт аваагүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д "төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" үүрэгтэй гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь нотлогдохгүй байна. Мөн дээрх шалтгаанаар улс төржиж тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр халсан явдалд гомдолтой байна. Иймд миний бие Биндэръяа овогтой Отгонжаргал нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2017/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2017/0008 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нотлох баримтаар Д.Отгонжаргалыг ажлаа муу хийсэн халах үндэслэлүүд болох бичгийн нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байсан болно. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч бидэнд мэдэгдэлгүйгээр Баян сумын ИТХ түүний Тэргүүлэгчид түүний аппарадын өмнөх онуудын баримт бичгүүдийг шалгаж гэрчээр оролцох хүмүүсээс гэрчийн мэдүүлгүүдийг авч хавтаст хэрэгт нотлох баримт болгон хавсаргасан байгаа нь Д.Энхтайван даргын саналаар дээрх ажлыг хийсэн байгаа нь Б.О намайг зориудаар буруутгасан үйлдэл болсон байна би гэрчийн мэдүүлэг болон шүүхээс Баян суманд очиж бүрдүүлсэн баримтуудтай танилцаагүй, манай өмгөөлөгч танилцаагүй байна би энэ шүүхээс үзлэг хийж хавтас хэрэгт хавсаргасан баримт бичгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж нэхэмжлэгч Б.О шүүх хуралд тайлбарласан болно. Анхан шатны шүүх Баян суманд очиж ИТХ-ын материалуудтай танилцаж шалгахдаа өмгөөлөгч надад мэдэгдээгүй Захиргаанй хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугааар зүйлийн 7.2-т /шүүх нотлох зарчим-н 2дох заалт... хэргийн оролцогч нарыг нотлох баримт гаргаж өгөх талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй/ мөн хуулийн 20 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, 106 дугаар зүйл /шүүхийн шийдвэр түүнийг гаргах/ 2 дахь заалт шийдвэр хууль ёсны байна 3.1 дэх заалт захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжпэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох зэрэг заалтуудыг ноцтой зөрчиж үйл явдалд хууль зүйн талаас нь бодитой үнэн зөв дүгнэлт хийгээгүй байна гэж үзэж байна. Шүүхээс дээрх гэрчүүд болох Тэргүүлэгчдийг шүүх хуралд оролцох гэрчүүдийг хурлын үед асууна гэж шийдвэрлэсэн мөртлөө биднийг оролцуулаагүйгээр гэрчүүдээс мэдүүлэг тайлбар авсан байна хавсаргасан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй шахам өмнөх урьд онуудын хурлын байгууллагуудын бичиг баримтаас Б.О-ын эрх зүйн байдлыг дордуулах үүднээс тайлбар авалгүйгээр шүүхэд нотлох баримтуудаар авсан зэрэг нь нэхэмжлэгчийг илт буруултгаж нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Б.О-ыг ажлаас халсан үйл явдал нь Төрийн албаны тухай хуулийн 13-р зүйл, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчын сахилгын шийтгэл ноогдуулах журам”-ыг ноцтой зөрчсөн талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Б.О-ыг буруутгаж энэ нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байна гээд Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 62 дугаар тогтоолд Баян сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, нарийн бичгийн даргыг ажилдаа хариуцлагагүй хандаж хуралдаанаар хэлэлцэх асуудлын болон үйл ажиллагааны төлөвлөгөө батлаагүй Тэргүүлэгчдийн хуралдааныг 4 удаа хуралдуулж 20 тогтоол баталсан үр дүнгийн гэрээ байгуулаагүй байж Хурлын Тэргүүлэгчдийн даргын захирамжаар үр дүнгийн урамшуулал 2015 онд авсан зөвлөлийн 2016 оны ажлаар 27 дугаар байранд орж F үнэлгээгээр дүгнэгдсэн удаа дараагийн шалгалтаар ажлаа хангалтгүй хийдэг байсан нь тогтоогдсон. Аймгийн ИТХ-аас 2015, 2016 онд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлийг гаргасан гэж үзэж Баян сумын ИХТ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот тогтоолоор ажлаас халсан нь хууль бус гэж үзэж үндэслэлгүй байна гээд нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнг эс зөвшөөрч Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2017/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байгаа болно” гэв.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж даалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Төв аймаг дахь Төрийн албаны салбар Зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 тоот дүгнэлтийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Б.О-ыг өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтыг зөрчин төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн тул үүрэгт ажлаас нь халахаар шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүх “...Б.О-ын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд бичгээр өгсөн тайлбар, шүүхээс бичиг баримтад хийсэн үзлэгээр авагдсан тогтоол, бусад бичиг баримтын хуулбарууд, үзлэгийн тэмдэглэл, фото зураг, гэрчүүдийн мэдүүлэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 тоот албан бичиг, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар ... нэхэмжлэгч Б.О нь  ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн хуралдааныг өндөр түвшинд зохион байгуулж, мэдээ мэдээллээр хангах, Тэргүүлэгчдийн хуралдаан бүрт тэмдэглэл хөтлөх, баталгаажуулах, архив бичиг хэргийн стандартын дагуу хурлаас гарсан тогтоол, шийдвэрийг бичиж архивын нэгж бүрдүүлэх, сумын архивт бичиг баримтыг тушаана гэх зэргээр хурлын албан бичиг хэргийг хөтлөх үүрэгтэй гэж заасан байхад энэхүү үүргээ удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргаж байсан болох нь тогтоогдож байна.” хэмээн үндэслэлтэй зөв дүгнэсэн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах” зохицуулалттай бөгөөд ““...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгох” тул Б.О-ыг Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас халсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Харин ажлаас халах тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутгасан нь тодорхойгүй байх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч ёс зүйн ямар хэм хэмжээг зөрчсөн талаарх тайлбарыг хариуцагч нотлох баримтын хамт ирүүлээгүй байхад үүнд шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй юм. 

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн албан хаагчид мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах бөгөөд ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээ зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох ойлголт тул “...ажилдаа ирээгүй, ажлаа хүлээлцээгүй...” гэх хариуцагчийн тайлбар дээрх хуулийн заалттай нийцээгүй, тухайн зөрчлөө шүүхэд нотлоогүй тул тогтоолын энэ хэсэг үндэслэлгүй байна. 

Түүнчлэн хариуцагчийн “...2015, 2016 онд төсвийн ерөнхийлөн захирагчтай төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа 2015 онд 2 удаа, 2016 онд 1 удаа Б.О-д үр дүнгийн гэрээний урамшуулалыг олгосон” гэх тайлбарын тухайд, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ, үнэлгээг үндэслэн ... шагнаж урамшуулах асуудлыг албан тушаалтан шийдвэрлэдэг байхад энэхүү үүргийг Б.О-д хамааруулж, гэрээ байгуулаагүй, урамшуулал олгосон гэж буруутгаж байгааг хүлээн авах үндэсгүй.

Иймд нэхэмжлэгч Б.О нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрт баримталсан хуулийн холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2017/0008 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 19 дүгээр зүйлийн 19.2, 25 дугаар зүйлийн 25.1.1” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                               О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                               Ц.САЙХАНТУЯА