Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 08

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баян сумын иргэн Б.Отгонжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, Б.Отгонжаргалыг Төв аймгийн Баян сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 2017 оны 01 сарын сүүлийн цалинд 192.165, 2, 3, 4 дүгээр сарын цалинд 2.352.993 төгрөгийг тус тус гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Доржпүрэв, нэхэмжлэгч Б.Отгонжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням, хариуцагч Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Отгонжаргал нь 2014 оны 01 дүгээр сард төрийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тоот тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажил албанд тушаалд томилогдсон. Би тухайн ажил албан тушаалд томилогдсон 2014 оны 04 дүгээр сараас эхлэн 2017 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацаанд эрхэлж байсан ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал, ёс зүйн зөрчил гаргаагүй, ямар ч сахилгын шийтгэл хүлээж байгаагүй ба харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаас сүүлийн 2 жил үр дүнгийн урамшуулал шагнал олгож байсан болно. Гэтэл 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад томилогдсон Д.Энхтайван “чиний оронд өөр хүн томилно, чамтай хамт ажиллахгүй” гээд 2017 дүгээр сарын 01 дүгээр сарын 25-ны өдөр тогтоол гаргаж, намайг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр хууль бусаар халж, өөрөө миний ажлыг хүлээж аваад намайг өрөөнөөс хөөж гаргасан. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгон Биндэръяагийн Отгонжаргалыг Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 2017 оны 01 дүгээр сарын сүүлийн цалинд 192.165 төгрөг, 2, 3, 4 дүгээр сарын цалинд 2.352.993 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шитгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр намайг ажил дээрээ байхад Д.Энхтайван дарга өрөөнд орж ирээд би чамтай хамтарч ажиллаж чадахгүй. Он гаргаад өөр хүн авна. Ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлж байсан. Миний хувьд хийх ёстой ажлаа хийгээд явж байсан. Тухайн үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын төвлөвлөгөө, мөн цагаан сарын баяр дөхөж байсан учраас сумын сайн малчин шалгаруулах зэргийг ажлаа хийгээд явж байсан чинь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Д.Энхтайван дарга халамцуу, их ууртай орж ирээд Отгонжаргалаа чи яг одоо ажлаа өг гэж хэлээд, миний бүх эд хөрөнгийг няраваар хүлээлгэж өгөөд, бүх бичиг баримтаа надад хүлээлгэж өг гэж хэлсэний дагуу би хавтастай бүх бичиг баримтаа өрөөнд нь оруулж тавьсан, чамтай өөр ярих юм байхгүй гэж хэлсэн. Д.Энхтайван дарга их муу харилцаатай. Даргаар томилогдсон цагаасаа эхлэн ялтантай харьцаж байгаа юм шиг харьцдаг байсан. Хүнтэй харьцахдаа гараа зангидаж, гараараа чичиж харьцдаг байсан. Миний хувьд ажил хийхэд хүндрэлтэй байсан. Би хууль бусаар ажлаасаа халагдаж хохирсон. ИТХТэргүүлэгчдийн 2016 онд гаргасан 20 тогтоолыг Амгалан дарга л гаргасан. Би мэдэхгүй, Тэргүүлэгчид хуралдаа ирдэггүй болохоор хуралдаан хийгдээгүй болохоор тэмдэглэл хөтлөгдөөгүй. Үр дүнгийн гэрээг байгуулсан байх ёстой, дүгнүүлээгүй, надад нэг хувь байхгүй, би ТАСЗөвлөлийн шалгалтынханд өгсөн, тэр шалгалтаар би байсан, гэхдээ ямар тогтоол гаргасныг мэдэхгүй, намайг гүтгэж байна, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн зөвлөмж гэж ирсэнийг мэдэхгүй, шалгалтаар би зөрчил гаргаагүй, тогтоолтой нь танилцаагүй тул мэдэхгүй, үр дүнгийн гэрээний урамшуулал авч байсан нь үнэн, Хурлын дарга л урамшуулал олгох шийдвэр гаргасан болохоос би дураараа аваагүй, иймд намайг үндэслэлгүй ажлаас халсан тул эргэж ажилдаа ормоор байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот тогтоол нь Төрийн албаны тухайн хуулийн 13 дугаар зүйл 13.5, 25 дугаар зүйл 25.1 дэх заалтыг ноцтой зөрчиж ажлаас нь халсан. Тус тогтоол нь Төрийн албаны хуулийг ноцтой зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 97 дугаар тогтоол төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл ногдуулах журмыг ноцтой зөрчсөн байна. Хууль бус тогтоол болсон нь тогтоогдож байна гэж эрх зүйн талаас нь өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Иймээс шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэж хүсэж байна. Б.Отгонжаргалыг ямарч шалтгаангүй шууд ажлаас нь халсан. Сахилгын шийтгэлийг шат дараалалтай оногдуулсан зүйл байхгүй. Сахилгын зөрчил гаргасан талаар нотлох баримтууд хавтас хэрэгт авагдаагүй. Төрийн албаны тухай хуулийн 25.1 д зааснаар 2 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдаг боловч Б.Отгонжаргал нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй.  Б.Отгонжаргал нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг яаж зөрчсөн талаар тогтоосон нотлох баримт байхгүй. Энгийн нэг төрийн жинхэнэ албан хаагчийг хохироосон тогтоол гаргасан гэжээ.

Хариуцагч Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 62 тоот тогтоолд ... Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, нарийн бичгийн даргыг ажилдаа хариуцлагагүй хандаж 2016 онд Хурал, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын болон үйл ажиллагааны төлөвлөгөө батлаагүй, тус сумын Тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын байдлаар Тэргүүлэгчдийн хуралдааныг 4 удаа хуралдуулж 20 тогтоол баталсан байна. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2015 онд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар ажил зохион байгуулаагүй,  ерөнхий менежерийн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээг байгуулаагүй гэж тэмдэглэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 22 дугаар зүйлийн 22.2 дэх заалтыг үндэслэн Тэргүүлэгчдийн хуралдаан хийгээгүй байж асуудал хэлэлцсэн мэтээр тогтоол гаргаж төрийн байгууллагын албан бланк, тамгыг хууль бусаар ашигласан зөрчил гаргасан тул төрийн албаны стандартыг шалгуулахаар аймгийн төрийн албаны салбар зөвлөлд уламжилсан болно.

Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Төв аймгийн салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны аттестатчиллын дүнгийн тухай 23 дугаар тогтоолд Баян сум 2016 онд Төв аймгийн 27 сумнаас 35.2% буюу 27-р байранд F үнэлгээтэй дүгнэгдсэн. Энэхүү  ГХУСАЗөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нар байдаг тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг хэсэг нь болдог. Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 тоотод ... Тухайлбал Баян сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нь ерөнхий менежерийн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээг байгуулаагүй байж хурлын даргын захирамжаар үр дүнгийн урамшуулал авсан. ... Багийн иргэдийн Нийтийн Хурлуудад зевлөмж, арга зүйгээр хангаж ажиллаагүй зөрчил гаргасан байна. Иймд бүх сумдын хурлын дарга, нарийн бичгийн дарга нар үйл ажиллагаандаа дүгнэлт хийж зөвлөмжид заасан асуудалд анхаарал хандуулан ажиллах ажлын чиглэл өгсөн байдаг.  Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар тогтоолын 2 дахь заалтад албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж Баян сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар төрийн жинхэнэ албанаас халах саналыг сумын ИТХ-ын даргад уламжилсан байдаг. Иймд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны 05 дугаар тогтоолоор Биндэръяа овогтой Отгонжаргалыг мөн өдрөөс тасалбар болгон ажлаас халсан. Харин Б.Отгонжаргал нь 2016 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэхгүй, өгсөн үүрэг даалгаварыг огт биелүүлэхгүй ажил цалгардуулж байсан. ИТХ-ын 2016 оны бичиг баримт, хурлын материалыг архивын эрхлэгчид хүлээлгэж өгөх үурэг өгөхөд хурлын баримт бичгийг хүлээлгэн өгөөгүй улмаар 2017 оны 12 сард амралтын өдөр компьютерийн программ хангамжийг устган нарийн бичгийн даргын өрөөн доторх хаалт, хаалгыг цоожлохгүй орхин ажлаас халах, чөлөөлөх шийдвэр гараагүй байхад ажлаа хаяж 2017 оны 01 дүгээр сарын 19-нд БНСУ-д ажиллахаар явсан байсныг түүний эгч хуучин тус сумын Засаг дарга Б.Шинэгэрэлээс мэдсэн. Эгч Б.Шинэгэрэл нь Б.Отгонжаргалыг өр зээлтэй тул 01 дүгээр сарын цалинг бүтнээр бодож олгож өгөөч гэж гуйгаад байхаар нь би 01 дүгээр сарын 16-ны өдрөөс биш 25-ны өдөр буюу ажлаас чөлөөлсөн өдөр хүртэлх цалинг нь бүтнээр олгосон, хөдөлмөрийн дэвтрийг ажлаас чөлөөлөгдсөнөөр бөглүүлэн, ажлаас халагдсан тушаалын хувийг эгч нь аваад явсан.  Иймд Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Энхтайван миний бие ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны 05 дугаар тогтоол, холбогдох эрх зүйн актууд нь ажлаас халах хууль эрх зүйн бүрэн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Отгонжаргалтай хамтарч ажиллахгүй гэж хэлээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас халагдсан гэж хэлээгүй. 2016 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид огт хуралдаагүй байхад, албан тушаал, тамга тэмдэг ашиглаж хуурамч тогтоол гаргасан байдаг. Энэ үйлдлийг шалгуулахаар хүсэлт гаргасны дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс ирж ажлыг нь шалгаж дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтэд Б.Отгонжаргалын алдаа зөрчил гаргасан гэж үзсэн байсан. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг дүгнэлт гаргасан. Үүний дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, ажлаас халах тухай тогтоол гарсан. Ажлаа хүлээлгэж өгөөгүй ажлаа хаяаад явсан. Өрөө нь 3, 4 хоног түгжээгүй байсан болохоор бичиг баримтыг нь би орж авч өрөөндөө тавьсан. Б.Отгонжаргалын хувьд ажлаа хангалтгүй хийдэг байсан нь удаа дараагийн шалгалтаар тогтоогдсон. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн зөвлөмж нь 2017 оны 01 сард ирсэн. Тухайн үед Отгонжаргал нь Солонгос улс явсан байсан учраас мэдэхгүй. Би Б.Отгонжаргалын өрөөний түлхүүрийг авсан зүйл байхгүй. Б.Отгонжаргал нь өөрөө өрөөгөө онгорхой орхиж явсан учраас материалуудыг орж авсан. Б.Отгонжаргал нь албан ёсоор ажил хүлээлгэж өгөөгүй. Б.Отгонжаргалын эгч Б.Шинэгэрэл нь Б.Отгонжаргалын банкны зээлийг төлөх боломжгүй байгаа тул цалинг нь бүтэн оруулж өгсөн гэж гуйсан учраас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл бодож цалинг өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  нэхэмжлэгч Б.Отгонжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч нь маргаан бүхий Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-дэх заалт, Төв аймаг дахь  Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар дүгнэлтийг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалыг өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтыг зөрчин төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн тул үүрэгт ажлаас нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс тасалбар болгон  халахаар шийдвэрлэжээ.

Шүүх дээрхи захиргааны актын хууль зүйн үндэслэл буюу Б.Отгонжаргалын өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүрэгтэй гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлийг авч үзвэл:

Төв аймгийн ИТХТэргүүлэгчдийн хуралдаанаар Баян сумын ИТХурлын ажлыг шалгасан тухай мэдээллийг хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Баян сумын ИТХурал, Тэргүүлэгчид, Хурлын нарийн бичгийн даргыг ажилдаа хариуцлагагүй хандаж, 2016 онд Хурлаар хэлэлцэх асуудлын болон үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж батлаагүй, 2016 оны 12 дугаар сарын байдлаар Тэргүүлэгчдийн хуралдааныг 4 удаа хийж, 20 тогтоол баталсан байх боловч хуралдаан хийгээгүй, тэмдэглэл хөтлөгдөөгүй, баримт материал байхгүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй зэрэг зөрчлүүдийг тэмдэглээд гарсан зөрчил, төрийн албаны стандартыг шалгуулахаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд уламжилсан байна.

Үүний дагуу аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Баян сумын ИТХурлын дарга, нарийн бичгийн даргын гаргасан зөрчлийг шалгуулах тухай  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 62 тоот тогтоолоор /х.х 42-45/ ирүүлсэн зөрчлийг нягтлан шалгахаар комиссын гишүүд  2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг шалгажээ.

Уг шалгалтаар Хурлын дарга Н.Амгалан, нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нарыг ажлын байрны тодорхойлолтод тусгасан зорилго, зорилт чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2015, 2016 онд  төсвийн ерөнхийлөн захирагчтай төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа 2015 оны 2 удаа, 2016 онд 1 удаа Б.Отгонжаргалд үр дүнгийн гэрээний урамшуулалыг олгосон, Хурлаас гарсан баримт бичгүүдийн бүртгэлийн дэтэр хөтлөлт дутуу, эрх зүйн үндэслэл хангалтгүй, албан бланк шифрлээгүй, боловсруулсан нийлсэн тэмдэглэгээ байхгүй, хуралдааны тэмдэглэл хөтлөөгүй, албажуулаагүй, 2016 онд ИТХурлыг 3 удаа хуралдуулсан, Тэргүүлэгчдийн хураолдааныг 4 удаа хуралдуулж 20 тогтоол батлан гаргасан гэх боловч уг 20 тогтоолын талаар хуралдааны тэмдэглэл, баримт материал байхгүй, энэ талаар Б.Отгонжаргалаас асуухад Тэргүүлэгчид хуралдаагүй 20 тогтоолыг гаргасан тухай  тайлбар өгсөн, аймгийн ИТХурлаас 2015, 2016 онд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлийг гаргасан гэж 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр /х.х 195-215/ Б.Отгонжаргалыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу төрийн албанаас халах, 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг сумын ИТХ-ын даргад хүргүүлсний дагуу хариуцагч дээрхи 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Б.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь халсан байна.

Нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь дээрх зөрчлүүдийг гаргаагүй, намайг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр халсан тул би 18-ний өдөр БНСУ-д ажиллахаар явсан, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаагүй, намайг өмнө нь 16-ний өдөр халсан, би ажлаа хүлээлцээгүй, дарга Д.Энхтайваны өрөөнд баримт бичгүүдийг оруулж тавьсан, үр дүнгийн гэрээгээ байгуулсан, ТАСЗөвлөлөөс ирсэн хүмүүст өгсөн, намайг гүтгэж байна, алдаа зөрчил гаргаж байгаагүй, аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн зөвлөмж, ТАСЗөвлөлийн тогтоолыг би мэдэхгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан  гэж маргах боловч  Б.Отгонжаргал нь ажилдаа хариуцлагагүй хандаж 2016 онд сумын ИТХурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааныг хуралдуулаагүй, улмаар Тэргүүлэгчдийн 20 тогтоол баталж гаргасан байхад  хуралдааны материал, баримт бүрдэл байхгүй, удаа дараагийн тэмдэглэлийг  хөтлөөгүй болох нь Б.Отгонжаргалын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд бичгээр өгсөн тайлбар /х.х 215/, шүүхээс бичиг баримтад хийсэн үзлэгээр авагдсан тогтоол, бусад бичг баримтын хуулбарууд, үзлэгийн тэмдэглэл, фото зураг /х.х162-166/, гэрчүүдийн мэдүүлэг /х.х 145-161/,  аймгийн ИТХТэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 62 дугаар тогтоол /х.х 42-45/, 2017 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 23 тоот албан бичиг /х.х 30-33/, аймгийн ТАСЗөвлөлийн  дүгнэлт /х.х 207-215/, 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 13 дугаар тогтоол /х.х 35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр Б.Отгонжаргал нь сумын ИТХТэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн хуралдааныг хуралдаагүй, намайг 25-ны өдөр биш 16-ны өдөр ажлаас халсан гэх боловч хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг /х.х 145-161/, шүүхээс хийсэн үзлэг /х.х 162-166/, 25-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл, ирцийн бүртгэл, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө /х.х 36-41/ болон бусад бичгийн нотлох баримт, талуудын тайлбар мэдүүлгээр 2017 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн ИТХТэргүүлэгчдийн хуралдаанаар Б.Отгонжаргалыг ажил, албан үүргээс нь халах асуудлыг оруулж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь Хурлын Тэргүүлэгчдийн дарга хурал, хуралдуулах талаар арга хэмжээ авч ажилладаггүй байсан, Тэргүүлэгчид хуралтай гэж зарлаад байхад элдэв намын ялгаа, шалтаг хэлж хуралдаа ирдэггүй гэж тайлбарлаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш байна. Өөрөөр хэлбэл Б.Отгонжаргалын ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг нь “сумын ИТХурал болон Тэргүүлэгчдийн хуралдааныг өндөр түвшинд зохион байгуулж, мэдээ мэдээллээр хангах, Тэргүүлэгчдийн хуралдаан бүрт тэмдэглэл хөтлөх, баталгаажуулах, архив бичиг хэргийн стандартын дагуу хурлаас гарсан тогтоол, шийдвэрийг бичиж архивын нэгж бүрдүүлэх, сумын архивт бичиг баримтыг тушаана гэх зэргээр хурлын албан бичиг хэргийг хөтлөх үүрэгтэй гэж  заасан байхад энэхүү үүргээ удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргаж байсан болох нь мөн тогтоогдож байна.

 Мөн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийн  үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх”, 19 дүгээр зүйлийн 19.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн . . .  шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1, 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам” болон “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-д сумын иргэдийн Төлөөлчдийн Хурлын нарийн бичгийн дарга Төсвийн ерөнхийлөн захирагч буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай үр дүнгийн гэрээг байгуулахаар заасан байхад Б.Отгонжаргал нь 2015, 2016 онуудад үр дүнгийн гэрээ байгуулаагүй, гэсэн атлаа 2015, 2016 онд үр дүнгийн гэрээний урамшууллыг үндэслэлгүйгээр авсан болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар,  дээр заасан бичгийн нотлох баримтууд, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр захирамж[1], 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар захирамж [2], 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тус тус захирамж, 2015, 2016 оны цалингийн карт болон гүйлгээ хийгдсэн баримтуудаар /х.х 57-67/, /х.х 167-177/ нотлогдож байна.

Мөн Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Төв аймгийн зөвлөлийн хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар тогтоол, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар албан бичгүүдэд зааснаар Баян сум дахь ГХУСАЗЗөвлийн салбар зөвлөл нь F үнэлгээ буюу муу гэж дүгнэгдсэн болох нь нотлогдож байна.

Дээрхи үндэслэлүүдээр Б.Отгонжаргал нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүрэгтэй гэж заасан болон ажлын байрны тодорхойлолтод заасан  чиг үүрэг,  сумын ИТХурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааныг зохион байгуулах, хуралдаан бүрт тэмдэглэл хөтлөх, баталгаажуулах үүргээ удаа дараа зөрчсөн,  баримт бичгийн бүрдлийг хангах болон бусад үндсэн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн,  19 дүгээр зүйлийн 19.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн . . .  шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ”  гэж заасныг тус тус зөрчиж үр дүнгийн гэрээ байгуулаагүй, гэсэн атлаа үр дүнгийн урамшууллыг үндэслэлгүйгээр авсан зэрэг зөрчлүүд нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”  бол төрийн албанаас халахаар заасантай нийцэж байх тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 19 дүгээр зүйлийн 19.2,  25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Отгонжаргалаас гаргасан “Баян сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, Б.Отгонжаргалыг Төв аймгийн Баян сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 2017 оны 01 сарын сүүлийн цалинд 192.165, 2, 3, 4 дүгээр сарын цалинд 2.352.993 төгрөгийг тус тус гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ХАЖИДМАА

 

 


[1] ХХ-ийн 65-р хуудас

[2] ХХ-ийн 62-р хуудас