Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0606/З |
Дугаар | 128/ШШ2023/0828 |
Огноо | 2023-11-10 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2023/0828
2023 11 10 128/ШШ2023/0828
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг У.Бадамсүрэн би даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан иргэн Н.Дашзэвэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч иргэн Н.Дашзэвэг нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд бичгээр өгсөн хүсэлтдээ: “...Нэхэмжлэл гаргагч Н.Дашзэвэг би 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан “Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “Вест хилл” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “Вест хилл” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгах” нэхэмжлэлээсээ болон 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргасан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Вест хилл” ХХК-д зөвшөөрөлгүй эзэмшиж буй газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн үндсэн болон өөрчилсөн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байх хуулийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргагч иргэн Н.Дашзэвэгийн “...Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “Вест хилл” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “Вест хилл” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Нэхэмжлэгч иргэн Н.Дашзэвэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Вест хилл” ХХК-д зөвшөөрөлгүй эзэмшиж буй газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгах тухай” шаардлага гаргаж нэхэмжлэлээ нэмэгдүүлжээ.
Мөн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Вест хилл” ХХК-д зөвшөөрөлгүй эзэмшиж буй газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 дугаар захирамжаар “Вест Хилл” ХХК-д нэмж газар олгосон шийдвэрийг хүчингүй болгох” гэж өөрчилснийг тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2023/6733 дугаар шүүгчийн захирамжаар “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 дугаар захирамжаар “Вест Хилл” ХХК-д нэмж газар олгосон шийдвэрийг хүчингүй болгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагч нарт холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа тайлбарлаж, бичгээр гаргажээ. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж зааснаар нэхэмжлэгч иргэн Н.Дашзэвэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн болон гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхдээ энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ” гэж зохицуулсан тул мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.5. “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө” гэж заасны дагуу шинжээчийн зардлыг нөхөн төлүүлэхээр зааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч иргэн Н.Дашзэвэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Н.Дашзэвэг “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “Вест хилл” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “Вест хилл” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Вест хилл” ХХК-д зөвшөөрөлгүй эзэмшиж буй газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах тухай” нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, иргэн Н.Дашзэвэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох 128/2020/0606/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Н.Дашзэвэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардалд 495,292 /дөрвөн зуун ерэн таван мянга хоёр зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Төрийн сан дахь 100900029403 тоот дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ