Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/55

 

П.Борхүүд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэ г, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран   

Прокурор                                                   Б.Төрболд

Шүүгдэгч                                                     П.Борхүү нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Долгоржавын гаргасан давж заалдах гомдлоор П.Борхүүд холбогдох эрүүгийн 2021000000357 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Еншөөбү овогт Пүрвээгийн Борхүү. Урьд:

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт тус тус зааснаар 100.000 төгрөгийн үнэ бүхий 2 хаалгатай шар өнгийн модон шүүгээг хурааж, нийт 5 жил 8 сарын хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч П.Борхүү нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Дэнжийн 5-05 тоот хашаанд байх иргэн П.Долгоржавын эсгий гэрийн тооныг эвдэн орж 40 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд шүүгдэгч П.Борхүүг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Еншөөбү овогт Пүрвээгийн Борхүүг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Пүрвээгийн Борхүүг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Борхүүд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.Борхүүгийн ЖБ93082817 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Борхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч П.Долгоржав 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч П.Борхүү нь миний төрсөн дүү бөгөөд бид Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнж 5-05 тоо хашаанд миний төрсөн эх Ү.Пүрвээ, төрсөн дүү П.Борхүү, П.Баянжаргал нар нэг гэрт, нөгөө гэрт нь П.Долгоржав миний бие нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.

Нөхөр бид дээрх гэртээ байнга амьдраад байдаггүй бөгөөд Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт мал маллан амьдардаг учир хөдөө гэр рүүгээ ихэвчлэн явчихдаг юм. Хөдөө явсан үедээ гэрээ цоожлоод ээж, дүү нартаа түлхүүрээ үлдээдэг бөгөөд  тэд маань манай гэрт өөрийн хүссэн үедээ орж гал хөс түлж, гэр орон цэвэрлэж, заримдаа хөдөөнөөс хүн ихтэй үед манай гэрт орж унтдаг юм. Манай дүү П.Баяржаргал нь хамгаалагчийн ажил хийдэг учир бараг эргэж тойрч, харж хандаж амждаггүй бөгөөд дүү П.Борхүү л ихэвчлэн орж гарч, ус түлээ ойртуулж, гал түлж манай гэрийг харж ханддаг байсан юм. Хэрэг гардаг өдөр П.Борхүү нь архи уусан манай гэрийн түлхүүрийг алга болгочихсон байсан. Тэгээд архи уусан байсан учир ээж Пүрвээгээс айгаад манай гэрт орж унтах гэж байсан юм байна лээ. Тэгээд түлхүүрийг маань гээчихсэн байсан учир гэрт орж чадаагүй нэлээн удсан байсан бөгөөд гэрийн цоожийг эвдэх гэж оролдоод болохгүй болохоор нь гэрийн тооноор орсон байсан. Гэрт ороод манай зурагтыг аваад тооноор гараад бусдад барьцаанд тавьсан байсан.

Би хулгайд алдсан зурагтаа олж авсан бөгөөд одоо надад ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хамгийн гол нь П.Борхүү нь манайд байнга орж, гардаг нэг нэгэндээ тус дэм болж амьдарч ирсэн. Хөдөө гэр рүүгээ явсан хойгуур гэрийг маань харж, хамгаалж явдаг байсан. Төрсөн дүүгийн хувьд гэрээр байнга орж гараад, идэж уугаад хамтдаа амьдарч ирсэн. Би ч өөрөө хүлээн зөвшөөрч ээж, дүү нартаа гэрийнхээ түлхүүрийг өгч,орж гарч байгаарай гэж хэлээд явдаг байсан юм. Тиймээс дүү П.Борхүүгийн бусдын хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэх хэргийг өөрчилж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж дүүг минь тэнсэж өгнө үү.” гэжээ.

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан тайлбартаа: “ ... Ялтан П.Борхүү нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Дэнжийн 5-05 тоот хашаанд байх иргэн П.Долгоржавын эсгий гэрийн тооныг эвдэн орж 40 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Долгоржав, иргэний нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнэ, гэрч Т.Наранбаатар, яллагдагч П.Борхүү нарын мэдүүлэг, шинжээчийн 2020.9.04-ний өдрийн 139 дугаартай дүгнэлт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Хэрлэн сумын үнэлгээний комиссын гаргасан эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Ялтан П.Борхүү нь хохирогч П.Долгоржавын гэрт өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрх байхгүй талаар П.Долгоржав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “ Борхүү манай ээж болон дүүгийн хамтаар манай хашаанд амьдардаг. Гэхдээ манай гэрт хамт амьдардаггүй. Манай гэрт орох эрх байхгүй” гэх мэдүүлгээр хангалттай нотлогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зарчмын агуулгаас үзэхэд хэн нэгэн хохирогчийн өмнө өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн гомдлоор хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх боломж байхгүй болно.

Мөн П.Борхүү, түүний өмгөөлөгч нар П.Борхүүгийн орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг.

Иймд хохирогч П.Долгоржавын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр тайлбар гаргаж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд ороцлсон шүүгдэгч П.Борхүү тайлбарлаж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Төрболд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэл байхгүй. Шүүгдэгч П.Борхүү нь хохирогч Долгоржавын гэрийн тооноор нэвтэрч орсон байгаа. Хэрвээ П.Борхүү тухайн гэрт байнгын нэвтэрч орох эрхтэй байсан бол түлхүүрийг өгсөн байх байсан. Гэтэл гомдол дээр дурдаад байгаа асуудал нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Гэмт хэргийн шинж нь хангалттай нотлогдсон. Иймд хохирогч П.Долгоржавын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх П.Борхүүд холбогдох хэргийг хохирогч П.Долгоржавын гомдлоор хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч П.Борхүү нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Дэнжийн 5-05 тоот хашаанд байх хохирогч П.Долгоржавын эсгий гэрийн тооныг эвдэн орж 40 инчийн “Samsung” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч П.Долгоржав, иргэний нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнэ, гэрч Т.Наранбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 139 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Энэ хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хохирогч П.Долгоржавын гаргасан гомдлын тухайд: Шүүгдэгч П.Борхүү нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгай хийсэн болох нь гэрч Т.Наранбаатарын “...зүүн гэр дээр Борхүү гараад “Тооноор нь ороод зурагтаа авчихъя та дээрээс нь тосоод аваадах” гэхэд нь би мөн адил гэр дээр нь гараад зурагтыг авах гэхэд тооноор багтахгүй болохоор нь тооны хажуу талын рам модыг Борхүү доороос нь түлхээд би дээрээс нь гараараа хажуу тал руу болгоод зурагтыг гаргаад гэр дээр тавиад буусан. ...Би тухайн үед Борхүүг гэрийнхээ зурагтыг авах гэж байна гэж бодоод л тусласан юм” гэх /хх-ийн 31-36/, хохирогч П.Долгоржавын “...П.Борхүү нь манай ээж болон дүүгийн хамтаар манай хашаанд амьдардаг. Гэхдээ манай гэрт хамт амьдардаггүй. Манай гэрт орох эрх байхгүй....” гэх /хх-ийн 20/, П.Борхүүгийн яллагдагчаар өгсөн “...Миний төрсөн өдөр болж байсан ба архи уух мөнгөгүй болоод Түмэнжаргалын гэрийн тооноор ороод 40 инчийн хар өнгийн зурагт байхаар нь тооноор аваад гарсан...” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч П.Борхүүд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  1 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд хохирогч П.Долгоржавын “дүү П.Борхүүгийн бусдын хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэх хэргийг өөрчилж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж дүүг минь тэнсэж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.Долгоржавын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Борхүүгийн 2020 оны 10 дугаар сарын 22ы өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21ий өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

           ШҮҮГЧИД                                            З.ЭНХЦЭЦЭГ

                                                                Ж.ДОЛГОРМАА