Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/335

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Б-д холбогдох эрүүгийн 2021000000357 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны .....дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт тус тус зааснаар 100.000 төгрөгийн үнэ бүхий 2 хаалгатай шар өнгийн модон шүүгээг хурааж, нийт 5 жил 8 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ..........овогт Б. /РД: ................../

Шүүгдэгч Б нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Дэнжийн 5-05 тоот хашаанд байх иргэн Д-ын эсгий гэрийн тооныг эвдэн орж 40 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг 30 минутын үед хөдөө гэр рүүгээ яваад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед аймагт байх Хэрлэн сумын 3 дугаар баг, ................. тоот гэртээ ирэхэд манай зүүн гэрийн өрх нь дэлгээстэй, мөн хаалганы цүүг хөшсөн, гэхдээ онгойлгож чадаагүй байсан. Ингээд хаалгаа онгойлгоод харахад 2 унь мултраад уначихсан, тоононы хөндлийг алхаар цохиод эвдсэн, мөн хойд талд тавиур дээр байсан “Самсунг” маркийн 40 инчийн зурагт алдагдсан байхад нь цагдаад дуудлага өгсөн. Намайг явахад хашаанд байх баруун гэрт миний төрсөн дүү Б, хадам эгч Наранханд, эгчийн нөхөр Пүрэвсайхан, мөн 4 хүүхдийнхээ хамт “Портер” машинаас хөрзөн буулгаад үлдсэн. Харин ах, эгч хоёр хөрзөнгөө буулгаад хүүхдүүдээ аваад явахад Б гэрт үлдсэн гэсэн. Орой нь манай төрсөн ах Дүүрэнжаргал эхнэр хүүхдийн хамтаар 20 цагийн үед ирж шалгахад 2 гэр түгжээтэй зүгээр байсан гэсэн. ...Б нь манай ээж болон дүүгийн хамтаар манай хашаанд амьдардаг. Гэхдээ манай гэрт хамт амьдардаггүй. Манай гэрт орох эрх байхгүй. ...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Б нь өөрөө надаас уучлалт гуйсан бөгөөд дахиж тэгэхгүй гэж байсан. Алдагдсан гэх зурагтаа хүлээн авсан...” гэжээ. /хх-ийн 18-20 тал/

Иргэний нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 08 дугаар сарын 28-ны 10 цагийн үед өөрийн ажиллуулдаг Хэрлэн сумын 3 дугаар баг, Жуковт байрладаг “Баян-Ундраа” хүнсний дэлгүүртээ байж байхад гаднаас Б гэгч “ах таксинд явах уу” гэхэд нь би өөрийн эзэмшлийн “Приус-30” маркийн 89-17 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон Бг суулгахад 30-35 насны 165-170 см орчим өндөртэй нэг залуу, мөн хажууд нь 30-35 насны 170 см орчим өндөртэй эмэгтэй хүнтэй гурвуулаа “манай гэр рүү очоод зурагт аваад зүүн тийшээ ломбард орно” гэхэд нь Хэрлэн сумын 3 дугаар баг, ................... тоотод очиход Б машинаас ганцаараа буугаад хашаа руу ороод гарч ирэхдээ хар өнгийн зурагт ил бариад машины тээшинд хийгээд Хэрлэн сумын 6 дугаар баг, 19 дүгээр байрны урд талаасаа ордог ломбард руу Б нөгөө залуугийн хамтаар зурагтаа барьж ороод ломбард авахгүй байна гээд буцаад суугаад, Хэрлэн сумын 9 дүгээр баг, 8 дугаар байрны ломбард руу мөн Б нөгөө залуугийн хамтаар ороод удалгүй авахгүй байна гээд гарч ирсэн. Удирдлага байхгүй болохоор асааж чадахгүй байна, гэр рүү буцаж очоод удирдлага авна гэхээр нь Хэрлэн сумын 3 дугаар баг, ................ тоотод очиход хашааны том хаалга нь онгорхой цэнхэр өнгийн “Портер” машин байхад “Эгч ирчихсэн байна дараа болъё” гээд бид хэд буцаад явж байхад Б намайг “Та энэ зурагтыг худалдаад авчих” гэхэд би “наад зурагтыг чинь  авахгүй, харин ломбарданд тавих үнээр чинь барьцаа болгоод авчихъя” гэхэд Б “надад бэлэн мөнгө хэрэгтэй байна 200.000 төгрөгөөр өгнө” гэхэд нь бэлэн мөнгөтэй явж байсан болохоор татгалзаагүй авсан...” гэжээ. /хх-ийн 22-23 тал/

Гэрч Т.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 28-ны орой Хэрлэн сум 6 дугаар баг “Лимонс” караокены үүдэнд 21 цагийн үед ганцаараа зогсож байхад Б ирж “Ганц хоёр юм ууя, дүүд нь хэдэн төгрөг байна” гэсэн. Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ред булл” баар руу орох гээд явж байхад зүс таних Дээгий гэх хүүхэн таарсан. ...Бгийн гэр болох Хэрлэн сумын .................. тоотод баруун талын гэр рүү орцгоогоод ууцгаагаад унтаж амарсан. Маргааш нь Б “Өнөөдөр дүүгийнх нь төрсөн өдөр жаахан уумаар байна. ...Зүүн талын гэр нь манай ээжийн гэр байгаа юмаа хаалгыг нь онгойлгож чадвал дотроос нь зурагт авна” гээд төмрөөр хаалганы цоожийг цохиод байхаар нь “чи боль наадахаа эвдэллээ дэмий, хэрэггүй” гэхэд болиод баруун гэртээ надтай цуг орсон. Буцаад гэрээс гарахад би дагаад гарсан. Ингээд зүүн гэр дээр Б гараад “Тооноор нь ороод зурагтаа авчихъя та дээрээс нь тосоод аваадах” гэхэд нь би мөн адил гэр дээр нь гараад зурагтыг авах гэхэд тооноор багтахгүй болохоор нь тооны хажуу талын рамм модыг Б доороос нь түлхээд би дээрээс нь гараараа хажуу тал руу болгоод зурагтыг гаргаад гэр дээр тавиад буусан. ...Би тухайн үед Б-г гэрийнхээ зурагтыг авах гэж байна гэж бодоод л тусласан юм. Түүнээс би хулгай хийж байна гэж мэдсэн бол туслахгүй байсан...” гэжээ. /хх-ийн 31-36 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 тал/

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 тал/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15 тал/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 139 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-42 тал/

- Б-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30, 56-57 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч .......... овогт Б нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ............ тоот хашаанд байх хохирогч Д-ын эсгий гэрийн тооныг эвдэн орж 40 инчийн “Samsung” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д, иргэний нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнэ, гэрч Т.Наранбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 139 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан хохирол хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д, иргэний нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнэ нар нь шүүгдэгч Б-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-гийн ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............ овогт Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-гийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА