Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У ,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Хохирогч Б.Д , Б.Б , Ч.П , И.Э , Д.Т , тэдгээрийн өмгөөлөгч Ж.М ,

Шүүгдэгч Б.Ч , түүний өмгөөлөгч М.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ч-д холбогдох 201407000179 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ............ аймгийн ............ сумын харьяат, халх, 1958 оны  04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. аймгийн .................. сумын 3 дугаар багт оршин суух, аминдаа 150 гаруй толгой малтай, улсын аварга малчин 2000 онд авсан, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, ................ регистрийн дугаартай, Ө.... овогт Б-ийн Ч  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ч  нь шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 08-09 сарын үед ......... аймгийн ............. сумын 3 дугаар багийн иргэн Б.Д-ийн 2 ат, 1 шилбэ, Б.Б-ийн 3 ингэ, 2 шилбэ, 1 буур, 1 гунж, Л-ын 1 ат, П-ийн 1 ат, 1 шүдлэн, И.Э-ийн 1 ингэ, Д.Т-ын 1 ат, Д.Н-ийн 1 гунж, нийт 16 тооны тэмээг буюу олон тооны мал хулгайлж нийт 19.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан заалтад хамаарч ......... аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.Ч  нь шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 08-09 сарын үед ............. аймгийн ........... сумын 3 дугаар багийн иргэн Б.Д-гийн 2 ат, 1 шилбэ, Б.Б-гийн 3 ингэ, 2 шилбэ, 1 буур, 1 гунж, Л-ын 1 ат, П-гийн 1 ат, 1 шүдлэн, И.Э-ийн 1 ингэ, Д.Т-ын 1 ат, Д.Н-ийн 1 гунж, нийт 16 тооны тэмээг буюу олон тооны мал хулгайлж нийт 17.900.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2014 оны 08 сард аймаг орчихоод буцаж яваад Б-ийнд орсон.Тэднийд Б эхнэрийн хамт мөн аав ээж нь сууж байсан. Би тэднийд цай уучихаад цаашаа явсан. Замд 100 гаруй тэмээ байсан. Тэр дотор миний 2 тэмээ байсан. Тэгээд Батхүү рүү ярьсан миний хоёр тэмээг аваад ирэх боломж байна уу? гэсэн за гэсэн тэгээд би цаашаа явсан. Тэгээд Б надад тэмээг чинь зарчихаад ирлээ гээд 1 сая төрөг авчирч өгсөн. Минийх имтэй, тамга байдаггүй би хүний тэмээг аваагүй. Би энэ хүмүүсийн тэмээг авсан эзнийг нь олж өгөх гэж олон жил хөөцөлдөж байна. Өмнөх хурал дээр ч гэсэн хэлж байсан, одоо ч хэлнэ О , А  гэдэг 2 залуу манай хашаанд очсон байсан. 2014 онд З  гэдэг махны ченжид том жижиг нийлсэн арваад тэмээ байна үнэ тохироод аваадах гэж хэлэхээр нь би тийм их тэмээ авч чадахгүй надад тийм их мөнгө байхгүй гэсэн. Тэгсэн найдвартай жолооч олоод өгөөч би хот руу явах гэсэн юм гэхээр нь надад танидаг мэддэг жолооч байхгүй гэж хэлсэн байдаг. Би энэ хүмүүсийн тэмээг олж өгөхийн төлөө бие сэтгэлээрээ их хөөцөлдөж байна. О , А  гэдэг 2 залуу миний хашаанд тууж аваачсан нь үнэн... Би хулгай хийгээгүй, надад гэм буруу байхгүй... Би энэ хүмүүсийн тэмээг аваагүй байгаа. Миний хэлсэн 2 хүн авсан, гэрч байгаа. Би анхнаасаа жил гаруй байцаагдсан эхэндээ би мэдээгүй байсан. Зам шалгалтанд явуулмаар байна гээд хүсэлт гаргаад явсан байгаа. Хашааны зураг, тэмээний зургийг авсан байгаа. Би онги үсгэн тамгыг гараараа хийгээгүй. Би та нарт тэмээг олж өгөхийн төлөө явна. А  О  гэдэг хүнийг шалгаж өгөөч. Би энэ хэргийг үнэхээр хийгээгүй. Хэргийг цагаатгаж өгнө үү... Шүүхийн дагуу хохирлоо төлөхийг зөвшөөрч байна. Цагаатгаж өгнө үү...” гэх мэдүүлэг, 

Хохирогч Б.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2014 оны 08 сарын 20-ноос хойш үгүйлсэн байгаа. Энэ хүн миний тэмээг авсан нь нотлогдож байгаа. Ухаан санаа бүрэн, эрүүл мэндийн чадвартай хүн хуулийн өмнө эрх тэгш байх ёстой. Одоо О , А гэдэг хоёр залууг гүтгэж байна ингэж байгаад хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж байна уу? Манай тэмээнүүдийг Чандмань сумын хойт захаас авсан байгаа. Энэ хүн яагаад тэнсэн авдаггүй юм бэ? цагаатгахаар нь би гайхаж байсан. 4 жилийн хугацаа өнгөрч байхад яагаад хэргээ хүлээхгүй байна. Манайхаас урагш 500 тэмээ байгаа. 230 километрээс тухайн тэмээнүүдийг ачиж ирсэн. Хүнээс авсан тэмээ бол тэрийг хэнээс авсан гэдгээ л хэлчих хэрэгтэй. Мал эмнэлгийн үржлийн албаны үнэлгээ гаргуулаад ирсэн байгаа. Би хохирлоо бичүүлээд нотариатаар гэрчлүүлээд ирсэн байгаа.... Миний  хүүгийн тэмээ 3 алтан медальтай байсан. Би үнэхээр харамсалтай байна. Би энэ хоёр тэмээнд үнэхээр харамсаж байна. Та манай хууль шүүхийн байгууллагыг хүндэтгэх хэрэгтэй... Би аймагт 6 удаа ирж байна. Тэмээний үнэ дээр нэмээд шатахууны мөнгө төгрөгийг төлүүлж биднийг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч И.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Бид хэд нэг уулзсан. Бид Монгол хүмүүс үг хэлээ ойлголцох ёстой. Би хэлсэн миний тэмээний хохирлыг төлж өгөөч өөр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн байгаа. Би хүний төлөө биш малын төлөө уйлж байгаа. Энэ хүн улсын аварга малчин, миний тэмээг зовоосны төлөө би ингэж явж байна. Энэ хүн О , А  гэдэг 2 хүнийг манай тэмээг авсан гэж хэлээд байна. Үнэхээр тийм байсан бол тухайн үед нь цагдаад мэдэгдээд шалгуулах боломжтой байсан.  Хэн хэндээ хохиролтой байна. Яагаад О , А гэдэг 2 залууг хулгайлсан гэж бодоод байгаа юм бэ? Би бол  О , А  гэдэг 2 хүнийг аваагүй гэж хэлнэ. Энэ тамганы тухайд гэвэл дээр үед ийм гагнаас тавьдаггүй байсан. Тамганы гагнаасны холбоосыг нь хараарай мал тамгалсан тамга ийм байдаггүй юм. Би хулгай хийгээгүй гэж хэлж байна. Б-г цагдаа бариад явснаас хойш 3 хоногийн дотор араас нь ирсэн гэж байна. Ямар нэгэн холбоогүй байсан бол араас нь тэгж хурдан ирэх шаардлага байхгүй байсан. Б-тэй холбоотой байсан учир Б.Ч  араас нь ирсэн байна. Б-гийн өмнөөс асуугдсан гэж байна. Б-тэй сэтгэл зүйн хувьд холбоотой гэж үзэж байна. Хүний хоёр тэмээг махны ченж Э-д зарсан байгаа. Үүнээс болоод цагдаад дуудагдаад Б.Ч  араас нь ирсэн байх. Тэр Б  чинь эдний садан байгаа. Өмнөх хурал дээр би хэлж байсан битгий хорих ял өгөөч миний тэмээний хохирлыг барагдуулаад өг, өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Би нэг л юм асуумаар байна. Б-г цагдаад баригдаад явсаны төлөө яагаад тэр холоос тийм хурдан араас нь ирсэн шалтгаан нь юу байв гэж. Хохирлоо төлөөд салаасай гэж бодож байсан. Би энэ хүнийг ял авахыг хүсэхгүй байна. Би танд их хэлсэндээ миний тэмээний хохиролыг барагдуулаад өг өөр гомдол байхгүй гэж хэлсэн. Миний ингэ сайхан тэмээ байсан одоо ботголсон байх ёстой. Би ганцхан тэмээнийхээ үнийг л нэхэмжилж байгаа өөр хохирол нэхэмжлэхгүй байгаа. Аймгийн алдарт уяач хүн нэрээ бодох хэрэгтэй.... Шалтгаангүйгээр чи авсан гэж хэлж болохгүй учир би саяын бүгдийг ярилаа. Бид хохиролтой байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 1 буур, 2 ингэ, 3 шилбэ, 1 гунж гээд 7 тэмээгээ алдсан 7.200.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Намайг хохирол гомдолгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.П-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би тухайн үед хэвтрийн ээжтэй байсан учир хамт явж хайж чадаагүй. Би нэг атан тэмээ, 1 шүдлэн тайлаг,  алдсан тэмээнийхээ хохирлыг барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би нэг атаа алдсан байгаа. Нэг алт, нэг хүрэл гэсэн 2 медальтай байсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2014 оны 08 сараас хойш алдсан тэмээгээ хайсан. 2017 оны 07 сарын 21-ны өдөр миний алдсан тэмээнүүд Б.Ч-ийн хашаанд хашаатай байсан гэж Т.Ц  гэдэг хүнээс сонссон. Т.Ц-ын дүү нь хашаанд хашаатай байсан тэмээг хараад Ц-д хэлээд очиж үзсэн байсан. Энэ тэмээнүүд манай сумын тэмээ биш байна. Онги буюу О үсгэн тамгатай тэмээ байна гэсэн. Манай сумын нийт 7 хохирогчийн 17 тэмээ алга болсон. Тухайн үед Т.Ц  надруу яриад борлогтой тэмээнд таны нэг тэмээ байна, хурдан ирж ав хоёр тэмээг Б.Ч  хүргэн Б  гэдэг хүнээр заруулаад махны ченж Э-д зарсан гэж хэлсэн. Тэгээд би хүү Д.Т-ыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Харгант багийн Муруй гэж газраас миний зөв талын шанаа, зөв талын хөлөрдөг өгзөг дээрээ О буюу онги тамгатай ширээ бөхтэй улаан ат мөн байхыг авсан…” гэх мэдүүлэг /2-р хх 89-рт/,

Гэрч З.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Баянхонгор аймгийн Баацагаан  сумын 3 дугаар багт надаас өөр онги буюу О үсгэн тамга дардаг айл байхгүй. Манайх тэмээнийхээ зөв талын гуяны хүйтэн хонгон дээр онги тамга дардаг, 1 дүгээр багийн мөнжүүрийн Шарав нь тэмээнийхээ зөв талын шанаанд нь онги тамга дардаг байсан. Баацагаан сумд өөр онги буюу О үсгэн тамга дардаг хүн байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх 92-рт/,

Гэрч Б.У-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Б-гийн эхнэр нь байгаа юм. Ч  2014 оны намар манайд ирээд манай хоёр тэмээ энд ойрхон тэмээн дотор байна. Миний тэмээг Э-д зараад мөнгийг нь аваад өг ах нь завгүй байна гэж хэлээд явсан. Тэр орой нь Б бид хоёр хоёр тэмээг нь зараад Б.Ч-д мөнгийг нь аваачиж өгсөн. Нэг удаагийн явалтаар 2 тэмээг зарж мөнгийг нь Ч-д өгсөн юм...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 94-95-рт/,

Гэрч Т.Цо-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 оны 07 сарын 20-ны үед би тэмээ цуглуулаад Хар нүдэн гэх газрын хашааны хажуугаар гарч явахад Ч-ийн хашаанд бараан голдуу тэмээ байсан. Би тухайн тэмээнүүдийг гаднаас нь харахад манайхны хайж байгаа тэмээ биш байхаар нь сайн ажиглаж хараагүй дараа нь би энэ талаар өөрийн төрсөн ах Т.Ц-д хашаатай тэмээ байсан талаар хэлж байсан. Ч-ийн хашаанд байсан тэмээний талаар талийгаач ах Т.Ц  нь сайн мэдэж байсан бөгөөд хохирогч гээд тэмээ хайж явсан хүмүүст хэлсэн гэсэн... Тэмээндээ тамга дарж байхыг би мэдэхгүй. Тэмээнийхээ зөв чихэнд онь буюу тэмээний чихний үзүүр хэсгийг ухаж хайчилдаг юм. Б.Ч-ийнх онги буюу О үсгэн тамга дардаггүй. Нэгдэл гэж байхад хэрэглэж байсан хоёр нүдтэй саран тамга адуундаа дардаг....” гэх мэдүүлэг /2-р хх 96-97-рт/,

Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манайх 30 орчим тэмээтэй. Адуундаа онги буюу О үсгэн тамга дардаг байсан. 2015 онд 2-3 гунжин ингэнд онги буюу О үсгэн тамга дарсан байгаа. Урьд нь тэмээндээ тамга дарж байгаагүй. Б.Ч  тэмээнийхээ зөв чихэнд ухмал им хийдэг юм. Тамга дардаггүй. Б.Ч-той олон жилийн турш айл саахалт нутаглаж байна. Б.Ч-ийн онги буюу О үсгэн тамга байхгүй. Б.Ч-ийнх үржлийн голдуу тэмээтэй. Сүүлийн 2 жилийн хугацаанд тэмээ худалдаж авсан талаар юм сонсож байгаагүй юм байна...” гэх мэдүүлэг /2-р хх 98-99-рт/,

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 оны намар Б.Ч  нь манай гадаа тэмээ тууж ирээд Э-д зараагүй харин Б  нь эхнэр У-ийн хамт хоёр тэмээ тууж ирээд махны ченж Э-д тэмээ зарсан юм. Шаам хүрэн тайлаг, хойд хөлөрдөг дээрээ онги буюу О үсгэн тамгатай, ширээ хүрэн халтар гунж мөн адил хөлөрдөг хонгон дээрээ онги буюу О үсгэн тамгатай байсан. Шанаандаа онги тамга байсан эсэхийг би анзаарч хараагүй учир нь хоёр тэмээг ачих гэж байхад нь араас нь тууж машины тэвшин дээр гаргалцсан юм. Б.Ч-ийг нутгийн хүмүүс эвгүй хүн гэж ярьдаг юм. Би энэ талаар сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /2-р хх 100-101-рт/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 онд манайх 15 орчим тэмээ тоолуулсан. Бод малынхаа зөв талын чихийг хойноос нь сүйхэлж буруу талын чихэнд нь онь им хийдэг юм. Ямар нэгэн тамга дарж байгаагүй. Манайх од саран тамгатай, хүү Э-даа уламжлуулж өгсөн. Манайх ганц тийм тамга байсан. Өөр тамга байгаагүй. Манайх О буюу онги үсгэн тамга дардаггүй. Хэрэв Б-ийн Э-д зарсан хоёр тэмээг манай тэмээнээс аваагүй, Мө-ийн тэмээнээс авсан бол манай тэмээ биш байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2-р хх 102-103-рт/,

Гэрч Ц.Б-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би яг хэзээ гэдэг он сарыг сайн санахгүй байна. Т.М-ийн тэмээнд байсан зөв хацар зөв хөлөрдөг хонгон дээрээ О буюу онги тамгатай бор тайлаг, зөв хацар зөв хөлөрдөг хонгон дээрээ О буюу онги тамгатай халтар гунж хоёрыг Э-д гэдэг махны ченжид өгсөн. Тэр хоёр тэмээг Б.Ч  нь миний тэмээ байгаа юм, хүнээс худалдаж авсан гэж хэлж байсан... Би Э-д надаар заруулсан хоёр тэмээг би Ч-ийн тэмээ биш гэдгийг мэдэж байсан учир танай тэмээ мөн юм уу гэхэд Б.Ч  хүнээс худалдаж авсан юм гэж ярьж байсан. Б.Ч-ийнх 20 орчим тэмээтэй. Тэмээндээ тамга дардаггүй. Чихэнд нь им хийдэг юм...” гэх мэдүүлэг/2-р хх 105-106-рт/,

Шүүгдэгч Б.Ч-ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Би Б-гээр буруу талын чих онь зөв талын чих сүйх имтэй бор хөгшин тайлаг,  мөн  адил  имтэй  шар  гунж хоёрыг Б-гээр заруулж нийт 1.400.000 төгрөг авсан... Ц.Б  нь мал танихдаа муу гэхдээ манай тэмээг хараад танина... Би 2014 онд хүнээс нэг ч тэмээ худалдаж аваагүй. Ц.Б-гээр заруулсан хоёр тэмээ нь манай тэмээ мөн байсан бол ямар нэгэн тамгагүй байх ёстой. Би Б-гээр нэг удаагийн үйлдлээр хоёр тэмээ заруулсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх 111-112-рт/,

Гэрч Л.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 оны 08 дугаар сарын 10-д өнгөрсөн байсан. Он сарыг яг нарийн сайн санахгүй байна. Баацагаан сумын 3 дугаар багийн Мөн-гийн худаг гэх газраас ширээ хар шилбэн гунж, хөх тайлаг гэх 2 тооны тэмээг 1.450.000 төгрөгт бодож авсан юм...” гэх мэдүүлэг/1-р хх 131-рт/,

Гэрч Т.Ц-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 оны 07 сарын 21-ний өдөр Талын гүн, Хар нүдэн гэх газарт өөрийнхөө тэмээг бөөгнүүлж бүртгэх гэж яваад Б.Ч-ийн Хар нүдэн гэх газар байх хаваржааны хашаанд 16 тооны тэмээг хашсан  байхыг харсан. Миний харсан тэмээнүүд голдуу баруун зүсний тэмээ байсан ба миний ажиж сайн харснаар бол зөв талын хүйтэн хонгон дээрээ хөндлөн 8 тоон тамгатай улаан тэмээ, зөв талын хүйтэн хонго цавь орчимруугаа хас тамгатай улаан буур байсан, бусад тэмээнүүд нь онги буюу О үсгэн тамгатай байна гэж харж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 137-рт/,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх 165-рт/,

Хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Ж.М-гийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3/213 тоот тодорхойлолт, Зарлагын баримтууд, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт, Говь-Алтай аймаг Чандмань сумын Өлзийбулаг, Эрдэнэ-Уул багийн 2013 оны малын А дансны хуулбар зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Уг гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан нь шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй хэдий ч шүүх хуралдаанд мэдүүлж байгаа шүүгдэгчийн мэдүүлэг болон гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд хууль бус, нууц аргаар, шунахай сэдэлтээр, ашиг олох гэсэн санаа зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх үзлээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримт шинжлэн судлах дарааллын дагуу /1хх-29-рт/ Б-ийн Ч-ийн жилийн эцсийн мал тооллогын дүн, /1хх-15-рт/ Б-гийн Б.Ч-ийг аваачаад зараадах гээд 2 тэмээг махны ченж Э-д зарсан Э-ын тэмдэглэлийн дэвтрийн хэсгээс, /1хх-54-рт/ гэрч М-ын мэдүүлэг, /1хх-55-рт/ гэрч Ц-ын мэдүүлэг, /1хх-161-рт/ Ц-ын мэдүүлэг, /1хх154-160-рт/ тэмээний гэрэл зургууд, /2хх-134-рт/ гэрч Цэ-ын мэдүүлэг, /1хх-89-рт/ хохирогч иргэний нэхэмжлэгч Д-гийн мэдүүлэг, гэрч М-ын мэдүүлэг /хх-92-рт/, гэрч У-гийн мэдүүлэг /хх-94-95-рт/, гэрч Цо-ийн мэдүүлэг /хх-96-97-рт/, гэрч А-ийн мэдүүлэг /хх-98-99-рт/, гэрч Д-н мэдүүлэг /хх100-101-рт/, гэрч Б-ийн мэдүүлэг /хх-102-103-рт/, гэрч Ба-гийн мэдүүлэг /хх105-106-рт/, гэрч Ч-ийн мэдүүлэг /хх-111-112-рт/, гэрч Э-ын мэдүүлэг /хх-131-рт/, гэрч Ц-ын мэдүүлэг /хх-134-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.М-гийн хүсэлтээр: Гэрч М-ын мэдүүлэг /хх-92-рт/, гэрч У-ийн мэдүүлэг /хх-94-95-рт/, гэрч Цо-ийн мэдүүлэг /хх-96-97-рт/, гэрч А-ийн мэдүүлэг /хх-98-99-рт/, гэрч Д-н мэдүүлэг /хх100-101-рт/, гэрч Б-гийн мэдүүлэг /хх105-106-рт/, гэрч Ц-ын мэдүүлэг /хх-134-рт/, гэрч М-ын Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багт надаас өөр “О” буюу Онги үсгэн тамга дардаг айл байхгүй, манайх тэмээнийхээ зөв талын хонгонд Онги тамга дардаг. Баацагаан суманд өөр “О” буюу Онги үсгэн тамга дардаг айл байхгүй гэх мэдүүлэг, /хх-141-рт/ Ба-ийн мэдүүлэгт манайх жилийн эцсийн тооллогоор 15 тэмээ тоолуулсан ба 2 ботготой ингэ, 1 тайлаг бусад нь жижиг голдуу тэмээтэй насыг нь сайн мэдэхгүй манай тэмээнүүд цагаан голдуу наан нь бор шардуу тэмээнүүд байгаа манайх тэмээндээ О үсгэн тамга дардаг байсан. Одоо сүүлийн тэмээнүүдэд тамга байхгүй. Манайх харин буруу талын чих онь, зөв талын чих хойноос нь сүйх имтэй, миний хувьд мал дээрээ байгаад байдаггүй зуны цагт малдаа гараад өвөлд нь аймагт ирдэг, Б-ийн Э-д зарсан тэмээг би мэдэхгүй байна. Тэгэхдээ манай им байсан байх имийг нь ноослох үедээ байнга хийдэг. Жилийн эцсээр тоолсон тэмээ нь яах аргагүй Б.Ч-ийн нэр дээр 15 тэмээ тоологдсон Б.Ч  нь манай бүл садан  3 дугаар багийн Хар нүдэн гэх газар нутагладаг гэх мэдүүлэг, /хх-165-рт/ шинжээчийн дүгнэлтэд тухайн тэмээнүүдийг үнэлсэн үнэлгээ байгаа тухайн шинжээчийн үнэлгээг хохирогчид бүгд хүлээн зөвшөөрсөн үүний дагуу хохирлоо гаргуулж авна гэсэн байгаа. /хх-123-124-рт/ тамга хураан авсан тогтоол, Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд, 2013 оны А дансны түүврүүд байгаа тухайн түүвэр дээрээс хохирогч нарын хэдэн тэмээ тоолуулж байсан талаар тодорхой байгаа. 2017 оны 11 сарын 11-нд өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн шатахууны зардлын баримт, 2014 оны 10 сарын 15-нд тухайн үед тэмээгээ хайсан зардлын баримт, 2014 оны 08 сарын 09-ний өдрөөс 08 сарын 11-ний өдөр хүртэл алдсан тэмээгээ хайхад Чандмань сумын колонкоос авсан шатахууны баримтууд, Аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгчтэй Чандмань сумын Тамгын газрын жолоочтой хамт тэмээгээ хайсан зардлууд, Чандмань сумын Засаг даргын тодорхойлолт, мөн хохирогч нарын шүүх хуралдаанд ирсэн зардал нь тэмээ хайсан зардалд нэгтгэгдээд орсон байгаа, Говь-алтай аймгийн Чандмань сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн тодорхойлолт тус сумын Өлзийбулаг, Эрдэнэбулаг сумын иргэдийн тэмээнээс аван ноосны хэмжээ, 2014-2017 онд авах төлийн хэмжээ үүнд: 1 тэмээнээс авсан ноосны хэмжээ улсын дунджаар 5 кг гэж авч үзэв. Ня-ийн тэмээ нь 2015-2017 онд нийт 15 килограмм ноос зах зээлийн үнэлгээгээр үнэлэхэд 2015 онд урамшуулалтай нь үнэлэхэд 30.000 төгрөг, 2016 онд урамшуулалтай нь үнэлэхэд 26.500 төгрөг нийт 86.500 төгрөг, П-гийн 2 тэмээнээс нийт 30 килограмм ноос энэ нь 203.000 төгрөг, Д-гийн 3 тэмээ 2015-2017 онд 45 килограмм ноос энэ нь нийт 274.500 төгрөг, Б-гийн 7 тэмээ 2015-2017 онд 240 килограмм ноос энэ нь нийт 1.464.000 төгрөг, Т  1 тэмээ нь 2015-2017 онд нийт 15 килограмм ноос зах зээлийн үнэлгээгээр үнэлэхэд 2015 онд урамшуулалтай нь үнэлэхэд 30.000 төгрөг, 2016 онд урамшуулалтай нь үнэлэхэд 26.500 төгрөг нийт 86.500 төгрөг, Э-ийн 1 тэмээ нь 2015-2017 онд нийт 15 килограмм ноос зах зээлийн үнэлгээгээр үнэлэхэд 2015 онд урамшуулалтай нь үнэлэхэд 30.000 төгрөг, 2016 онд урамшуулалтай нь үнэлэхэд 26.500 төгрөг нийт 86.500 төгрөг, Л-ийн 1 тэмээ нь 2015-2017 онд нийт 15 килограмм ноос зах зээлийн үнэлгээгээр үнэлхэд 2015 онд урамшуулалтай нь үнэлэхэд 30.000 төгрөг, 2016 онд урамшуулалтай нь үнэлэхэд 26.500 төгрөг нийт 86.500 төгрөг, нийт 2.287.500 төгрөг болж байна. 2014-2017 онд авах төлийг нь тооцоолсон байгаа. Ня-ийн нэг ингэ үүнээс 1 тором, 1 ботгоны төл авах байсан. Б  3 тором 3 ботго, Энэбиш 1 тором 1 ботго энэ нь мал эмнэлгийн үржлийн тасгийн тооцоогоор ботгыг 150.000 төгрөг, тормыг 350.000 төгрөгөөр үнэлэхээр 5 ботго 5 тором энэ нь 2.500.000 төгрөг болох байсан байна. Нийт 2014 онд алдагдсан малыг зах зээлийн үнэлгээ ашиг шимийг нь тооцохоор тором ботго нийлээд 2.500.000 төгрөг энэ дээр ноосны мөнгө 2.287.500 төгрөгийг нэмээд 4.787.500 төгрөгийн тооцоо гаргасан байна. Судалгааг гаргасан мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн За  гаргасан. Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын тоот ирсэн Хохирогч нар нь алдсан тэмээний сургаар Баянхонгор аймгийн Баацагаан сумын төв нутагт ажиллах унааны туслалцааг Засаг даргын Тамгын газарт хохирогч нар хандсан учир 00-70 ГАА улсын дугаартай УАЗ512 маркын машиныг жолоочийн хамт явуулж эрлийн ажиллагаанд Тамгын газраас 100 литр шатахуун 182000 төгрөг, хохирогч нар 473200 төгрөгийн зардлыг өөрсдөө хариуцсан бүх зардал 655200 төгрөг болсон байна. Нийт 6.384.800 төгрөгийн хохирлыг хохирогч нар тэмээний хохирол дээр нэмж нэхэмжилж байна... Шатахууны мөнгө 2014 оны 08 сарын 09-ний өдрөөс 2014 оны 08 сарын 11-ний өдрийн хооронд 72800 төгрөг Тамгын газрын машинтай 655200 төгрөг, Баянхонгор аймгийн Баацагаан сумаас ачиж ирсэн 165600 төгрөг, хохирогч нар ирж мэдүүлэг өгсөн 186300 төгрөг, 191100 тамгын газрын машинтай хайсан нийт шатахууны мөнгөө Лх-д оногдох 2014-08-09 118.300, 08 сарын 11-нд 72.800 төгрөг нийлээд 191.100 төрөг болж байна. Тамгын газрын машинтай хайсан…” зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э-гийн хүсэлтээр: Гэрч Б-ийн мэдүүлэг /хх49, 69-рт/, /хх-45-рт/ түдгэлзсэн тогтоол, /хх-126-рт/ Ба-гийн мэдүүлэгт Б-гийн Э-д зарсан тэмээг би мэдэхгүй байна. Тэгэхдээ манай им байсан байх имийг нь ноослох үедээ байнга хийдэг, 1990-ээд онд “О” үсгэн тамга хэрэглэдэг байсан тэрнээс хойш ямар тамга хэрэглэдгийг мэдэхгүй, манай дардаг байсан тамга хүү Ч.Э-д байгаа гэх, /хх-79-рт/ Б.Ч  нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн лавлагаа, /хх-80-рт/ 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Прокурорын тогтоол, /2хх-134-рт/гэрч Ц-ын мэдүүлэг, С-ийн Ня-ын мэдүүлэгт 2012 оны зун намайг зах дээр байхад О  гэдэг залуу тэмээний мах авах уу гэхээр нь би очиж үзэхэд нилээд бохир төхөөрсөн махыг килограммыг нь 500 төгрөгөөр тооцож авсан надад нэг их юм яриагүй тухайн үед тэмээний мах их хямд байсан. Тухайн үед О  өндөр бүдүүн залуутай явж байсан одоо бодоход тэр А  гэх залуу байсан байх гэх, энэ хэрэг маань удаа дараа түдгэлзсэн байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Прокурорын түдгэлзүүлсэн үндэслэл эргээд сэргээгдсэн ч гэсэн үүнээс хойш битүүмжлэх үйл ажиллагаа хийсэн. Лха болон өөр хэдэн гэрчээс мэдүүлэг авсан өөр ямар нэгэн нотолгооны ямар нэгэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээгүй байгаа...”  зэрэг нотлох баримтуудыг,

Эд мөрийн баримтаар хураагдсан “... “О” үсгэн тамга нь тухайн үед Б.Ч  нь манайх “О” үсгэн тамга дардаг манайх “О” үсгэн тамгатай гэсэн учир Б.Ч  овогтой Э-гаас тухайн тамгыг гаргуулж эд мөрийн баримтаар хураасан байгаа ...” зэргийг тус тус шинжлэн судалж, үзлэг хийв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Ч-ийг  сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай магадлалаар тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Ч-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгтэй дүйцэж байгаа боловч эрүүгийн хариуцлагын хувьд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан тул  Эрүүгийн  хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнээр зүйлчилж шүүгдэгч Б.Ч-ийг бусдын эд хөрөнгийг буюу олон тооны мал хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж “...Би хулгай хийгээгүй, энэ хүмүүсийн тэмээг аваагүй, гэм буруу байхгүй...” гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт байгаа гэрч Т.Цо-ийн “...2014 оны 07 сарын 20-ны үед би тэмээ цуглуулаад Хар нүдэн гэх газрын хашааны хажуугаар гарч явахад Ч-ийн хашаанд бараан голдуу тэмээ байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.А-ийн “...Б.Ч тэмээнийхээ зөв чихэнд ухмал им хийдэг юм. Тамга дардаггүй. Б.Ч-той олон жилийн турш айл саахалт нутаглаж байна. Б.Ч-ийн онги буюу О үсгэн тамга байхгүй. Б.Ч-ийнх үржлийн голдуу тэмээтэй. Сүүлийн 2 жилийн хугацаанд тэмээ худалдаж авсан талаар юм сонсож байгаагүй юм байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Д-н “...2014 оны намар Б.Ч  нь манай гадаа тэмээ тууж ирээд Э-д зараагүй харин Б  нь эхнэр У-гийн хамт хоёр тэмээ тууж ирээд махны ченж Э-д тэмээ зарсан юм. Шаам хүрэн тайлаг, хойд хөлөрдөг дээрээ онги буюу О үсгэн тамгатай, ширээ хүрэн халтар гунж мөн адил хөлөрдөг хонгон дээрээ онги буюу О үсгэн тамгатай байсан. Шанаандаа онги тамга байсан эсэхийг би анзаарч хараагүй учир нь хоёр тэмээг ачих гэж байхад нь араас нь тууж машины тэвшин дээр гаргалцсан юм…гэх мэдүүлэг, гэрч С.Б-гийн “...2014 онд манайх 15 орчим тэмээ тоолуулсан. Бод малынхаа зөв талын чихийг хойноос нь сүйхэлж буруу талын чихэнд нь онь им хийдэг юм. Ямар нэгэн тамга дарж байгаагүй. Манайх од саран тамгатай, хүү Э-даа уламжлуулж өгсөн. Манайх ганц тийм тамга байсан. Өөр тамга байгаагүй. Манайх О буюу онги үсгэн тамга дардаггүй. Хэрэв Б-гийн Э-д зарсан хоёр тэмээг манай тэмээнээс аваагүй, Мө-ийн тэмээнээс авсан бол манай тэмээ биш байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-гийн “...Би яг хэзээ гэдэг он сарыг сайн санахгүй байна. Т.М-ийн тэмээнд байсан зөв хацар зөв хөлөрдөг хонгон дээрээ О буюу онги тамгатай бор тайлаг, зөв хацар зөв хөлөрдөг хонгон дээрээ О буюу онги тамгатай халтар гунж хоёрыг Э-д гэдэг махны ченжид өгсөн. Тэр хоёр тэмээг Б.Ч нь миний тэмээ байгаа юм, хүнээс худалдаж авсан гэж хэлж байсан... Би Э-д надаар заруулсан хоёр тэмээг би Ч-ийн тэмээ биш гэдгийг мэдэж байсан учир танай тэмээ мөн юм уу гэхэд Б.Ч  хүнээс худалдаж авсан юм гэж ярьж байсан. Б.Ч-ийнх 20 орчим тэмээтэй. Тэмээндээ тамга дардаггүй. Чихэнд нь им хийдэг юм...” гэх мэдүүлэг, гэрч Л.Э-ын  “...2014 оны 08 дугаар сарын 10-д өнгөрсөн байсан. Он сарыг яг нарийн сайн санахгүй байна. Баацагаан сумын 3 дугаар багийн Мөн-гийн худаг гэх газраас ширээ хар шилбэн гунж, хөх тайлаг гэх 2 тооны тэмээг 1.450.000 төгрөгт бодож авсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Т.Ц-ын “...2014 оны 07 сарын 21-ний өдөр Талын гүн, Хар нүдэн гэх газарт өөрийнхөө тэмээг бөөгнүүлж бүртгэх гэж яваад Б.Ч-ийн Хар нүдэн гэх газар байх хаваржааны хашаанд 16 тооны тэмээг хашсан  байхыг харсан. Миний харсан тэмээнүүд голдуу бараан зүсний тэмээ байсан ба миний ажиж сайн харснаар бол зөв талын хүйтэн хонгон дээрээ хөндлөн 8 тоон тамгатай улаан тэмээ, зөв талын хүйтэн хонго цавь орчимруугаа хас тамгатай улаан буур байсан, бусад тэмээнүүд нь онги буюу О үсгэн тамгатай байна гэж харж байсан...” гэх мэдүүлэгүүдээр шүүгдэгчийн дээрхи мэдүүлэгүүд нь няцаагдаж байна гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан: “...Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, нотлогдоогүй тул үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсноор төгссөнд тооцогддог бөгөөд шүүгдэгч нь өөрийн эзэмшил бүхий хашаандаа уг 16 тооны тэмээг хашсанаар энэ гэмт хэрэг төгссөн байна. Тиймээс шүүгдэгч Б.Ч-ийн бусдын 16 тооны тэмээг хулгайлсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Ч-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2 ат, 1 шилбэн тэмээний үнэ 3.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д, 1 ат, 1 шүдлэн тэмээний үнэ 2.300.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.П-д, 1 ингэний үнэ 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч И.Э-д, 1 атны үнэ 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Т-т, 1 гунжин тэмээний үнэ 750.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ня-д, 2 ингэ, 3 шилбэ, 1 буур, 1 гунжны үнэ 7.050.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б  нарт тус тус олгох нь зүйтэй байна.

 

Харин хохирогч С.Лха  нь “... Би нэг тэмээг хулгайд алдсан бөгөөд түүнийг 2014 оны намар олж авсан.Тэгэхдээ Баянхонгор аймгийн Баацагаан сумын Дунд уул гэх газраас олж авсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн/2-р хх 77-рт/ байх тул шүүгдэгч Б.Ч  нь хохирогч С.Лха-д тэмээний хохиролд төлөх төлбөргүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор хохирогч нар нь алдсан тэмээгээ эрж хайхад гарсан зардал болон шүүх хуралдаанд ирэхэд гарсан бензиний зардлыг нэхэмжилсэн байх бөгөөд алдсан тэмээгээ эрж хайхад 1.016.200 төгрөгийг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдож байх тул долоон хохирогч тус бүрт тэнцүү хувааж, нэг хохирогчид 145.171 төгрөгийг олгох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд ирэхэд гарсан зардлаас 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “...Ланд 100 25-55 УНЧ Мө ...” гэх бичиглэлтэй 228.000 төгрөгийн Дизель түлш авсан баримтыг  шүүх хуралдаанд ирж оролцсон  хохирогч Б.Д , Б.Б , Ч.П , И.Э , Д.Т  нарт тэнцүү хувааж, хохирогч тус бүрт 45.600 төгрөгийг олгох нь зүйтэй бөгөөд харин 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “89-86 УНӨ Буяндэлгэр Стана” гэх бичиглэлтэй 171.000 төгрөгийн зарлагын баримт нь хэрэгт холбогдолгүй байх тул уг мөнгийг шүүгдэгч Б.Ч-оос гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Ч-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор 3.990.771 төгрөг гаргуулж хохирогч Б.Д-д, 2.490.771 төгрөг гаргуулж хохирогч Ч.П-д, 1.190.771 төгрөг гаргуулж хохирогч И.Э-д, 1.690.771 төгрөг гаргуулж хохирогч Д.Т-т, 895.171 төгрөг гаргуулж хохирогч Д.Ня-д, 7.240.771 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д, бензиний зардал 145.171 төгрөг гаргуулж хохирогч С.Лха-д тус тус олгох нь зүйтэй байна.

 

Мөн  малын төл болон олох ёстой байсан ашиг, ноосны үнийг хохирогч нар нэхэмжилсэн байх бөгөөд уг нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул малын төл болон олох ёстой байсан ашиг, ноосны үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг бусад нотлох баримтуудаар Б.Ч  нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байгаа бөгөөд дээрхи гэмт хэрэг нь 2014 онд үйлдэгдсэн байх тул түүнд шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас бүхэлд нь өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг оногдуулах эсэхийг заасан боловч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд эд хөрөнгө хураах ял байхгүй болсон тул шүүх дээрхи нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.

 

Уг гэмт хэрэг нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ-Уул багийн нутаг дэвсгэрээс эхлэн үйлдэгдсэн бөгөөд Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэрт  буюу Б.Ч  нь өөрийнхөө хашаанд 16 тооны тэмээг хашсанаар төгссөн байна. Мөн тухайн хэргийн нэр бүхий 7 хохирогч болон гэрч нарын ихэнхи нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул, Өлзийбулаг багуудад оршин суудаг тул хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд хохирогч нарын олонхи нь байгаа газарт хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусгажээ.

 

Энэхүү нөхцөл байдал нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ч-д холбогдох эрүүгийн 201407000179 дугаартай хэргийг  хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Ч-ийн өмчлөлийн 56 тооны малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан тамга 1 ширхэгийг шүүгдэгч Б.Ч-д буцаан олгож, шүүгдэгч Б.Ч  нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Лха-д тэмээний хохиролд төлөх төлбөргүй, бусад хохирогч нарт хохирол төлөгдөөгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа ирсэн зэргийг тус тус дурдах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өндөр овогт Б-ийн Ч-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдэд заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ч-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ч-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-оос 3.990.771 төгрөг гаргуулж хохирогч Б.Д-д, 2.490.771 төгрөг гаргуулж хохирогч Ч.П-д, 1.190.771 төгрөг гаргуулж хохирогч И.Э-д, 1.690.771 төгрөг гаргуулж хохирогч Д.Т-т, 895.171 төгрөг гаргуулж хохирогч Д.Ня-д, 7.240.771 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д, 145.171 төгрөг гаргуулж хохирогч С.Лхашидад тус тус олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тайлбарласугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ийн өмчлөлийн 56 тооны малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан тамга 1 ширхэгийг шүүгдэгч Б.Ч-д буцаан олгосугай.

8. Шүүгдэгч Б.Ч  нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч С.Лха-д тэмээний хохиролд төлөх төлбөргүй, бусад хохирогч нарт хохирол төлөгдөөгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа ирсэн зэргийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА