Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00023 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 35 045 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М   

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.В

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх зээлдэгч С.Б-тай 2017 оны 3 сарын 30-ны өдөр зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг, 3,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 сарын 14-ний өдөр дууссан боловч зээлдэгч С.Б- гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна. Иймд С.Б-ас 2017 оны 3 сарын 30-ны өдрийн 17017 дугаартай зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 16 853 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 192 000 төгрөг нийт 35 045 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд манай эгч С.Амгалан 28-08 дугаартай “Тоёота блэйд” маркийн автомашин барьцаанд тавьж, “Б-”, ХХК-иас 5 000 000 төгрөгийн зээл авсан, тэгээд эгч гадаад явсан, зээлийн хүү, алданги нь 14 000 000 төгрөг гарсан. Тэгээд би 15 000 000 төгрөг болгож хийнэ гээд зөвшөөрөх үү гэхэд зөвшөөрнө гээд гарын үсэг зурсан. Би 15 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй, С.Амгалан эгчийн зээлд тооцуулан төлж, автомашиныг чөлөөлж авсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 онд “Б-” ХХК нь, С.Баттулгын төрсөн эгч С.Амгалантай зээлийн гэрээ байгуулж, С.Амгалан нь өөрийн өмчлөлийн 28-08 дугаартай “Тоёота блэйд” маркийн автомашиныг барьцаанд тавьж, 15 000 000 төгрөгийг авсан байдаг. Ийнхүү зээлээ төлж явсаар 5 000 000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байтал С.Амгалан 2015 онд гадаад явж, тус зээлийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй болсон. Ийнхүү С.Б- нь төрсөн эгчийнхээ барьцаанд тавьсан автомашиныг барьцаанаас чөлөөлж авах гэтэл шинэ зээлийн гэрээ байгуулах ёстой гээд зээлийн гэрээг байгуулсан байдаг. “Б-” ХХК нь С.Б-тай 2017 оны 3 сарын 30-ны өдөр 17017 дугаартай зээлийн гэрээг байгуулсан, тус зээлийн гэрээтэй хамт 17017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж С.Баттулгын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг, Баянтуул суурин гудамж 6 дугаар тойрог, 622 тоотод байрлах, нэгж талбарын 18687319950920 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-1423001231 дугаартай газар, 623 тоотод байрлах, нэгж талбарын 18687319989927 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-1423001226 дугаартай газар, 624 тоотод байрлах, нэгж талбарын 18688319028934 дугаартай газар, 625 тоотод байрлах, нэгж талбарын 18688319068941 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-1423001233 дугаартай газар, 626 тоотод байрлах, нэгж талбарын 18688319107948 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-1423001228 дугаартай газар буюу нийт 10 000 м.кв газрыг барьцаанд 18 496 000 төгрөгөөр тавьсан байна. Зээлийн гэрээний дагуу С.Б- нь дансаар болон бэлнээр 15 000 000 төгрөгийг авч байгаагүй, зээлийн гэрээг байгуулахдаа Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлгийг баримтлан байгуулсан байна. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэсэн байна. Иймд зээлийн гэрээ нь бодитойгоор хийгдсэн гэх үндэслэлгүй байх бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Ийнхүү тус гэрээний дагуу шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй байна. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд 2017 оны 3 сарын 30-ны 17017 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2017 оны 3 сарын 30-ны өдрийн 17017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талууд харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурж, 5 газрыг барьцаалсан гэрээ хийсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч С.Б-ас 35 045 000 төгрөгийг гаргуулан “Б-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай С.Баттулгын сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 333 175 төгрөг, хариуцагчаас төлсөн 250 430 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 333 175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2014 онд нэхэмжлэгч “Б-” ХХК болон хариуцагч С.Баттулгын төрсөн эгч С.Амгалан нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлийн 2808 дугаартай “Тоёота блэйд” маркийн автомашиныг барьцаанд нь тавьж 5 000 000 төгрөгийг авсан байна. С.Амгалан нь 2015 онд гадаад явснаар зээлийн эргэн төлөлт удааширч, улмаар зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү нь нэмэгдсээр 14 000 000 төгрөг болжээ. С.Б- нь төрсөн эгчийнхээ барьцаанд тавьсан автомашиныг барьцаанаас чөлөөлж, авах гэтэл шинээр зээлийн гэрээ байгуулах ёстой гэсэн шаардлага тавьсны дагуу өөрийнхөө нэрээр 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч “Б-” ХХК-ийн зүгээс зээлийн гэрээнд зааснаар уг мөнгийг бэлнээр болон дансаар С.Б-д хүлээлгэж өгөөгүй болно. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэснийг зөрчиж байх бөгөөд зээлийн гэрээ нь байгуулагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан байна. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байна. Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч С.Баттулгыг тус зээлийг аваагүй, эгчийнхээ зээлийг чөлөөлөхийн тулд зээлийн гэрээг байгуулсан хэмээн тайлбар өгсөөр байтал анхан шатны шуух С.Баттулгыг зээл авсан мэтээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” хэмээн заасны дагуу 17017 тоот зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно. Гэтэл “Б-” ХХК нь 17017 тоот зээлийн гэрээний 2.1.3-д заасан “Зээлдэгчийн ... дансанд бүхэлд нь хэсэгчлэн, бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно” гэсэн заалтын дагуу С.Б-д 15 000 000 төгрөгийг шилжүүлээгүй тул тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч С.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 35 045 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 3 сарын 30-ны өдрийн 17017 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2017 оны 3 сарын 30-ны өдрийн 17017 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2017 оны 3 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Б-” ХХК нь 15 000 000 төгрөгийг, сарын 3.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай хариуцагч С.Б-д зээлдүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 3 сарын 31-ний өдөр 15 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зарлагын баримт, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 11-12, 63-67-р тал/

 

Мөн өдөр талууд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагч С.Баттулгын өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 3 дугаар баг, Баянтуул суурин 6 дугаар тойрог, 622 тоотод байрлах, 2000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1423001231 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 623 тоотод байрлах, 2000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1423001226 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 624 тоотод байрлах, 2000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1423001234 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 625 тоотод байрлах, 2000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1423001233 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 626 тоотод байрлах, 2000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1423001228 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 14-16-р  тал/

 

Зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байх тул хариуцагчийн татгалзал болон сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэгч “Б-” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Тодруулбал, талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 сарын 14-ний өдөр дууссан боловч хариуцагч С.Б- нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогджээ. /хх-ийн 13-р тал/

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

            мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний 2.1.4, 2.1.5-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох талаар тохиролцсон байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч С.Б-ас үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 16 853 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 192 000 төгрөг, нийт 35 045 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгож, “Б-” ХХК, С.Б- нарын 2017 оны 3 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2017 оны 3 сарын 30-ны өдрийн барьцааны гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай хариуцагч С.Баттулгын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо зээлийн гэрээний 2.1.3-д зааснаар 15 000 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэх боловч зээлийн гэрээний зүйл болсон мөнгөн хөрөнгийг бэлнээр олгосон нь гэрээг байгуулагдаагүй түүнчлэн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

              1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

   ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

 

          Г.ДАВААДОРЖ