Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 00023

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2020/00023

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.КББСБ, ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:С.Б-д холбогдох

35 045 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай,

С.Б-ын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17017 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17017 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Ирээдүй, хариуцагч С.Б, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс /үнэмлэх 0415/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.КББСБ, ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх зээлдэгч С.Бтай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг, 3,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай шилжүүлсэн.Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дууссан боловч зээлдэгч С.Б гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна.Иймд С.Бас 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17017 дугаартай зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлийн 15 000 000 төгрөг, зээлийн хүү 16 853 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 192 000 төгрөг нийт 35 045 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай байгууллага 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 17017 тоот зээлийн гэрээг С.Бтай байгуулж, 15 000 000 төгрөгийг, сарын 3.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн.Мөн барьцааны гэрээтэй. С.Бас үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 16 853 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 192 000 төгрөг нийт 35 045 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна, С.Б эргэн төлөлт ерөөсөө хийгээгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.КББСБ, ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2014 онд манай Амгалан гэж эгч 28-08 дугаартай Блейд машин барьцаанд тавьж Б.КББСБ, ХХК-иас 5 000 000 төгрөгийн зээл авсан, тэгээд эгч гадаад явсан, зээлийн хүү, алданги нь яваад 14 000 000 төгрөг гарсан.Тэгээд би 15 000 000 төгрөг болгож зээл хийнэ гээд зөвшөөрөх үү гэхэд зөвшөөрнө гээд гарын үсэг зурсан.Би 15 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй, Амгалангийн эгчийн зээлд тооцуулан төлж, машиныг чөлөөлж авсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2014 онд Б.КББСБ, С.Б-ын төрсөн эгч С.Амгалан нар зээлийн гэрээ байгуулж, С.Амгалан нь өөрийн өмчлөлийн 28-08 дугаартай тоёота маркийн blade машиныг барьцаанд тавьж 15 000 000 төгрөгийг авсан байдаг.Ийнхүү зээлийн хугацааны дагуу зээлээ төлж явсаар 5 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй байтал С.Амгалан 2015 онд гадаад явж тус зээлийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй болсон.Ийнхүү С.Б нь төрсөн эгчийнхээ барьцаанд тавьсан машиныг барьцаанаас чөлөөлж авах гэтэл шинэ зээлийн гэрээ байгуулах ёстой гэрээний дагуу шинэ зээлийн гэрээг байгуулсан байдаг.Б.КББСБ нь С.Бтай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 17017 дугаартай зээлийн гэрээг байгуулсан, тус зээлийн гэрээтэй хамт 17017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж С.Баттулгын өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг, Баянтуул суурин гудамж 6 дугаар тойрог, 622 тоотод байрлах, нэгж талбарын 18687319950920 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-1423001231 дугаартай газар, 623 тоотод байрлах, нэгж талбарын 18687319989927 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-1423001226 дугаартай газар, 624 тоотод байрлах, нэгж талбарын 18688319028934 дугаартай газар, 625 тоотод байрлах, нэгж талбарын 18688319068941 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-1423001233 дугаартай газар, 626 тоотод байрлах, нэгж талбарын 18688319107948 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-1423001228 дугаартай газар буюу нийт 10 000 м.кв газрыг барьцаанд 18 496 000 төгрөгөөр тавьсан байна.Зээлийн гэрээний дагуу С.Б нь дансаар болон бэлнээр 15 000 000 төгрөгийг авч байгаагүй, зээлийн гэрээг байгуулахдаа Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлгийг баримтлан байгуулсан байна.Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэсэн байна.Иймд зээлийн гэрээ нь бодитойгоор хийгдсэн гэх үндэслэлгүй байх бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.Ийнхүү тус гэрээний дагуу шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй байна.Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.Иймд 2017 оны 3 дугаар сарын 30-ны 17017 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Харилцан тохиролцож гарын үсэг зурж хүлээн зөвшөөрч олгосон, 5 газрыг барьцаалсан гэрээ хийсэн гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.КББСБ, ХХКомпани нь хариуцагч С.Бд холбогдуулан үндсэн зээлийн 15 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 16 853 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 192 000 төгрөг нийт 35 045 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр Б.КББСБ, ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч С.Б нь Б.КББСБ, ХХКомпаниас 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 15 000 000 төгрөгийг, сарын 3,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн 17017 тоот зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн зарлагын С.Б-д 15 000 000 төгрөгийг бэлнээр олгов гэсэн баримтын төгсгөлд авсан хүний гарын үсэг нь С.Б-ынх мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5582 дугаар шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Мөн С.Б нь дээрх зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг, Баянтуул суурин гудамж 6 дугаар тойрог, 622 тоотод байрлах, нэгж талбарын 18687319950920 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-1423001231 дугаартай газар, 623 тоотод байрлах, нэгж талбарын 18687319989927 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-1423001226 дугаартай газар, 624 тоотод байрлах, нэгж талбарын 18688319028934 дугаартай газар, 625 тоотод байрлах, нэгж талбарын 18688319068941 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-1423001233 дугаартай газар, 626 тоотод байрлах, нэгж талбарын 18688319107948 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2000 м.кв талбайтай, Г-1423001228 дугаартай газар зэргийг барьцаалсан болох нь талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн 17017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

Зохигч талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дууссан боловч хариуцагч С.Б зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор бүрэн хэмжээгээр биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-т зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө, 2.2.4-т гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ, зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээл, түүний хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж талууд тохирсон байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн  453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан байна.

Мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байна.

Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-т нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна, үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж тохирсон байна.

Нөгөө талаар С.Б нь нэхэмжлэгч байгууллагаас 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 15 000 000 төгрөгийг зээлж аваад эгч С.Амгалангийнхаа Б.КББСБ, ХХКомпанид байсан зээлийн төлбөрийг төлж, зөрүү мөнгийг нь авч, улмаар С.Амгалангийн зээлийн барьцаанд тавьсан авто машиныг чөлөөлж авсан тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

Энэхүү зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч С.Бас үндсэн зээлийн 15 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 16 853 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 192 000 төгрөг нийт 35 045 000 төгрөгийг гаргуулан Б.КББСБ, ХХКомпанид олгож шийдвэрлэв.

Сөрөг шаардлагын тухайд:Хариуцагч С.Баттулгын 2017 оны 3 дугаар сарын 30-ны 17017 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч С.Б нь дээрх 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний дагуу Б.КББСБ, ХХКомпаниас 15 000 000 төгрөгийг зээлж аваад эгч С.Амгалангийхаа зээлийн төлбөрийг хааж, улмаар С.Амгалангийн зээлийн барьцааны хөрөнгийг хүлээн авсан тухайгаа тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч байгууллагаас 15 000 000 төгрөгийг зээлсэн тухайгаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна.

С.Б нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч байгууллагаас 15 000 000 төгрөгийг зээлж авсан болохыг талууд тайлбарлаж байхад зөвхөн энэхүү зээлийн 15 000 000 төгрөгийг зээлдэгч С.Баттулгын зээлийн дансанд гүйлгээ хийгдээгүй байна гэх үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй юм.

Б.КББСБ, ХХКомпани С.Б нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу бүртгүүлсэн байх тул энэхүү талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн 17017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг тогтоох боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч С.Бас 35 045 000 /гучин таван сая дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулан Б.КББСБ, ХХКомпанид олгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан Б.КББСБ, ХХКомпани С.Б нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, Б.КББСБ, ХХКомпани С.Б нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай С.Б-ын сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 333 175 төгрөг, хариуцагч С.Б-ын төлсөн 250 430 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бас 333 175 /нэг зуун гучин гурван мянга нэг зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.КББСБ, ХХКомпанид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН