Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/03088 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.М-ад холбогдох,

 

Гэрээний үүрэгт нийт 3 963 250 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлс, гэрээний төлбөрт 5 400 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.                  

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Б- иргэн Д.М-тай харилцан тохиролцож амаар гэрээ байгуулан 2016 оны 5 дугаар сараас хойш малын тэжээл борлуулах ажлыг хийлгэж хөлсөнд нь эхэн үедээ 250 000 төгрөг, хэсэг хугацааны дараа   350 000 төгрөгийн хөлс өгч байсан. 2017 оны 11 сарын 05-ны өдөр борлуулалтын гэрээ байгуулсан ба түүнийг 2016 оны 4-6 сар, мөн оны 10-12 сард, 2017 оны 1-6 сар, мөн оны 10-12 саруудад ажиллуулсан. Хариуцагч Д.М- нь сүүлийн үед борлуулсан тэжээлийн мөнгийг өгөхгүй бие өвдсөн хэмээн худлаа хэлж, бараа дутагдуулсан байсныг 2018 оны 3 сарын 10-ны өдөр тооцоо нийлж 1 223 250 төгрөгийн дутагдал гарсныг илрүүлсэн. Үүнийг өөрөө мэдэж байсан хирнээ тооцоон дээр гарын үсэг зурахгүй гээд зураагүй. Уг тооллого тооцоог хийхэд манай гэрээт нягтлан бодогч О.Энх-Үйлс байлцан, мэргэжлийн хүний хувьд үнэн зөв тооцоог хийсэн. Мөн Д.М- нь 2017 оны 11 сарын 29-ний өдөр чингэлгээс ачиж очсон 120 ширхэг хивгийг дутагдуулсан бөгөөд нийт 1 440 000 төгрөгийн үнэтэй юм. Миний бие гэрээт борлуулагчаар малын тэжээл борлуулах ажлыг хийлгэхдээ өгсөн, зарагдсан, үлдсэн тэжээлийн тоо, ширхэгийг нарийн тооцож, тооцоон дээр гарын үсэг зуруулж өгч авдаг билээ. Д.М- нь өөрийн өмчлөлийн хашааны газраас тасалж зарна хэмээн надаас 2016 оны 12 сарын 11-ний өдөр 1 300 000 төгрөгийг авсан боловч тухайн газар нь бидний анх тохиролцсон байршилтай тохирохгүй байсан учир газрыг нь аваагүй бөгөөд одоо хүртэл газрын төлбөрт өгсөн 1 300 000 төгрөгийг өгөхгүй байгаа юм. Иймд хариуцагч Д.М-аас 2018 оны 3 сарын 10-ны өдөр тооцоо нийлсэн актаар тогтоогдсон 1 223 250 төгрөг, 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 12 ширхэг хивгийн үнэ 1 440 000 төгрөг, газрын төлбөрт шилжүүлсэн 1 300 000 төгрөг, нийт 3 963 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б- нь энэхүү нэхэмжлэлийг өмнө нь тус шүүхэд гаргаж, хариуцагч 2018 оны 6 сарын 26-ны өдөр эс зөвшөөрч тайлбар гаргасан бөгөөд улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч нь төлбөр тооцоог тухай бүрд нь хийж гүйцэтгэдэг байсан учир барааны дутагдал гараагүй. Тооцоо нийлсэн акт, баримтууд нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.М- нь Н.Б-гийн хүсэлтийн дагуу сарын 350 000 төгрөгийн хөлстэйгөөр малын тэжээл борлуулах үүргийг гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд мөн тэжээл борлуулах контейнерийг нь гаднаа байрлуулж, харж хамгаалсны төлбөрт 1 500 000 төгрөгийг авахаар тохиролцсон. Гэтэл Н.Б- нь миний энэхүү цалин хөлсийг хугацаанд нь бүрэн олгож байсан удаагүй, түүнчлэн контейнер харж хамгаалсны төлбөрт 1 000 000 төгрөг төлөөд үлдэх 500 000 төгрөгийг төлөөгүй. Н.Б-гээс 2016 оны 5-8 сар, 2017 оны 6-12 сар, 2018 оны 2-5 саруудын хөлсийг тус тус аваагүй. Иймд иргэн Н.Б-гээс 14 сарын цалин хөлс 4 900 000 төгрөг, контейнер харж хамгаалсны төлбөр 500 000 төгрөг, нийт 5 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Д.М-ын өөрийнх нь хүсэлтээр өөрийн өмчлөлийн малын тэжээлийг борлуулах ажлыг сарын 250 000 төгрөгийн хөлстэйгөөр хийлгэхээр аман хэлбэрээр харилцан тохиролцсон бөгөөд тухайн тохиролцооны дагуу ажлын хөлсийг цаг тухайд нь олгож байсан. Хариуцагч Д.М- нь зарим үед малын тэжээлийг борлуулсан бэлэн мөнгөнөөс өөрийн ажлыг хөлсийг суутган авдаг байсан бөгөөд зарим үед миний бие ажлын хөлсийг нь дансаар шилжүүлж байсан. Тухайлбал 2016 онд түүний ажлын хөлсөнд 900 000 төгрөг, 550 000 төгрөгийг орлогоос суутгасан бөгөөд 2016 оны 6 сарын 15-ны өдөр, 2016 оны 11 сарын 21-ний өдөр тус тус 250 000 төгрөг, нийт 500 000 төгрөгийг түүний Хаан банк дахь 5069088414 дугаарын дансанд шилжүүлсэн. 2017 онд тэрээр нийт 9 сар, сарын 350 000 төгрөгийн хөлстэйгөөр ажилласан. Уг хугацааны ажлын хөлс болох 2017 оны 2-5 сар, 11-12 сарын ажлын хөлс нийт 1 800 000 төгрөгийг орлогоосоо хариуцагч Д.М- нь суутган авсан бөгөөд миний бие дансаар 2016 оны 12 сар, 2017 оны 1 сарын ажлын хөлс болох 700 000 төгрөг, 2017 оны 02 сарын 11-ний өдөр, 2017 оны 12 сар, 2018 оны 01 сарын ажлын хөлс 400 000 төгрөгийг 2018 оны 02 сарын 13-ны өдөр үлдсэн 1 100 000 төгрөгийг түүний Хаан банк дахь 509088414 тоот дансанд шилжүүлсэн. Одоо миний бие түүнд төлөх ажлын хөлсний үлдэгдэл байхгүй бөгөөд хэрэв тийм үлдэгдэл төлбөр байсан бол хариуцагч Д.М- нь малын тэжээл борлуулсан бэлэн мөнгөнөөс хэзээ ч суутган авах боломж, бололцоотой байсан. Ингэж ажлын хөлсөө суутган авч байсан болох нь, мөн үлдэгдэл ажлын хөлсийг суутган авсан болох нь 2017 оны 4 сарын 05-ны өдрийн тооцоо нийлсэн акт дээр өөрийн гараар гарын үсэг зурж, баталгаажуулсан нотлох баримтаар нотлогдоно. Малын тэжээл борлуулах худалдаа зуны 7, 8, 9 дүгээр сард бүрэн зогсдог бөгөөд энэ хугацаанд мал бэлчээрээр өвс ногоо идэж малын тэжээл борлуулалт буурдаг учир энэ хугацаанд миний бие бүх борлуулагч нарыг ажиллуулдаггүй. Энэ нь хариуцагч Д.М-ын Хаан банк дахь 5069088414 тоот дансны хуулгаар давхар нотлогдоно. Мөн миний бие 2018 оны 02 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Д.М-ыг ажлаа зогсоож, тэжээл худалдахгүй байхыг хатуу анхааруулж хэлсэн. Тэрээр 2018 оны 01 сард бие муу гэдэг шалтгаанаар огт ажиллаагүй. Миний бие хариуцагч Д.М-тай нийтийн эзэмшлийн газар, контейнер байрлуулж, түүний хөлсөнд 1 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэдэг нь огт худлаа бөгөөд ямар ч хүн тийм хэлцэл хэзээ ч хийхгүй гэдэг нь тодорхой. Ийм худал хуурмаг зүйл нэхэж миний шилжүүлсэн 1 300 000 төгрөгийг төлөхгүй байх арга заль зохиож байгаад гомдолтой байна. Иймд хариуцагч Д.М-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан Д.М-аас 2 523 250 төгрөгийг гаргуулан, Н.Б-д олгож, нэхэмжлэлээс 1 440 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Н.Б-гээс 875 000 төгрөгийг гаргуулан Д.М-ад олгож, сөрөг нэхэмжлэлээс 4 525 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 118 000 төгрөгөөс 117 350 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 78 500 төгрөгөөс 78 362 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос илүү төлсөн 650 төгрөгийг, хариуцагч Д.М-аас 55 322 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д, мөн улсын төсвийн орлогоос илүү төлсөн 138 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Б-гээс 25 550 төгрөгийг тус тус гаргуулан Д.М-ад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгчийн гаргасан тооцооны баримтууд нь тодорхой хэмжээний зөрүүтэй, алдаатай байтал шүүх түүнийг эргэлзээгүй мэтээр үнэлсэнд гомдолтой байна. Хэрвээ үнэхээр тийм байсан бол энэ нь тооцоо нийлсэн баримтуудаар тогтоогдох байсан ба ямар нэгэн дутагдал гэх зүйл гарах боломжгүй байсан. Шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй байсан. Учир нь нэхэмжлэгч урьд нь энэ хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан тул түүнийг дахин шийдвэрлэх боломжгүй юм. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Д.М-ад холбогдуулан гэрээний үүрэгт нийт 3 963 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлс, гэрээний төлбөрт 5 400 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хариуцагч Д.М- нь 2016 оны 5 сараас эхлэн нэхэмжлэгч Н.Б-гийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж, тохирсон хөлс авч байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Улмаар зохигчид 2017 оны 11 сарын 05-ны өдөр борлуулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Д.М- нь малын тэжээл борлуулж, өдөр бүрийн орлогыг нэхэмжлэгч Н.Б-гийн дансанд тушаах, нэхэмжлэгч нь сар бүр 350 000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 15-р тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчилж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дутаасан барааны үнэ 1 223 250 төгрөг, чингэлэгээс ачуулсан хивэгний үнэ 1 440 000 төгрөг, газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 1 300 000 төгрөг, нийт 3 963 250 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж заажээ. Анхан шатны шүүх талууд газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад нотлох баримтыг буруу үнэлж, хариуцагчаас 1 300 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

           

            Хэргийн 25 дугаар талд байгаа Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас дүгнэвэл 2016 оны 11 сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Н.Б-гээс хариуцагч Д.М-ад 1 550 000 төгрөгийг шилжүүлэхдээ цалин, төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлснийг газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр гэж үзэх үндэслэлгүй, талуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх боломжгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь хаана байршилтай, ямар газар эзэмших эрхийг хариуцагчаас худалдан авахаар тохирсон гэдгээ нотлоогүй байх тул хариуцагч Д.М-аас шаардсан 1 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

                        Харин чингэлгээс ачуулсан хивэгний үнэ гэх 1 440 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

            Хэргийн 21 дүгээр талд авагдсан баримтаас дүгнэвэл 1 253 660 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байсан гэдэг нь нотлогдож байгаа бөгөөд талууд тухайн тооцоог 2017 оны 4 сарын 5-ны өдөр нийлж, хариуцагч Д.М- гарын үсэг зурсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 5191 тоот дүгнэлтээр тогтоогджээ. Иймд дутуу барааны үнэ гэх 1 223 250 төгрөгийг хариуцагч Д.М-аас гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байх тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн гомдлын энэ хэсгийг хүлээн авах боломжгүй байна. 

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Н.Б-гээс 875 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.М-ад олгож, үлдэх 4 525 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд хариуцагч сөрөг нэхэмжлэлд гомдол гаргаагүй болно.

 

Иймд хариуцагч Д.М-аас дутуу барааны үнэ 1 223 250 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 740 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгч Н.Б- нь урьд шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзсан тул түүнийг дахин шийдвэрлэх боломжгүй гэх боловч хэргийн 93 дугаар талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 198 дугаар захирамжаас үзвэл нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй, харин нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн аван боломжгүй болно.

 

Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн дүнг сольж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурьдлаа. /хх-ийн 3, 61-р тал/

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/03088 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 2.523.250 ...” гэснийг “1 223 250” гэж, “... 1.440.000 ...” гэснийг “2 740 000” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 500 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 118 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас 33 908 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д, нэхэмжлэгч Н.Б-гээс 25 550 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.М-ад тус тус олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                                ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА                                                                                                  

                                                                                                           Г.ДАВААДОРЖ