Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 302

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн  нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

иргэдийн төлөөлөгч Л.Нэргүй

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Д.Даваа

шинжээч Г.Цэндсүрэн, Б.Бат-Очир,

шүүгдэгч П.Өлзийбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өнт овогт Пүрэвжавын Өлзийбатад холбогдох 201619000324 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1954 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-4, охин 2 ачийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 56 дугаар байр 0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өнт овогт Пүрэвжавын Өлзийбат /РД:ЗК54031519/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч П.Өлзийбат нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 132/143 замын тэмдэгтийн орчим 83-39 ДУА улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Эрдэнэ-Очир, Д.Батхишиг нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Өлзийбат мэдүүлэгтээ: Тухайн осол болсон өдөр манай эхнэр, болон миний төрсөн дүү, зээ хүү гээд дөрвүүлээ явж байсан. Улаанбаатар хотоос 130 км хооронд зам дээр дугуй хагарсан тэгээд би зогсоох арга хэмжээ авах гээд сөрөг ургсал руу орсон чинь миний машины рүүл гацаад би замын хажуу руу орсон. Ослын улмаас манай эхнэр,  дүү 2  нас барсан.  Би 12 жил жолооны багш хийж байгаа. Мөрдөн байцаалтад би мэдүүлэг өгөхдөө шоконд ороод юу өгснөө сайн мэдэхгүй,

 Гэтэл рүүлийн аппарат гацаж, машин жолоодлогогүй болсон би зогсоох арга хэмжээ авсан.  Машинаа аваад 3 жил болж байна. Хэрэг учрал гарахаас 1 сарын өмнө үзлэг оношлогоонд орсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Бат-Очирын “ ... Би замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх дээр дүгнэлт гаргадаг. Хэргийн газрын үзлэгийг би хийгээгүй. Дүгнэлт гаргахдаа хэрэгт байгаа хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн мэдүүлэг,  мөн техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар гаргасан. Тус мөр нь даралтын мөр байгаа, тормозны мөр бол биш. Зам дээр дугай хагараад дугуйны хаймар замтай үрэлцсэн мөр гэж үзж байгаа. Нөхөн үзлэгийг 3 сарын дараа хийсэн. Энэ үед тормозны мөр үү , шарвалтын мөр үү гэдийг тогтоох боломжгүй. Ер нь Замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг жолооч хариуцдаг... ” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Цэндсүрэнгийн: “өөрийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй дүгнэлтийг санал нэгтэй гаргасан. Зам тээврийн осол гарахад жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан дугуй хагарсны улмаас жолоодлого алдагдаж осол гарсан байх үндэслэлтэй. Жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан гэмтлийг жолооч мэдэх боломжгүй гэмтэл юм.  Хэрэг учралын үзлэг хийж, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт №4, 5, 6, 7-д тээврийн хэрэгслийн мөр асфальтан зам дээр тод гарсан байна. Энэ мөрийг жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэж үзэж болно. Анх үзлэг хийхдээ асфалътан зам дээр үүссэн мөрийг дээрээс тодруулагч өсгөгчөөр авч шинжилгээ хийсэн бол тогтоох боломжтой байсан. Одоо үүнийг тогтоох боломжгүй. “ гэх мэдүүлэг, шинжээчийн 53 тоот дүгнэлтэнд “ тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй” гэв.

Шүүх яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад:

Төв аймгийн Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Өлзийбатыг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 132/143 замын тэмдэгтийн орчим 83-39 ДУА улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Эрдэнэ-Очир, Д.Батхишиг нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцас болон цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, задлан шинжилгээний №56, 57 дугаартай дүгнэлт, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон замын цагдаагийн 67, 5004 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон гэж шүүгдэгч П.Өлзийбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, 2016 оны 12 сарын 23-ны өдөр 204 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

П.Өлзийбатад холбогдох хэрэгт осол болсон шалтгааныг тогтоолгохоор шинжээчийн 5 удаа дүгнэлт гарсан байх бөгөөд Төв аймгийн Замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахмад Э.Батцэнгэлийн 2016 оны 7 сарын 4-ний өдрийн 53 тоот “ тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 2.3б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтэрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасныг зөрчсөн” гэх дүгнэлтийг,

 Төв аймгийн Цагдаагийн газрын зохицуулагч, Цагдаагийн хошууч Р.Мөнхбаясгалан, Л.Мөнх-эрдэнэ, Б.Бат-очир нарын 2016 оны 8 сарын 8-ны өдрийн 67 тоот “ жолооч П.Өлзийбат нь хөдөлгөөнд оролцохын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, 2.3б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөн.” гэх дүгнэлтийг,

Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 сарын 26-ны өдрийн 4408 тоот “83-39 ДУА улсын дугаартай автомашины тоормозны механизм ажиллагаатай, жолооны механизм түгжигдсэн үйл ажиллагааг шалгах боломжгүй, автомашин нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй” гэх дүгнэлтийг,

 Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 сарын 17-ний өдрийн 5004 тоот “шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуй нь ослын өмнө хагарсан байна. Хаймар дугуй нь хатуу зүйтэй харилцан үйлчилснээр нимгэрч элэгдсэн хэсгээрээ хагарч, цоорсон байна.” гэх дүгнэлтийг,

Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 сарын 02-ний өдрийн 6818 тоот “ шинжилгээнд ирүүлсэн автомашин нь их эвдрэлтэй байх тул техникийн бүрэн бүтэн байдлыг ханахгүй, зүүн хойд талын дугуй автомашин онхолдохын өмнө цоорч хагарсан байна.зүүн хойд талын хаймар дугуй нь элэгдлийн хязгаараас хэтэрсэн, дугуйн дээр дарах автомашины жин их, хаймар эдлэлийн бат бөхийн хязгаарт хүрсэн үед даралт, үрэрлт, халалт, элэгдлийн нөлөөгөөр цоорч хагарсан байна.” гэх дүгнэлтийг,

Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 926 тоот “..аккуммутаторын цоож хэвийн ажиллагаатай. Жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан гэмтэл зах ирмэгээрээ ямар нэг сэв, гэмтэл, цохьсон ором мөргүй тул металл эдлэлийн ядралын нөлөө болон холхивч суух хоног, могой араа, хэдрэг арааны харьцах хэсгийн ашиглалтын явц дахь элэгдлийн нөлөө зэрэг хоёр хүчин зүйл хавсарч нөлөөлснөөс үүссэн байх үндэслэлтэй. Цуурч хагарсан гэмтэл нь жолоодлого болон жолооны аппаратны ажиллагааг хүндрүүлсэн байх боломжтой.“ гэх зэргээр хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй, зөрүүг арилгах тодорхой ажиллагаа хийгээгүй, мөрдөн байцаалтад зам тээврийн осол  нь жолооч П.Өлзийбатын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөний улмаас гарсан эсэх, эсвэл тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөний улмаас гарсан эсэхийг ялгаж салгаж хэрэгт нотлох баримтаар нотлоогүй байна.

 

Мөн хэрэгт анхнаасаа буюу хэргийн газрын үзлэг хийхээс эхлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон холбогдох журмуудыг ноцтой зөрчсөний улмаас хэрэг гарсан байдлыг үнэн зөв, бодитой тогтоох боломжийг хязгаарласан хийгээд хэргийн нөхцөл байдлыг дахин тогтоох боломжгүй, ач холбогдолгүй болгосон нь шинжээчийн 6818, 926 тоот дүгнэлт болон дээрх шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч Г.Цэндсүрэнгийн “хэрэг учрал гарахад жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан, дугуй хагарсаны улмаас жолоодлого алдагдаж осол гарсан байх үндэслэлтэй. Жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан гэмтлийг жолооч мэдэх, гаднаас нь хараад мэдэх боломжгүй гэмтэл юм.  Хэрэг учралын үзлэг хийж, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт №4, 5, 6, 7-д тээврийн хэрэгслийн мөр асфальтан зам дээр тод гарсан байна. Энэ мөрийг жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэж үзэж болно. Анх үзлэг хийхдээ асфалътан зам дээр үүссэн мөрийг дээрээс тодруулагч өсгөгчөөр авч шинжилгээ хийсэн бол тогтоох боломжтой байсан. Одоо үүнийг тогтоох боломжгүй. “ гэх мэдүүлэг, шинжээчийн 53 тоот дүгнэлтэнд “ тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй “ гэх /хх-55 тал/ зэргээр тодорхойлогдож байна.

Тухайлбал:

 2016 оны 5 сарын 16-ны өдөр хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийхдээ үзлэгийг бүрэн гүйцэд хийгээгүй, үзлэгийг жолооч П.Өлзийбатад танилцуулж гарын үсэг зуруулаагүй, гэрэл зургийн № 4, 5, 6, 7-д тусгагдсан асфалътан зам дээр үүссэн мөрийг тодруулж өсгөгчөөр авч шинжилгээнд хүргүүлээгүй, замын нөхцөл байдлыг зам харагдахгүй байдал, замын өгсүүр уруу байдлыг тодорхой тусгаагүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3-д заасныг болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын “ Хэргийн газрын үзлэг хийх журам” код 206 дугаар зүйлийг зөрчсөн,

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Батцэнгэлийг шинжээчээр томилж 53 тоот дүгнэлт гаргуулахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг зөрчиж тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг томилоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй зэрэг зөрчлүүд байна.

Улсын яллагч нь хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн гэм бурууг яллах болон хэргийн баримтаар бүрэн дүүрэн нотолж чадаагүй, шүүгдэгч П.Өлзийбат Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, тухайн осол гаргахад буруутай эсэх нь эргэлзээтэй, шүүгдэгч П.Өлзийбатыг замын хөдөлгөөний дүрмийн 2.3б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудаар буруутгах боловч энэ нь шинжээч Г.Цэндсүрэнгийн “хэрэг учрал гарахад жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан, дугуй хагарсны улмаас жолоодлого алдагдаж осол гарсан байх үндэслэлтэй. Жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан гэмтлийг жолооч мэдэх, гаднаас нь хараад мэдэх боломжгүй гэмтэл юм.  Хэрэг учралын үзлэг хийж, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт №4, 5, 6, 7-д тээврийн хэрэгслийн мөр асфальтан зам дээр тод гарсан байна. Энэ мөрийг жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэж үзэж болно.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар/ 

хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “2 дугаараас баруун урагш өөрийн урсгал руу орсон тод мөрний төгсгөлийг 3 гэж дугаарлан 2 дугаараас 3 дугаар хүртэл хэмжихэд 21.14 метр 3 дугаараас баруун урагш тод гарсан мөрийг дагууд нь ажиглахад зам дээр зурагдсан мөр байх ба зурагдсан мөрний эхлэл дээр 4 дугаар таьвж 3 дугаараас 4 дугаар хүртэл хэмжихэд 6 метр, 4 дугаараас баруун тийш асфальтан замын ирмэг хүртэл хэмжихэд 3.03 метр, зүүн тийш хэмжихэд 4.48 метр, 4 дугаараас аруун урд зүгт асфальтан замаас шороон хөвөө рүү гарсан мөрний заагийг 6 дугаараар тэмдэглэн 4 дугаараас 6 дугаар хүртэл хэмжихэд 14.25 метр тээврийн хэрэгслийн баруун талын дугуйн тод гарсан мөрний асфальтан зам шороон хөвөө хоёрын заагийг 5 гэж дугаарлан 4 дугаараас 5 дугаар хүртэл хэмжихэд 9.02 метр, тээврийн хэрэгслийн асфальтан зам дээр гарсан дугуйн тод мөрний тэнхлэг хоорондын зайг хэмжихэд 1.38 метр, 5,6 дугаараас баруун урд зүгт тээврийн хэрэгслийн газарт анх цохиж онхолдсон байх мөрийг үндэслэн А цэгээр авч, 5 дугаараас А цэг хүртэл хэмжихэд 27.14 метр 6 дугаараас А цэг хүртэл хэмжихэд 22.28 метр байв. “гэж /хх-3 ар тал/ тэмдэглэгдсэнээр,

 осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт /хх-6 тал/ тусгагдсанаар,

хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10 тал/

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Өлзийбатын өгсөн: “Улаанбаатар хотоос өөрийнхөө аймгийн чиглэл рүү 130 км зам дээр гэнэт дугуй хагарсан. Би зогсоох арга хэмжээ аваад тооромзлоход эсрэг урсгал руу орж миний машиний хүрд жолоодлоггүй болж осол гарсан. Осол гарахаас нэг сарын өмнө би машинаа оношилгоонд оруулсан ..” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж, няцаагдаж байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд хэргийн талаарх утга болон тогтоох хэсэгт шүүгдэгч П.Өлзийбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ямар хууль, журам зөрчсөн шууд заагаагүй, яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3б, 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж, тогтоох хэсэгт “ Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3 а, 2.3 б, 2 дугаар хавсралтын 3.2, 3.5, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж П.Өлзийбатыг Замын хөдөлгөөний дүрмийн өөр өөр заалтуудыг зөрчсөн гэж зөрүүтэйгээр яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн гэж яллах бөгөөд шүүгдэгчийг буруутгаж буй Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтууд нь хэрэгт авагдсан шинжээчийн аль дүгнэлтэд тусгагдсан, эдгээр нь өөр бусад ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг тодорхой дурдаагүй, нотлох баримтаар нотлоогүй байна.

Шүүх тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар хянан шийдвэрлэж П.Өлзийбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2016 оны 7 сарын 15-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 83-39 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №0272007 тоот гэрчилгээ, П.Өлзийбатын А,В,С,Д,Е ангилалтай №54591 тоот жолооны үнэмлэхийг П.Өлзийбатад тус тус буцаан олгож, хэргийн газрын үзлэгийг дүрс бичлэгийн аргаар бэхжүүлсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Пүрэвбаатар, Б.Оюунмаа нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгийг мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх ба шүүгдэгч П.Өлзийбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8,  36.1, 36.2, 36.6, 36.8, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Өнт овогт Пүрэвжавын Өлзийбатад холбогдох эрүүгийн 201619000324 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. П.Өлзийбатад авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 2016 оны 7 сарын 15-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 83-39 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №0272007 тоот гэрчилгээ, П.Өлзийбатын А,В,С,Д,Е ангилалтай №54591 тоот жолооны үнэмлэхийг П.Өлзийбатад буцаан олгож, хэргийн газрын үзлэгийг дүрс бичлэгийн аргаар бэхжүүлсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт П.Өлзийбат нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Пүрэвбаатар, Б.Оюунмаа нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

            5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба  тогтоолд шүүгдэгч хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            6.Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Өлзийбатад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                                 ШҮҮГЧИД                                Ю.ЭНХМАА

 

                                                                                                 Ш.ГАНДАНСҮРЭН