Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 30

 

           

 

 

 

 

 

 

 

П.Өлзийбатад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  Х.Оюунцэцэг

Нарийн бичгийн дарга                                         А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 2016 1900 0324 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1954 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, охин 2 ачийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 56 дугаар байр 0 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өнт овогт Пүрэвжавын Өлзийбат /РД:ЗК54031519/.

Шүүгдэгч П.Өлзийбат нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 132/143 тэмдэгтийн орчим 83-39 ДУА улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б, 9.1, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдон, зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Эрдэнэ-Очир, Д.Батхишиг нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны 23 дугаар шүүхийн тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өнт овогт Пүрэвжавын Өлзийбатад холбогдох эрүүгийн 2016 1900 0324 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцааж,

Шүүгдэгч П.Өлзийбатад холбогдох хэргийг прокурорт очтол шүүгдэгч П.Өлзийбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди болон хэрэгт битүүмжилсэн 83-39 ДУА улсын дугаартай автомашины №0272007 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн П.Өлзийбатын А, В, С, D, Е ангилалтай №54591 дугаартай жолооны үнэмлэх зэргийг хэргийн хамт хүргүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоолыг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “ ... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт яллах дүгнэлтийн тэмдэглэл хэсэгт “яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана” гэжээ. Харин улсын яллагчийн 204 тоот яллах дүгнэлтийн “ТЭМДЭГЛЭХ” хэсэгт “Яллагдагч П.Өлзийбат нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 132/143 замын тэмдэгтийн орчим 83-39 ДУА улсын дугаартай “верна аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б, 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу орж онхолдон, зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Эрдэнэ-Очир, Д.Батхишиг нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ” гэж бичсэнээс үзэхэд хэргийн товч агуулга, арга, сэдэлт санаа зорилго, учруулсан хохирлын талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасны дагуу бичсэн гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.3 дахь хэсэгт “Тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай санал, шүүхийн харъяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал зэрэг дэв, үйлдсэн он, сар, өдрийг бичнэ” гэж заажээ.

Харин улсын яллагчийн 204 тоот яллах дүгнэлтийн “ТОГТООХ” хэсэгт “яллагдагч П.Өлзийбат нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт асфальтан хучилттай зам дээр “верна аксент маркийн 83-39 ДУА улсын дугааратай тээврийн хэсэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3а, 2.3б, 2 дугаар хавсралтын 3.2, 3.5, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.Батхишиг, Д.Эрдэнэ-Очир нарын амь насыг хохироосон гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллагдах бүрэн үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр тогтоосугай. Яллагдагч П.Өлзийбатад холбогдох эрүүгийн 2016 1900 0324 дугаартай хэргийг харъяаллын дагуу Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шидвэрлүүлэхээр шилжүүлсүгэй хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Х.Оюунцэцэг” гэж бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.3 дахь хэсэгт заасан яллагдагч П.Өлзийбатын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар зүйл хэсэгт тохирохыг, яллагдагч П.Өлзийбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал, шүүхийн харъяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын албан тушаал зэрэг дэв зэрэг хуулинд тусгагдсан зүйлүүдийг бүрэн бичиж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс “прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэг нь хоорондоо зөрүүтэй байна” гэж хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

  1. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар бүлгийн 37.3 дахь хэсэгт “Шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо нь шүүхийн шинжилгээний төв байгууллага, аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний албанаас бүрдэнэ” гэж заасны дагуу ... шинжилгээ хийх эрхгүй этгээдээр дүгнэлт гаргасан байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй үндэслэлээр хэргийг буцаасан байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 23 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр, мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

     Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          П.Өлзийбатад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахаар шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд дурдсан үндэслэл тодорхой биш, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, ойлгомжгүй, хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

1. Хавтас хэрэгт авагдсан улсын яллагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 204 тоот яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “... Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б, 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн” гэж, тогтоох хэсэгт “...Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3а, 2.3б, 2 дугаар хавсралтын 3.2, 3.5, мөн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг...” гэж Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг нэмж тогтоох хэсэгтээ бичиж оруулсныг хэлбэрийн төдий алдаа гэж үзэх бөгөөд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...Яллагдагч П.Өлзийбат нь...тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад ...Замын хөдөлгөөний дүрмийн ...зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан... амь насыг хохироосон гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээр тогтоосугай” гэж яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл хэсэгт тохирох, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх санал зэрэг яллагдах үндэслэлийг тодорхой бичиж дүгнэлтээ үйлдэж бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.3-д заасантай нийцэж байна.

2. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн Тавдугаар бүлэг, 37 дугаар зүйл. Шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо гэсэн хэсгийн 37.3 дахь хэсэгт “Шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо нь шүүхийн шинжилгээний төв байгууллага, аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний албанаас бүрдэнэ” гэсэн хуулийн заалтыг баримтлан шүүх “...шинжилгээ хийх эрхгүй этгээдээр дүгнэлт гаргуулсан нь үндэслэлгүй байна” гэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл ямар ч хамааралгүй хуулийн зүйл заалтын зохицуулалтыг баримталж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

3. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч Г.Цэндсүрэн нь шүүгдэгч П.Өлзийбатын жолоодож явсан Hyundai Verna маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал буюу автотехникийн байдлын талаар мэргэшсэн автотехникийн шинжээчийн хувьд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шинжээчээр томилогдон дүгнэлт гаргасан, харин шинжээч Р.Мөнхбаясгалан, Л.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Очир нараас шүүгдэгч П.Өлзийбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, тээврийн хэрэгслийн хурд, зам тээврийн осол гарах болсон шууд шалтгаан зэргийн талаар бүрэлдхүүнтэйгээр дүгнэлт гаргажээ.

Гэтэл шүүх Р.Мөнхбаясгалан, Л.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтийг ямар учраас үндэслэлгүй болох, дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах үндэслэл шалтгаан бий болсон талаар тодорхойлон бичээгүй байна.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Төв аймаг дахь прокурорын “шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгах”-ыг хүссэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. П.Өлзийбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Г.БОЛОРМАА

                      ШҮҮГЧИД                           Г.ТЭГШСУУРЬ

                                                       Т.ЭНХМАА