Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 407

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03413 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э-” ХХК-д холбогдох,

 

Дулааны сувгийн тэвш буюу лотки ашигласан хугацааны төлбөрт 5 060 000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн лоткиноос “Э-” ХХК-ийн дулааны шугамыг албадан гаргуулах, цахилгааны шон ашиглуулсны төлбөрт 5 000 000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн цахилгааны шонгоос “Э-” ХХК-ийн эзэмшлийн цахилгааны утсыг албадан салгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, газар хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, дулааны сувгийн тэвш буюу лоткийг ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Х

Хариуцагчийн төлөөлөгч: Б.Ж

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 4 сарын 08-ны өдөр “Х-” ХХК нь өөрийн оффисийн барилгын гадна талд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр дулааны шугамыг 27 256 800 төгрөгөөр, ажлын бусад зардал нийт 37 000 000 төгрөгийн төсөвтэйгөөр хийж гүйцэтгэсэн. 2015 онд “Галагси” ХХК нэртэй зочид буүдал, караоке чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай хөрш барилгын өмчлөгч Л.Баяр-Эрдэнэтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хэлцэл хийж, 2015 оноос хойш 3 жил лотки ашигласны төлбөрт 13 000 000 төгрөг авсан. Гэтэл Л.Баяр-Эрдэнэ нь оффиссоо Жаргалсайханд шилжүүлсэн байсан. Өмчлөл шилжсэн талаар манайд мэдэгдээгүй. Өмчлөл шилжсэн талаар “Х-” ХХК-д мэдэгдээгүй. Өөрсдөө мэдэж авсны үндсэн дээр шинэ өмчлөгчид лоткигоо гэрээний үндсэн дээр ашиглуулна гэдгээс маргаан үүссэн. Жаргалсайхантай гэрээ байгуулах, хэлцлийн өмнөх үе шатууд явагдсан хэдий ч тохиролцоонд хүрээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шинэ өмчлөгч бий болсны улмаас “Э-” ХХК-д лоткигоо цаашид ашиглуулах эсэх маргаан үүссэн учир нэхэмжлэл гаргасан. 2018 оны 8 сарын 30-ны өдөр Жаргалсайханд шилжүүлсэн нь хэргийн үйл баримтаас харагдаж байна. Гэрээ байгуулж цаашид ашиглуулахаар тохиролцоонд хүрээгүй учир дулааны шугамыг албадан гаргуулах, цахилгааны шонгоос дулаан авч байгаа цахилгааны утсыг салгуулах, цахилгааны шон ашигласны төлбөрт 5 000 000 төгрөг, лотки ашигласны төлбөрт 5 060 000 төгрөгийг тус тус хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн 4 шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Э-” ХХК-ийн захирал Б.Ж- нь Л.Баяр-Эрдэнэтэй үл хөдлөх эд хөрөнгө, газар худалдан авах гэрээг иргэний хувьд байгуулсан. Үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Б.Ж-ы нэр дээр гарсан. 2015 онд өмнөх өмчлөгч болох Л.Баяр-Эрдэнэ нь “Х-” ХХК-ийн захирал Б.Бадамхандтай тохиролцоод дулааны лоткигоо хамтран ашигласан. Амаар тохиролцсон тохиролцоогоо баталгаажуулахын тулд 2018 оны 8 сарын 30-ны өдөр бичгээр хэлцэл хийсэн тул хэлцлээр Баянгол дүүрэг, 16-р хороо, 5-р гудамж, 17 тоотод байрлах 612,75 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай хувийн сууцны дулааны лоткины ашиглалтын болон гүйцэтгэлийн үнийн дүнд 13 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Бодит байдалд Л.Баяр-Эрдэнэ буюу өмнөх өмчлөгч нь 11 000 000 төгрөгийг “Х-” ХХК-д төлсөн бол үлдсэн 2 000 000 төгрөгийг Б.Ж- төлсөн. Ийнхүү нийт 13 000 000 төгрөгийг төлсөн буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Хэргийн 12 дугаар талд авагдсан хэлцэл нь хугацаа заагаагүй хэлцэл юм. Лоткиг ашигласан болон гүйцэтгэсэн үнийн дүнд 13 000 000 төгрөгийг төлсөн. Уг төлбөр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн шиг 3 жилийн хугацаатай хамааралгүй, огт хугацаа заагаагүй байсан. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тухайн орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд лоткигоо ашиглуулахгүй гэж Баяр-Эрдэнэд сануулж хэлсэн гэсэн байна. Энэ талаар бичгээр бичсэн нотлох баримт байхгүй. Мөн хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан хэлцэлд тухайн орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд дараагийн өмчлөгчид лоткиг ашиглуулахгүй гэсэн нөхцөл заагаагүй. Энэ хэлцэл нь хүчин төгөлдөр байгаа учир тухайн орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөн гээд дараагийн өмчлөгчөөс төлбөр нэхэх эрх үүсэхгүй. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.2-т “Энэ хуулийн 138.1-д заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Нэг удаагийн төлбөрийн үнийг талууд хэлцлээрээ 13 000 000 төгрөг гэж тохиролцоод төлсөн. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй” гэж заасан. Тухайн лотки нийтийн эзэмшил бүхий талбайд байрладаг. Нийтийн эзэмшил бүхий талбайд байрлаж байгаа лоткин дундуур аль болох олон дулааны шугам явах тусмаа дулаан алдах эрсдэл бага байдаг. Иймд нэг лоткин дундуур олон шугам явах нь сайн юм. Энэ талаар талууд мэдэж байгаа. Лоткин дундуур “Э-” ХХК-ийн дулааны шугам явах нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заагдсан нөгөө талын зайлшгүй шаардлага юм. Иймд манай лоткин дундуур дулаан явуулж болохгүй гэх хориглосон үйлдэл гаргаж болохгүй. Тэр лоткин дундуур манай дулааны шугам явах, нэхэмжлэгчийн өмчлөлийн гэгдэж байгаа цахилгааны шонгоос цахилгаан авахад “Х-” ХХК-иас сөрөг зүйл байхгүй. Учир нь манай компани цахилгаан, дулаанаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниудтай байгуулсан гэрээний дагуу, батлуулсан техник үйлчилгээний дагуу холбогдох гэрээний үүргээ биелүүлээд төлбөрөө төлж байгаа. “Х-” ХХК-д сөрөг нөлөөлөл байхгүй. Лоткин дундуур нь манай дулааны утас явлаа гээд нэхэмжлэгчийн дулаан тасалдахгүй, цахилгааны шонгоос цахилгаан татлаа гээд цахилгааны төлбөрийг нэхэмжлэгч төлөхгүй. Иймд Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасанчлан зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2018 оны 8 сарын 16-ны өдөр Л.Баяр-Эрдэнэ болон Б.Ж- нарын хооронд байгуулагдсан газар худалдан авах гэрээн дээр нэгж талбарын 18641311362230 дугаартай 277 м.кв талбайтай газрыг худалдаж авсан. Иймд тухайн газар болон орон сууцыг “Э-” ХХК-ийн захирал Б.Ж-ы өмчлөлийн зүйл гэдэгт маргах зүйлгүй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь өмчлөлийн ... зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг. “Х-” ХХК-ийн захирал нь Б.Ж-аас гуйж, түүний өмчлөлийн газар дээр шат барьсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн маргаж байгаа газар нь “Э-” ХХК-ийн захирал Б.Ж-ых гэдэг нь тогтоогдож байгаа учир тухайн шатыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь маргаж байгаа дулааны шугамыг тавьсан лоткины 50 хувийн эзэмшигч нь “Э-” ХХК мөн болохыг тогтоолгох юм. Хавтаст хэргийн 12 дугаар хуудаст авагдсан хэлцэлд тохиролцсон төлбөрөө цаг хугацаанд нь төлсөн тохиолдолд “Х-” ХХК-ийн лоткиг 2 тал тэгш эрхтэй ашиглана гэж заасан. Энэ хэлцэл нь хугацаа заагаагүй, төлбөрөө төлсөн тохиолдолд 2 тал лоткиг тэгш эрхтэйгээр ашиглах талаар заасан. Иймд өмнө дурдсанчлан Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасны дагуу 1 удаагийн төлбөрийг манай тал төлсөн. Ашиглалт болон гүйцэтгэлд 13 000 000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг “Х-” ХХК авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Манай талаас хэлцэлд заасан үүргээ биелүүлсэн учир тухайн лоткины 50 хувийн өмчлөгч юм. Тухайн хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу хүчин төгөлдөр юм гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь тус газрын өмчлөгч биш. Энэ нь худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс харагдаж байна. Иймд хууль бус өмчлөлөөс шаардах эрхтэй субьект биш юм. Бид шат барьсан, дундаа өмчилсөн, газар ашигласан гэдэгтэй маргаагүй. Тус газрыг ашиглаад 5 000 000 төгрөгийн зардал гаргасан гэдгээ нотлох баримтаар нотолсон. Тухайн шатыг барьснаас газар өмчлөх эрхтэй болж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу талуудын хөрөнгө нийлсэн. Шатыг салгах боломжгүй учир шатны зардлыг авна. Өмчлөгч биш учир шаардах эрхтэй этгээд биш гэж үзэж байна. Хоёрдугаарт, лотки ашиглах эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн ярьж байгаа Л.Баяр-Эрдэнэтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр эсэхтэй бид маргаагүй. Б.Ж- үүний тал төлбөрийг шилжүүлсэн гэж байна. Гэтэл үүнтэй холбоотой баримт, гүйлгээ хийсэн тохиолдол байхгүй. Иймд Б.Ж- нь “Х-” ХХК-д лоткины мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Мөн уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч Б.Ж- нь Л.Баяр-Эрдэнэтэй юу тохиролцсоныг бид мэдэхгүй. Лотки ашиглахаар Л.Баяр-Эрдэнэд мөнгө өгсөн бол Л.Баяр-Эрдэнээс шаардах эрхтэй. Бид өөрийн лоткины өмчлөгчийн хувьд шаардлага гаргаж байгаа. Л.Баяр-Эрдэнэтэй тохирсон болохоор “Х-” ХХК хүлээн зөвшөөрнө гэсэн ойлголт байхгүй. Гэрээний нэг тал Л.Баяр-Эрдэнэ учир гэрээний талууд хооронд шаардах эрх үүснэ. Иймд Л.Баяр-Эрдэнэтэй гэрээ байгуулсан учир манайх танай лоткиг ашиглах эрхтэй гэж шаардах боломжгүй юм гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн өмчлөлийн дулааны сувгийн тэвш буюу лоткинээс 50 метрийн дулааны шугамаа гаргахыг, мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн цахилгааны агаарын шугам дэд өртөөнөөс өөрийн цахилгааны утсыг салгахыг тус тус хариуцагч “Э-” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгииг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх дулааны сувгийн тэвш буюу лотки ашигласан хугацааны төлбөрт 5 060 000 төгрөг гаргуулах, цахилгааны шон ашиглуулсны төлбөрт 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлж, дулааны сувгийн тэвш буюу лоткийг ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай хариуцагч “Э-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 260 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... “Э-" ХХК-ийн захирал Б.Ж- нь өмнөх өмчлөгч Л.Баяр-Эрдэнээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авахдаа 2018 оны 8 сарын 16-ны хэлцэл хийж, тус хэлцэлд “... худалдагч Л.Баяр-Эрдэнэ нь тухайн барилгын бүрэн бүтэн байдал, ус, дулаан хангамжтай холбоотой аливаа асуудлыг 2018 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцахаар тохиролцов гэсэн байдаг. Өмнөх өмчлөгч Л.Баяр-Эрдэнэ нь дээрх хэлцэл болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “... худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...” гэж заасан үүргийнхээ хүрээнд 2018 оны 8 сарын 30-ны өдөр “Х-” ХХК-ийн захирал Б.Бадамхандтай лотки ашиглах тухай хэлцлийг байгуулсан болох нь 2019 оны 12 сарын 13-ны өдөр иргэн Л.Баяр-Эрдэнээс тус шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтоор батлагдана. Түүнчлэн, Б.Ж- нь худалдан авч байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг 2018 оны 12 сарын 22-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд 2018 оны 12 сарын 25-ны өдөр барилга болон баримт бичиг хүлээлцэх акт үйлдэн, бодитоор өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Талууд хэлэлцэн тохиролцож, 1 удаагийн нөхөн төлбөрт 13 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Иймд дулааны тэвш буюу лоткиноос “Э-” ХХК-ийн дулааны шугамыг албадан гаргуулахыг шаардах эрхгүй. Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 101.6, 108 дугаар зүйлийн 108.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар тухайн лоткийг дундаа хамтран өмчлөгч нь болсон бөгөөд Л.Баяр-Эрдэнээс газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авсны үндсэн дээр түүний бүрдэл хэсэг болох дулааны шугам, дулааны тэвш буюу лоткиг өмчилж ашиглах бүрэн эрхтэй байна. Гэтэл дээрх үйл баримтуудыг нарийвчлан судлалгүйгээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэн Б.Ж- нь “Э-” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд тус компанийг төлөөлөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар “Х-” ХХК-ийн хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй юм. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ иргэн Б.Ж-ы нэр дээр гарсан. Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчийг тодорхойлохдоо “Э-” ХХК гэж тодорхойлсон байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь хариуцагч байна. Мөн “Э-” ХХК нь тухайн объектод үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болохоос тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч биш юм. Иймээс жинхэнэ хариуцагч нь “Э-” ХХК биш. Мөн миний бие Ч.Удаанжаргал нь өмгөөлөгч Б.Даваажанцантай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Гэтэл өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Өмгөөлөгч Б.Даваажанцан нь хэргийн материалтай танилцаагүй байсан бөгөөд шүүхээс өмгөөлөгчид эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийн ач холбогдлыг тайлбарлаж өгөөгүй төдийгүй өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцож эрх зүйн туслалцаа авах миний эрхийг ноцтой зөрчсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн нэхэмжлэл болон хариуцагч “Э-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан дулааны сувгийн тэвш буюу лотки ашигласан хугацааны төлбөрт 5 060 000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн лоткиноос “Э-” ХХК-ийн дулааны шугамыг албадан гаргуулах, цахилгааны шон ашиглуулсны төлбөрт 5 000 000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн цахилгааны шонгоос “Э-” ХХК-ийн эзэмшлийн цахилгааны утсыг албадан салгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, газар хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, дулааны сувгийн тэвш буюу лоткийг ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, “Х-” ХХК-ийн оффиссийн гадна байрлах дулааны сувгийн тэвш буюу лотки, 0.4 кв-ын агаарын шугам, 10/0,4 кв, 1*630 ква дэд өртөөний өмчлөгч нь нэхэмжлэгч “Х-” ХХК болох нь талуудын тайлбар, 2009 оны 4 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-тай байгуулсан барилгын гадна дулааны шугам сүлжээний ажил гүйцэтгэх гэрээ, гадна дулаан хангамжийн ситемийг угсарсан сорилтоор шалгасан акт, гэрэл зураг, агаарын шугам, дэд өртөө угсрах ажлын төсөв зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 10, 28, 69, 94-99 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК нь 2015 онд хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгч иргэн Л.Баяр-Эрдэнийн хүсэлтээр түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 5 дугаар гудамж, 17 тоот хаягт байршилтай 612.75 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд өөрийн өмчлөлийн дулааны шугамыг ашиглуулж байсан ба 2018 оны 8 сарын 30-ны өдөр талууд лотки ашиглах талаар хэлцэл хийж, иргэн Л.Баяр-Эрдэнэ нь нэхэмжлэгч “Х-” ХХК-д лотки ашиглалтын болон гүйцэтгэлийн төлбөрт 13 000 000 төгрөг төлж, дулааны лоткиг 2 тал тэгш эрхтэйгээр ашиглахаар тохиролцсон зэрэг нь тогтоогдсон үйл баримт байна. /хх-ийн 11, 80-р тал/

 

Иргэн Л.Баяр-Эрдэнэ нь 2018 оны 8 сарын 16-ны өдөр хариуцагч “Э-” ХХК-ийн захирал Б.Ж-тай газар болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 5 дугаар гудамж, 17 тоот хаягт байршилтай 612.75 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 277 м.кв талбай бүхий газрын хамт худалдсан байна. /хх-ийн 63-64-р тал/

 

            Нэхэмжлэгч “Х-” ХХК нь дулааны сувгийн тэвш буюу лотки ашигласан хугацааны төлбөрт 5 060 000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн лоткиноос “Э-” ХХК-ийн дулааны шугамыг албадан гаргуулах, цахилгааны шон ашиглуулсны төлбөрт 5 000 000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн цахилгааны шонгоос “Э-” ХХК-ийн эзэмшлийн цахилгааны утсыг албадан салгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

            Тодруулбал, Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй” гэж,

            мөн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 138.1-д заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд иргэн Л.Баяр-Эрдэнэ нь хуульд зааснаар лотки ашиглалтын болон гүйцэтгэлийн төлбөрт 13 000 000 төгрөг буюу нэг удаагийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгч “Х-” ХХК-д төлжээ.

 

            Иймд хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан дулааны шугамыг албадан гаргуулах тухай нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Түүнчлэн манай өмчлөлийн цахилгаан хангамжийн шонг хариуцагч ашигладаг гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч “Э-” ХХК нь 2019 оны 10 сарын 08-ны өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас цахилгааны техникийн нөхцөл авчээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Улмаар лотки ашигласан хугацааны төлбөрт 5 060 000 төгрөг гаргуулах, цахилгааны шон ашиглуулсны төлбөрт 5 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцсэн байна. /хх-ийн 100-102-р тал/

Сөрөг нэхэмжлэлийн тухайд иргэн Л.Баяр-Эрдэнэ нь газар болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг иргэн Б.Ж-тай байгуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байх бөгөөд газартай холбоотой шаардлагыг хариуцагч “Э-” ХХК гаргах эрхгүй талаар дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх боловч 2019 оны 12 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцсон бөгөөд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг 2019 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дахин шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хүлээн авах  үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03413 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул дулааны сувгийн тэвш буюу лотки ашигласан хугацааны төлбөрт 5 060 000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн лоткиноос “Э-” ХХК-ийн дулааны шугамыг албадан гаргуулах, цахилгааны шон ашиглуулсны төлбөрт 5 000 000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн цахилгааны шонгоос “Э-” ХХК-ийн эзэмшлийн цахилгааны утсыг албадан салгуулах тухай нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн нэхэмжлэл болон газар хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, дулааны сувгийн тэвш буюу лоткийг ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай хариуцагч “Э-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                       Г.ДАВААДОРЖ