Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 0554

 

 

   

                                       Говь-Алтай аймгийн Цээл сумын ардчилсан

                                            намын итгэмжлэгдсэн төлөөлөгч

                                                    Б.Д-ын нэхэмжлэлтэй

                                                  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоор, Говь-Алтай аймгийн Цээл сумын ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цээл сумын Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын “Говь-Алтай аймгийн Цээл сумын хурлыг тарсанд тооцуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цээл сумын Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын “Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан хууль бусаар хуралдсаныг хүчингүйд тооцож, уг хуралдаанаас гаргасан 01,02,03,04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч     Говь-Алтай     аймгийн     Цээл     сумын     Ардчилсан     намын  

итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь давж заалдах гомдолдоо: “...Цээл сумын Сонгуулийн хороотой холбоотой маргааныг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх явцад 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхийн шүүгчийн захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181 дүгээр захирамжаар Цээл сумын Сонгуулийн хорооны 06 дугаар тогтоолыг холбогдох хэсэг буюу Д.Сэржмаа, Г.Баасанжаргал, Ч.Мөнх, М.Хүрэлбаатар, С.Батболд нарт холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн байхад хуралд ороод ирц бүрдүүлж байгаа нь хууль зөрчөөгүй хэмээн үзэж байгаа нь дараах хуулийг зөрчсөн байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.2, 61 дүгээр зүйлийн 61.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудыг тус тус зөрчжээ. Үүнээс дүгнэхэд шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болох юм байна гэж ойлгохоор байна. Шүүгч тайлбарлахдаа хариуцагчаас нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасагдсан Ардчилсан намын 5 нэр дэвшигчийн талаар буюу сонгуулийн дүнгийн талаарах маргаан нь сумын Сонгуулийн хорооны үйл ажиллагаатай холбоотой тул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцлага хүлээх учиргүй Сонгуулийн хорооны тогтоолоор сонгогдсонд тооцсон нэр дэвшигчийг оролцуулан анхдугаар хуралдааныг хийсэн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлана гэж байгаа нь Сонгуулийн хорооноос бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр сумын анхдугаар хуралдаанд өргөн барьсан 06 дугаар тогтоолын холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн байхад түүнийг нь зөрчөөд хуралд орж хуралдсан нь зөв гэж үзэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.

Сумын анхдугаар хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-д зааснаар хуралдах бүрэн эрх нь дуусгавар болох гэж байгаа Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэж зарласан боловч тэр өдрөө хурал болоогүй тарсан нь хурлын тэмдэглэл дээрээс бүрэн харагдаж байгаа. 11 дүгээр сарын 29-ний өдөр хурал болно гэж Ардын намын бүлэг шийдвэр гаргаж хурал хийсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг ноцтой зөрчсөн байна. Үүнийг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар тайлбарлах гэж оролдох боловч энэ нь анхдугаар хуралдаанд хамаарах заалт биш гэж үзэж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь удирдана гээд тодорхой заасан байхад ирээгүй бол дараагийнх нь удирдаж болно гэсэн заалт огт байхгүй байхад ямар нэгэн хуулийн зүйл заалтгүй насаар хамгийн ахмадын дараагийнх удирдаж болно, хурал хойшлуулах үндэслэл болохгүй гэж тайлбарласан нь хуулийг илт зөрчиж байгаа юм.

Анхдугаар хуралдааны ирцийн талаар талууд маргаагүй учир энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзжээ. Уг нь энэ нэхэмжлэлийн гол шаардлага нь ирц байсан. Яагаад гэхээр анхдугаар хуралдаанд эрхийг нь түдгэлзүүлсэн байсан нэр бүхий 5 хүнийг оруулж хуурамч ирц бүрдүүлсэн нь хууль бус болсон гэж маргасан байхад энэ тайлбар хийхгүй байгаа шүүгчийн арга нь барагдаж тайлбар хийж чадахгүйд хүрч нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь харагдаж байна. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Говь-Алтай аймгийн Цээл сумын Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд “Говь-Алтай аймгийн Цээл сумын хурлыг тарсанд тооцуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Цээл сумын Ардчилсан намын дарга Х.Лхагва-Очироос 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101 дүгээр албан бичгээр Б.Д-т олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-д заасан эрхийг олгоогүй хэмээн үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Цээл сумын Ардчилсан намын гаргасан “Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хууль бусаар хуралдсаныг хүчингүйд тооцож, уг хуралдаанаас гарсан 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-оос “Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалт батлах тухай хавсралтын 449 дүгээр тойрог буюу С.Батболд, Г.Баасанжаргал, Ч.Мөнх, Д.Сэржмаа, М.Хүрэлбаяр /МАН/ нарт холбогдох хэсгийн биелэлтийг шүүх түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад анхдугаар хуралдаан хуралдсан нь хууль бус” хэмээн маргажээ.

Шүүх “...актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг биелүүлэх үүрэг нь сумын Сонгуулийн хороонд хамаарах ба үүнд сумын Хурлыг шууд буруутгахгүй” гэж нөхцөл байдал болон нотлох баримтыг буруу үнэлсэн байна.  

Хариуцагч аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр С.Батболд, Г.Баасанжаргал, Ч.Мөнх, Д.Сэржмаа, М.Хүрэлбаяр нарыг оролцуулан, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч,  хуралдсанаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл тухайн хуралдаанд оролцсон С.Батболд нарыг сумын Сонгуулийн хорооноос Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтад оруулан тогтоол гаргасныг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлснээр уг тогтоолын үйлчлэл түр зогссон байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүгчийн захирамжийг мэдсэн атлаа биелүүлэх үүргээ үл хэрэгжүүлэн, С.Батболд, Г.Баасанжаргал, Ч.Мөнх, Д.Сэржмаа, М.Хүрэлбаяр нарыг оролцуулан хуралдсан нь хууль дээдлэх зарчимд нийцээгүй байна.       

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн.”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн зохицуулалтаас үзвэл ээлжит сонгуулийн үр дүнгээс шууд хамааралтай буюу сонгогдсон нэр дэвшигчдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх шийдвэр шүүхэд маргаантай байсан нь тодорхой байхад тэдгээр нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцон, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч хуралдсан хуралдаан өөрөө хууль бус, түүнээс гарсан тогтоолууд мөн хүчин төгөлдөр бус гэж үзнэ.  

Улмаар шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед Говь-Алтай аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч Ж.Батболд, Я.Баттогтох, И.Дармаа, Г.Сайнхүү, Б.Түвшинтөгс /АН/ нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг хариуцагч тус аймгийн Цээл сумын Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэр[1] хуулийн хүчин төгөлдөр болсон байжээ.

Үүнээс үзвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 а/, б/, г/ дэх хэсэгт зааснаар Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргыг томилуулах санал гарган хуралдсан Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хууль бус байх бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрх, Цээл сумын Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх зэрэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а/, б/, г/ дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Цээл сумын Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хууль бусаар хуралдсаныг хүчингүйд тооцож, уг хуралдаанаас гарсан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                             ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

                             ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                            ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА