Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 112/2017/0039/З |
Дугаар | 295 |
Огноо | 2018-06-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 295
Г.Б-гийн нэхэмжлэлтэй,
Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “...Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүг нөхөн гаргуулах”
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0253 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайваны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/69 дүгээр захирамжийг хүчингүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хууль зөрчсөн захирамжийн улмаас ажилгүй байх хугацааны цалин, цалингийн зөрүүг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг асуудлаар иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр байгааг дурдаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0253 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “болгосугай” гэснийг “болгож, нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан Говь-Алтай аймгийн Цогт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.Б-гийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0253 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь захиргааны хэргийг шийдвэрлэхдээ Үндсэн хууль болон бусад хуульд заасан хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, хуулийг зөв хэрэглээгүй, хэргийн нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьж хууль зөрчсөн шийдвэр гаргасан, хэргийг шударга шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна.
5. Г.Б-гийн ажил тасалсан байдлыг шүүхийн шийдвэрт “...Цогт сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Баяр наадмын комисс томилох тухай” А/53 дугаар захирамжийн хавсралтаар Г.Б-г сумын баяр наадмын сурын салбар комиссын даргаар томилсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй” гэжээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, нотлох баримтад үндэслэж шийдвэрлээгүй гэж үзэж байна.
6. Цогт сумын хүүхдийн цэцэрлэгийн ажилтнуудын ажлын цаг ашиглалтын бүртгэлд Г.Б- нь 2017 оны 06 дугаар сарын 27, 28, 29, 30, 7 дугаар сарын 3, 4, 5-ны өдрүүдэд ажил тасалснаар бүртгэжээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Ажил олгогч ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно” гэсэн заалт болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Г.Б- нь наадам зохион байгуулах ажилд оролцсон, бэлтгэл ажлыг хангах зорилгоор Улаанбаатар хот руу явсан бол цагийн бүртгэл дээр албан томилолтоор ажилтай гэж бүртгэлд тэмдэглэх ёстой байсан. Гэтэл тасалснаар бүртгэгдсэн. Мөн Улаанбаатар хотод томилолтоор ажиллах тохиолдолд заавал албан томилолттой байх, энэ тухай ажил олгогч буюу аймгийн Засаг даргад мэдэгдэх ёстой. Гэтэл ажил олгогчид мэдэгдээгүй, албан томилолтгүй байгаа нь албан ажлаар явсан гэх үндэслэлгүй юм. Г.Б- нь сургуулийн төгсөлтийн ойн баярт оролцохоор явсан нь тодорхой байна. Шүүх Г.Б- нь ажил таслаагүй гэж үзэж байгаа бол нотлох баримтад үндэслэх ёстой. Гэтэл ажил тасалсан, албан томилолтгүй хүнийг ажил таслаагүй байна гэж шүүх үзэж байгааг юу гэж ойлгох юм. Хэрэв ажлаар явсан бол Төрийн албан хаагчдын өөр аймаг, хотод ажилласныг нотлох гол баримт бол албан томилолт байдгийг төрийн албан хаагч бүхэн мэднэ.
7. Г.Б- нь аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт багш, мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудлыг зохион байгуулах үүргийнх нь дагуу удаа дараа мэдэгдэж байсан нь хууль зөрчөөгүй гэж үзсэн байгааг үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Багшийн хүрэлцээгүй, зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа тохиолдолд албан ёсоор бичгээр Боловсрол, соёл урлагийн газарт хандаж асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ асуудлаар холбогдох байгууллагад нэг ч удаа хандаж байгаагүй байна. Гэрч мэргэжилтэн П.Санждорж нь боловсролын салбарыг төлөөлөх, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш. Мэргэжилтэн П.Санждорж нь асуудлаа байгууллагынхаа дарга удирдлагад танилцуулж шийдвэрлүүлээгүй. Өөрөө хууль зөрчиж амаар асуудалд хандсан гэж үзэж байна. Боловсрол, соёл урлагийн газраас Цогт сумын Засаг дарга, болон цэцэрлэгийн эрхлэгчид Ц.Энх-Амгаланг авч ажиллуул гэсэн албан бичиг, санал хүргүүлж байгаагүй байна. Мэргэжлийн бус хүн ажиллаж байгааг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсролын улсын байцаагчийн шалгалтаар илэрсэн.
8. Энэ нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т ”багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”; 11.2.1-т “боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах”; 12 дугаар зүйлийн 12.1-д “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана”, 12.2-т “Багш нь багшлах эрхтэй байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Г.Б-д хуулийн дагуу хариуцлага тооцож аймгийн Засаг дарга шийдвэр гаргасан. Гэтэл шүүх хууль дээдлэх, шударга ёсны зарчмыг алдагдуулж, хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна.
9. Иймд, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0253 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
11. Нэхэмжлэгч Г.Б-г Говь-Алтай аймгийн Цогт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/69 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон” гэж заасантай нийцээгүй, хууль бус захиргааны акт байна.
12. Нэхэмжлэгч Г.Б-г ажлаас нь халах үндэслэл болсон гэх “...ажил тасалсан, ...Шилэн дансны тухай хууль зөрчсөн” гэх үйл баримтууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байгааг шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой дэлгэрэнгүй дүгнэжээ. Тухайлбал, Цогт сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/53 дугаар захирамжаар байгуулагдсан “Баяр наадмын комисс”-ын гишүүний хувьд Улаанбаатар хотод ажилласан талаарх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил тасалсан гэж үзэхгүй, цэцэрлэгийн багшийн хүрэлцээгүй нөхцөл байдлын улмаас япон хэлний багш орчуулагч мэргэжилтэй У.Энх-Амгаланг авч ажиллуулсныг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9, 12 дугаар зүйлийн 12.1-д “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэж заасныг шууд санаатайгаар зөрчсөн гэж үндэслэлгүй, мөн Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн гэх асуудлаар өмнө нь арга хэмжээ авагдсан зэрэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
13. Анхан шатны шүүх хууль бус захиргааны актыг хүчингүй болгосноор зөрчигдсөн эрхээ сэргээлгэх буюу ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцжээ.
14. Мөн дээрх хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар цалингийн зөрүүг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх талаарх анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.
15. Харин анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэж, дүгнэлтээсээ зөрүүтэй, иргэний хэргийн шүүхэд хандах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй нь буруу болжээ.
16. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0253 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...тогтоосугай...” гэсний дараа “...шийдвэрийн 2 дахь заалтад ...106.6 гэсний дараа 54 дүгээр зүйлийн 54.1, дэх хэсэгт... гэж нэмж, “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ