Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 86

 

Н.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1130 дугаар магадлалтай, Н.З-д холбогдох 1804001930131 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Б овогт Н-ын З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-д холбогдуулан үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгон, түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Н.З-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-д холбогдуулан үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэхдээ техникийн алдаа гаргаж, прокуророос зүйлчилж шүүхэд ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 гэснийг 11.1 дүгээр зүйлийн 1 гэж цагаатгах тогтоолдоо бичсэн байсан. Тухайн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүгдэгч Н.З-ийн үйлдсэн гэх хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай тогтоогдоогүй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон тул анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Хэргийн газрын үзлэгт шүүгдэгчийн биеэрээ нэвтэрч орсон гэх цонхны ард тавьсан савтай цэцэг огт тусгагдаагүй бөгөөд дээрх цэцгийг унагаах, байрлалыг нь өөрчлөхгүйгээр хүн биеэрээ нэвтэрч орох боломжгүй нь хэргийн газрын үзлэгийн хавсралт фото зургаас харагддаг. Хэргийн материалын 13 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгээ хохирогч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт үгүйсгэдэг бөгөөд шүүгдэгч Н.З хэргийн материалын 28 дугаар хуудсанд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлсэн мэдүүлгийг мөрдөгч уншуулахгүйгээр гарын үсэг зуруулсан гэсэн нь шүүгдэгч, хохирогчоос мэдүүлэг авахдаа хуульд заасан журмыг зөрчиж, мэдүүлгийг танилцуулалгүй гарын үсэг зуруулсан гэх байдал тогтоогдсон. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны гол нотолгоо болох хэргийн газрын үзлэгт тухайн нийтийн байрны 1 дүгээр давхрын цонх газраас хэдэн метрийн өндөрт байх, цонхны салхивчны хэмжээсүүд, цонхоор авирч орох зорилгоор ямар нэгэн биет хэрэглэсэн эсэх талаар ямар ч хэмжилт хийгдээгүй, хохирогч гинжээ бурхны хөргийн урд байх шилэн тавагны хажууд тавьсан гэдэг ба тухайн газраас бэхжүүлсэн хурууны хээ байхгүй. Тухайн салхивчаар хүн нэвтэрч орох боломжтой эсэхийг тодруулах зорилгоор туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг ажиллагаанууд хийгдээгүйгээс шүүгдэгч Н.З-г дээрх хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай нотолгоо шүүхэд ирээгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт нотолбол зохих байдлын талаар бүрэн шалгасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой гэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хуулийн зүйл, хэсгийг 11.1 дүгээр зүйлийн 1 гэж бичсэн техникийн алдааг залруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Г гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэн, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос яллагдагч Н.З-г 2018 оны 08 дугаар сарын 28-ны шөнийн 04 цагийн үед согтуурсан үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 104 тоотод оршин суух Д.Ц-ийн гэрийн цонхоор нэвтэрч цонхны тавцан дээр байсан БНСУ-д үйлдвэрлэсэн 11.3 грамм жинтэй 734,500 төгрөгийн үнэ бүхий монетан гинжийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Н.З-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогчийн мэдүүлгээс өөр бусад баримтаар нотлогдохгүй байх тул мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж, яллах дүгнэлтийг хүчингүй болгон шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн Н.З-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ хийсэн баримт зэрэг шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой зааж чадаагүйн дээр мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлын талаар бүрэн шалгасан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг дүгнэх боломжтой гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсгийг хянан үзэхэд, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд нэрлэн заасан хохирогчийн мэдүүлэг болон уг мэдүүлгийг шууд бусаар давхар нотолсон гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг яллах нотлох баримт болж чадахгүй гэж үзсэн хууль зүйн үндэслэл, агуулга, дүгнэлтийг анхан шатны шүүх огт хийгээгүй, эдгээр нотлох баримтуудын эсрэг ямар нотлох баримт цугларч, агуулгыг нь няцаан үгүйсгэж байгааг харьцуулан шинжилж дүгнээгүй нь цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан шаардлагуудыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан шүүгдэгчийг цагаатгах үндэслэлийг тодорхойлж чадаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарах тул давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгосныг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц-ийн гаргасан “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1130 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН