Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 684

 

МАГАДЛАЛ

2019 оны 7 сарын 04                              №684                                    Улаанбаатар хот

/Төсөл/

 

Н.Зд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч Н.Згийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Згийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Н.Зд холбогдох 1804001930131 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Нын З, 1994 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Багануур дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Н.З нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 04 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 104 тоотод оршин суух иргэн Д.Цогтгэрэлийн гэрийн цонхоор нэвтрэн орж, цонхны тавцан дээр байсан Солонгос улсад үйлдвэрлэсэн 11.3 грамм жинтэй 734.600 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Прокурорын газраас: Н.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Нын Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Боржигон овгийн Нын Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар Н.Зд оногдуулсан хоёр /2/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогчид 600.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Н.Зд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.З давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өөрийн үйлдсэн гэм бурууг ойлгон ухаарч, гэмшиж байгаа тул хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Д.Цогтгэрэл давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Шүүгдэгч Н.З нь миний хохирлыг барагдуулж надтай эвлэрсэн тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.З нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн эцсийн үг хэлэх үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Дараа нь шүүгдэгч Н.З нь “би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба учруулсан хохирлоо бүрэн төлсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг дэмжиж байна. Мөн давж заалдах шатны шүүхэд хохирогч нь санал гомдолгүй, шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлж өгөөч гэсэн хүсэлтийг ирүүлсэн байгааг анхаарч, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий, хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах гомдолтой танилцсан. Шүүгдэгч Н.З нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөрийг төлсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, ойлгож байгаагаа хэлж байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Н.З нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 04 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 104 тоотод оршин суух иргэн Д.Цогтгэрэлийн гэрийн цонхоор нэвтрэн орж, цонхны тавцан дээр байсан Солонгос улсад үйлдвэрлэсэн 11.3 грамм жинтэй 734.600 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Цогтгэрэлийн “...манай гэрийн онгорхой салхивчаар хүн орж ирэх шиг болохоор нь гайхаад нүдээ нээгээд хартал салхивчинд тогтоосон байсан торон хаалтыг салгаад нэг эрэгтэй хүний цээжэн бие гэрт ороод ирсэн байсан. Би гайхаад гэрлээ асаатал Жижгээ гэдэг хочтой Н.З гэх залуу цонхны тавцан дээрээс нэг юм шүүрч аваад гадагшаа буцаад үсэрчихсэн. ...” гэх /1хх-11-14/,

гэрч Г.Батсайханы “...Д.Цогтгэрэл нь 2018 оны 4 дүгээр сараас монетон гинж зүүдэг болсон бөгөөд хүүхэд нь Солонгос улсаас явуулсан гэж ярьж байсан. Саяхан уулзахад гэрийн цонхоор хулгайч ороод нөгөө гинжээ алдсан гэж ярьж байсан. ...” гэх /1хх-16/,

шүүгдэгч Н.Згийн “...би нэлээн согтуу байсан ба нэг мэдэхэд Уурхайн нийтийн байрны айлын цонх руу авирч байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ унтаж байсан. Намайг унтаж байхад Д.Цогтгэрэл ах орж ирээд “чи миний монетон гинжийг яасан, гаргаж өг” гэсэн ба удалгүй цагдаа нар ирж намайг аваад эрүүлжүүлэх байранд оруулсан. Миний хувьд нэлээн согтсон байсан болохоор тухайн үеийнхээ асуудлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан айлын онгорхой цонх руу авирч байснаа санаж байна. Би тэр гинжийг нь яг яаснаа мэдэхгүй байна. ...” гэх /1хх-28/ мэдүүлгүүд,

эд хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлан /1хх-18/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-3-6/, согтуурлын зэрэг шалгасан тухай 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл /1хх-7-8/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Зг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий, хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Згийн гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Згийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар, мөн хохирогчид тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.Згийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Н.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Зд оногдуулсан нэг /1/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ