| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 102/2019/03130/и |
| Дугаар | 210/МА2019/02161 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2019/02161
| 2019 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2019/02161 |
Л.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02950 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Л.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 35 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, эрхийн бүртгэлийн Ү-2202019127 тоот дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг О.Даваасамбуугийн гуйлтаар иргэн Т.Бямбасүрэнгээс зээл авах үед нь түүнд туслах зорилгоор зээлийн барьцаа болгон барьцаалуулсан. О.Даваасамбуу нь үүргээ бүрэн биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гарч, албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.2018.11.16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь орон сууцыг анх битүүмжлэх ажиллагаа явуулсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах журмаар хэлэлцэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүний дараа 2019.8.22-ны өдөр орон сууцыг битүүмжлэх ажиллагааг дахин хийхдээ хуулийг зөрчиж гүйцэтгэсэнд гомдолтой. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дадлага хийж буй оюутнуудыг оролцуулсан нь хууль бус гэж үзэж байна. Үүний дээр 2018.11.16-ны өдөр хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Буянбадрахыг оролцуулсан нь хууль бус гэж урд өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад дахин 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгийг битүүмжлэхдээ шийдвэр гүйцэтгэгч Ц.Чинтуяаг оролцуулсан явдал нь уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэл мөн гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч НШШГГ газар шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2078 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1833 дугаартай магадлалаар О.Даваасамбуугаас 93 680 000 төгрөг гаргуулж, Т.Бямбасүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч О.Даваасамбуугийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 35 тоотын 98 м.кв орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр битүүмжилсэн. Шүүх битүүмжилсэн тогтоолд хөндлөнгийн гэрчээр оролцуулсан н.Төмөрбаатар гарын үсэг зураагүй гэж хүчингүй болгосон. Түүнээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч н.Буянбадрахыг оролцуулсан үндэслэлээр хүчингүй болгоогүй. Ажиллагаанд дадлагын оюутнууд оролцуулсан гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Санчир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцоогүй. Нэхэмжлэгч Л.Ариунтуяа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хүндрэл учруулсан. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Чинтуяаг хөндлөнгийн гэрчээр оролцуулаагүй. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоод төлбөр авагч Т.Бямбасүрэнгийн эрх ашиг маш их хөндөгдөж байна. Иймд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн тогтоол хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 41.8 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18251277/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019127 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу, 6 дугаар байрны 35 тоот хаягт байрлах, 98.3 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Л.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны хөндлөнгийн гэрчээр оюутнуудыг оролцуулсан нь хуульд нийцэх эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр дадлагын оюутнууд болон өөр шийдвэр гүйцэтгэгчийг оролцуулсан, ажиллагааг хүчингүй болгуулна гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх 1-2, 25 /
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02078 дугаар шийдвэрээр О.Даваасамбуу нь шүүхийн шийдвэрийн дагуу 94 680 000 төгрөгийг Т.Бямбасүрэнд төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019127 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу, 6 дугаар байрны 35 тоот хаягт байрлах, 98.3 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх-28-29/
Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, 44 дүгээр зүйлийн 44.2.8-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18251277/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 00769 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 878 дугаар магадлалаар хүчингүй болгосон байна. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахин явагдаж Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу, 6 дугаар байрны 35 тоот хаягт байрлах, 98.3 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 18251277/06 тоот тогтоолоор битүүмжилсэн байна.
Маргаан бүхий 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18251277/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Б.Батцэцэг, И.Золзаяа нарыг оролцуулж, тогтоол болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд гарын үсэг зурсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.8 дахь хэсэгт заасантай нийцсэн. /хх-30-31/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна. Хэрэгт авагдсан баримтаар хөндлөнгийн гэрчээр оролцсон Б.Батцэцэг, И.Золзаяа нар нь дээрх шаардлагыг хангахгүй гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгч нь хөндлөнгийн гэрчээр оролцох ёсгүй дадлагын оюутнуудыг оролцуулж хууль зөрчсөн гэх тайлбар, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн гэрчээр дадлагын оюутнуудыг оролцуулахыг хориглоогүй, хөндлөнгийн гэрч Б.Батцэцэг, И.Золзаяа нар нь тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолтой, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоотой гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Ш.ОЮУНХАНД