Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 87

 

 

Ө.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Т.Д, Б.М, хохирогчийн өмгөөлөгч Ц.Г, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1113 дугаар магадлалтай, Ө.Т-т холбогдох 1810002660331 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Д, Б.М нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1958 онд төрсөн, эмэгтэй, Б овогт Ө-ийн Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Б.М, Т.Д нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ө.Т гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зохион байгуулалттайгаар, өс хонзон авах зорилгоор хилсээр ялласан гэж гомдол гаргаж байна. Гэрч М.Б шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөх үеийн дүрс, дууны бичлэгээс гэрч, өмгөөлөгч, шүүгчийн хэлсэн үгнээс 1280 үгийг тэмдэглэлд тусгаагүй байна.

Хуралдааны тэмдэглэлд 160 үг бичигдсэн нь дуу, дүрсний бичлэгээс 8 дахин бага байгаа нь хуралдааны тэмдэглэлийг бичээгүйтэй ижил утгатай болжээ. Ноцтой 6 баримтыг орхигдуулсан буюу утгын зөрүүтэй болгож бичжээ. Бид М.Б-ыг шүүх хуралдаан дээр үлгэр ярьж, хуурамч мэдүүлэг өгсөн гэж цагдаа, прокурорт хандсан. Энэ талаар шүүх хуралдаан дээр өмгөөлөгч хэлснийг тэмдэглэлд оруулаагүй хассан байна. Хохирогч Э.Ц-ийн хэлсэн үгнээс 325 үгийг тэмдэглэлд бичиж, 472 үгийг бичээгүй хассан байна. Голдуу худал, гүтгэлгийн, шинээр шалгах шаардлагатай баримтуудыг хасжээ. Шинжээч эмчийн хэлсэн 76 үгийг тэмдэглэлд тусгаагүй байна. Эдгээр нь шүүх зориуд хуйвалдаж, худал мэдүүлгүүдийг нуун дарагдуулсан гэж хардахад хүргэж байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлийг худал мэдүүлгийнхээ олонхийг хасуулах замаар бичүүлсэн энэ үйлдэл шүүх бусдын нөлөөнд автан нэг талд үйлчилсэн, алагчилсан, хилсээр ялласан ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг, хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн хэрэг гэж үзэж байна. Мөн шинжээч эмчийн шүүх хуралдаан дээр хэлсэн худал мэдүүлгийг тэмдэглэлд бичихгүй орхижээ. Шүүхийн энэ үйлдэл нь давж заалдах шатны шүүхэд гэрч, шинжээч эмчийн хуурамч мэдүүлгийн талаар гомдол гаргах бололцоогүй болгох гэсэн, гэмт үйлдлийг нуух гэсэн үйлдэл бөгөөд мөрдөгч, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүгчид бүлэглэн хилсээр хүн ялласан баримтуудын нэг юм. Дуу, дүрсний үгнээс 1840-өөд үгийг хуралдааны тэмдэглэлд тусгаагүй нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26 дугаар зүйлд заасныг зөрчиж байна. Өмгөөлөгч Б.М 2018 оны 10 дугаар  сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны өмнө “нэмэлт шинжилгээ хийлгэх” хүсэлтийг бичгээр өгөхөд шүүгч хүсэлтийг хэлэлцээгүй, ямар нэг шийдвэр гаргаагүй. Энэ хүсэлт шинжээч эмч нар гэмтлийн зэрэг тогтоохдоо Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг баримтлаагүйг нотлох ач холбогдолтой байлаа. Шинжээч эмч гэмтлийн зэрэг тогтоосон үндэслэлээ шүүх хуралдаан дээр өөрчилсөн. “Нүүрэнд учирсан жижиг хэмжээний зулгаралт байсан ч гэсэн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсанд тооцно” гэдэг нь ямар журамд байдаг талаар шүүгч тодруулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд явуулсан боловч хариу ирүүлээгүй байдаг.

Бүрэлдэхүүнтэй шинжээчид хөнгөн гэмтэл гэдгийг журмын заалтын үндэслэлийг дурдахгүй, хууль бусаар тогтоосон байсан. Э.Ц-ийн гар гэмтсэн талаар нэмэлт ямар нэг хариу бичээгүй байв. Нэмэлт шинжилгээгээр эдгээрийг тогтоох ач холбогдолтой байсан юм. Мөн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу давж заалдах шатны шүүх хурлын урьд өдөр би “бичлэгийг удаашруулж харах” хүсэлт гаргаж, шүүгчийн туслахад өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх хурал ор нэр төдий, маш хурдан болж миний хүсэлтийг хэлэлцсэнгүй. Бидний 3-4 үндэслэлийн нэгд нь шүүгч хариу өгч бусдыг нь нөгөө тал няцаагаагүй байхад чимээгүй өнгөрөөж хилс ялыг хэвээр үлдээсэн. Хэрэв бичлэгийг удаашруулж үзсэн бол би хүний нүүр маажаагүй, гарыг хавчаагүй нь тодорхой болох байсан юм. Анхан шатны шүүх камерын бичлэгийг судлаад миний хүн маажсан, гар хавчсан үйлдлийг тогтоогоогүй юм. Харин Э.Ц гэртээ ороод 22 секундын дараа гарч ирэхдээ нүүрээ зааж байснаар буюу эргэлзээ бүхий нөхцөлд намайг хилсээр ялласан юм. Мөрдөгч хүртэл “нүүрэнд цохих мэт хөдөлгөөн хийхэд” гэж эргэлзэж байсан. Энэ бол өс хонзон авах зорилгоор өөрсдөө нүүрээ маажсан явдал юм. Гэрч нөхөр нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт ажиллаж байсан тул таньдаг мөрдөгч, шинжээч эмч, прокурор, шүүгч нарт нөлөөлж хилсээр ялласан хэрэг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгийг зөрчсөн, мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактыг зөрчсөн. Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт ажиллаж байсан М.Б өөрийг нь шалгуулж 32,000,000 төгрөгийн татварын торгууль тавиулсан, шүүхээр 100,000,000 төгрөг хууль бусаар авсныг нэхэмжлээд явж буйг манай нөхөр Н.Д фэйсбүүкээр байнга олон нийтэд хүргэж байгаад өширхөж коридорт хэрэлдсэнээ далимдуулж намайг хаалганд гар хавчсан, нүүр маажсан гэсэн юм.

Камерын бичлэгийг шинжээч эмч үзээд “хохирогч хаалганд цохигдоод бие нь хөдлөх шиг боллоо, түүнээс үүссэн болов уу” гэсэн, ганцхан мөрдөгч л бичлэгийн тэмдэглэлдээ “Ц-ийн баруун гарыг хаалганд хавчив” гэж худал бичсэн. Бичлэг Э.Ц-ийн зүүн талаас хийгдсэн учир баруун гар харагдахгүй, харин хаалга бүрэн хаагдсан эсэх, Э.Ц ёолох хариу хөдөлгөөн хийсэн эсэх гэх мэт хоёрдогч шинжээр гар хавчсан эсэхийг тодорхойлох боломжтой. Бичлэгт Э.Ц-ийн толгойноос дээш, өвдөгнөөс доош хэсэгт хаалга ямар ч завсаргүй хаагдсан байдаг. Мөн тэрээр тайван зогсож байдаг. Эдгээрээс харахад гар хавчсан гэдэг нь худал гүтгэлэг юм. Мөрдөгч “нүүрэнд цохих мэт хөдөлгөөн хийхэд” гэж дүрсийг илтэд худал тайлбарладаг. Уг нь Э.Ц дайрч утсаараа Ө.Т-ийн нүүр рүү чичихэд Ө.Т өөрийгөө болон тэвэрч буй хүүхдээ хамгаалах гэж гараа өргөөд буулгасан дүрс байгаа. Шүүгч, мөрдөгч нар эдгээр үйлдлийг үнэн зөв бичиж тэмдэглэлд тусгаагүй байгаа нь тэд нэг талд үйлчилж, хилсээр ялласны нэг илрэл юм. Прокурор бичлэгийг үзэхгүй нэг талд үйлчилсэн.

Прокурор гэрчийн үг дээр “гарыг” гэдэг үг өөрөө зохиогоод нэмж ялласан нь хууль зөрчсөн, гэмт хэрэг юм. Хохирогчийн мэдүүлэг худал байхад шүүгч зөвтгөж хууль зөрчсөн. Тухайлбал, хохирогч Э.Ц-ийн “намайг хаалгаа бариад байж байхад шүүгдэгч хаалгыг хүчтэй өшиглөн миний гарыг хавчсан”, “миний гарыг хаалгаар хавчаад нүүр самардсан”, “хаалгыг дотор талаас нь барихад хаалга гаднаас өшиглөөд байсан, гар хавчаад байна гэж би Ө.Т-т хэлсэн, тэгэхэд зайл гээд байсан” зэрэг шүүх хуралдаанд хэлсэн мэдүүлгээс нэг ч үйлдлийг шүүгч олж тогтоогоогүй. Хаалганы дотор бариулаас гараараа барьчихсан байхад гарыг нь хавчсан байхад бугуй л хавчигдан хөхрөх ёстой болохоос гарын сарвууг хавчих ямар ч боломжгүй, ийм үндэслэлгүй худал мэдүүлэг өгч байхад хилсээр ялласан. Хохирогч шүүх хуралдаанд “Б-ын гар утсыг аваад боссоны дараа маажсан” гэж хэдхэн минутын дотор урьд өгч байсан мэдүүлгээ өөрчилж, зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн байхад шүүх анхаарч үзээгүй. Хоёр удаа нүүр рүү цохьсон гэж худал мэдүүлсэн. “Гэмтэл учирсан”, “Зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт” гэсэн ерөнхий үгээр, ерөнхий үндэслэлээр хүнийг яллах ойлголт хууль болон Гэмтлийн зэрэг тогтоох журамд байхгүй. Гэмтлийн зэргийг журмын дагуу тогтоогоогүй байгаа нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг харуулж байна. Зулгаралт, цус хуралт биеийн нийт гадаргуугийн нэг хувиас илүү гарвал гэмтлийн зэрэг тогтоодог журамтай. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасныг шүүгч шийдвэртээ бичжээ. Гэтэл үүний араас “зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт үүссэн тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэх байдал тогтоогдохгүй байна” гэж бичжээ.

Шүүгч зулгаралт, цус хуралт биеийн нийт гадаргуугийн нэг хувьд хүрч байгаа эсэхийг тогтоохгүй хүнийг яллаж буйг хэрэглэвэл зохих хууль, журмыг хэрэглээгүйг нотолж байна. Шүүгч шинжээч эмч нарын 2 удаагийн хөнгөн зэргийн гэмтэл гэж үзсэн үндэслэл, шалгуурыг ойлгоогүй байна. Шинжээч эмч Н.Т энэ гэмтэл эрүүл мэндийг сарниулах тул гэж таагаад журмын 2.4.1-д заасан үндэслэлүүдийн нэгээр хөнгөн зэргийн гэмтэл гэж үзсэн, гэтэл эрүүл мэнд сарнисан эмчилсэн баримт гараагүй тул энэ үндэслэлээсээ шүүх хурал дээр татгалзсан. Дараа нь үндэслэлээ өөрчилж нүүрэнд учирсан жижиг гэмтлийг ч эрүүл мэндийг сарниулсан гэж үздэг гэж худал дүгнэлт, мэдүүлэг өгсөн.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-г баримталсан бол энэ гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоох ёсгүй байсан. Прокурор гэрч Д.Б-ын “урчихсан байна” гэж хэлснийг сонссон гэсэн мэдүүлэг өгсөн байхад “гарын” гэдэг үгийг өөрөө зохиож нэмж “гарыг урчихсан байна” болгож хилсээр яллах нэг үндэслэл болгосныг засуулж бичүүлэх арга хэмжээ аваагүй. Шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийг яллагдагчид 6 сарын дараа танилцуулж, яллагдагчийн эрхийг зөрчсөн. Үүнээс болж хуурамч дүгнэлтийг дахин шинжээч томилж тогтоох боломжийг хаасан. Шинжээчийн дүгнэлт, яллах дүгнэлтийг нэг өдөр танилцуулж хүний эрхийг зөрчсөн. Прокурорын яллах дүгнэлтийг дээд шатны прокурор хянах боломж өгөөгүй. Ө.Т 5 өдрийн дараа байцаагдахдаа шинжээчийн дүгнэлт гарсан уу гэж асуухад ирээгүй гэж дүгнэлтийг нууж 6 сар болгосон. Мөрдөгч байцаалтын тэмдэглэлдээ “хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэдэг худлаа өгүүлбэр бичсэн байсан. Энэ баримтыг хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэл болгосон байсан нь зориуд дээрх үгийг мэдүүлэгт оруулсныг нотолж байна. Гар хавчсан, нүүр самардсан гээд хилсээр ялласан тэр хоёр үйлдлийг удаашруулж харуулсан 2 минут хүрэхгүй бичлэгтэй СД-г бид хавсаргасан тул үүнийг үзэж байж шийдвэрээ гаргана уу. Эсхүл эдгээр үйлдлийг фото зургаар гаргасныг 5 шүүгчид зориулж хувилж бэлдсэнийг шүүх хуралдаанд авч очих тул үзэж байж шийдвэрээ гаргана уу. Хаалганы дотор бариул бариад гадна зогсож байгаа хүний сарвууг хаалганд хавчих боломжгүй, гүтгэлэг гэдгийг мэдэрнэ үү. Миний гар хавчиж, нүүр маажсан үйлдлийг шүүгч, шинжээч эмч бичлэгээр олж тогтоогоогүй учир, шинжээч эмч, шүүгчид Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т заасан аль нэг шалгуурыг үндэслээгүй хөнгөн гэмтэл гэж үзсэн нь, хаалганы дотор бариулаас барьсан гарын сарвуунд хаалга хаах үед гэмтэл учрах ямар ч боломжгүй тул хүний ухаанд багтахгүй үйлдлээр, хууль зөрчиж, бүлэглэн хуйвалдаж, хилсээр ялласан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсхүл хэргийг анхан шатны шүүхэд буцааж, цаашилбал, намайг цагаатгаж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрхийг зөрчсөн тул бид Хүний эрхийн үндэсний комисст хандаад байгаа. Комиссоос хэргийг анхан шатны шүүх рүү буцааж бүрэлдэхүүнтэй шинжээчээр дахин шинжилгээ хийлгэх, камерын бичлэгт байхгүй үйлдлийг байгаа гэж худал бичсэн мөрдөгчийн алдаа, завхралыг засах шийдвэр гаргаж магадгүй тул хэргийг ямар ч байсан анхан шатны шүүх рүү буцаана гэж найдаж байна. Бид худал дүгнэлт гаргасан мөрдөгч, шинжээч эмчийг шалгуулахаар Улсын ерөнхий прокурорт хандсан байгаа. Шүүх дээр яваа хэрэгт бид нөлөөлөх ёсгүй гэсэн байр суурийг прокурор, мөрдөнгийн удирдлагууд хэлдэг, дээд шатны прокуророор энэ хэргийг хянуулах боломж, оролцогчийн эрх, хүний эрхийг эдлүүлэхийн тулд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Шүүгч илтэд хууль бус шийдвэр гаргах, илтэд гэмгүй хүнийг хилсээр яллабал эрүүгийн хариуцлага хүлээх хуультай. Бид прокурор Г.Э, шүүгч Х.О, Т.Ө, Б.З, Н.Б нарыг илтэд гэмгүй хүнийг хилсээр ялласан гэж үзэж бичлэгтэй СД, шүүхийн шийдвэрээ өгөөд байна. Ийм нөхцөлд хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зөв байх. Бид энэ хоёр залууг ажилгүй байхад нь барьж буй барилгадаа 100,000,000 гаруй төгрөгийн сантехникийн ажил хийлгэж 3 өрөө байртай болгосон. Гэтэл М.Б Эрээн рүү намайг дагуулж яваад материал авахдаа худалдагчтай хуйвалдан 41,000,000 төгрөг залилсныг мөрдөгч тогтоосон боловч прокурор хэрэгсэхгүй болгосон. Бид энэ хүнээс 100,000,000-200,000,000 төгрөг нэхэмжлээд шүүхээр 4 жил явж байна. 32,000,000 төгрөгийн татварын торгуулийг энэ хоёрын компанид манай нөхөр Н.Д-ийн гомдлоор шалгуулж тавиулсан. Манай нөхөр Н.Д фэйсбүүк, твитерээр тэдний шударга бус байдлыг байнга бичиж, бусдад анхааруулга өгч байгаа. Энэ бүхэнд гомдож, өс хонзон авах зорилгоор хэрэлдсэнээ далимдуулж гэртээ орж 22 секунд болоод өөрсдөө нүүрээ маажиж, гар хавчсан гэж гүтгэж хуулийн байгууллагад ажиллаж байсан танилуудаа ашиглаж, намайг хилсээр яллуулаад явж байна. Улсын дээд шүүх өмнөх хоёр шатны шүүх шиг шударга бус, хүний эрхийг зөрчсөн, хилсдүүлсэн, авлигажсан шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1628 тоот дүгнэлтээр хохирогч Э.Ц-ийн биед учирсан гэх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг гэж үзсэн, шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Н.Т “Ц-ийн гэмтэл хөдөлмөрийн чадвар алдагдуулаагүй…, уг журмын 2.6 дугаар зүйлд хүний биеийн нийт гадаргуун нэг хувиас дээш хэмжээтэй гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулах ба хөнгөн гэмтлийн шинж нь бэлэг эрхтэн болон нүүрэнд учирсан гэмтэлд хамаарахгүй” гэх тайлбарыг өгсөн.

Шүүх “хохирогчийн биед учирсан гэмтэл нь түүний биеийн нэг хувьд хүрэхгүй ч зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт үүссэн” гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Э.Ц-ийн биед учирсан гэх зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн нэг хувьд хүрээгүй, хөдөлмөрийн чадвар алдагдуулаагүй, эрүүл мэнд сарниулаагүй зэрэг нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан үндэслэл тогтоогдсон.

Дээрх журмын 2.4.1-д зааснаар гаргасан шинжээчийн дүгнэлт мөн журмын 2.6-д зааснаар үгүйсгэгдэж байна. Шинжээч эмч Н.Т-ийн гаргасан “бэлэг эрхтэн болон нүүрэнд учирсан гэмтэл” нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан нөхцөлөөс үл шалтгаалан гэмтлийн зэрэг тогтоодог тус журамд заасан үндэслэлийг тогтоолгохоор 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт шинжилгээ хийлгэхээр шүүгч захирамж гаргасан. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.5 дугаар зүйлд заасан шүүх хуралдаан завсарлах зэрэг хуулийн заалтыг ноцтой зөрчиж шүүх хуралдааныг гэм буруугийн шатнаас хойшлуулж дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулсан ба энэ дүгнэлтийг гаргасан шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1070 тоот дүгнэлт мөн л эргэлзээ бүхий болсон. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан үндэслэл байгаа эсэх, байгаа бол түүнийг үгүйсгэх заалт тус журамд тусгагдсан эсэх талаар дурдаагүй байсан. Иймд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас өмнө шүүгчийн туслахад бичгээр “нэмэлт шинжилгээ хийлгэх, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгийг VLC тоглуулагчаар удаашруулан үзэх” хүсэлт гаргасан. Өмгөөлөгч Б.М-ийн хүсэлтийг шүүх хэлэлцэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтын хүрээнд Ө.Т нь М.Б-тай муудалцсаны улмаас гэрийн хаалгыг нь өшиглөсөн тухайн үед Э.Ц нь гэрээсээ гарч ирсэн бөгөөд энэ нь камерын бичлэгт тодорхой харагддаг, Э.Ц-ийн биед учирсан хөнгөн хохирлыг учруулсан болох нь тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Ту-ийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр юм. Ө.Т гэмтэл учруулах үйлдэл хийх боломжгүй байсан нь камерын бичлэгээр тогтоогддог. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн нь зөрүүтэй, мөн хэрэгт хураагдсан камерын бичлэгт үзлэг хийхдээ хууль зөрчсөн, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй атлаа шүүх хуралдааны явцад эргэлзээтэй байдал бий болсны улмаас шүүх хурлыг зогсоож шинжээчийн дүгнэлтийг дахин гаргасан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тодорхойлогдохоор байх тул шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Ө.Т-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэм буруугийн хэлбэрийг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Т-ийн үйлдэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна. Ө.Т нь М.Б-д уурласан уур бухимдлаасаа болж түүний гэрийн хаалгыг өшиглөх явцад Э.Ц хаалга онгойлгосны улмаас биед нь гэмтэл учирсан. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 340 тоот яллах дүгнэлтээр Ө.Т-ийг М.Б-тай маргах үедээ Э.Ц-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн, мөн шүүх хуралдаанд улсын яллагч “гэм буруугийн болгоомжгүй хэлбэр” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэргийг системийн болон түүхчилсэн аргаар авч үзвэл зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр нь ангилж зүйлчлэхээр байна. Практикт энэ төрлийн гэмт хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэхдээ зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэргийг шилжүүлж, харин болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар эргэлзээтэй дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 1628, 1070 тоот дүгнэлтээр хохирогч Э.Ц-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг гэж үзсэн. Гэвч энэхүү гэмтэл нь уг журмын 2.6-д заасан биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрээгүй, хөдөлмөрийн чадвар алдагдуулаагүй, эрүүл мэнд сарниагүй зэрэг үндэслэл байхад энэ талаар шүүх дүгнэлт хийхгүйгээр эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтээр Ө.Т-ийг буруутгасан. Шүүх эмнэлгийн 1628, 1070 тоот дүгнэлт нь эргэлзээтэй байсан тул нэмэлт шинжилгээ хийлгэх, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгийг удаашруулж үзэх хүсэлт гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ц.Г хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1.2-т шийтгэх тогтоол хэзээ хуулийн хүчин төгөлдөр болох талаар тодорхой заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй гэсэн нь давж заалдах шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэж, магадлалыг уншиж сонсгомогц анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохоор байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс шийтгэх тогтоол хүчинтэй болох хүртэл тоолно гэж заасан байдаг. Тэгэхээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншин сонсгосноор хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй бөгөөд давж заалдах шатны шүүх магадлалыг уншин сонсгоход хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа ярих хууль зүйн үндэслэл байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нэмэлт шинжилгээ гэж яриад байна, анхан шатны шүүх дээр нэмэлт шинжилгээ хийгээгүй, харин давтан шинжилгээ хийлгэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Г гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байгаа. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн хэлбэр дээр маргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг болгоомжгүй үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд тодорхой дурдагдсан байгаа. Энэ гэмт хэрэг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гарсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэхэд хөөн хэлэлцэх хугацаа яригдаагүй байсан. Хохирогчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох үндэслэлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон учраас шүүгдэгч Ө.Т-ийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Т.Д, Б.М нарын гаргасан гомдлыг үндэслэн Ө.Т-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ө.Т-ийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны орцонд М.Б-тай маргалдаж байх үедээ Э.Ц-ийн биед “зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж үзэж, уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ө.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас удаа дараа хүсэлт гаргаж, үндэслэлээ тайлбарлан мэтгэлцэж байхад дүгнэлтэд нөлөөлж болох энэхүү нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзэлгүй орхигдуулж, шинжээчийн дүгнэлтийн маргаж байгаа хэсэгт үйл баримтын болоод хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шалтгаалан шүүгдэгчийн талаас маргаан үүсгэж өдийг хүрсэн байна.

Шүүгдэгч талаас Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтлийн хөнгөн зэргийг тогтооход баримтлах шалгуур шинж болох “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, учирсан гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүү” байгаа эсэхийг тогтоогоогүй гэж шинжээчийн дүгнэлттэй маргасан бөгөөд хөнгөн гэмтэлд тавигдах шалгуур шинжүүдийг хангаагүй гэж үзсэн мэтгэлцээний нэг тал болох шүүгдэгч талын байр суурийг няцаан үгүйсгэсэн, эсхүл нотолсон дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй байх ба үүнийг заавал хийх шаардлагатай юм.

Энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг дүгнэхэд шаардагдах урьдчилсан нөхцөл бөгөөд үүнийг дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болох ба энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил мөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Т.Д, Б.М нарын “гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх” тухай гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1113 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ө.Т-т холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ө.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                  ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН