Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 475

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

хохирогч Э.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

шүүгдэгч Ө.Т-, түүний өмгөөлөгч Т.Даваажав, Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Ө-ийн Т-т холбогдох эрүүгийн 1810002660331 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, 31 дүгээр байрны 12 тоотод бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 53 дугаар байрны 11 тоотод амьдарч байгаа, ял шийтгэлгүй, Б- овогт Ө-ийн Т- /РД: …………………./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ө.Т- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны орцонд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр М.Билгүүнжаргалтай маргалдаж байх үедээ Э.Ц-гийн биед “зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Ө.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч талын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн гэрэл зургийг харлаа. Хэрэв эмнэлгээс авсан зураг бол холбогдох баримтууд нь хамт ирсэн байх ёстой. Мохоо зүйл гэж яриад байна. Зулгаралт гэдэг үг мохоо зүйл гэдэг үгтэйгээ зохицохгүй байна. Хохирогчийн зургийг үзэхэд шовх үзүүртэй зүйлээр хатгагдсан гэмтэл байна. Энэ хэргийн тухайд маажсан гэх зүйл яригдаж байгаа болохоос хэн маажсан бэ гэдэг асуудал огт яригдаагүй. Прокурорын яллах дүгнэлтэд Э.Ц-, М.Билгүүнжаргал, шинжээчийн дүгнэлт зэргийг гол яллах талын нотлох баримт гэж үзээд байгаа. Цолмонгоос цус гарсныг хараагүй гэсэн гэрч нарын мэдүүлгийг үнэлээгүй. Мөн камерын бичлэгийг гол нотлох баримт гэж үзээд байх юм. Уг камерын бичлэгийг манай зүгээс гаргаж өгсөн. Би өөрөө маажсан бол камерын бичлэгийг гаргаж өгөхгүй байсан. М.Билгүүнжаргал Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт ажиллаж байсан тул түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс нь намайг “чи яагаад хүнийг мааждаг билээ” гэж угтаж авсан. Хохирогч талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн зургийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед миний гарт шовх үзүүртэй зүйл байгаагүй. Миний хумс мах руугаа шигдэж ургадаг. Би хумсаа шинжлүүлье гэсэн хүсэлт мөрдөгчид тавьж байсан. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдэгтээ маш их итгэлтэй байгаа. Эдгээр хүмүүс хуулийн цоорхойг надаас илүү мэдэж байгаа. Би хаалганд хавчсан байж магадгүй гэж тухайн үед хэлсэн. Гэтэл үүнийг яллах талын нотлох баримт болгосон. Шинжээчийн дүгнэлтийг хэзээ хойно надад танилцуулж байна вэ гэж хэлмээр байна. Мөн тухайн үед хохирогч гэрэл зургаа хавтаст хэрэгт хавсаргаагүйг ойлгохгүй байна. Би хохирогчийг маажаагүй. Хохирогчийг хэн маажсан бэ гэдгийг хангалттай тогтоогоогүй. Хохирогчийн зургийг үзэхэд шовх үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байна. Уг зураг нь Монгол хэлний зулгаралт гэдэг үгтэй тохирохгүй байна гэв.

Хохирогч Э.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хаалга хүчтэй цохих чимээгээр хаалгаа онгойлгоход шүүгдэгч Т- манай нөхөртэй муудалцаж байсан. Т- намайг хаалгаар хавчиж, маажсан. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах гээд шүүх хуралдаан хойшлогдсоны дараа цагдаагийн алба хаагч нар манайд ирээд намайг хүн гүтгэсэн гээд тайлбар авсан. Би өөрийгөө гэмтээх сэтгэцийн өвчтэй хүн биш гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: … 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14.30 цагийн үед намайг гэртээ байхад манай гэрийн хаалгыг олон удаа хүчтэй цохихоор нь нээж харахад манай байранд амьдардаг Т- нь нөхөр Билгүүнжаргалтай маргалдсан байдалтай гэр рүү оруулахгүй “гар зайл, хулгайч, луйварчин” гэх мэтчилэн хараалын үг хэлээд зогсож байсан. Тэр үед намайг гар гэж хэлээд түлхэж хаалга хаахыг оролдох үед миний баруун гарын сарвууны арын хэсгийг хаалганд хавчуулаад над руу дайрч зүүн нүдний зовхины доод хэсэгт маажих үед манай давхарт байрлах Т-ын дүү Болдбаатар эхнэрийнхээ хамт гарч ирээд эгч Т-аа салгаад авч явсан. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна…гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

Гэрч М.Билгүүнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би тухайн өдөр гэр рүүгээ орох гээд 14.20 цагийн үед лифтэнд суухад Дашзэвэгийн эхнэр Т- хүүхэд тэвэрчихсэн лифтэнд хамт суусан. Т- “чи манайхаас мөнгө луйвардсан луйварчин” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Намайг гэр рүү орох гэхэд оруулахгүй “ луйварчин биз дээ” гээд хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэр үед 40 тоот айлын хүн гарч ирээд Т-т “та одоо боль, бид амармаар байна, манай нялх хүүхдийг сэрээх гээд байна” гэхэд “хуц” гээд орилоод байсан. Тэгснээ Т- нь манай гэрийн үүд рүү гүйж очоод хаалгыг хоёр хөлөөрөө ээлжлэн олон удаа өшиглөхөд эхнэр Цолмон гэрээсээ гарч ирсэн. Т- нь биднийг “луйварчин, хулгайч” гэж харааж байснаа гэрийн хаалгыг хаах гэж хүчтэй түлхэж ноцолдож байгаад Цолмонгийн баруун гарыг хаалганд нилээн хэдэн удаа хавчсан. Би тухайн үед Т-т “та гарыг нь хавчаад байна, боль” гэхэд тэрээр орилж хашгираад, манай гэрийн хаалгыг хаах гээд ноцолдож байхдаа өөрөө хүүхдээ тэвэрсэн чигээрээ хөл алдаад шалан дээр сөхөрч билүү хойшоо савж уначихаад босч ирсэн. Тэгснээ дахин гэрийн хаалгыг гадна талаас нь хаах гэж ноцолдож байгаад Цолмонг өшиглөж цохих гэж гар, хөлөө ээлжлэн савчуулж байснаа зүүн гараараа Цолмонгийн зүүн нүдний доод хэсэгт самардчихсан. Тэр үед би Цолмонгийн хамт гэр рүүгээ орж цагдаад дуудлага өгөхөд Т- гэрийн хаалгыг гаднаас өшиглөөд байсан. Гэртээ ороод Цолмонг хартал түүний зүүн нүдний доод хэсэгт маажсан шарх үүсээд, шархнаас нь цус гарч байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 

Гэрч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14.00 цагийн үед гэртээ байж байхад орцонд хүмүүс орилоод байхаар нь гараад ирсэн чинь манай эгч Т- зээгээ тэвэрчихсэн хажуу айлын Билгүүнжаргалтай маргалдаад зогсож байхаар нь салгаад гэр гэрт нь оруулсан. Цолмон гэртээ ороод буцаж гарч ирээд урчихсан байна гэж байсан. Би тухайн үед ямар нэгэн зүйл урж байхыг нь хараагүй. Юунаас болж маргалдсан талаар асуухад Билгүүнжаргал “лифтэнд Т- эгчтэй таараад маргалдсан” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Гэрч Б.Ширавжаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн үед 6 дугаар давхрын коридорт эмэгтэй хүн орилоод, нэг хүнтэй хэрэлдээд байх шиг болохоор нь гараад хартал 5 болон 6 дугаар давхрын голд зүс таних эмэгтэй /Т-/ 1 нас орчимтой хүүхэд тэвэрчихсэн 30 гаран насны залуутай /Билгүүнжаргал/ маргалдаад тэр залууг “луйварчин” гээд орилж хашгираад байсан. Би тэр хоёрт “манайд хүүхэд унтаж байна, та хоёр дуугаа намсгаач, аль эсвэл гарч хэрэлд” гэхэд Т- нь миний хэлж байгааг ч тоохгүй орилж хашгираад байхаар нь би гэр рүүгээ орсон…гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/,

 

Шүүгдэгч Ө.Т- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: …2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 53 дугаар байрны 1 дүгээр орцны 1 дүгээр давхарт лифтний үүдэнд Билгүүнжаргалтай тааралдсан. Тухайн үед Билгүүнжаргал нь миний өөдөөс харж чадахгүй нүүр буруулаад байхаар нь “чааваас даа, хүний нүүр харж чадахгүй ингэж амьдрах гэж дээ” гэж хэлсэн. Лифт ирэхэд би ач охин Намууныг тэврээд лифт рүү орсон, Билгүүнжаргал ч гэсэн лифтэнд суусан. Би Билгүүнжаргалд “чи улаан цайм хүнийг гүжирдэх юм аа, яаж ингэж чадаж байнаа, тийм болохоороо л хүний нүүр харж чадахгүй байгаа биз дээ” гэхэд “бүх асуудлыг шүүх шийднэ” гэхээр нь миний уур хүрээд түүний надаас залилан авсан мөнгөний талаар ярилцсан. Тэр үед Билгүүнжаргал гар утсаараа бичлэг хийгээд, миний өөдөөс тавласан байдалтай инээгээд “чи надад олз боллоо доо” гэсэн шиг даапаалаад байсан. Миний уур бухимдал маш ихээр хүрэхээр нь би Билгүүнжаргалын амьдардаг 6 дугаар давхрын 42 тоотын хаалгыг очиж өшиглөсөн. Тэгтэл Билгүүнжаргалын эхнэр Цолмон гэрээсээ гарч ирээд Билгүүнжаргал бид хоёрын маргаанд оролцоод “танай нөхөр чинь хоёр хүүхдээ хүртэл шүүх, цагдаад өгдөг юм билээ” гэж доромжилсон. Цолмонг маргалдаад байхаар нь гэрийн хаалгыг гаднаас нь хаасан. Билгүүнжаргал над руу ирээд хүүхэдтэй минь хамт хана руу хүчтэй түлхэхдээ өөрийнхөө гар утсыг унагаасан. Цолмон Билгүүнжаргалын газар унасан гар утсыг аваад байж байхад тухайн давхрын 45 тоотод амьдардаг зээ дүү Болд гарч ирээд биднийг салгасан. Цолмон өөрийнхөө гар утсаар бичлэг хийгээд над руу ойртоход нь Билгүүнжаргал намайг хана руу шахаад, гараараа хааж зогссон…гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1628 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Ц-гийн биед зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 24-р хуудас/,

Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Э.Ц-гийн биед зовхины зулгаралт, сарвуунд цус хуралт гэмтэл нь хаалганд цохиулсаны улмаас үүсэх боломжтой…гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1888 дугаартай дүгнэлтэнд:

1. Намууны биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 27-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1070 дугаартай дүгнэлтэнд:

1. 2018.09.27-ны шинжээч эмч нарын үзлэгээр Э.Ц-гийн биед зүүн нүдний доод зовхинд сорви тогтоогдож байна.

2. 2018.01.17-ны шүүх эмнэлгийн үзлэгээр зовхинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт тогтоогдсон байх ба зүүн нүдний доод зовхины сорви нь уг гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Хүний арьс гэмтсэн үед цус гарна.

4. Хүний арьсанд үүссэн зулгаралт нь дунджаар 1-7 хоногт эдгэрэх боломжтой ба арьсны гүн давхаргыг хамарсан үед сорви болон тогтоно. /хх-ийн 136-137-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Т- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны орцны 6 дугаарт давхарт 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд М.Билгүүнжаргалтай төлбөр тооцоотой холбоотой хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар уг маргаанд оролцсон хохирогч Э.Ц-гийн “зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Э.Ц-гийн “ 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хаалга хүчтэй цохих чимээгээр хаалгаа онгойлгоход Ө.Т- манай нөхөртэй муудалцаж байсан. Ө.Т- нь нөхөр Билгүүнжаргалыг “гар зайл, хулгайч, луйварчин” гэх мэтчилэн хараалын үг хэлээд зогсож байсан. Намайг хаалгаа бариад зогсож байхад манай хаалгыг өшиглөөд баруун гарыг хавчсан. Би гар утасаа газраас аваад боссон ба намайг маажсан байсан. Тэр үед би өөрөө мэдээгүй гэртээ ороод харахад зүүн нүдний дороос цус гарч байсан. Би буцаж гараад “нүүр маажсан байна ш дээ. Цагдаа дууд” гээд дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд би нөхөр Билгүүнжаргал, Ө.Т-ын дүү Болдбаатар бид 3 цагдаагийн хэлтэс очиж мэдүүлэг өгөөд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний зүүн нүдний дор сорвитой болсон. Гомдолтой байна. Өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас, 125-р хуудас/,

 

Гэрч М.Билгүүнжаргалын …Т- “чи манайхаас мөнгө луйвардсан луйварчин” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Намайг гэр рүү орох гэхэд оруулахгүй “ луйварчин биз дээ” гээд хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэр үед 40 тоот айлын хүн гарч ирээд Ө.Т-т “та одоо боль, бид амармаар байна, манай нялх хүүхдийг сэрээх гээд байна” гэхэд “хуц” гээд орилоод байсан. Тэгснээ Ө.Т- нь манай гэрийн үүд рүү гүйж очоод хаалгыг хоёр хөлөөрөө ээлжлэн олон удаа өшиглөхөд эхнэр Э.Ц- гэрээсээ гарч ирсэн. Ө.Т- нь биднийг “луйварчин, хулгайч” гэж харааж байснаа гэрийн хаалгыг хаах гэж хүчтэй түлхэж байгаад Э.Ц-гийн баруун гарыг хаалганд нилээн хэдэн удаа хавчсан. Би тухайн үед Ө.Т-т “та гарыг нь хавчаад байна, боль” гэхэд тэрээр орилж хашгираад, манай гэрийн хаалгыг хаах гээд ноцолдож байхдаа өөрөө хүүхдээ тэвэрсэн чигээрээ хөл алдаад шалан дээр сөхөрч билүү хойшоо савж уначихаад босч ирсэн. Тэгснээ дахин гэрийн хаалгыг гадна талаас нь хаах гэж ноцолдож байгаад Э.Ц-г өшиглөж цохих гэж гар, хөлөө ээлжлэн савчуулж байснаа зүүн гараараа Э.Ц-гийн зүүн нүдний доод хэсэгт самардчихсан. …Гэртээ ороод Э.Ц-г хартал түүний зүүн нүдний доод хэсэгт маажсан шарх үүсээд, шархнаас нь цус гарч байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 18, 19-20-р хуудас, 126-р хуудас ар /,

 

Гэрч Д.Болдбаатарын …2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14.00 цагийн үед гэртээ байж байхад орцонд хүмүүс орилоод байхаар нь гараад ирсэн чинь манай эгч Ө.Т- зээгээ тэвэрчихсэн хажуу айлын М.Билгүүнжаргалтай маргалдаад зогсож байхаар нь салгаад гэрт нь оруулсан. Э.Ц- гэртээ ороод буцаж гарч ирээд “урчихсан байна” гэж байсан. …Юунаас болж маргалдсан талаар асуухад М.Билгүүнжаргал “лифтэнд Ө.Т- эгчтэй таараад маргалдсан” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас, 127-р хуудас ар/,

 

Гэрч Б.Ширавжаагийн …Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн үед 6 дугаар давхрын коридорт эмэгтэй хүн орилоод, нэг хүнтэй хэрэлдээд байх шиг болохоор нь гараад хартал 5 болон 6 дугаар давхрын голд зүс таних эмэгтэй /Т-/ 1 нас орчимтой хүүхэд тэвэрчихсэн 30 гаран насны залуутай /Билгүүнжаргал/ маргалдаад тэр залууг “луйварчин” гээд орилж хашгираад байсан. Би тэр хоёрт “манайд хүүхэд унтаж байна, та хоёр дуугаа намсгаач, аль эсвэл гарч хэрэлд” гэхэд Ө.Т- нь миний хэлж байгааг ч тоохгүй орилж хашгираад байхаар нь би гэр рүүгээ орсон…гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1628 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Ц-гийн биед зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 24-р хуудас/,

Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Э.Ц-гийн биед зовхины зулгаралт, сарвуунд цус хуралт гэмтэл нь хаалганд цохиулсаны улмаас үүсэх боломжтой…гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1070 дугаартай дүгнэлтэнд:

1. 2018.09.27-ны шинжээч эмч нарын үзлэгээр Э.Ц-гийн биед зүүн нүдний доод зовхинд сорви тогтоогдож байна.

2. 2018.01.17-ны шүүх эмнэлгийн үзлэгээр зовхинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт тогтоогдсон байх ба зүүн нүдний доод зовхины сорви нь уг гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Хүний арьс гэмтсэн үед цус гарна.

4. Хүний арьсанд үүссэн зулгаралт нь дунджаар 1-7 хоногт эдгэрэх боломжтой ба арьсны гүн давхаргыг хамарсан үед сорви болон тогтоно. /хх-ийн 136-137-р хуудас/

Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн бичлэг бүхий СД-г шинжлэн судлахад “...6 гэж дугаарласан орон сууцны хонгил хэсэгт М.Билгүүнжаргал, Ө.Т- нар маргалдах ба Ө.Т- баруун гартаа хүүхэд тэвэрсэн, М.Билгүүнжаргал нь баруун гартаа цагаан өнгийн дөрвөлжин зүйл, зүүн гартаа гар утас барьсан байв. Ө.Т- М.Билгүүнжаргал нар маргалдаж буй дүрс бичлэг үргэлжлэх ба талын хаалганаас гэрч Б.Ширавжаа гарч ирж М.Билгүүнжаргал, Ө.Т- нарт хандаж үг хэлээд орох ба дахин гарч ирээд Ө.Т-т хандан үг хэлээд буцаж оров. Ө.Т- нь гүйж очоод М.Билгүүнжаргалын гэрийн хаалгыг удаа дараа өшиглөхөд Э.Ц- хаалга онгойлгон гарч ирээд зогсох ба Ө.Т- хаалгыг хэд хэдэн удаа түлхэхэд Э.Ц- хаалганд хавчигдсан байдал харагдав. М.Билгүүнжаргалын гар утас шалан дээр унахад Э.Ц- түүний утсыг аваад Ө.Т-ийн зүг эргэсэн ба гэрч М.Болдбаатар маргааныг салгах үйлдэл хийв. Хохирогч Э.Ц- гэр рүүгээ ороход араас нь М.Билгүүнжаргал орсон боловч удалгүй Э.Ц- буцаж гарч ирээд нүүр рүүгээ зааж буй” бичлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ө.Т- нь М.Билгүүнжаргалтай төлбөр тооцоотой холбоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

 

            Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ө.Т-ийг хохирогч Э.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нар Ө.Т-ийг цагаатгах санал гаргаж мэтгэлцэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа “хохирогч Э.Ц-, гэрч М.Билгүүнжаргал нарын удаа дараагийн мэдүүлгүүд зөрүүтэй. Хохирогч Э.Ц-, гэрч М.Билгүүнжаргал нарын мэдүүлэг нь камерын бичлэгээр үгүйсгэгдэж байна.

            Түүнчлэн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй бол гэмтлийн зэрэг тогтоохгүй гэж заасан байхад мөн журмын 2.4.1-т заасныг баримталж хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй” гэх саналыг,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажаваас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Тухайлбал: гэмт хэрэг хэзээ, хаана гарсныг тогтоогоогүй. Хэрэг бүртгэлтийн хугацааг хэрхэн сунгасан нь тодорхойгүй, камерын бичлэгт үзлэг хийхдээ хууль зөрчсөн, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчид танилцуулсан зэргээр байцаан шийтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан” гэж тус тус мэтгэлцэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан саналын талаар:

            1. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй гэх саналын талаар: Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ц-, гэрч М.Билгүүнжаргал нараас “Ө.Т- хаалгыг түлхэж Э.Ц-г хавчсан” гэж хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэг болон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна.

            Иймд хохирогч, гэрч нарын мэдүүлэг илтэд зөрүүтэй гэх өмгөөлөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

            2. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх үндэслэлийн талаар: Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т “шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэж заажээ. Гэтэл хохирогч Э.Ц-гийн биед зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт бүхий гэмтэл учирсан болох нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1628 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1070 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан гэмтэл нь түүний биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй ч зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт үүссэн тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            3. Хэрэг хэзээ, хаана гарсан зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэх саналын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар гэмт хэрэг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 53 дугаар байрны орцны 6 дугаар давхарт гарсан болох нь нотлогдож байна.

            Хавтаст хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах, эд мөрийн баримт хураах авах, хэргийг шүүхэд шилжүүлэх мөрдөн байцаагчийн санал зэрэг баримтуудад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэмт хэрэг гарсан гэж буруу бичсэн зөрчилтэй боловч шүүхийн хэлэлцүүлгээр гэмт хэрэг гарсан байдал нотлогдож байна.

4. Яллагдагчийн эрхийг зөрчсөн гэх саналын талаар: Хохирогч Э.Ц-гийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1628 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 24-р хуудас/ яллагдагч Ө.Т-т 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр танилцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан “шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлттэй танилцах” эрхийг зөрчсөн хэдий ч шүүхээс шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангаж 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1202 дугаартай нэмэлт шинжилгээ хийлгэх захирамж гаргаж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарт шинжээчид асуулт тавих, шинжээчийн дүгнэлттэй танилцах боломжоор хангаж эрхийг нь хангасан тул шүүгдэгчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж үзэхгүй юм.

         Түүнчлэн шүүгдэгч Ө.Т-ийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдээгүй” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан Ө.Т-ийг цагаатгах саналыг үндэслэлгүй гэж дүгнэв.

          Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаарх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэг зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар хохирогч Э.Ц-гийн биед учирсан “зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ө.Т-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдож байна.

           Шүүгдэгч Ө.Т-ийн хохирогч Э.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Ө.Т-ийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

            Тухайн хэргийн хохирогч Э.Ц- нь “зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 37-р хуудас/ баримт ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлж байна.

          Хохирогч нь хууль зүйн туслалцаа авах эрхтэй боловч өмгөөлөгчийн хөлс нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зайлшгүй зардалд хамаарахгүй юм. Иймд хохирогчийн өмгөөлөлийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин хохирогч Э.Ц- нь “зовхинд зулгаралт, сарвуунд цус хуралт” бүхий эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй дурдав.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Ө.Т-  нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

          Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа “шүүгдэгч Ө.Т- нь өндөр насны тэтгэвэрт байдаг, сарын тэтгэврийн хэмжээтэй нь уялдуулж торгох ялын хэмжээг тогтоож өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Ө.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нь 60 настай өндөр насны тэтгэвэрт байдаг хувийн байдлыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ө.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.