Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/00010

 

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/00010

 

С О С ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/02575 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С О С ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.О-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Тэмүүлэн, хариуцагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч С О С ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлгэдсэн төлөөлөгч Г.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О нь Сэлэнгэ аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөр, талх нарийн боовны цех байгуулах зориулалтаар 3 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан. Зээлийг төлөөгүй. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцох нөхцөлтэй 7 000 000 төгрөг зээлсэн байсан.С.О нь зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй, гэрээний ерөнхий хугацаа дуусаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 7 000 000 төгрөг алданги 3 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сан татан буугдаад 2018 оноос үйл ажиллагаагаа явуулж, 53 тоот тогтоолоор манай байгууллагад шилжин ирсэн. Бидэнтэй 2018.02.13-нд шаардах эрхийн гэрээ байгуулаад аймаг хөгжүүлэх санд зээлийн үлдэгдэлтэй байгаа байгууллагуудын материалуудыг манайд шилжүүлсэн. Энэ ажлын хүрээнд С.О-тай 2018 онд утсаар холбогдоход манай гэр бүлийн хүн н.Наранчимэг гэж хүн тухайн үед зээл авч байсан. Бид одоо салсан гэсэн. С.О төлнө гэсэн тайлбарыг н.Наранчимэг хийсэн гэжээ.

Хариуцагч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл төлөгдөөгүй нь үнэн. Би 5 ширхэг үл хөдлөх хөрөнгөтэй байсан. Ингээд 3 үл хөдлөх хөрөнгөө н.Наранчимэгт шилжүүлж өгсөн. Наранчимэг зээлийг төлнө гэсэн. Наранчимэгийг төлсөн гэж үзсэн. Би 3 удаа зүрхний хагалгаанд орсон энэ шаардлагыг төлөх ямар ч боломжгүй. Хагалгаанд орсон учраас 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, орлогын эх үүсвэр байхгүй учраас төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С О С ОНӨААТҮГ-ын хариуцагч С.О-аас 10,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Тэмүүлэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талаас хариуцагч С.О-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 2015, 2017 онуудад шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч түүний хаяг тодорхойгүйн улмаас эрэн сурвалжлуулж байсан талаарх нотлох баримтуудаа шүүхийн шатанд гаргаж өгөх эрхтэй эсэх, хуульд заасан эрхээ эдэлж, нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлээ нотлох мэтгэлцэх эрхийг шүүх зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан болсон өдөр л шүүхэд очиж шүүх хуралдаанд биеэр оролцсон. Түүнээс өмнө шүүхэд очиж эрх, үүрэгтэй танилцаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч С О С ОНӨААТҮГ нь хариуцагч С.О-т холбогдуулж зээл 7 000 000 төгрөг, алдангид 3 500 000 нийт 10 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 70 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан, орлогын эх үүсвэргүй тул төлөх боломжгүй гэж тайлбарлажээ. /хх 1, 24, 26/

 

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудыг хуульд заасан эрхээ эдлэх боломжоор тэгш хангасан гэх байдал хэргийн баримтаас тогтоогдохгүй байна.

Шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан боловч талуудыг хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдаан болох өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь зохигчдыг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх, тэгш эрхтэй оролцох боломжоор хангасан гэж үзэх боломжгүй юм. /хх-22/ Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийж авах, шаардлагатай тохиолдолд шинээр нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, анхан шатны шүүхийн шийдвэрт бүхэлд нь хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй,анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчийг Тахарын албаар эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон агуулгатай тайлбарыг шүүх хуралдаанд гаргаад байхад тодруулаагүй, хариуцагчийг эрэн сурвалжилсан хуулийн хүчин төгөлдөр шүүхйин шийдвэр байгаа эсэхийг магадлаагүй байна.Дээрх нөхцөл байдал нь хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой байгааг анхан шатны шүүхээс анхаараагүй байна.

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/02575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД