Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00022

 

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00022

 

Ж.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03343 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н Х С О ХХК-д холбогдох 

Гэрээг цуцалж, 17 170 000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н нь 2018 оны 9 сарын 20-ны өдөр Н Х С О ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Амар амгалан 2 хотхоны 2 байрны 2-р орцны 14 давхрын 1407 тоот,42,92 мкв талбай бүхий 2 өрөө байр захиалж урьдчилгаа төлбөрт 17 170 000 төгрөг төлсөн. Гэрээний 3.6-д заасны дагуу 2019.8.25-нд байрны түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй байсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй барилгын ажлыг эхлүүлээгүй. Үүргийн гүйцэтгэл шаардахад мөнгийг чинь буцааж өгнө гэсэн. Урьдчилгааг буцааж авах хүсэлтийг удаа дараа гаргасан ч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд хариуцагчаас 17 170 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урьдчилгаа төлбөр төлсөн. Буцаан олгохыг зөвшөөрөхгүй.Учир нь Амар амгалан төсөл маань одоогийн байдлаар гадны хүчин зүйлийн нөлөөллөөр зогссон,цаашид үргэлжлэн баригдана. Амар амгалан 2/1 байр нь 2020, 2/2 байр нь 2021 онуудад ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Манай зүгээс эхний байраа ашиглалтад оруулсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н Х С О ХХК-аас 17,170,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243 825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н Х С О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 243 825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлд дурдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, гэрээг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй байхад гэрээнээс татгалзаж цуцлах эрхтэй гэж үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Чингис хаан банк ХХК нь хууль бусаар манай компанийн данснаас санхүүжилтийг татсанаас барилгыг хугацаандаа хүлээлгэн өгөх үүргийг биелүүлэхэд хүндрэл учирсан. Тус банкинд холбогдуулан Эрүүгийн Цагдаагийн газарт эрүү үүсгэн шалгаж байгаа тухай шүүх хуралдаан дээр хэлсэн бөгөөд мөрдөн шалгагдаж байгаа хэргийн талаар тухай цаг мөчид мэдээлэл, нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Н Х С О ХХК-д холбогдуулан худалдах- худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 17 170 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1, 57-58/

Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр 86 дугаартай гэрээгээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Амар амгалан 2 орон сууцны хотхоны 2 дугаар байрны 2 дугаар орцны 14 давхарт 1407 тоот хаягт 42,92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахаар, хариуцагч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар уг орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. /х.х 4-6 /

Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тодорхой хөрөнгө өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч ажлын гүйцэтгэл явцад хяналт тавих үүрэгтэй. Харин худалдах-худалдан авах гэрээгээр ажлын явц гүйцэтгэлд хяналт тавих биш харин эцсийн үр дүнд сонирхолтой байдаг. Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.

Худалдан авагчийн өмчлөлд тодорхой хөрөнгийг, тохиролцсон хугацаанд шилжүүлэх нь худалдагчийн үүрэг бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой. Гэвч хэргийн баримтаас хариуцагч 2 өрөө орон сууцыг хугацаандаа хүлээлгэж өгч чадаагүй, сууцны үнийн урьдчилгаа 17 170 000 төгрөгийг нэхэмжлэгч хугацаандаа төлсөн үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Хариуцагчийн ..,байрыг 2020 онд ашиглалтад оруулна гэх тайлбараас үзэхэд ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон, худалдан авагчийн хувьд гэрээг цуцалж гэрээгээр шилжүүлсэн 17 170 000 төгрөг буцаан шаардсан нь үндэслэлтэй гэж үзнэ. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан гаргуулахаар шаардах эрхтэй тул 17 170 000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардсаныг буруутгах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримталсан байгааг мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй. Хариуцагч нь гэрээг цуцлах талаар нэхэмжлэлд дурдаагүй байхад нэхэмжлэлд заагдаагүй асуудлыг шийдвэрлэсэн гэдэг агуулгаар гомдлоо гаргасан. Нэхэмжлэгчийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулна гэсэн шаардлага нь гэрээнээс татгалзсан агуулгатай юм.

Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03343 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД